ДЭЛХИЙ

“Боинг Австрали” хиймэл оюун ухаант тийрэлтэт сөнөөгч онгоц үйлдвэрлэхээ зарлалаа

“Боинг Австрали”  хиймэл оюун ухаантай тийрэлтэт сөнөөгч онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Тус онгоцны программ хангамжийг “Агаарын хүчний багийн систем” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ систем нь бие дааж нисэх эсвэл бусад онгоцтой аюулгүй түвшинд зайгаа барьж явах чадвартай аж. 38 фут буюу 11,5 метрийн урттай нэг тийрэлтэт хөдөлгүүртэй уг онгоц нь 3200 км зай туулах чадвартай бөгөөд тандах, ажиглах болон дайны зориулалтаар ашиглах боломжтой. Өнгөрсөн лхагва гаригт Мельбурнд болсон Австралийн олон улсын агаарын шоунд тус моделийг Австралийн батлан хамгаалахын сайд Кристофер Пайн танилцуулсан байна. Австралийн нисэх хүчний дарга, маршал Лео Давиесийн хэлснээр “Бид энэ моделийг суралцах байдлаар програмчилж болох ч суралцахдаа шугаман байдлаар суралцдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийн гэсэн сэтгэл хөдлөлгүй. Харин нисгэгчдийн чадварыг харвал тэдний нөхцөл байдлыг үнэлэх чадвар нь сэтгэл хөдлөл болон бүтээлч байдлаас нь урган гарч тэднийг шаламгай болгодог. Бид хүний уян хатан чадвар болон самбааг машины хурдтай хослуулж чадваас маш гайхамшигтай үр дүнд хүрж чадна” гэжээ.

Батлан хамгаалахын экспортын стратеги

Тус нисэх онгоцуудыг Австралид үйлдвэрлэх бөгөөд дуусмагцаа холбоотон улсууддаа экспортлохоор төлөвлөж байна. Байлдааны тийрэлтэт онгоц зарж экспортлох нь Канберрагийн экспортын төлөвлөгөөны нэг хэсэг юм. Уг төлөвлөгөө нь өнгөрсөн жил танилцуулагдсан төлөвлөгөө бөгөөд уг төлөвлөгөөний дагуу Австрали улс зэвсэг ханган нийлүүлэгч шилдэг 10 улсын тоонд багтах аж. Хиймэл оюун ухаантай байлдагч онгоцны анхны нислэг 2020 онд хийхээр төлөвлөж байгааг Боинг мэдэгдлээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button