Ярилцлага

Б.Мөнхзул: Энгэртээ зүүсэн нь л би болохоос “Жүр үр”-чүүд бүгдээрээ гавьяат юм шүү

Өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаасан, “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзултай ярилцлаа.

АЖИЛЧИД МААНЬ ГЭР БҮЛДЭЭ АЛЬ БОЛОХ ОЛОН ЦАГ ЗАРЦУУЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

-Танайх руу дөхөх тусам шинэхэн бүтээгдэхүүнийх нь үнэр сэнгэнээд “Жүр үр”-ийн төв оффисыг нь олоход тун ч амархан байлаа. Өглөө бүхэн ажилдаа ирэхэд нь танай шинэхэн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гар дээр очоод, арааны шүлс асгарам үнэртэхэд “Жүр үр” брэндээрээ их бахархаж, ажлаасаа кайф авдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Манай “Жүр үр”-чүүд Монголын эртэч хүмүүсийн төлөөлөл. Яагаад гэвэл манай салбаруудын зарим ажилчдын ажил 06.00 цагаас эхэлдэг. Шинэ бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэхээс авахуулаад ажил ундарна. “Жүр үр”-чүүд бид ажлаа эрт эхлээд эрт дуусгадаг. Манай оффисын ажил 08.30 цагт эхэлж, 17.00 цагт тардаг. Ийм хэмнэлээр хоёр жил ажиллаж байна. Өглөө ажилдаа ирэхэд бүтээгдэхүүнүүд маань бэлэн болчихсон, хэрэглэгчид амтархан идэж буйг харах их сайхан. Улам хичээх, зүтгэх урам авдаг.

-Та ажилдаа хэдэн цагаас ирдэг вэ?

-Цаг үеэсээ шалтгаалдаг юм байна. Компаниа анх байгуулахдаа ёстой амрах, сөхрөх эрхгүй, амьдралынхаа ихэнх цагийг ажилдаа зориулдаг, зүтгэдэг байлаа. Одоо эсрэгээрээ тэгэх шаардлага харьцангуй бага болсон.  Бодлогын, салбарын түвшинд, өргөн цар хүрээнд харах, чиглүүлэх, зангидах талдаа түлхүү ажиллаж байна. Манай байгууллага менежментийн, хандлагын хэд хэдэн шинэчлэл хийж байгаа.

Би өмнө нь аль болох ажилдаа их цаг зарцуулбал илүү үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байв. Одоогийн удирдлага, гүйцэтгэх захирлууд өөр арга барилтай. Ажилчдынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангах бодлого барин ажилладаг.  Тиймээс бид ажлаа 08.30 цагт эхлүүлдэг. Ажил 17.00 цагт тарахын давуу тал их. Ажилчид маань ажлын цагаар бүтээмжтэй хөдөлмөрлөөд, бусад үед гэр бүлдээ цаг гаргах чухал. Замын түгжрэлээс өмнө гэртээ хурдан харьчихдаг, гэр бүлдээ аль болох олон цаг зарцуулаасай гэж хүсдэг.

ГАВЬЯАТ БОЛОХ ТАЛААР ЕР БОДОЖ БАЙГААГҮЙ

-Та бүхэн гэр бүлээрээ хамтраад “Жүр үр” брэндийг бий болгосон юм билээ, 22 жилийн өмнө. Энэ олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөн, зүтгэснийхээ үр шимийг хүртэн, Гавьяат боллоо. Энэ эрхэм цолоор энгэрээ мялааж магадгүй гэх барагцаа, хүлээлт танд байсан уу?

-Гавьяат болж магадгүй, шагнал хүртэх болов уу гэх хүлээлт надад огт байгаагүй. Ер нь Гавьяат цолны талаар хэзээ ч бодож байгаагүй. Ажлаа л сайн хийж, ард түмнээ чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр хангах зорилго л биднийг үргэлж хурцалсаар өдий хүрсэн юм. Монголчууд “Жүр үр”-д ам сайтай байн, манай бүтээгдэхүүнийг дэмжин, амтархан идэж, дахин дахин үйлчлүүлсээр байвал бидний хувьд хамгийн том шагнал. Мөн манай байгууллагын ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун, “Жүр үр”-д ажиллаж буйгаараа бахархдаг, амьдрал нь алхам алхмаар дээшилсээр байвал бидний хувьд том шагнал .

Би өөрийгөө гавьяат болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Шагнал, урамшуулалд ер ач холбогдол өгч байгаагүй. Санамсаргүй зүйл боллоо. Үүнийг би хоёр зүйлтэй уялдуулан ойлгож байна. МҮХАҮТ байгуулагдсаны 60 жил, Монгол Улсад хувийн хэвшил үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуудан бизнесийн байгууллагын төлөөллийг шагнаж урамшуулсан.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ УДАА ХУВИЙН ХЭВШЛИЙН ТАЛААР МАШ ЗӨВ МЕССЭЖ НИЙГЭМД ӨГЛӨӨ

Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Монголын төр түүхэндээ анх удаа баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлийнхэндээ ийнхүү хүндэтгэл үзүүлж байна” гэж онцлон тэмдэглэсэн. Хэдэн арван жил унаж, босож, өөр өөрсдийн түүхийг бүтээж яваа хувийн хэвшлийн байгууллагуудад энэ үг их урам өглөө. Хувийн хэвшлийн байгууллагууд улсынхаа нийт ажлын байрны 71 хувийг дангаараа бий болгодог. Өнөөдөр хувийн хэвшилд нэг сая, нэг зуун мянга гаруй хүн ажиллаж байгаа. Энэ бол нийгэмд гүйцэтгэж буй маш том үүрэг. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг.

“Жүр үр” компани 2016 оноос хойш “Топ-100” аж ахуй нэгжид гурван удаа шалгарсан. Нийт 90 мянган аж ахуйн нэгжээс эдгээр 100 компани дангаараа улсын төсвийн 65 орчим хувийг бүрдүүлдэг. Аль ч талаас нь бодоход төр хувийн хэвшлээ үнэлдэг, иргэд ойлгож, дэмждэг байх учиртай.  Төр, хувийн хэвшил хоорондоо арга, билэг шиг уялдаатай, харилцан дэмжиж Монголын гэх нэгэн эрх ашгийн дор нэгдэн ажиллах учиртай. Төрөөс хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн талаар иргэдэд маш зөв мессэжийг дорвитойхон өглөө. Нөгөө талаар 22 жилийн түүхтэй, 1000-аад ажилтантай “Жүр үр” компанийн хамт олныг надаар төлөөлүүлэн шагнасан юм шүү. Энгэртээ зүүсэн нь л би болохоос байгууллагын маань хамт олон бүгдээрээ гавьяат. Түүнээс биш ганцаараа би юу хийж, бүтээж гавих вэ дээ.

Намайг хүмүүс “Жүр үр”-ийн Мөнхзул” л гэдэг. Би МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр 10 жил ажиллаж байна. Зөвхөн компанийнхаа бус бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болж, нийгэмд зөвөөр ойлгуулахад идэвхтэй ажилласныг маань давхар үнэлсэн байх.

-Монголын төр түүхэндээ анх удаа хувийн хэвшлийнхнийг шагнаж, хүндэтгэл үзүүллээ. Тэдний дунд та, “Жүр үр” багтсан гэдэг утгаараа Б.Мөнхзул захиралд илүү үнэтэй цэнэтэй, утга учиртай, бахархмаар байна уу?

-Түрүүн хэлсэнчлэн ёстой гэнэтийн зүйл боллоо. Есдүгээр сарын 25-ны орой, бүр 21.30 минут хавьцаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу залгаад Гавьяат цолоор шагнах болсноо мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хувийн хэвшлийг дэмжиж түүний дотор үндэсний брэнд бүтээж яваа “Жүр Үр”-чүүдийг үнэлсэнд маш их баяртай байна.

-Пөөх, Ерөнхийлөгчийн Тамгын газраас танд их тулгаж дуулгажээ. Хайртай дотны хүмүүстээ баярт мэдээгээ дуулгах, шагнал авахдаа өмсөх гоёлоо бэлдэхээс авхуулаад юм, юм давхцаж, сандарсан байх?

-“Жүр үр” гэр бүлээс үүсэлтэй компани. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэндээ хэлсэн. Манай компанид олон жил ажиллан, ихийг хийж бүтээх залуу насаа зориулсан, “Жүр Үр”-ийг бүтээлцсэн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхсэн гэж яарлаа. Хувийн бэлтгэлийн тухайд төдийлөн яарч, сандраагүй. Би харьцангүй хэнэггүй, тайван хүн. Шагнал авахдаа юу өмсөх вэ гэж нэг их айхтар сандарсангүй. Өмсөх дуртай дээлээрээ гоёод л очлоо. Ер нь цаг их давчуу байсан шүү.

Төрийн ордонд, Монгол төрийн есөн хөлт цагаан тугны өмнө, ерөнхийлөгчөөсөө ийм хүндтэй, эрхэм цол аваад зогсоход сүрдмээр, огшмоор болдог юм билээ. Гавьяат болсноос хойш маш олон хүн надад баяр хүргэсээр байна. Үйлчлүүлэгчид, хэрэглэгчид, огт танихгүй хүмүүс хүртэл чин сэтгэлээсээ баяр хүргэх үнэхээр сайхан юм байна. Олонд хэрэгтэй, тустай зүйл хийсээр яваагаа улам анзаарлаа. Хийх ёстойгоо л хийж байна гэж бодож байсан юм л даа.

“Жүр үр”-чүүд бид чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангасаар ирсний үр дүн гарлаа. Энэ олон хүний, төрийнхөө хайр, хүндлэлийг дааж явах учиртай. Тиймээс итгэлийг нь алдахгүйн төлөө улам хичээнэ. “Жүр үр” компани салбарынхаа нүүр царай нь. Гавьяат цол цаашид улам хичээх урам нэмж, илүү ихийг хийж, бүтээх ташуур бидэнд өглөө.

МОНГОЛЫН ТӨР ХУВИЙН ХЭВШЛЭЭ ҮНЭЛЖ, НИЙГЭМД ЗӨВӨӨР ОЙЛГУУЛАХ АЛХМЫГ ЭХЛҮҮЛСЭН НЬ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ БАЙЛАА

-Ерөнхийлөгчөөс Гавьяат цолоо хүртэн зогсохдоо юуны талаар бодов. Гэр бүлийнхэн, хамт олонтойгоо хурдан уулзах сан, баярт мөчөө хуваалцах сан гэж хэр их яарав?

-Өө, яаралгүй яах вэ. Төрийн ордноос гарч ирэхэд гэр бүлийнхэн, хамт олон маань уухайлсаар угтахад нь огшсон. Монголын төр хувийн хэвшлээ үнэлж, нийгэмд, ард түмэнд зөвөөр ойлгуулах алхмыг эхлүүлсэн нь юу юунаас илүү чухал байлаа. Гавьяат болсноосоо илүү үүнд олзуурхаж байна. Б.Мөнхзул гавьяат цол хүртсэн нь нэлээд сүүлд тавигдах асуудал. Нөгөө талаар 22 жилийн турш тууштай зүтгэж яваа “Жүр үр”-чүүд бидний хөдөлмөрийг үнэлсэнд баяртай байна. Би л Гавьяат цол авсан болохоос энэ амжилт хамт олны минь гавъяа юм шүү. Болдогсон бол Гавьяат цолыг миний бус “Жүр үр”-ийн нэр дээр онцлоод олгосон бол бүр сайхан байхгүй юу. Мэдээж тэгж болохгүйг нь би мэднэ. Хамт олон минь үгүй бол би хэн ч биш. Тиймээс ингэж тодотгосон юм шүү.

Намайг гавьяат цол хүртсэнд бүхий л монголчуудын оролцоо бий. Биднийг дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжсээр байх үйлчлүүлэгчид, харилцагчдын маань л ач юм шүү. Энэ шагнал манай компаниар овоглосон, овоглож яваа бүх хүнд хамаатай. Та бүхний минь амжилт юм шүү.

Сая нээрэн Гавьяат болоод нэг зүйлийг анзаарлаа. Бидний үеийнхний шагналд хандах хандлага өөр. Ажил маань л урагштай сайн байвал эрхэм дээд шагнал гэж боддог. Харин аав, ээж минь  надаас илүү баярласан. 

-“Жүр үр”-ийн Мөнхзул”, “Мөнхзул гавьяат аа” гэж дуудахын аль нь танд илүү үнэ цэнэтэй вэ?

-Мэдээж эхнийх нь. Ингэж тодотгохоор намайг хүмүүс андахгүй. Гавьяат гэхээс илүү “Жүр үр ”-ийн Мөнхзул гэвэл надад илүү дотно. Мэдээж Гавьяат цолоо хүндлэлгүй яах вэ.

АНХНААСАА ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН НЬ БИДНИЙГ ӨНӨӨГИЙН АМЖИЛТАД ХӨТӨЛСӨН

-“Жүр үр” гэр бүлийн компани гэдгийг түрүүн та тодотгосон. Бялуу, бэйкериний салбарт үйл ажиллагаа явуулах санаа 22 жилийн өмнө танд хэрхэн төрөв?

-Хэд хоногийн өмнө нэг хүн цахим хуудсандаа “Жинхэнэ жижгээс эхлүүлж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн” гэж манайхыг тодорхойлсон байна лээ. “Жүр үр”-ийг яг үнэн, бодитоор тодорхойлсон байхгүй юу. Бид анх 1993 онд “Жүр үр” хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан. Анхандаа түрээсийн лангуу ажиллуулав. Лангууныхаа барааг би зөөнө. Мөнгөө хэмнэхийн тулд бараагаа үргэлж автобусаар зөөдөг байлаа. Хоёр тор дүүрэн бүтээгдэхүүн бариад л автобусанд сууна учир нь таксинд суувал ашиггүй байлаа. Тэр бүхэн бизнесийн арга ухаанд суралцах эхлэл байж дээ.

Тэгж явсаар 1998 онд гэр бүлээрээ ярилцаад, бүгдээрээ хамтран бялуу, бэйкерийн салбарт хөл тавьсан юм. Аав, ээж, хань, дүү нартайгаа бүгдээрээ юуг хамгийн сайн хийж чадах вэ гэдэг талаас нь. нэлээд ярилцаж, зөвлөлдсөн. Тэгж ярилцаж байгаад бялуу хийхээр болсон юм. Манай бэр хүнсний технологич, бялуу гоё хийдэг байсан нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тухайн үед хань бид хоёр тусдаа гарах зорилгоор Солонгост ажил хийгээд, байрны мөнгө цуглуулсан байв. Зорьсныхоо дагуу байр авах уу, бизнес хийх үү гэж нэлээд бодсон. Байр авлаа гэхэд санхүүгийн асуудлаа яаж зохицуулах вэ гэдэг асуулт урган гарсан юм. Тэгээд бизнестээ хөрөнгө оруулсан нь онож билээ. Бид гэрийн зориулалттай Болгарын шарах шүүгээ авч ажлаа эхлүүлж байлаа. Анхнаасаа чанарыг эрхэмлэсэн маань бидний амжилтад их нөлөөлсөн. Хэдийгээр хямд үнийг чухалчилдаг цаг үе байсан ч бид чанарыг эрхэмлэж ирсэн нь бидний амжилтын нэг чухал хэсэг юм даа.

Үнэнийг хэлэхэд “Жүр үр”-ээ ийм амжилтад хүргэнэ, ийм олон ажилтантай болно, Монголынхоо топ 100 аж ахуйн нэг болгоно гэж төсөөлөөгүй. Зүгээр л анхнаасаа чанартай бүтээгдэхүүн хийе, бусдыг баярлуулъя гэж бодсон юм. “Жүр үр” хэзээ ч ашиг, орлогыг нэгдүгээрт тавьж байгаагүй. Одоо ч хэвээрээ. Манайх тийм ч өндөр ашигтай ажилладаггүй. Орлогынхоо дийлэнхийг татвар, шимтгэлд өгдөг, нийгмийн сайн сайханд хандивладаг. Төлсөн татварын талын талын талаас ч бага ашиг бидэнд үлддэг. Түүгээрээ компаниа хөгжүүлэх, ажиллагсдаа тэтгэх гээд бүхий л асуудлаа шийдвэрлэдэг.

“ЖҮР ҮР” ГЭДЭГ НЭРИЙГ ХАНЬ МИНЬ ӨГСӨН

-Танай байгууллагын нэр их содон. “Жүр үр” гэдэг нэрийг хэн өгсөн бэ?

-Миний хань Т.Маралхүү. Жүр үр, Ар үр, Бар үр хэмээх эмийн дээд гурван үр гэж бий.. Хүн сайн үйл бүтээвэл сайн сайхан зүйл тохиолдоно. Сайн үр тарьвал сайн ургац хураана. Үр  өсөж, үржихийн бэлгэдэл. Нөгөө талаар эрүүл, чанартай хүнс хэрэглэвэл хүний эрүүл мэндэд тустай. Хүн өвдхөөрөө эм ууж илааршдаг. Үүнтэй адил сайн, чанартай хүнс хэрэглэвэл эрүүл мэндээ хамгаална. Тийм учраас хань минь “Жүр үр” гэж нэрлэх санал гаргахад бид дуртайяа хүлээн авсан.

ЭРСДЭЛИЙГ 100 ХУВЬ НУРУУНДАА ҮҮРДЭГ ТУЛ БИДЭНД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ

This image has an empty alt attribute; its file name is Jur-Ur-Munhzul-5-1024x650.jpg

-22 жилийн хугацаанд “Жүр үр” олон удаа унаж, боссон нь мэдээж. Шантармаар, больё гэмээр үе тулгарч байв уу?

-Бизнест битгий хэл хүний амьдралд унах, босох үе зөндөө. Давж чадахгүй мэт санагдавч ард нь гарахаас өөр сонголт үгүй. Хувийн хэвшлийн байгууллага ямар нэгэн эрсдэлийг 100 хувь өөрсдөө хариуцдаг, нуруундаа үүрдэг. Ажил, амьдрал, өмч хөрөнгө гээд бүх юмаараа дэнчин тавьсан болохоор шантрах, алдах эрх бидэнд байхгүй. Манай компанид ажиллаж буй бүх хүний нуруун дээр “Жүр үр” тогтдог. Бүх хүн өөртөө тохирсон ачааг үүрч яваа. 

“Жүр үр” өнөөгийн түвшинд хүрэхэд нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь биднийг зөв хүмүүжүүлсэн аав, ээжийн минь холч ухаан. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Ажил хийвэл ам тосдоно. Эвт шаазгай буга барина” гэх мэтээр сургадаг байлаа. Одоо бодох нь ээ амьдралын нарийн философи байсан юм билээ. Манай гэр бүлийнхэн бүгд өөр, өөр мэргэжилтэй, ур чадвартай тул тал бүрээс нь түшилцэн компаниа өдий зэрэгт хүргэсэн. Би эдийн засагч, нягтлан бодогч учир компанийнхаа санхүүгийн сахилга бат, эдийн засгийн үр ашигтай байдалд анхаарал хандуулдаг.

-Монголын аж үйлдвэрийн, хүнсний салбарт “Жүр үр”-ийн байгуулсан гавьяа гэвэл та юу, юугаа онцлох вэ?

-Манай компани хэд хэдэн онцлогтой. Юуны түрүүнд “Жүр үр” үндэсний брэнд. Бид үндэсний брэндийг хөгжүүлэгчид. Өнөөдөр Монголд тодорхой хэмжээнд танигдан, салбарынхаа нүүр царай болж явна.

Хоёрдугаарт, Салбарынхаа нүүр царай болж яваа болохоор бидний идэвхи, санаачилгаас их зүйл шалтгаалдаг. “Жүр үр”-ийнхэн манлайлаад, шинийг санаачлаад, ахицтай байвал энэ салбар дагаад урагшилдаг. Хойрго, алгуур хандвал манай салбар зогсонги байдалд орно. Үүгээрээ бидэнд их үүрэг, хариуцлага ногддог. “Жүр үр”-чүүд бид хичээгээд, өдрөөс өдөрт урагшилсаар байгаа.

-Одоогоор “Жүр үр” хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-20 гаруй төрлийн бялуу, 100 гаруй төрлийн бэйкери үйлдвэрлэж байна.

-Та ажилдаа, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Шударга, эерэг, зөв бүхний талд бат зогсож, дэмжихийг хүсдэг.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ТӨРИЙН БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

-МҮХАҮТ-д саяхан болсон нэгэн хурлын үеэр та нэлээд чухал асуудлыг хөндсөн. Бүхнийг тэгээс эхэлсэн, салбарынхаа жаргал, зовлонг сайн мэддэг болохоор таны үг олонд их хүрнэ лээ.

-Харин тэгнэ лээ, би ч бас анзаарсан. Би бодлогын чиглэлээр, хуулийн төслүүд дээр идэвхтэй ажиллаж, санаа оноогоо үргэлж хэлдэг. Төсвийн хэлэлцүүлэгт оролцохдоо иргэн хүний хувьд өөрийн бодлоо хэлсэн төдий, уг нь. Тэнд хэвлэл мэдээллийн байгууллагууд байсан, миний яриаг бичиж авсныг нь ер мэдээгүй. Цахим ертөнцөөр шуугихаар нь л мэдсэн. Хүмүүс дэмжиж, санал нийлж байгаа нь анзаарагдсан.

-Монголд гарааны бизнес эхлүүлэх үнэхээр хэцүү, татварын дарамтаас авхуулаад сөхрүүлэх хүчин зүйл их гэж толгой сэгсэрдэг хүн цөөнгүй. Монголын бизнесийн орчны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Таатай гэж хэлэхэд учир дутагдалтай. Санхүүгийн асуудал, гарааны бизнес эхлүүлэх мэдлэгээс авхуулаад асуудал цөөнгүй бий. Зарим орон гарааны бизнест мэдлэг, санхүүжилтээр бодитой дэмжлэг үзүүлдэг. Монголд тийм тогтолцоо байхгүй. Ерөнхий барагцаа, хар зоригоор бизнес эхлүүлж буй хүн цөөнгүй. Нарийн судалгаа хийгээд, мэргэжлийн, олон улсын түвшинд сэтгэж эхлүүлж буй чадварлаг залуус ч улам нэмэгдэж байна. Монголын бизнесийн салбар өөрийнхөө жамаар л хөгжиж байгаа. Бодлого дутагдаж байгаа нь үнэн.

-Дутагдаж буй бодлогыг хэрхэх нь хамгийн зөв гаргалгаа вэ. Үүнийг засчихаасай, ийм л зүйл хэрэгжүүлээсэй гэж бодож явдаг зүйл юу байна вэ?

-Манайх хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд харьяалагддаг. Тус яам хүнсний үйлдвэрийг хариуцаад, бодлого тодорхойлох учиртай. Гэтэл хамаг анхаарлаа хөдөө аж ахуйд л хандуулдаг. Та нар ажиглаад хараарай. Газар тариалан, мал аж ахуй, ноос, ноолуур гэх мэт салбаруудаа илүү анхаардаг. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон “хэрэглэгчид” нь хүнсний үйлдвэрүүд шүү дээ. . Мах, сүү, гурилан бүтээгдэхүүн гэх мэт стратегийн хүнсний үйлдвэрлэлийг улс бодлогоор дэмжиж, онцгой анхаарах учиртай. Жишээлбэл, “Жүр үр” гурилын үйлдвэрийн том “хэрэглэгч Гурилын үндсэн түүхий эд нь буудай. Эдгээрийг Атрын аян гээд арай дэндүүлчихэв үү гэж гайхтал дэмжсэн. Буудайг нь аваад гурил болгодог үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлчихсөн. Төр дэмжиж байгаа биз. Гэтэл гурилыг нь аваад эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүддээ ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Хөлөө олчихсон, нийгэмд бодитой хувь нэмэр оруулдаг компаниудад чиглэсэн ямар ч бодлого байхгүй.

НИЙГЭМ, ИРГЭД БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ, ХУВИЙН ХЭВШЛЭЭ ХАЙРЛАН, ТАЛАРХАЖ, БОЛОМЖИЙНХОО ХЭРЭЭР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

-Хүн бүхний бодол, аливаа зүйлийг харах өнцөг харилцан адилгүй. Монголын төр баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлээ дөмөгхөн дэмждэггүй, зарим хүн буруугаар ойлгоод байх шиг. Салбартаа монополь, улсын хамаг л өнгөтэй, өөдтэйг хувьдаа авчихдаг гэдэг ч юм уу. Хувийн хэвшлийн байгууллагын удирдлагыг “Энэ л мөнгөтэй, энэ л хамаг тендерийг хувьдаа завшдаг” гэж шүүмжлэх хандлага анзаарагддаг. Иймэрхүү хандлага танд мэдрэгддэг үү?

-Хувийн хэвшил Монголд үүсээд 30 жил болж байна. Харьцангүй шинэ зүйл байхгүй юу. Энэ шинэ ойлголтыг нийгэмд зөв хүргэх нь төрийн үүрэг. Уг нь нийгэм, иргэд хувийн хэвшлийнхнийг нүд үзүүрлэх бус эерэгээр харж, хайрлах, дэмжих хэрэгтэй. Яагаад тэгэх ёстой вэ. Нэгдүгээрт, түрүүн хэлсэнчлэн Монголын нийт ажлын байрны 71 хувийг бий болгож байна. Хоёрдугаарт, Улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг. Энэ бол эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт, хувь нэмэр. Энэ талаасаа нийгэм тэр аяараа хувийн хэвшилд талархаж явах учиртай. Хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ нийгэмд зөв ойлгуулах Төрийн бодлого дутагдаад байх шиг. Биднийг рекламдах хэрэгтэй гэж байгаа юм биш шүү. Энэ бол тэс өөр зүйл. Хөлөө олоод, өөдөлж буй байгууллагыг “Эднийх ёстой их ашиг олж байна. Бүтээгдэхүүнийхээ үнийг хэд нугалж зардаг бололтой” гэж хардаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Би түрүүн хэлсэн шүү дээ, манайх олсон орлогынхоо дийлэнх хувийг татвар, шимтгэл гээд төрдөө өгдөг. Бидэнд үлддэг нь маш бага. Хэрвээ тийм биш, дөмөгхөн ашиг үлддэг байсан бол ажилчдынхаа цалинг нэммээр байна, ажлынхаа орчин нөхцөлийг илүү сайжруулахыг хүснэ. Гэтэл тэгэх боломж бидэнд тэр бүр гардаггүй. Үндэсний үйлдвэрлэлээ, хувийн хэвшлээ, үйлдвэрлэгчдээ хэдий чинээ сайн дэмжинэ тэр хэрээр эх орны хөгжилд ташуур нэмнэ.

Төр засаг маань хувийн хэвшлийг төлөөлүүлэн, “Жүр үр”-чүүдийн 22 жилийн хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд баяртай байна. Шагналдаа эзэн байж, өмнөхөөсөө илүү сайн ажиллахын төлөө бид улам хичээнэ., 22 жилийн түүхийг хамтдаа бичилцэж буй “Жүр үр”-ийн хамт олондоо, гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллагууд, хэрэглэгчид, монголчууддаа маш их баярлалаа. Төр, хувийн хэвшлийн ойлгоцлын гүүр, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олон, бүх гишүүдэд 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж үеийн үед амжилттай байхыг хүсэн ерөөе. Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ungas
Ungas
2020-10-01 17:44

Гурил муу хоол болвол идэх хэрэг байхгуй маш муу онцгой муу хоол юм гурил бол

skill
skill
2020-10-03 17:41
Reply to  Ungas

ystoi nerende taarsan comment baina ungad l gertei hevted computeriin tsaanas hudla shaagad baij bai

Уншигч
Уншигч
2020-10-01 17:50

ямар хөөрхөн ярилцлага вэ

Ийм хүмүүс
Ийм хүмүүс
2020-10-01 17:59

Ийм баялаг бүтээгчдээ өлдаршуулах нь хэвлэлийн үүрэг. Эгүүр улс төр дээрээ хэт хурц байдаг ч хувийн с�##�барынхныг дэмждэг сайт бололтой. Яриа нь та�##�агдлаа

Zochin
Zochin
2020-10-03 19:35

Jur ur yostoi Eko buteegdehuun zardag ajilchiddaa undur shaardlaga tavidag bolov uu gesen setgegdel turdug. Soyltoi uilchilgeeg irgeddee uzuuldegt bayrlalaa. Ene busgui ih chambai ni yariltsgaas haragdaj baina. Bayr hurgiy ajil uilchilgee amttan buteegdehuuneer ard tumnee hangaj bayrluuldagt.

Б.Энхцэцэг
Б.Энхцэцэг
2021-11-24 12:08

Мөнхзул захир�##� мундаг хүн чанар сайтай миний амьдр�##�д маш их зүйлийг ойлгуулж өгсөн харахад л хайр хүрэм сайхан хүн дээ.Хүнийг ердөө ялгаж харьцдаггүй зан нь их олон хүнд нөлөөлж яваа. Эднийхээр үйлчлүүлэх бүртээ сайхан дурсамжаа санан2 үйлчлүүлдэг дээ. Улам их ажлын амжилт хүсэе.

Холбоотой мэдээ

Back to top button