ДЭЛХИЙ

Судлаачид сарьсан багваахай устгалтай тэмцсээр байна

Судлаачид жимсний сарьсан багваахайн төрөл зүйлийг устаж үгүй болох аюулд хүргэсэн хэмээн Мауригийн засгийн газрыг шүүмжилж байна. Тэнд амьдарч байсан уг амьтны талаас илүү хувийг нь устгасан ажээ.

2015 оноос хойш жимсний талбайг хамгаалах зорилгоор явуулсан сарьсан багваахайг устгах гурван удаагийн арга хэмжээнд 50 мянгаас илүү амьтад үхэж хорогдсон байна.

Угтаа Мауригийн ой модны тав хүрэхгүй хувь нь цэврээр үлдээд байгаа учраас “нисдэг үнэг” хэмээн нэрлэгддэг тус сарьсан багваахай амьд үлдэхийн тулд жимсний талбайд орогнож буйг судлаачид тайлбарлажээ. Жимсний сарьсан багваахайнууд цэцэгний тоос хүртэлтэнд оролцдог төдийгүй, мод ургамлын үрийг хол газарт жигд тарааж цацаж өгдөг чухал үүрэгтэйг тэд хэлж байна.

Мауригийн их сургуулийн экологич Винсент Флоренс, “Сүүлийн дөрвөн жилд нисдэг үнэгний популяци 50-аас илүү хувиар буурч доройтсон” гэж батлажээ. Зарим судлаачид одоогийн байдлаар 30 мянгаас илүүгүй тооны сарьсан багваахай амьд үлдсэн гэж үзэж байгаа аж.

Байгаль хамгааллын олон улсын зөвлөлийн гишүүн, биологич, сарьсан багваахай судлаач Тигга Кингстон, маш цөөн тооны зүйл амьд үлдсэн бөгөөд, хамгийн ярвигтай нь тэд цаашид байгалийн гамшиг, өвчин эмгэг, амьдрах орчны доройтолд өртөж, эцэстээ устаж мөхөх аюулд ороод байгаа тухай ярьжээ. 

Их Британийн сарьсан багваахай хамгааллын газар устгах үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг уриалжээ. Тэд жимсний ургамлын доротойтолд ердөө 10 хүрэхгүй хувиар нөлөөлж байгааг судалгаа харуулсан байна. 

2015 онд явагдсан эхний устгалаар 30 мянган сарьсан багваахай үхсэн бол, дараачийн жилд 7380 өртсөн аж.

Байгаль хамгааллын олон улсын зөвлөл сарьсан багваахайг ховордож устах аюулд өртсөн хэмээн зарласан ч устгах үйл ажиллагаа үргэлжилсэн байна. Профессор Флоренс засгийн газрын тооцоолон мэдэгдэж буй 50300 гэсэн тооноос хол давсан хэмжээний сарьсан багваахай үхсэн гэж бодож буйгаа илэрхийлжээ.

 “Тэд жилийн сүүлчээр сарьсан багваахайнуудыг заазладаг ба энэ үед ихэнхи нь давхар биетэй, эсхүл бяцхан зулзагануудтай болсон байдаг. Нэг сарьсан багваахайг буудах нь угтаа хоёрыг үгүй хийсэнтэй адил” гэж тэр National Geographic сэтгүүлд ярилцлага өгчээ. “Амьд үлдэгсэд хүнд гэмтэлтэй хоцорч, эцэст нь өөрсдөө үхдэг”

Судлаачид энэхүү заазлах ажиллаганд хориг тавихын тулд амьтны амьдрах эрхийг зөрчсөн гэх шалтгаанаар хуулийн хүрээнд засгийн газрыг хариуцлагад татахыг дэмжиж байна.

“Бид өргөдөл гаргаж, нотолгоо үзүүлж, шинжлэх ухааны өгүүллүүд хэвлүүлсэн. Байгаль хамгааллын олон улсын зөвлөл ч засгийн газарт хандсан. Бидний хийсэн бүхэн үр дүнд хүрээгүй, тиймээс илүү хүчтэй үйлдэл хийхээр шийдлээ” хэмээн Японы Киото их сургуулийн сарьсан багваахайн экологич Кристиан Винсенот хэлжээ.

Харин Мауригийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын яамны сайд Маен Сээруттун “Манай орон жимсний талбайг идэж устгадаг том хэмжээний сарьсан багваахайны популяцитай. Сүүлийн 15 жилд сарьсан багваахайнууд их хэмжээгээр үржиж, олширч байгаа нь циклон салхины дутагдалд орох шалтгаан болсон тухай баримт бий. Тэдний төрөл зүйлийг хамгаалалтанд авсан. Тийм учраас жимсний талбайгаа хамгаалахын тулд илүү бүтээлч шийдлүүдийг эрж хайх хэрэгтэй байна. Жишээ нь тариаланчид ургацаа хамгаалахын  тулд тор татах. Мөн миний зохион байгуулах хэсэгчилсэн заазлах үйл ажиллагаануудыг хэвээр явуулсаар байх болно“  гэжээ. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button