Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Виртуал, AR технологийг Монголдоо анхлан нэвтрүүлэгч “Дүрслэх урлагийн музей”

Бид өмнөх сурвалжилгаараа Нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр нээгдэж буй “Cinema Next” кино театрын тухай онцлон танилцуулж байв. Харин энэ удаа виртуал, АR технологийг Монголдоо цоо шинээр, анхлан нэвтрүүлж буй Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр зочилж, мэлмий юугаа баясгалаа.

-AR ШИЛНИЙ ТУСЛАМЖТАЙ МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ГРАФИК, ВИДЕО, ТЕКСТ, АУДИО МЭДЭЭЛЛҮҮДЭЭР БАЯЖУУЛАН ҮЗЭХ БОЛНО-

AR буюу ухаалаг нүдний шилний тусламжтайгаар археологийн малтлагаас илэрсэн түүх соёлын дурсгалт зүйлс, уран зураг, баримал гээд л Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг график, видео, судалгааны гэрэл зургууд, текст, аудио мэдээллүүдээр баяжуулан үзсэнээр үзэгч илүү амьд мэдрэмжийг авах аж.  Өмнө нь зөвхөн нүдээр харж байсан дүрсийг үзэгчид өдгөө олон хувилбараар харж, үүх түүхийг нь чихээрээ сонсон, бүхий л мэдрэхүйгээрээ дамжуулан мэдрэх боломж нээгджээ. Ингэснээрээ бид музей үзэхдээ үзмэрийг тайлбарлагч хөтчөөр бус, технологийн дэвшлээр харж, мэдэрч болох юм. Та тус технологиор 9 тасгийн 31 үзмэрийг үзэх боломжтой.

Музей руу ороход биднийг тус музейн тайлбарлагч А.Солонго тун найрсгаар угтан авч, танхимуудын онцлогуудыг тайлбарлан, VR, болон AR технологиуд хэрхэн ажилладаг тухай зааварчилгааг өглөө. Шилийг зүүх мөчид та бодит ертөнцөөс хэсэг хугацаанд тасарч, виртуал орчинд очно. Танд нэр бүхий хаалганууд харагдах бөгөөд та мэдрэх төхөөрөмж бүхий гарны тусламжтай явж, тэдгээр хаалгануудын аль нэгээр зочлон ер бусын сонирхолтой байгалийн өвөрмөц зүй тогтол бүхий газарт ирнэ. Чихэвчээр таны очсон газрын салхины сэрчигнээн, ан амьтдын дуу чимээ сонсогдох нь бодит ертөнцөөс тасрах тасалбарыг өгөх мэт.

-ӨӨР ӨӨРИЙН ЕРТӨНЦ БҮХИЙ ВИРТУАЛ ОРЧИНД ГҮЙЖ, ГУЛСАЖ, АН АМЬТАНД ХҮРЧ БОЛНО-

Хамгийн сонирхолтой нь та мэдрэгч гарны тусламжтай тэдгээр ан амьтдад хүрч, бас хүсвэл экстрем аяллыг хийж, цасан хавцлаас доош унах боломжтой. Сонгосон хоёр хувилбарт виртуал орчноор аялсны дараа орчин тойронтойгоо танилцахаар явлаа.

Тус музей нь монгол зураг, цам, лойлон, зээгт наамал, шүтээн зураг, Г.Занабазарын урлаг, барлах болон зураасан урлаг, Майдарын танхим, Ардын урлаг, эртний урлаг зэрэг хэсгүүдээс бүрдэх аж. Сан хөмрөг болон үзмэрүүддээ нэн эртний үеэс (МЭӨ 40 000 – 10 0000 жил) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20.000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн байршуулжээ. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 71 нь тус музейд хадгалагдаж буй аж.

Та уг музейд ирснээр МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зурагнаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхадын хөрөг,торгон зээгт наамал зэрэг дахин давтагдашгүй бүтээлийг үзэн сэтгэлээ баясах боломжтой.

-ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ХИЙЦИЙН ЯЗГУУРЫН ТАВАН БУРХАН БОЛОН СОЁМБО ҮСЭГ ГЭХ МЭТ ҮЗМЭРҮҮДИЙГ ХИЙСВЭР ЕРТӨНЦӨД БОДИТООР ЦОГЦЛООЖ ӨГСӨН-

Дүрслэх урлагийн музей нь нийт зургаан сан хөмрөг, 12 үзүүлэнгийн танхимд үзмэр, эд хадгалагдаж, материалаар нь хатуу ба зөөлөн эдлэлийн, гадаадын урлагийн сан хөмрөг гэж ангилдаг байна.

  1. Зөөлөн эдлэлийн сан хөмрөгт: зээгт наамал, хувцас хэрэглэл, шүтээн зураг, монгол зураг, дардас, зураасан зураг, судар номын эд өлгийн зүйлс.
  2. Хатуу эдлэлийн сан хөмрөгт: мод, чулуу, шавар болон янз бүрийн метал эдээр бүтээгдсэн эд өлгийн зүйлс.
  3. Гадаадын урлагийн сан хөмрөгт: Ази, Европын зарим орнуудын гар урлалын бүтээлүүд, дэлхийн сонгодог зураачдын уран зургуудын плакат зэрэг үзмэр цуглуулгаас бүрдэнэ.

Эдгээрээс 31 үзмэр нь AR технологийг дэмжих бөгөөд Г.Занабазарын хийцийн язгуурын таван бурхан (Цагаан дарь эх, Ногоон дарь эх гэх мэт) Соёмбо үсгийг виртуал технологийн тусламжтай хийсвэр ертөнцөд бодитоор цогцлоож өгснөөрөө онцлогтой.

Ийнхүү Занабазарын музейн тайлбарлагч А.Солонгоос зарим зүйлсийг тодруулсан юм.

-Та манай уншигчдад музейнхээ онцлогийг хэлж өгөөч?

-Манай музей нь Занабазарын нэрэмжит гэж явдаг учир түүний өөрийн мутрын бүтээлүүд байдаг. Түүнчлэн дүрслэх урлагийн музей учир 19-20 зууны сор бүтээлүүдийг хадгалж байгаа гэдгээрээ онцлог.

-Музейн хувьд AR, VR технологийг цогцлоосон гэдгээрээ тун өвөрмөц санагдлаа?

-Хүүхэд, залуусын хувьд музейг үзэх сонирхол тэр бүр байдаггүй. Тийм учраас сонирхохгүй байгаа зүйлийг нь өөрсдийнх нь сонирхож буй технологитой хослуулж, түүгээрээ соёлын өвийг сурталчлахыг зорьж байгаа. Манай музей маш олон технологийг ашигладгийн хоёр нь таны асуусан AR, VR технологиуд юм. АR нь бодит үзмэрийг нэмэлт мэдээллээр баяжуулсан ба ингэснээрээ музейн боловсролын ажлыг шинэ түвшинд авчрах, цаашлаад өнөөгийн Монголын музейн салбарт шинэ инновацыг нэвтрүүлж байгаа. Харин VR буюу виртуал технологиор Өндөр Гэгээн Занабазарын бүтээлүүдийг харуулж өгсөн. Өндөр Гэгээний хийцийн язгуурын таван бурхан болон соёмбо үсэг гэх мэт үзмэрүүдийг хийсвэр ертөнцөд бодитоор цогцлоож өгснөөрөө онцлогтой.

-Тус технологиудыг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ?

AR технологийг энэ сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Харин VR технологийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.

-Технологи нэвтэрч эхэлснээр музейг үзэх үзэгчдийн тоо, эерэг хандлага нэмэгдсэн үү?

-Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахал гарч, жуулчид ирээгүйтэй холбоотойгоор дотоодын үйлчлүүлэгчид нэмэгдсэн. Ялангуяа залуус сонирхох нь ихэсч байгаа нь авууштай. Манай музейд жилд дунджаар 11.000 гаруй үзэгчид ирдэг. Тэдгээрийн 50 орчим хувийг хүүхэд залуучууд эзэлж байгаа гэх судалгаа гарсан. Өнөөдрийг хүртэлх үйлчлүүлсэн иргэдийн хувьд сэтгэл ханамжтай байгаа. Үүний илрэл нь магадгүй эргэн ирэхдээ найз нөхөд, дүү нараа дагуулан ирж буй нь харуулах болов уу.

-Технологийн хувьд ашиглахад ямар нэг бэрхшээл гарч байна уу.

-AR технологийн хувьд манайд дөрвөн ширхэг төхөөрөмж байгаа. Нэг шил музейн үзмэрийг бүтэн үзээд дуусах дундаж хугацаа буюу 01:30 минутын дараа цэнэг нь дуусч байгаа. Ингээд нэг дор дөрвөн хүнд AR шилийг зүүлгэх боломжтой. Төхөөрөмжөө 5 хүртэлх цагийн хугацаанд цэнэглэнэ. Харин дараагийн үйлчлүүлэгч ирэхэд төхөөрөмж цэнэг дууссан бол зай хураагуур ашиглан үйлчилгээг авах боломжтой. Тэгэхээр одоогийн байдлаар дөрвөн шилний хувьд хүрэлцээтэй байгаа.

-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРТ УГ МУЗЕЙГЭЭР АЯЛУУЛАХЫГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Тус технологийг хэрэглэхэд насны хязгаар бий юу?

-AR шилний хувьд маш мэдрэг, түүнийгээ дагаад эмзэг учир 14 болон түүнээс дээш насны хүүхдэд зөвшөөрдөг. Харин виртуал төхөөрөмжийн хувьд бүх насныхан үзэж сонирхох боломжтой.

Бидний мэдээлэл авахтай зэрэгцээд нэгэн үйлчлүүлэгч AR шилний тусламжтай музейн үзмэрийг үзэж байлаа. Иймд шилийг хэрэглэж үзэж буй сэтгэгдлийг нь сонсохоор хэсэг ярилцсан юм. Ташрамд сонирхуулахад 18 хүртэлх насны хүүхэд уг музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд хэрэв AR шилийг зүүх бол 2000 төгрөгийн хураамжтай аж.

-Та уг музейг ухаалаг шилний тусламжтай анх удаа үзэж байгаа юу?

-Тиймээ.

-Бидэнтэй сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр сайхан санагдаж байна. Нүдний шил зүүнгээ тус музейн үүх түүхээс эхлүүлээд хүссэн үзмэрийнхээ тайлбарыг нүдээр үзэж, бас сонсож чадаж байна шүү дээ. Тааламжтай сайхан санагдлаа. Хүүхдүүдтэйгээ дахин ирмээр санагдлаа. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт уг музейгээр аялуулахыг оруулах хэрэгтэй. Ядаж л хүүхдүүд үүх түүхээ илүү сонирхолтой байдлаар мэддэг болно шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үзмэр үзэгч
үзмэр үзэгч
10 сар 9, 2020 08:05

Занабаярын музей мундаг байна

Зочин
Зочин
10 сар 13, 2020 10:16

занабазарын музей

Зочин
Зочин
10 сар 13, 2020 10:17

AR технологи маань 3000 аар үзүүлж байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button