Ярилцлага

Б.Лхагважав: Сонгуулийн өмнө “хөөсрөгсөд” одоо үнэнд гүйцэгдэж, бондыг бондоор дарж эхэллээ

Засгийн газар 2013 онд босгож, арилжаалсан “Чингис” бондынхоо урт настай, удаан жаргалтай өрийн хүрээнд дахиад нэгэн шинэ бонд гаргасан нь “Номад”. “Номад”-ыг арилжаалснаар ирэх хоёр жилд төлөгдөх учиртай байсан 1.5 тэрбум ам.долларын өрийг хөнгөлж, хойшлуулж буй.

5.125 хувийн хүү, 5.5 жилийн хугацаа бүхий 600 сая ам.долларын “Номад” хэмээн шинэ бонд гарсантай холбогдуулан Бизнесийн удирдлагын доктор, “Урбанек” ХХК-ийн захирал, эдийн засагч Б.Лхагважавтай Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.


-ЭРХ БАРИГЧИД 2013 ОНООС ХОЙШ БЭЛЭН МӨНГӨНД АМТАШСАН-

-Сангийн сайд шинэ бондоо танилцуулахдаа Дахин санхүүжүүлэв, Сольж арилжаалав гэхчлэн гоё нэр томъёо ашиглалаа л даа. Угтаа өрийг өрөөр л дарсан процесс гэдгийг хэн хүнгүй ойлгож байна. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаа харахад давгүй шийдвэр болсон гэж харах хүмүүс ч байна. Таны хувьд аль байр суурь нь илүү жин дарах вэ?

-Юуны өмнө Eguur.mn-ийн хамт олонд талархъя. Сангийн яам яах ч аргагүй цаг тулсан нөхцөлд ийм арга хэмжээ авлаа. Ингэхээс өөр арга байсангүй. Харин өрийг өрөөр дарсан гэдэг үнэн. Ер түүхэн цаг хугацааг авч үзвэл эрх баригчдын нам эвсэл үл хамаарч бэлэн мөнгөнд амтших хандлага 2013 оноос идэвхжсэн байдаг.

Эргэн санавал, манай эдийн засаг 2012 онд 17 хувьтай өсөж байгаад огцом 8 руу, дараа нь 1 рүү унасан. Тэр их уналтыг нөхөх эх үүсвэрийг хайхдаа 2012 оны аравдугаар сарын 25-нд 1.5 тэрбум ам.долларын бонд босгох тогтоолыг УИХ-аар баталсан. Ингээд 2013 онд анх удаа “Чингис” бондыг босгож ирсэн. Мөн 2013 оны нэгдүгээр сард Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2.7 их наяд төгрөг хэвлэсэн. Энэ хоёр механизмыг ашиглаж, 2012 оны эдийн засгийн уналтыг нөхөх гэж оролдсон хэрэг. Нэг нь бонд босгосон, нөгөө нь дотооддоо мөнгө хэвлэсэн явдал. Тухайн үед 150 ам.доллар байсан коксжих нүүрс тав дахин унаж, 30 ам.доллар дээр очсон байсан шүү. Дээрээс нь Таван толгой, Оюу толгойн үйл ажиллагаа зогсчихсон байсан.

Ингээд яваандаа 1.5 тэрбум ам.долларын том өрийг юугаар хаах вэ гэдэг асуудал үүссэн. Дараа, дараагийн бондуудыг арилжаалж эхэлсэн. Уг нь бол эдийн засаг том өсөж байгаад том унахад түүнийг нөхөх механизмыг арай өөрөөр шийддэг учиртай. Дотоод нөөцөө шавхаж, татварын орлогоо нэмж, үйлдвэрлэл бүтээмжээ эрчимжүүлэх хэлбэрээр хандах нь зүй гэсэн үг. Харин манай эрх баригчид үүний оронд зүгээр л өр тавьдаг, бэлэн мөнгө авчихдаг байдалд “Чингис” бондоос хойш амташсан хэрэг.

Коронавирус гарснаар манай эдийн засаг хасах 10 руу уналаа. Ингээд энэ нөхцөл байдалд эдийн засгаа нөхөж, өрөө төлөхийн тулд дахиад л бонд гаргачихлаа. Том зургаараа 2013 оноос хойш том өрүүдийн төлөгдөх системийг буруу хийгээд байна гэсэн үг. Уг нь 2018, 2019 онд эдийн засаг давгүй өссөн, үүгээр өрөө төлж болох байсан. Гэтэл сонгууль таарч, түүн рүү 2, 3 их наяд төгрөг зарцуулчихлаа. Тэгэхээр эрх баригчдын бэлэн мөнгөөр тоглодог тоглоомыг бид хязгаар хяналтгүй явуулж буйг харуулж байна.

-ЕРӨӨС ХОЙД ХОРМОЙГООРОО УРД ХОРМОЙГОО НӨХӨЖ БАЙНА-

-Та өмнөх хоёр жилийн эдийн засгийн өсөлтөөс хэмнэлт хийж, бондуудын өрийг дарах боломжтой байсан хэмээн үзэж байгаа юм байна. Гэвч коронавирус, сонгууль хоёр нэг жилд давхцаж таарав. Ямартай ч 2021 онд Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.долларын өр төлөгдөх ёстой байсан нь ингээд тодорхой хэмжээгээр буурч, цаг хугацааны хувьд ч хойшиллоо.

-Уг нь төлөвлөгөө ёсоор Оюу толгойн далд уурхай 2021 онд ашиглалтад орох байсан. Энэ бол жилдээ 5-6 тэрбум ам.долларыг эргэлдүүлэх учиртай аж үйлдвэр. “Чингис” бондод төлөх 1 тэрбум ам.доллар дэргэд нь жижигхэн байгаа биз. Үүгээр эдийн засгаа нөхчихнө, өр төлбөрүүдээ барагдуулчихна гэж байтал ашиглалтад орох хугацаа нь 18 сараар хойшилсон. Энэ хойшлолт маневр хийж, өрөө төлөх боломжийг хаачихлаа л даа. Коронавирус ч гарлаа, манай гэлтгүй бүх дэлхийн эдийн засаг зайлбаргүй хүнд сорилттой тулгарч байна.

“Чингис”, "Мазаалай” гэх мэт бондууд, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс бид 5 тэрбум ам.доллар босгосон байдаг. 3 тэрбумаар нь 3.000 км зам тавьсан. 270 сая ам.доллараар нь Улаанбаатар хотод бас зам тавьсан, одоогийн энэ уулзварууд. Өөрөөр хэлбэл богино хугацаатай зээлээр орж ирсэн мөнгийг урт хугацаанд төлөгддөг зүйлд зарцуулчихсан хэрэг. Одоо замын төлбөрийг иргэд төлж л байна. Уг нь зам барих ажлыг 40, 50 жилдээ төлөгддөг, бага хүүтэй хөрөнгө оруулалтын механизмаар шийдвэл зүгээр байсан юм.

-Мазаалай бондыг шинэ бондоор дахин санхүүжүүллээ гэсэн нь иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсгээд байх шиг. Мазаалай бондод үргэлжлүүлэн хүү төлнө гэсэн ойлголт төрүүлж?

-Дараа жил төлөх “Мазаалай” бондын төлбөрт энэ “Номад” бондоо өгөөд, “Мазаалай”-гаа хаана гэсэн үг шүү дээ.

-Мазаалай зогсож, харин анхны Чингис дахиад л үлдэх нь.

-“Чингис” үлдэнэ. “Мазаалай” ч тухайн үедээ “Чингис”-ийн эхний төлбөр болох 500 сая ам.долларыг төлөх зорилгоор босгосон бонд. Ерөөс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явсан хэрэг. Уг нь 2013 онд авсан энэ зээл 2018 онд дууссан байх ёстой. Гэтэл хойшлуулаад л, дараагийн гоё гоё нэртэй өрийн бичгүүд аваад л, нэгийг нь нөгөөгөөр хааж, сунгаж яваа гэсэн үг юм.

Эрх мэдэлтнүүд дураараа бэлэн мөнгөнд шүтэж, эдийн засгаа нөхдөг байдлыг манай үндсэн хууль хааж чаддаггүй. Манай хуульд нийтийн санхүүг хянах хяналтын систем байдаггүй. Уг нь дуртай үедээ бонд гаргаж, өрийг өрөөр дарах шийдэл нь үндсэн хуулиараа хязгаарлагддаг, хянагддаг байх учиртай. Бид 2013 оноос хойш сүүлийн долоон жил том, том бондуудын тоглолтод өртчихлөө. Засгийн газрын үүрэг бол татварын хөрөнгөө хуримтлуулаад, буцаагаад зөв зарцуулах. Үүнийг хийхгүйгээр, бэлэн мөнгө авахыг л илүүд үзэх юм. Энэ асуудлыг нэлээд ул суурьтай харахгүй бол манай улс яваандаа нэлээдгүй том барьцаанд унах нь.

-ДАРГА НАРЫН ЦАЛИНГ ДОР ХАЯЖ 20-30 ХУВЬ БУУРУУЛ, ӨӨРСДИЙНХӨӨ ТӨСВИЙГ ЭХЛЭЭД ТАНА-

-Яг мөн чанартаа Номанд бонд гарснаар бондуудад төлөх өрийн дарамт хөнгөрөх үү, нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Зүгээр л цаг хугацааны хувьд хойшилсон. Төлөх цаг нь ойртоод ирэхээр хүнд асуудалтай тулгарах л болно. Тэгэхээр Оюу толгойн далд уурхайг яг хугацаанд нь ашиглалтад оруулах амин чухал болоод байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн менежмэнтийн сайжруулах. Түүхий эдийн үнэ өсөж буй энэ цаг үед ингэж харах хэрэгтэй. Өндөр үнэтэй, ашиг олох боломжтой цаг үед нь үйлдвэрлэлээ гуядаж, илүү гарсан мөнгөөрөө өрөө төлөх ёстой. Уг нь бүсээ чангалж байгаад л бондуудынхаа өрийг төлчих байтал сонгуулиар үрэн таран хийчихлээ шүү дээ. Одоо зөвхөн эдийн засгийн биш, нийгмийн асуудлууд шил шилээ дараад хүлээж байна.

-Цар тахал, сонгууль хоёрын дараа эдийн засаг мэдээж хүнд байдалд ороод буй. Зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ чигээрээ үргэлжилсээр Номад бондын төлбөр ойртоход дахиад л нэг бонд гаргах асуудал яригдах вий гэх болгоомжлол байна. Одоо эдийн засгийн хувьд яг ямар механизм барих хэрэгтэй гэж та харж байна вэ?

-БНХАУ-ын хэрэглээ хэвийн байгаа тул манай эдийн засгийн өсөлт бусад орнуудтай харьцуулахад гайгүй байгаа тал харагдаж л байна. Гэхдээ бид одоо өрийн менежмэнтийн 20, 20-ио байг гэхэд 10 жилийн төлөвлөгөө гаргах ёстой. Үүнийгээ бараг хуульчилбал зүгээр.

Уг нь Төсвийн тогтвортой байдлын хууль гэж бий л дээ. Энэ хуульд хамгийн гол механизмаа оруулалгүй баталчихсан. Эдийн засгийн уналттай үед макро эдийн засагт явагдаж буй процессыг хянадаг гурав, дөрвөн арга бий. Хэрэв дараа жилийн эдийн засаг хасахтай гарахаар бол өмнөх жилийнхээс нь илүү төсөв баталж болохгүй, зардлыг нэмэхгүй, цалинг нэмэхгүй гэхчлэн. Ийм хэдэн хатуу хаалтууд байдаг. Манайх эдгээрийг нь авч хаяад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Ирэх жилийн эдийн засаг хасахтай гарах дүр зураг байна.

Хэрэв ийм эдийн засаг байх бол Засгийн газрын зардлыг хамгийн түрүүнд танах ёстой. Хоёрт, яах ч аргагүй онц хэрэгцээгүй төсвийн хөрөнгө оруулалтуудыг танах. Гуравт, манай улсад төсвөөс санхүүждэг 200 мянган хүн бий, тэдний 110 мянга нь үйлчилгээний ажилтнууд бол 80 мянга нь дарга нар байгаа. Энэ 80 мянган дарга нарын цалинг 20-30 хувиар буулгах хэрэгтэй, хамгийн багадаа. Ер нь ийм цаг үед төсвийн байгууллагын ажилтнууд цалингаа 100 хувь аваад байж боломгүй байна. Магадгүй тэдний цалинг дараа жил бараг 50 хувь танаж мэднэ.

Харин хувийн хэвшлийн 1 сая гаруй хүн бий. Сүүлийн есөн сард үнэхээр хувийн хэвшлүүдийн хүч барагдаж дууслаа. Одоо энэ 1 сая хүнийг яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэдэг асуудал тулгарч байна. Манай эдийн засаг өнөөдөр яг сэхээн амьдруулах тасагт байгаа өвчтөн шиг болчихсон. Амьд үлдэх нь л гол байна.

-Өрийн менежмэнтийн тухай хууль санаачлах, хэлэлцэх төлөв ажиглагдаж байна уу. Намрын чуулганаар лав өрийн асуудлыг хэлэлцэхгүй юм билээ?

-Тийм төлөв алга. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим боломжууд нээгдсэн. Жишээ нь Засгийн газрын оруулж ирсэн төсвийг УИХ хөндөхгүй болсон. Засгийн газар ямар төсөв оруулж ирнэ, түүнийг шууд батална гэсэн үг. Энэ мэтчилэнгээр Засгийн газарт том давуу талууд үүссэн. Харин яг үүнд  тохирсон, хэмнэсэн, нийтийн санхүүг оновчтой зарцуулсан бодлого барих хэрэгтэй байна. Тэгэх боломж нь нээгдсэн шүү.

-КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН НӨӨЦ ШАВХАГДАЖ ЭХЭЛЖ БУЙ НЬ ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ-

-Засгийн газар сонгуулийн өмнө нийгмийн халамжийг хавтгайруулсан, коронавирусийн үед ч хэт поп ажилласан дүр зурагтай харагдаж байгаа. Түүнийхээ хохирлыг амсаж, төсвийн тодотгол дээр улайсан. Ирэх жилээс ард түмний нуруун дээр бүр л хүнд ачаа ирэх болов уу?

-Коронавирусийн үед бол Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил байлаа. Дээрээс нь ажлын байруудыг хадгалж үлдэхийн тулд “тиймэрхүү” шийдвэр гаргасан нь үнэн. Гэхдээ цогц бодлого томоор хэрэгжүүлэх боломж гараагүй. Яагаад гэвэл зургадугаар сард сонгуультай байсан тул улс төрийн эрхийг авахын тулд амь зогоосон арга хэрэглээд л өнгөрсөн юм. Сая үнэнд гүйцэгдэж, аргагүйн эрхэнд төсвийн тодотгол хийгдлээ.

Би хоёрдугаар сард л төсвөө тодотго гэж хэлж байсан. Өнөөдөр коронавирусийн үеийн эдийн засгийн комисс гарчихсан ажиллаж байх учиртай л даа. Ингэж төсөв, мөнгөний бодлогыг нэг гарт зангидаж, жанжин шугамтай ажиллах ёстой байсан. Одоо хэр ийм бодлого гараагүй явж байна. Үүн дээр стандарт бус аргууд ч хэрэглэж болно. Миний түрүүнд дурдсан, дарга нарын цалинг 20-30 хувиар бууруулна гэдэг стандарт бус аргуудын нэг.

Хөдөлмөрийн хамт олон гэж яригдах 160-аад мянган компани байгаа. Эднийг авч үлдэх нь бидэнд нэн чухал байна.Тэгэхгүй бол энэ эдийн засгийн асуудал удалгүй нийгмийн асуудал болж хувирна. Дараа жил 770 мянган хүн ажилгүй болбол яах вэ. Төрийн албан хаагчид нь үлгэн салган ажиллах ч хувийн хэвшлүүд амаргүй сорилттой нүүр тулна. Иймд АНУ, БНХАУ, Европын холбооны улсууд эдийн засгийн асуудлаа даамжруулж, нийгмийн асуудал болгохгүйн тулд бүр онолоос эсрэг арга хэмжээнүүдийг зоригтой авч хэрэгжүүлж байна. Гэхдээ гурав, дөрөвдүгээр сард хэрэгжүүлчихсэн. Манайх одоо ч эхлээгүй байна. Одоо стратегигүй, сонгуулийн өмнөх шиг хөөс бий болгож ажиллаж болохгүй. Сая нэг хэсэг коронавирусийг хүртэл мартлаа шүү дээ. Уучлаарай, одоо үнэнд гүйцэгдэнэ.

-Хоёр бондын төлбөр тулчихсан байсныг шинэ бондоор дарж, ямартай ч түр хойшлууллаа. Өөр биднийг ойрын хугацаанд отож буй эдийн засгийн ямар асуудлууд байгаа вэ?

-Бидний ганц найдвар шороон дор л байна. Ер нь эрх баригчид өөрсдийнхөө төсвийг тана аа. 2021 оны төсөв бараг хоёр жилийн өмнөх шиг хэмжээтэй орж ирэх хэрэгтэй. Татвараас цугласан мөнгийг буцаагаад татвар төлөгчдөд нь, ажлын байруудыг хадгалж авч үлдэх чиглэлд нь зарцуулах хэрэгтэй. 2021 он бол нэлээд хүндхэн болох байх. Манай компаниудын санхүүгийн нөөц шавхагдаж эхэлж байгаа нь л хамгийн том асуудал. Үүнийг дагаад банканд эргэлт явагдахаа байна. Банкнаас зээл авсан хүмүүсийн зээл төлөгдөхгүй болж ирнэ. Тэгэхээр банкаа аврах уу, ААН-ээ аврах уу, төрийн санхүүжилтээ авч үлдэх үү гэсэн гурван том асуудал дээр л бооцоогоо тавина даа.

-Тэгтэл сая нэр бүхий УИХ-ын гишүүд зээлийн хүү бууруулна гэж эрчтэй ярьж эхлээд намжлаа. Бууруулж болно, бараг бууруулна гэж ам гарсан.  

-Хадгаламж багасвал зээлийн хүү угаас буурна л даа.

-Өнөөгийн цаг үед зээлийн хүү буурлаа гээд ашигтай тусах тал бий юм уу?

-Манайх шиг “үнэтэй” мөнгөөр бизнес хийдэг орон энэ дэлхий дээр байхгүй. Хадгаламжинд нэг тэрбум төгрөгтэй хүн жилийн дараа 1.1 тэрбумтай болж байна. Доод тал нь 100 сая төгрөгийн ашигтай гэж харж болно. Тэгэхэд өөр нэг хүн 1 тэрбум төгрөгийн зээл аваад, үүгээрээ ААН байгуулж, ажлын байр үүсгэлээ гээд 50 сая төгрөгийн ашиг олж чадах уу, үгүй юу. Ийм учраас хөдөлмөрлөснөөс илүү зүгээр л банканд хадгалчихсан нь хамаагүй дээр болчхож байна. Тийм учраас хадгаламжийн хүү угаас бууж, дагаад зээлийн хүү ч буурах байх. Ажлын байр үүсгэхгүй, хөрөнгө оруулалт болохгүй мөнгийг бид эргэлдүүлж өгч яах юм.

Энэ оны нэгдүгээр сард тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ нь иргэдэд гэхээс илүү арилжааны банкуудад ашигтай туссан. Хамгийн хэрэггүй зээлийг нь төр тэглээд өгчихгүй юу. Төр бол цаасан мөнгө хэвлээд л өгчихсөн шүү дээ. Яах вэ, айл өрхүүд дээр байсан 700 тэрбумын дарамтыг хөнгөлсөн давуу тал байна. Харин эцсийн эцэст банкууд л хожсон. 2013 онд мөн л барилгын салбараа дампууруулах уу, арилжааны банкуудаа авч үлдэх үү гэдэг сонголтын өмнө ирж, арилжааны банкаа сонгож байлаа. Банкны систем маань уг нь үйлчилгээний байгууллага байх байтал бусад бизнесүүдээ идэх маягаар амь гараад байж болохгүй л дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2020-10-01 17:52

Лхагважав нэг нам ноёрхсон үед дуугарч байгаа эрүүл ухаантай хүн юм аа

Зочин
Зочин
2020-10-07 12:38

Энэ МАЛ элийрэхээс өөр юм мэдэх үү? Энд худ�##� үнэн солиорч амьдардаг МАЛ.

Холбоотой мэдээ

Back to top button