Нийгмийн

Ардын багшийн анхны намар

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улс 2013 оноос тэмдэглэж байгаа юм. Бид энэ өдөр анх удаагаа багш нарын баяр тэмдэглэж буй гурван залуу багшийг танилцуулж байна.

-Э.ДЭЛГЭРЦЭЦЭГ:ШӨНӨ НОЙРГҮЙ ХОНОЖ ХИЧЭЭЛЭЭ БЭЛДЭХ, ЯДРАХ БОЛ ЕРӨӨСӨӨ АСУУДАЛ БИШ-

“Би өнгөрсөн хавар МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.Одоо ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуульд мэргэжлээрээ ажиллаж байна. Оюутны ширээ, ажлын байр хоёр тэнгэр газар шиг ялгаатай байдаг юм байна.  Мэдэхгүй чадахгүй зүйл их тохиолдоно. Тэр бүхэнд үргэлж зааж зөвлөж, түшиж тулж, дэмжиж, урам хайрлаж байдаг хамт олондоо маш их баярладаг. Хичээл бүхэнд минь  идэвхтэй оролцож, “багш”-аа хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэлж, итгэж , урдаас тосон гүйгээд ирдэг хөөрхөн хүүхдүүдээ хараад муу байх эрхгүйгээ, илүү их хичээх ёстойгоо өдөр бүр мэдэрч байна.

Мөн аравдугаар сарын 2-нд анх удаа “Багш нарын баяр” тэмдэглэж үзлээ. Эцэг эхчүүд сэтгэл гаргаж их сайхан баярлуулсан. Сургуулийн захиргаа маш гоё арга хэмжээ зохион байгуулж багш нараа баярлуулдаг юм байна.  Дээрээс нь хүүхдүүд эцэг эхээсээ тусдаа багшаа баярлуулна гээд бараг бүгд л тортой бэлэг бариад ирсэн байсан шүү.  Дугтуйн дотор маш хөөрхөн, хөөрхөн үгтэй захиа бичээд хийчихсэн, зөвхөн дааж авсан ангийн ч гэлтгүй хичээл ордог хүүхдүүд маань хүртэл бэлэг барьж гүйлдээд л, ирж тэврээд л...би үнэхээр тийм зүйл болно гэж төсөөлөөгүй л дээ. Тэр бүхэн надад “илүү их хичээх хэрэгтэй”, “би чадах юм байна” гэдэг урам зоригийг өгсөн, мэргэжилдээ дурлах, хайрлах бас нэг түлхүүр болж өгсөн. 

Хүн дуртайд хүчтэй байдаг бололтой. Шөнө нойргүй хонож хичээлээ бэлдэх, ядрах бол ерөөсөө асуудал биш. Гагцхүү бэлдсэн, заасан хичээл хүүхдүүдийн маань  сэтгэлд нь, тархинд нь хүрч байвал   тэндээс маш их сэтгэл ханамж, баяр баяслыг мэдэрдэг, ядарч байгаагаа ч мартчихдаг. “Сайн багш байхын тулд зааж байгаа хичээлдээ ч дуртай, заалгаж байгаа шавьдаа ч хайртай байх хэрэгтэй” гэж В.О Ключевский хэлсэн байдаг.  Үүнийг л дотроо санаж бодож явна даа”

-Д.НЯМГАВАА: ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН ЯРЬЖ БИЧДЭГ, ГОО ЗҮЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ-

“Би бээр МУБИС-ийг 2020 онд төгсөөд, төрсөн нутаг Төв аймгийн Бүрэн суманд Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн багшаар ирж ажиллаад сарын хугацааг үджээ. Хичээлийн эхнээс цахим хичээлийн агуулга бататгах, шинэ агуулгаа багцалж орох, сурагчидтайгаа танилцах, ажилдаа дадах, цар тахлаас сэргийлэх гээд бэрхшээл нэлээдгүй тулгарч, ачаалал ихтэй байсан ч хамт олны хүчээр асуудлаа хялбар даван туулж түр ч гэсэн сэтгэл өөдрөг суунам. Хоёр хоногийн өмнөөс багш нарын баярын мэнд хүргэсэн зурвас их ирж байна. Тэдгээр зурвасуудыг унших бүрийд хэзээний л багш болчихсон мэт, багшлаад олон арван оныг үдсэн мэт мэдрэмж төржийхуй.

Миний хувьд ажилд ороод хамгийн эхэнд анзаарсан зүйл болбоос "Боловсролын салбар” үнэнхүү хөсөр хаягджээ гэх бодол. Монголд багш нар сэтгэл зүтгэл, авьяас чадвартай тулдаа л боловсролын салбарыг өдийг хүртэл авч явжээ. Бусдаар төрөөс "түй” ч гэх зүйл энэ салбарт хийсэнгүй. Хийсэн зүйл нь хэрэгтэй хэрэггүй, бүтэх бүтэхгүй хөтөлбөрүүд, тэр нь ч "галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчийн л үлгэр юм даг уу. Сургуулийн номын санд хүүхэд уншчих олигтой сонгодог зохиол ч бараг байхгүй байна шүү дээ. Асуудал нь улсаас ном авах төсөв ерөөсөө өгдөггүй. Мөн номын сан маань мэдээлэл зүйн өрөөтэйгөө цуг болохоор хүүхэд тухтай ном унших боломж ч алга. Сургуулийн анги танхим хүрэлцээгүй, орчин нөхцөл тааруу,... асуудлыг тоочоод үл барнам...

Багшийн мэргэжил гэдэг бол хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд тасралтгүй нэвтрэн орох, Хүн судлалын мэргэжил билээ” хэмээн В.А.Сухомлинскийн хэлсэн үгийг үргэлж санаж, сэрж явдаг билээ. Сайн багш болно, хүмүүжил төлөвшилтэй, авьяас чадвартай, биеэ даасан, нийгмийн ямар ч орчинд эх хэлээрээ зөв сайхан ярьдаг, бичдэг, гоо зүйн өндөр боловсролтой, сайн ном уншдаг, дэлхийн монгол иргэнийг бэлтгэнэ гэсэн зорилготой өөрийгөө хөгжүүлж, уншиж, судалж байнам. Философич, орчуулагч Ж.Отгонбаяр багш “Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй, бусдыг нь багш бүтээсэн” хэмээн хэлсэн байдаг. Тийм ч байж магад. Үе үеийн бүх багш нартаа баярын мэнд хүргэе!”

-Д.СОЛОНГО: БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ УТГА УЧРЫГ АЖИЛЛААД Л, ОЙЛГОДОГ ЮМ БАЙНА-

“Намайг мэргэжлээ сонгох гээд зогсож байхад ээж маань “Багштай учраагүй хүмүүн энэ хорвоод үгүй” миний охин сайн багш болно гэж хэлсэн сэн. Ингээд л би аав ээж хоёрынхоо мөрөөдөл хүслийг биелүүлэхээр багшийн ангийг эргэлзэхгүйгээр сонгож дөрвөн намар, дөрвөн хаврыг МУБИС нэрээр овоглон амжилттай суралцаж өнгөрсөн хавар төгссөн юм.  Харин би одоо “Номун далай НД” сургуульд мэргэжлээрээ ажиллаж, тус сургуулийн 8 а ангийн АУБ-аар ажиллаж байгаа. Хүүхдийн инээд хөөр, баяр баясал хамгийн том аз жаргал юм байна лээ. Өглөө сургууль очиход үүдний жижүүр ах, үйлчлэгч эгч, цайны газрын ах эгч нар, сургуулийн сурагчид гээд бүгд “Сайхан амарсан уу та, багшаа” гэж мэндлэх тэр үгнээс эхлээд багшийнхаа мэргэжлээр маш их бахархдаг.

Хэчнээн надаас ах, эгч гэсэн ч монголчууд маань багш сурган хүмүүжүүлэгч хүнийг та хэмээн хүндэлдэг тэр аугаа хүндлэлийг үгээр хэлэмгүй. Ингээд тэр өдөржингөө эрч хүчээр дүүрэн явдаг. Миний хувьд хүлээсэн бас нэгэн том хүлээлт бол БАГШ НАРЫН БАЯР юм. Анхны сэтгэгдэл, анхны бүх зүйл сэтгэлд тодхон үлддэг шиг миний анхны багш нарын баяр үнэхээр мартагдахааргүй байсан. Ангийн сурагчдын гэнэтийн бэлэг, бас найз нөхөд, хамаатан садан, ах эгч, аав ээжийн маань өгсөн бэлэг мэндчилгээ гээд л анхны хамт олонтойгоо баяраа тэмдэглэх тэр хором мөч бүхэн хэзээ ч мартагдахааргүй дурсамжаар дүүрэн байсан.

Багшийн мэргэжлийн үнэ цэнэ утга учрыг ажиллаад л ойлгодог юм байна лээ. Төгсөхдөө хэзээ ч багшаар ажиллахгүй гэж боддог байсан бодол маань сэтгэлээс минь бүрмөсөн арилсан. Харин ч багшийн мэргэжил хүүхэд бүрийн мэдэхгүй чадахгүй зүйлийг зааж сургадаг хамгийн сайхан мэргэжил гэж боддог. Намайг багшаар сургасан аав ээж хоёртоо баярлаад баярлаад баршгүй нь ээ”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button