НИЙГЭМ

Хөдөлмөрийн баатар С.Чулуунбаатар: Болдог сон бол тэнгэрт байгаа аавдаа тэврүүлээд, үнсүүлмээр санагдлаа

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зон олон хэзээнээсээ малч, хөдөлмөрчөөрөө улсад алдартай. Эл нутгийнхан өчигдөр шинэхэн Хөдөлмөрийн баатраа өлгийдөн авсан нь Санзайжавын Чулуунбаатар. Баяндэлгэр сумаас мэндэлсэн дөрөв дэх Хөдөлмөрийн баатар түүнтэй ярилцлаа.

МАЛЫНХАА ТООНД БУС ЧАНАРТ НЬ АНХААРДАГ

-Сайхан намаржиж байна уу, Та. Хөдөлмөрийн баатар болсонд нь баяр хүргэе.

-Баярлалаа. Сайхан намаржиж байна. Өнөө жил манай нутагт сайхан зун болсон. Бороо хур элбэгтэй, өвс ногоо тэгширсэн. Мал сүрэг тэвээрэг сайн авлаа. Налгар сайхан намар болж байна. Манайх дөрвөн төрлийн мал малладаг.

-Тэмээнээс бусдыг нь уу?

-Тийм ээ. Ер нь тоонд бус чанарт анхаардаг. Бэлчээрийн даац, хүн хүчиндээ тааруулаад малаа тийм ч өсгөдөггүй. Өсгөөд л байсан бол өдийд 3000 элбэг хүрэх байсан. Тэгэхийг би хүсээгүй. Бэлчээрийн даац, бүлдээ тааруулаад 800 гаруй бог хариулж байна. 200 гаруй бод бий.

-Та нутгаасаа хэзээ ирэв?

- Хөдөлмөрийн баатар болох баярт мэдээ дуулаад өчигдөр орой хотод ирлээ. Уржигдар орой Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар холбогдоод “Танд Хөдөлмөрийн баатар цол олгох боллоо. Аравдугаар сарын 5-нд Төрийн ордонд бэлэн байгаарай” гэсэн. Тэгээд л наашаа хурдах ирэх сэн гээд их догдоллоо.Одоо нөгөө “Яараад яахав” гээд аян өрнөж байгаа шүү дээ. Тиймээс догдолсон ч гэсэн жигд хурдтай явсаар ирлээ. Манай нутаг Улаанбаатар хотоос 600 гаруй км зайтай. Бүтэн 12 цаг гаруй яваад ирлээ.

Намайг Хөдөлмөрийн баатар болох нь гээд манай гэр бүлийнхэн, нутгийнхан бөөн баяр. Манайх үндэслэж, мөчирлөсөөр 25-уулаа болсон. Хань, хүүхдүүд, ач, зээ нар минь бүгдээрээ надтай хамт ирсэн. Зарим нь хичээлээ тасдаад ирсэн гэсэн шүү. Өвөөгөө Хөдөлмөрийн баатар болохыг харна гээд өнгөрсөн шөнө нойр нь хүрээгүй гэнэ лээ.

ОЛОН МУНДГУУДЫН ТҮРҮҮНД ШАГНАХАД НЬ ҮНЭХЭЭР ОГШЛОО

-Өнөөдөр шагнуулсан эрхмүүдээс хамгийн түрүүнд Таны энгэрийг мялаахад Хөдөлмөрийн баатарт маань юу бодогдож байв?

-Салбар салбартаа манлайлсан олон мундаг хүмүүсийн хамгийн дээр нь зогсоод, хамгийн түрүүнд Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ гэдэг их хүндлэл. Төрийнхөө ийм сайхан хүндлэлийг яажшуухан дааж явна даа. Санзайжавын Чулуунбаатар гээд зарлахад нь үнэхээр огшлоо. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Баяр хүргэе. Амжилт хүсье” гэсэн. Хөдлөлмөрийн баатар болохдоо төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий ааваараа их бахархлаа. Сэтгэл их огшсон. Баяндэлгэрчүүд, хань, хүүхдүүдээ боддог юм билээ. Аав минь аймгийн хошой аварга хүн байсан. Болдог сон бол аавдаа тэврүүлээд, үнсүүлмээр санагдлаа. Тэгж болохгүй нь даанч гачлантай. Аав минь улсын сайн малчны болзлыг элбэг дүүрэн биелүүлсэн хүн. Дээхэн үед Намын гишүүн хүн л шагнуулдаг, албан тушаал ахьдаг байлаа. Аавыг минь намын гишүүн биш гээд шагнаагүй юм гэнэ лээ.  

Манайх одоо намаржиж буй Жирмийн хөндийгөөс надаас өмнө гурван Хөдөлмөрийн баатар төрсөн. Би дөрөв дэх нь. Тэрүүхэн жижиг хөндийгөөс дөрвийн дөрвөн Хөдөлмөрийн баатар мэндэлнэ гэдэг ховор тохиолдол. Ийм сайхан нутагт төрснөөрөө бахархаж байна. Нутгийн минь уул, ус намайг ивээлээ.

ГАВЬЯАТ МАЛЧИН БОЛЖ МАГАДГҮЙ ГЭЖ Л БОДОЖ СУУСАН

-Эрдэнэт мал сүргээ өсгөж, үржүүлэхийн төлөө хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчид дундаас Хөдөлмөрийн баатар төрсөнд, тэгээд бүр таныг шагнасанд хүмүүс их ам сайтай байгаа нь анзаарагдлаа. Энэ эрхэм цолоор энгэрээ мялааж магадгүй гэх барагцаа, хүлээлт танд байсан уу?

-Ёстой тийм хүлээлт байгаагүй. Намайг орон нутгаас хэд хэдэн удаа Гавьяат малчинд тодорхойлсон. Тиймээс Гавьяат болж магадгүй гэх хүлээлт байсныг нуугаад яах вэ. Би төдийгүй манай нутгийнхан сураг чимээ чагнаж суусан юм л даа. Гавьяатыг алгасаад шууд Хөдөлмөрийн баатар цол олгоно гэж ёстой төсөөлөөгүй. Үнэндээ эмээж л сууна. Хөдөлмөрийн баатар чинь Монголын хамгийн том цол. Ямар мундаг хүмүүс энэ эрхэм цолоор шагнуулдаг билээ. Тэдний энд би хүрч чадах бил үү. Ингэж бодохоор өөрийгөө чамлаж л сууна. Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулах болсноо мэдээд “Яана аа, надад арай ахадчихаагүй байгаа” гэхэд манай нутгийнхан “Ёстой шагнал нүдээ олжээ. Баяндэлгэрт байтугай Сүхбаатарт танаас өөр энэ цолыг хүртэх хүн энэ цаг үед байхгүй” гэсэн. Тэгэхээр нь жаахан тайвширсан шүү.

-Гавьяат малчин болж магадгүй гэж хүлээж суусан танд Хөдөлмөрийн баатар цол олгох болсныг дуулаад хэр балмагдав?

-Аймар балмагдсан. Сүүлийн үеийн хүмүүс “Аймар” гэж ярьдаг болоод байгаа юм билээ. Яана аа, санамсаргүй хэлчихлээ. Хөдөлмөрийн баатар цол хүртхээр болсноо мэдээд үнэхээр их баярласан. Төр засагтаа, ард түмэндээ, ханьдаа, хүүхдүүддээ баяндэлгэрчүүддээ, Төхөм багийнхандаа, тэнгэрээс харж суугаа аав, ээждээ баярлалаа.

37 НАСТАЙДАА, 1987 ОНД УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛСОН

-Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт оруулсан таны гавьяа гэвэл та юу юугаа онцлох вэ?

-Мэдээж гавьяа байгуулсан, хөдөлмөрлөсөн болоод энэ шагналыг надад өгсөн болов уу. Тийм гавьяа байгуулсан, ингэж, ингэж хөдөлмөрлөсөн гээд ярих эвгүй юм. Өөрийгөө магтаж байгаа юм шиг. Би 1987 онд улсын аварга малчин болсон. Тухайн үед би 37 настай байлаа. Одоо 66 настай. Би 1980 оноос хойш эм хонь малласан. Тэгэхээр түүнээс хойш долоон жилийн дараа улсын аварга цол хүртсэн гэсэн үг.

Би эхээс арвуулаа. Хоёр эмэгтэй дүүгээс бусад нь малчин. Манайх таван хүүхэдтэй. Бүгд малчин. Гурван хүү, нэг хүргэн маань аймгийн сайн малчин.

-Та хүүхдүүддээ ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

“Бэлчээрийн даац, орон нутгийнхаа онцлогт тааруулж өсгө. Хэтэрхий олон мал бэлчээр талхлаад хэцүү. Таваарлаг болго” гэж зөвлөдөг.

-Та хэдэн жил мал маллаж байгаа вэ?

-Эхээс мэндлэхдээ л малчны гэрт төрсөн. Цэргийн алба хаасан гурван жилээс бусад бүхий л цаг үед мал маллан амьдарч байна. 1980 оноос суурь маллаж эхэлсэн. Нэгдлийн үед 600 эм хонь, 700 ямааг нэг суурь гэдэг байлаа.

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ, 150 ГАРУЙ АЙРАГ, ТҮРҮҮТЭЙ

-Малчин хүний, мал маллахын хамгийн сайхан нь юу вэ?

-Намар, өдийд их сайхан. Хавар яралзсан олон төл хот дүүрэн тоглож байх сайхан. Унаган хүлгээ түрүүлгэж, айрагдуулхаас илүү жаргал гэж юу байх вэ. Өдөр нь ажил амжихгүй явсаар шөнө нь морио хөлслөх үе зөндөө. Би аймгийн алдарт уяач. 1970-аад оноос хойш морь уяж байна. Аймаг, сум, бүсийн 150 гаруй айраг, түрүүтэй.

-Улсын наадамд хүлгийнхээ шандсыг сорьдог уу?

-Газар хол, бүл цөөтэй болохоор улсын наадамд ирж чаддаггүй юм аа.

ТӨМӨР САНДАЙЛЧХААД МАЛАА ЭРГҮҮЛЖ ЯВАА МАЛЧНЫГ МАЛЧИН ГЭХЭД ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ

-Өнөө цагт малчны хөдөлмөрийн үнэлэмж ямар байна вэ?

-Сайна байгаа л гэж хэлнэ. Гэхдээ бас дутагдал бий. Хөдөө орон нутагт ажил, хөдөлмөрөөрөө гялалзаж яваа олон сайн малчин бий. Тэдний хөдөлмөр, амжилтыг үнэлэхгүй өнгөрч байгаа нь анзаарагддаг. За, тэгээд хаана хаанаа дутагдалтай зүйл байна аа, байна. Одооны залуус их залхуу болоод байх шиг. Үнээ саахгүй, мотоцикл унаад л адуу, хонио эргүүлэх юм. Ер нь энэ хэрээр монгол ахуйгаасаа л холдоод байх шиг. Монгол ахуй, өв уламжлалаа хадгалж яваа нь малчид маань шүү дээ. Гэтэл адуугаа ч сайхан эдлэхээ байлаа. Жилийн дөрвөн улиралд л нэг төмөр зайдлаад давхих сонирхолтой.

Эрээнээс утсаар холбогдоод “Манай хонь хаагуур явна. Гэр рүү дарчихаарай” гэж байгаа малчинтай юу ярих вэ. Сумын төвөөс “Манай хонийг алсаас нь хараадхаарай. Орой нь хотлуулчихаарай” гэж байгаа хүн малчин мөн үү. Өнөө цагийн залуу малчдын хандлага нэг иймэрхүү л байна. Үүнд их эмзэглэдэг. Мэдээж би бүх залуу малчныг ийм гэж хэлээгүй юм шүү. Сайн нь ч бий, саар нь ч бий.

-Залуус төв суурин бараадах сонирхол ихтэй, хэдэн малаа аав, ээждээ үлдээчихэж байгаа нь анзаарагддаг. Та бүхний үргэлжлэл, залгамж халаа болох учиртай залуу малчдаа яаж дэмжвэл зүгээр вэ?

-Наадах чинь ёстой үнэн. За, одоо хүүхдүүд зургаан настайдаа нэгдүгээр ангид орж байгаа. Аймаг, сумын төв дээр таних айлгүй бол эхнэр нь төв орж, хүүхдээ сургуульд сургахаас өөр аргагүй. Нөхөр нь хөдөө малаа маллаад үлдэнэ. Ингээд хоёр талд, тусдаа амьдрахаар юу болох вэ. Нөгөө талаар зарим залуу малчинд энэ нь бүр сайхан далим болдог бололтой. “Хүүхэд сургуульд орлоо” гээд л хэдэн малаа аав, ээжийндээ үлдээчихээд төв рүү нүүчихнэ. За, тэгээд ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа юм даа. Бүр цаашлаад ядууралд ч нөлөөлж байгаа.

Ер нь сүүлийн үед Төрөөс халамжийн бодлогыг хэтэрхий хавтгайруулаад байх шиг. Бүхий л салбарт ийм зүйл анзаарагддаг. Манай хөдөөгийнхөнд малчдыг малжуулна гээд нэг юм байна. Цөөн тооны малтай иргэд өөр хүний нэр дээр бүртгүүлчихээд элдэв тусламж, дэмжлэг аваад байгаа юм. Тэгэхээр хөдөлмөрлөж амьдаръя гэхээс илүү төрөөр тэжээлгэж байх сонирхолтой болоод байх шиг.

-Та Сүхбаатар аймаг руугаа хэзээ буцах вэ?

-Маргааш (өнөөдөр) буцна. Манай нутгийнхан хэзээ ирэх вэ гээд асуугаад байна. Өнөөдөржин утасны дуудлагад “булуулж” сууна. Хүмүүс баяр хүргээд их сайхан байна аа. Энэ намар хадлан бэлтгэж чадаагүй. Бүл цөөтэй болохоор үнэндээ хүчирсэнгүй. Одоо Улаанбаатар хотоос л боодлын өвс авна даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button