Нийгмийн

“Хүндлэлд хүйс хамааралгүй” аян үндэсний хэмжээнд хэрэгжиж байна

Үндэсний хэмжээнд анх удаа олон нийтэд жендэрийн эрх тэгш байдлын талаарх цогц боловсрол олгох зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” аян энэ сараас хэрэгжиж эхлээд байна. Аян нь гэр бүл, нийгмийн орчин дахь жендэрийн хэвшмэл ойлголт хэрхэн нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг өдөөдөг болохыг таниулах замаар иргэд олон нийтийг жендэрийн мэдрэмжтэй хандлага, соёлд уриалж байгаа юм.

Жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байр суурь, дүр, үүрэг хариуцлага (үйл ажиллагаа), зан чанар, сэтгэл хөдлөлтэй нягт холбоотой байдаг бөгөөд ихэнхдээ бодит бус ойлголт, нийтийн үзэл, соёлоор бэхэждэг. Тодорхой нэг шинж чанарыг аль нэг хүйсэнд нийтээр нь хамаатуулан үзэхийг мөн хэвшмэл ойлголт гэж үзэх боломжтой.

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн орчин хангалттай бүрэлдсэн ч, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүргийн талаарх хэвшмэл ойлголт, хандлага нь эр, эм хүйсээрээ нийгэмд ялгаатай байр суурь эзлэх үндсийг бүрдүүлж өгдөг байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд жендэрийн талаарх нийтлэг үзэл санаа, ижил төстэй байр суурь, хэвшмэл ойлголтууд угшсан хэлбэрээр орших нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай хандах үндэслэл болж улмаар мэргэжил сонголтод нь нөлөөлж, хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, нийгэм улс төрийн оролцоог нь хязгаарлаж, тэгш бус байдлыг гааруулж байгааг судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь, эдийн засгийн өндөр үр ашигтай буюу цалингийн өндөр өсөлттэй уул уурхай, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн салбарт эрэгтэйчүүд голлон ажиллаж харин бөөний болон жижиглэн худалдааны салбарт эмэгтэйчүүд давамгайлж байгаа нь орлогын тэгш бус байдлыг даамжруулж байна. Тухайлбал, 2016-2017 оны хооронд мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн салбарт ажиллагсдын цалин 23.9 хувь өссөн байхад эмэгтэйчүүд зонхилж буй боловсролын салбарт ажиллагсдын дундаж цалин 1.1 хувиар өсжээ.

Энэ мэтээр нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний дүр, үүргийг хэт ялгаатай болгож, тэгш оролцоог хязгаарлаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргахад саад учруулж, улмаар улс орны тогтвортой хөгжилд нөлөөлөх хүчин зүйл болж буй хэвшмэл ойлголтуудыг өөрчлөхөд “Хүндлэлд хүйс хамааралгүй” аян бодитой түлхэц болох юм.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button