ДЭЛХИЙ

Энэтхэгийн 132 тосгонд гурван сарын турш нэг ч эмэгтэй хүүхэд төрсөнгүй

Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар, Энэтхэг улсын хойд хэсэгт орших 132 тосгонд гурван сарын турш нэг ч эмэгтэй хүүхэд төрөөгүй гэх үзүүлэлт гарчээ. Энэ хугацаандах нийт 216 төрөлт бүгдээрээ эрэгтэй хүүхэд байсан аж.

Уттарканд дүүргийн удирдлагууд уг асуудлын шалтгааныг үр хөндөлттэй холбон тайлбарлаж байна. Энэтхэгчүүд хөвгүүдийг өсгөж торниулахад охидоос бага зардал гардаг гэж үздэг учир, эмэгтэй хүүхэд олсон бол үр хөндүүлдэг хандлага тогтоод удаж буй. Хэдийгээр 1961 онд хориглосон ч, охидоо нөхөрт гаргахын тулд багагүй хэмжээний инж өгдөг заншил тус нутагт үйлчилсээр байгаа нь мөн үүний шалтгаан болно.

1994 онд хүйсийн сонголт хийж үр хөндүүлдэг асуудал дээр Энэтхэгийн засгийн газар хуульчилсан зохицуулалт хийсэн боловч өнөөг хүртэл эл явдал газар авсаар. 2011 онд хийсэн хүйсийн харьцааны судалгаагаар 1000 эр хүн тутамд 943 эмэгтэй ноогдож байна гэсэн тоон үзүүлэлт гарсан байдаг.

Өнгөрсөн жилийн байдлаар Махарашта дүүргийн эмнэлэгт 19 эмэгтэй охин хүүхдээ хөндүүлсэн тохиолдол бүртгэгдсэн аж. Үргэлж хууль хяналтынхны хараанаас далдуур явагддаг энэ үйлдлийг үр хөндүүлж байгаад нас барсан эмэгтэйн хэргийг мөрдсөний дүнд бүртгэж чадсан гэдэг.

Гурван сарын турш ганц ч эмэгтэй хүүхэд төрөөгүй дээрх 132 дүүргийг өдгөө Энэтхэгт <<Улаан бүс>> хэмээн нэрлэх болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button