ЯРИЛЦЛАГА

М.Энхбаатар: Хүүхдэд өгч байгаа сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөрийг ТӨР төлөх хэрэгтэй

6-18 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулах боломжтой төв нээхээр зорьж яваа “Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо”-ны тэргүүн М.Энхбаатартай ярилцлаа. Тэрээр мөн сургууль болгонд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйн боловсрол олгох хичээл оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд “Монголын төрд” нэгэн арга зааж өгөв. Чухам ямар арга зааж өгснийг, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ямар алдаа гаргадгийг ярилцлагаас уншаарай.

6-18 НАСНЫ 100 ХҮҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ХҮЛЭЭЖ АВАХ “ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ БОЛНО

-Таныг “Хүүхдийн сэтгэл зүйн төв” байгуулах гэж буйг сонсоод холбогдлоо. Чухам яагаад хүүхдийн сэтгэл зүйн төв байгуулахаар болсон юм бэ?

-Бид хүүхдүүдээс цахимаар судалгаа авахад ихэнх нь хичээлээ тараад гэртээ харьдаг, нэг бол гадуур сэлгүүцдэг. Харин 10-20 хувь нь сэтгэл зүйн сургалтанд явдаг гэсэн юм. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн сэтгэл зүйн төв” олон байдаг бөгөөд тэдгээрээр үйлчлүүлэхэд уулзалтын хугацаа нь наснаасаа хамаараад өөр өөр, нэг удаагийн төлбөр 20-50 мянган төгрөг байсан юм. Тэгэхээр өдрийн цайны 1000-5000 мянган төгрөг халаасалж яваа хүүхэд ямар үйлчилгээ авах юм. Ямар ч үйлчилгээ авах боломжгүй.  

Тиймээс л бид 6-18 насны 100 хүүхэд үнэ төлбөргүйгээр хүлээж авах хүчин чадалтай “Хүүхдийн сэтгэл зүйн төв” байгуулахыг зорьж байгаа. Уг төвд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалтууд хийх юм. Гэхдээ одоохондоо хөрөнгө санхүүгээ шийдээгүй л байна. Гэхдээ надад нэг шийдэл байна. Төр нь хүүхдийнхээ төлөө зовнихгүй, асуудлыг харах нүдгүй байгаа болохоор монголын ард түмний хандиваар “Хүүхдийн сэтгэл зүйн төв” байгуулъя гэж бодсон юм аа. Гэхдээ бид ард түмнээсээ зүгээр нэг хандив авахгүй. Хандив өргөсөн бүх хүнд бүтэн сар сэтгэл зүйн зөвлөгөө авах эрхийн карт өгнө.

-“Сэтгэл зүйн төв”-өө хотын аль бүсэд барихаар төлөвлөж байна вэ?

-Гэхдээ би хүүхдийн сэтгэл зүйн төвтэй болох, сургууль болгонд сэтгэлзүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйн боловсрол олгох хичээл оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймдээ ч төрөөс санаачлага гаргаад газрын асуудал шийдээд өгвөл хаана ч байсан хамаагүй ээ.  

-Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчгүй гэдэг асуудал гагц өнөөдөр бус олон жилийн турш яригддаг. Та хувьдаа сэтгэл зүйчтэй болсноор нийгэмд ямар өөрчлөлтүүд бий болно гэж харж байгаа вэ?

-Сургуулийн сэтгэл зүйч нь хүүхдийн сэтгэл зүйн эрсдлийг бууруулахаас гадна багшийн болон эцэг эхчүүдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх юм. Багш нар болон эцэг эхийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хэн нэгэнтэй ярилцмаар байдаг.  Үе тэнгийнхэнээсээ хүртэл ичдэг, эмээдэг учраас амиа хорлох тухай боддог. Ингээд бодохоор хүүхдүүд энэ нийгмийн олон асуудлын хуй салхин дундуур ямарч хувцасгүй гүйж байгаа байхгүй юу.

Уг нь монголд сэтгэл зүйч бэлтгэдэг гурван их сургууль, дөрвөн хувийн сургууль байдаг. Нэг сургууль нэг сэтгэл судлалын ангитай, нэг анги нь 30 хүүхэдтэй гэж бодохоор жилд 210 хүн төгсөж байна гэсэн үг. Гэтэл тэд гараад өөрөө өөртөө л ажлын байр гаргадаг. Зарим нь өөр ажил хийдэг. Ажлын байр маш хомс байдаг. Энэ  асуудлыг мэргэжлийнхэн нь тэр бүр яриад байдаггүй л дээ.

-Сэтгэл судлаач бэлтгээд байгаад хэрнээ боловсон хүчнээ хааш нь хувиарлахаа мэдэхгүй байгааг л та гайхаад байгаа юм аа даа?

-Тиймээ. Ерөнхий боловсролын сургуулиуд одоо нийгмийн ажилтан эсвэл, ахлах зэрэгтэй багшаа арван хувиар цалинжуулаад сэтгэл зүйчээр ажлуулж буй. Багшийгаа, нийгмийн ажилтныгаа таних учраас оюутнууд орохоос айж, ичдэг. Тиймээс мэргэжлийн хүн л ажиллах ёстой.

-Нийгмийн ажилтан яагаад сэтгэл зүйчийн хийх ёстой ажлыг хийгээд байгаа юм бэ. Болно гэж үү?

-Уг нь нийгмийн ажилтан бол захиргааны ажилтан. Нэг ёсондоо тэр хүнд багшийг загнах эрх бий. Гэтэл сэтгэл зүйчид тийм эрх байхгүй. Зөвхөн хувь хүний нууцыг хадгалах л үүрэгтэй.

Нэг хэсэг нийгмийн ажилтныг сэтгэл зүйчээр бэлтгэнэ гэдэг асуудал яригдсан. Энэ бол боломжгүй зүйл. Хэдийгээр хоёулаа нийгмийн ухааны салбарт харъялагддаг ч өөр. Хэрвээ тэгж болдог байсан бол би дахин сураад байх шаардлагагүй байсан.

-Ерөнхий боловсролын сургуулийг сэтгэл зүйчтэй болгох нэгэнт үлгэр болвол багш мэргэжлээр суралцаж буй  оюутнуудын хичээлийн системд сэтгэл судлалын хичээл нэмэж болох юм гэсэн хүмүүс бас харагдсан…

-Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг хүүхдэд сэтгэл зүйн боловсрол олгох, хүүхдийн зан араншинг өөрчлөж, эхлэх асуудал яригдахаар эцэг эхчүүд давхар яригддаг. Зарим хүмүүс биднийг эцэг эхчүүдээ сурган хүмүүжүүлчихээд хүүхдүүдтэйгээ ажил гэдэг. Гэхдээ бидэнтэй хэн харьцаж байгаа нь чухал биш, бид тухайн хүнтэй яаж харьцах вэ гэдгээс бүх юм шалтгаалдаг. Хүүхдүүд ч гэсэн эцэг, эх болох учраас өсвөр насанд заавал сэтгэл зүйн боловсрол олгох хичээл байх ёстой

Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтоор Япон улс тэргүүлж байсан ч амиа хорлолтоос сэргийлсэн төв, сэтгэлзүйн төвтэй болсон. Мөн долдугаар ангид ортол нь шалгалт авдаггүй болсноор амиа хорлолт 30 хувь буурсан.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ӨӨРСДИЙН ХҮССЭНЭЭР БАЙЛГАХЫГ ХИЧЭЭДЭГ. ОНЦ СУРГАХЫГ ХҮСДЭГ. ЭНЭ БОЛ МАШ ТОМ АЛДАА

-Одоо хоёулаа өсвөр насны хүүхдийн тухай ярилцъя. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?

-Эцэг эхчүүд маань манай хүүхэд бусадтайгаа адилхан формтой, утастай болсон гээд эдийн засгийн хэрэгцээнд нь л анхаараад сэтгэл зүйн хэрэгцээнд нь огт анхаардаггүй. Хувцас хэрэглээнд нь анхаарч байгаагаа хүүхдэдээ анхаарч байна гэж ойлгоод байдаг. Хүүхэд нь ярилцах гэхээр би чамайг өсгөж, тэжээж байна гэдэг. Гэтэл хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ бол өөрийгөө үгээр болон үйл хөдөлөөр илэрхийлэх юм. Хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхгүй, ярилцах хүнгүй удвал сэтгэл зүй нь гэмтэнэ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн таагүй харьцаа, үл хайхрах хүчирхийлэлээс болж хүүхдүүд сэтгэл зүйгээ гэмтээж буй юм. Мөн ихэнх эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийнхөө хүссэнээр байлгахыг хичээдэг. Тиймдээ ч хүүхдээ онц сургахыг хүсдэг. Энэ бол маш том алдаа.

– Хөл хорионы үеэр танай холбооноос онлайнаар хэр олон хүн зөвлөгөө авсан бэ?

-Бид онлайнаар зөвлөгөө өгдөггүй. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг бол соёл. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд үйлчлүүлэгчийн урдаас зөв харж сууна. Сэтгэл зүйч өрөөтэй байна. Өрөө нь тусгаарлагдсан байх ёстой. Цахимаар зөвлөгөө өгөөд байгаа бол цэвэр мөнгөний л сонирхол. Хүүхэд төлбөрийн чадамжгүй хуулийн этгээд. Ер нь төр хүүхдэд өгч байгаа сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй болгох хэрэгтэй. Үнэхээр сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгож чадахгүй гэж байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг нэгдсэн тарифтай болгоод хувийн сэтгэл зүйчид үзүүлэх боломжоор хангаж өгөх нэг арга байна. Тухайн хүүхэд зөвлөгөө авсан гэдгээ цахимаар батлаад сэтгэл зүйч төрөөс цалинждаг байж болно.

-Одоо танай холбоон дээр өдөрт хэчнээн хүүхэд, ямар асуудлаар хандаж байна вэ?

-Арван сарын долоонд гэхэд арав гаруй хүүхэд ирсэн. Ихэнх нь л сэтгэл гутралаас болоод амиа хорлочихоод байна гэсэн. Гэхдээ тэр хүүхдүүдээс ямар нэгэн сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрээгүй. Өөрсдийгөө сэтгэцийн өвчтэй гэж таамаглаж байсан юм билээ. Өсвөр насны хүүхдүүд юмыг их сүртэйгээр дэврүүлэн боддог. Энэ нь тэдний ч буруу биш л дээ. Яахав сэтгэл зүйн боловсрол олгоогүйн гай. Тэр тусмаа төгсөх ангийн хүүхдүүд их ирж байна. Яасан гэхээр мэргэжил сонголт, шалгалтнаас маш их айж байна гэнэ.  

Мөн ангийнхандаа бүдүүн, тарган хэмээн гоочлуулж, гадуурхуулсан хүүхдүүд их ирж байна. Тэд нар бүгд л фитнесст явж байгаа. “Танай үеийнхэн явж байна уу гэхэд, үгүй ээ дандаа том ах, эгч нар явдаг” гэсэн. Тэгэхээр хүүхдийн фитнесс нээгдвэл энэ цагт нүдээ болсон бизнес болно биз ээ.

-Үе тэнгийнхний дарамт, гадуурхалыг хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй. Энэ байдал яавал ор тас мартагдах бол?

-Хүүхдүүд аав, ээжийнхээ тусгал байхгүй юу. Аав ээжүүд хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулвал хүүхэд тэр хүнийг муу хүн гэж л бодно. Тэгэхээр хэн итгэн үнэмшүүлэх вэ гэдэг их чухал. Манай нийгэмд тулгамдаад байгаа архины асуудал ч ялгаагүй. Айл гэрт нэг архи уудаг хүн байвал тэр хүнээс шалтгаалаад бүгд сэтгэл зүйн хамааралтай болдог. Хүүхдүүд манай ах, аав архи уудаг. Яаж архинаас гаргах вэ гэж асуудаг. Тэгэхээр бидний түвшинд хүүхдийг тухайн хүнээс хамааралгүй гэдгийг нь ойлгуулахыг хичээдэг. Одоо бол сэтгэл зүйн боловсрол олгох хичээлийг багаас нь заавал хүүхэд өөрөө бүгдийг ухамсарлана. Үг хүлэхээсээ өмнө боддог, бусдын өмнөөс өөрийгөө тавьж чаддаг болно.

-Хүүхдүүдийн гар утасны хэрэглээ ихэсэж буйтай давхцаад газ үнэрлэж буй явдал гаарч байна. Нийгмийн сэтгэл зүй, эцэг эхчүүд хүүхдийг буруутгаж байгаа харагддаг?

-Хүүхдүүддээ анхаарч чадахгүй байгаа учир энэ нь эцэг эхчүүдийн буруу. Хөл хорионы үеэр л гэхэд хүүхдүүд маш их дэлгэцний хамааралтай болсон. Хүүхдээ дэлгэцний хамаарлаас татаж авахын тулд өөр зүйлд татан оролцуулах хэрэгтэй. Мөн сэтгэл зүйчид бид хүүхдэд зөвлөгөө өгч байх үед архи, тамхи гэдэг үгийг хэрэглэдэггүй. Учир нь тухайн зүйлийг хэрэглэх өдөөлтийг төрүүлэх юм. Тиймээс бид тэдгээр үгнээс зайлсхийж, эрсдэлт зан үйл гэж ярьцгаадаг. Эцэг эхчүүд бид хүүхдээ эрсдэлт зан үйлээс хол байлгая гэвэл боловсрол олгох хэрэгтэй. Боловсролтой хүн л тийм зүйлээс татгалзаж чадна. Мөн төр нь хүүхдэдээ чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл аюулгүй орчныг нь бий болгож өгөх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

    1. Худлаа худлаа.Бас нэг төрөөс мөнгө саах арга.Аэтгэл зүйл хүчний байгууллагад л хэрэгтэй.6лдэв муу зүйлтэй тулгарч байдгаараа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button