ВИДЕО КОНТЕНТЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Толгой өвдөж, чих шуугин, зүрх дэлсэх нь угаартаж буйг илтгэнэ

Угаарын хийн хордлого, хүний биед үзүүлэх сөрөг нөлөө болон угаартахаас хэрхэн сэргийлэх тухай сэдвээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдтой ярилцлаа.

-УГААРТСАН ХҮНИЙ ТАРХИНЫ БОР ГАДАРГАД ЭРГЭШГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ОРСНООС, НАС БАРАХ ӨНДӨР ЭРСДЭЛТТЭЙ-

https://www.facebook.com/eguur.mn2/videos/247284790044068/?epa=SEARCH_BOX

-Сүүлийн үед НТТТ-д угаартсан гэх хэчнээн иргэдийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна вэ?

-Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор НТТТ-д угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага нэмэгдсэн. Одоогийн байдлаар есдүгээр сард 58 хүн угаарын хийн хордлогод орсон хэмээн бүртгэгдэж, эмчилгээ үйлчилгээг авсан байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь хөнгөн зэрэгтэй, үлдсэн 25 орчим хувь нь дунд, тав хүртэлх хувь нь хүнд зэрэгтэй байгаа. Угаарын хийн хордлого нь дан ганц есдүгээр сард гараагүй. Намраас өвөл, өвлөөс хавар руу шилжих үеийн агаарын даралт болон иргэдийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдах зэргээс шалтгаалж угаарын хийнд хордох тохиолдох гардаг.

-Угаарын хийн хордлого гэж юуг хэлээд байна вэ?

-Угаарын хийн хордлого гэдэг нь нүүрс хүчлийн хийн дутуу шаталт буюу дутуу ислээс үүдэлтэй юм. Хүмүүс дан ганц нүүрснээс угаартаад байна гэж ярьдаг л даа. Гэвч данц ганц нүүрс бус автомашин, байгалийн хий, үйлдвэрлэл явагддаг хөөсөнцөр гэх мэт зүйлсээс угаарын хийн хордлого үүсч болно. Үүний хамгийн их хор хохирол нь угаартсан хүний тархины бор гадаргыг эргэшгүй өөрчлөлтөд оруулж, улмаар нас барах хүртэл хүндрэл үүсгээд байгаа юм. Тиймээс энэ нь анхаарал татахгүй байхын аргагүй.

-Та манай уншигчдад угаартахаас хэрхэн сэргийлэх тухай хэлж өгөөч?

-Тэгэлгүй яах вэ. Заавал угаартсаны дараа гэхгүй, угаартахаас өмнө сэргийлэх хэрэгтэй. Угаарын хийн хордлогыг үүсгээд буй бодис нь нүүрс төрөгч юм. Бид үүнийг химийн томьёололд С гэж тэмдэглэдэг. Энэ нь Менделеевийн үелэх системийн 14-т бичигддэг металл биш химийн элемент юм. Нүүрстөрөгч нь алмаз эрдэнэ, гантиг чулуу, нүүрс, бал, балын харандаа зэрэгт агуулагддаг. Ялангуяа нүүрсэнд ихээр ордог.

Дэлхий дахинд нүүрсийг агууламж, шатах чадвар, хэдэн сая жил хадгалагдсан эсэхээс шалтгаалж хүрэн, чулуун, антрацист гэх гурван төрөлд хуваадаг. Хүрэн нүүрс нь харьцангуй залууд ордог. Чулуун болон антрацист нүүрс нь хэдэн сая жил хадгалагдсан илчлэг ихтэй, төмөрлөгийн үйлдвэрт түлхүү ашигладаг нүүрсийг хэлнэ. Манай монголчууд эртнээс ашиглаж ирсэн түүхий нүүрсийг хүрэн нүүрс гэж нэрлэдэг. Энэ нь тархац ихтэй, элбэг нүүрсний тоонд орно.

Хүрэн нүүрс нь 2900 к/к, чулуу нүүрс нь 4500 к/к, антрацист нүүрс нь 6500 к/к дулаан ялгаруулдаг. Илч ихтэй нүүрсийг ихэвчлэн төмөр хайлуулах зэрэг аж үйлдвэрт түгээмэл ашигладаг. Мөн С буюу нүүрс төрөгч гэж элемэнт бий. Энэ элемент нь тухайн нүүрснүүдэд ч мөн тодорхой хэмжээгээр агуулагддаг. Жишээ нь хүрэн буюу түүхий нүүрсэнд 70 хувь, чулуунд 70-90 хувь, харин антрастидэд 95 хувь хүртэл хэмжээгээр ордог.

Тэгэхээр өнөөдөр хүмүүсийн яриад буй сайжруулсан шахмал түлш нь чулуун болон антрастид нүүрсний холимог юм. Тухайн нүүрснүүдийг нунтаг хэлбэрт оруулан, хооронд нь барьцуулагч ашиглан холиод хэлбэрт оруулан үйлдвэрлэдэг. Энэ нь бидний хувьд яалтачгүй шинэ зүйлсийн нэг л дээ. Хэрэгтэйн хувьд ч мөн ашиг тустай. Учир нь түүхий нүүрсийг бодвол илүү илч, дулаан сайтай юм. Хамгийн гол нь утаагүй гэдгээрээ хүрэн нүүрснээс илүү давуу талтай.

Хүрэн нүүрсэнд нүүрстөрөгч 70 орчим хувийг эзэлдэг бол шахмал түлшинд 90 гаруй хувийг эзэлж байна. Галыг асаах, нүүрсийг бүрэн шатаахын тулд хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатай. Бид 22 хувийн хүчилтөрөгчөөр амьсгаллаа гэж бодоход 78 хувь нь азот байдаг гэсэн үг. Тэгэхээр нүүрс, хүчилтөрөгчтэй урвалд ороод СО2 буюу нүүрсхүчлийн давхар ислийг бий болгодог. Энэ бодис нь та бидний сайн мэдэх хийжүүлсэн ундаа, усанд агуулагддаг. Энэ нь хортой элемент биш юм. Ногоон ургамал нь энэхүү нүүрсхүчлийн давхар ислээр амьсгалж, ургаж байдаг. Тиймээс энэ нь байгальд байх ёстой хэрэгтэй элементүүдийн нэг гэж ойлгож болно.

Бидний өнөөдрийн асуудал дагуулаад буй зүйл нь нүүрс шатаад, хүчилтөрөгчтэй нэгдэлд орох үед хүчилтөрөгчийн дутагдлын улмаас СО2 бус валент нь алга болж зүгээр л СО болчхож байгаа юм. Үүнийг бид нүүрсхүчлийн дутуу исэл гэж нэрлэдэг. Энэ нь бидний нэрлээд буй өнгө, үнэргүй хортой, угаарын хий юм.

-УГААРТСАН ХҮНИЙГ ХАЖУУ ТИЙШ НЬ ХАРУУЛЖ ХЭВТҮҮЛЭЭД, АМАНД НЬ ЧИХЭР ХҮЛХҮҮЛЭХ, САХАР ИХТЭЙ ЦАЙ, КОФЕ УУЛГАХ ХЭРЭГТЭЙ-

-Тэгэхээр иргэд шахмал түлшийг хэрхэн галласнаас үүдэж таны хэлээд буй “нүүрсхүчлийн дутуу исэл” үүсэж байна вэ?

-Ахуйн хэрэгцээндээ гал түлэх үед зуух болон тухайн тасалгаанд хүчилтөрөгч бага, хүрэлцээгүй байгаагаас болдог. Гал түлэх үедээ яндангаа авах, өрхөө бүтээх, яндан бөглөрөх зэргээс болж зуухны хүчилтөрөгч багасч улмаар түлшний утаа нь “нүүрсхүчлийн дутуу исэл” үүсгэдэг. Шахмал түлш нь өмнөх хүрэн нүүрсээ бодвол шатахын тулд илүү их хэмжээний хүчилтөрөгчийг өөртөө нэгтгэж байдагтай холбоотой.

Хүрэн нүүрсийг бодвол шатахгүй, цогших маягаар асаж, дулаанаа удаан хадгалдаг. Иргэд зуухны дулаанаа удаан хадгалах, барихын тулд өрхөө бүтээх, яндангаа хаах, хаалга цонхоо битүүлчихдэг. Үүнээс болж л иргэд ихээр угаартаж, эрүүл мэндээрээ хохироод байгаа юм. Хамгийн ноцтой эрсдэл нь угаартсанаас болж тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, “тархины үхжил” үүсэх, цаашлаад амиа алдах өндөр эрсдэлтэй байна.

-Угаарын хий өнгө, үнэргүй байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр иргэд угаартаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

-Угаарын хийн хордлогод нэг бус нэлээн хэдэн хүн, гэр бүлийн бүх гишүүд өртөх эрсдэлтэй. Юуны өмнө хордлогод орохоо хүлээх, аль эсвэл орсны дараа ухаарах бус наана нь ухаарах хэрэгтэй л дээ. Сэргийлэхийн тулд угаарын хий мэдрэгчийг авч суурилуулах, дохио дууг анхаарах нь чухал. Зарим хүмүүс мэдрэгчийг худал дуугарлаа гэдэг. Гэвч тухайн мэдрэгч нь маш нарийн угаарыг ч мэдрэх чадвартай. Хэрэв тухайн мэдрэгч дуугарсны дараа иргэд хаалга цонхоороо агаар оруулах, зуухаа шалгах зэргээр арга хэмжээ авбал, ноцтой хэмжээнд угаартахгүй. Мэдрэгч ажиллаж, дуугарч байна гэдэг нь тухайн байранд угаарын хий тодорхой хэмжээнд тархсаныг илтгэж байдаг.

Тус хий нь гал түлэх үед болон дуусах үед түгээмэл тохиолддог. Эдгээр үедүдэд иргэд ихэвчлэн гэртээ унтаж амарч байдаг тул, мэдрэхгүй байсаар хордлогод орох нь бий. Мөн гэр бүлийн гишүүдэд зэрэг, нэгэн ижил шинж тэмдэг илрэхгүй. Харилцан адилгүй хугацаанд, өөр өөр байдлаар илэрч болдог. Эхэн үед сонгомол байдлаар толгой өвдөх, чих шуугих, бөөлжих, дотор эвгүй болох, суулгах шинжүүд илэрч болно. Хүчилтөрөгчийн дутмагшил үүссэнээс зүрх дэлсэх, дотор давчдах, амьсгаадах шинжүүд илэрнэ. Нэн ялангуяа бага насны хүүхдүүд болон хөгшин настай хүмүүс түлхүү хордлогын хүнд хэлбэрт өртдөг. Тиймээс хүүхдүүд болон настай ээж, аавыгаа анхаарах нь чухал.

-Иргэд угаартсан үедээ түргэн тусламж ирэх хүртэл хугацаанд ямар зүйлсийг амжиж хийх ёстой вэ?

-Юуны өмнө өрөө, тасалгаа, гэртээ агаар оруулах хэрэгтэй. Хаалга, цонх үүдээ онгойлговол угаарын хий гарна. Мөн тухайн хүнийг хажуу тийш нь харуулж хэвтүүлээд, боломжтой бол аманд нь чихэр хүлхүүлэх, сахар ихтэй цай, кофе уулгах нь чухал. Учир нь угаартах үед биед сахар дутагдсанаас тархинд хүчилтөрөгчийн хомсдолд орж, ухаан алддаг. Иймээс түргэн тусламж иртэл тухайн хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлээд, шингэн сайн уулгаад хүлээх хэрэгтэй.

Эгц дээш, аль эсвэл толгой өндөрлөвөл тухайн хүн бөөлжих, хэлэндээ хахах өндөр эрсдэлтэй. Угаартсан иргэнийг унтуулахгүй, ухаан самуурахаас болгоомжилж аль болох яриулах, сатааруулах нь чухал. Мөн угаартсан иргэн босож явахдаа толгой эргэн унаж, механик гэмтлийг биедээ учруулах эрсдэлтэй. Түүнчлэн угаарын хий хүний үс, хувцсанд шингэдэг тул хувцсыг сольж, үсийг нь угаах хэрэгтэй.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1
1
2020-10-04 23:52

үсийг тэр дор нь хяргаж болох юм.угааснаас хурдан шүү дээ. тэгээд бөөлжиж өтгөн шингэндээ холилдож байхад үсээ угаа гэх үү.толгойг өндөрлөж болохгүй гэдэг нь ямар учиртай юм бэ

Зочин
Зочин
2024-02-08 17:24

Баярл�##�аааа

Холбоотой мэдээ

Back to top button