НИЙГЭМУРЛАГ

УНШИГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хэвтрийн хүний тухай тэд юу хэлэв...

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг романыг найруулагч С.Бямба кино бүтээл болгосон нь олны хүртээл болоод удаагүй байна. Иймд бид уг романыг уншсан гурван уншигчийн сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ.

Х.ГЭНДЭНПИЛ

Үгүй ээ ядахнаа  хэвтрийн хүн болоход ямар нэгэн онцгой шалтгаан хэрэгтэй байх. Гэвч Хэвтрийн хүн романы гол дүрд ямар ч шалтгаан байсангүй.

Хэвтрийн хүн болсон түүх “Хагас цагийн өмнө дотроос нь боссон хөнжилдөө хөлөө лав шургуулж аваад дэрээ өндөрлөв. Түүнд босох шаардлага ч байсангүй. Ингээд л хэвтрийн хүн болчихжээ” гэж эхэлдэг ба нэгэн өглөө Грегор Замза аймшигт том цох болон хувиржээ гэх Хувирал туужийн эхлэлийг санагдуулах авай. Мөн хэвтрийн хүн болсноос нь хойш түүнийг эргэх хүмүүсийн тоо нэг оронтой  тоонд (аав, ээж, Намуу, Цолмон, асрагч эмэгтэйчүүд г.з) л багтах цөөхөн болсон нь мөн л Кафкагийн Хувирал туужийг санагдуулах бөгөөд утга зохиолын онолын бүтээлүүдэд өгүүлдгээр постмодернистуудад эшлэлийн сэтгэхүй хэмээх ойлголт байдагтай холбогдоно. Гол дүр X.X. нь “хэвтрийн хүн” хэмээх үгийн товчлол бололтой.

Түүнчлэн зохиолч Аюурзанын өгүүлж буйгаар “Тэр”, “Түүний”, “Түүнээс”, “Түүнд” гэх зэрэг гуравдугаар биеийн төлөөний үгэнд үнэн голоосоо дургүй хэмээх нь бүхэл бүтэн романы туршид дахин дахин давтан өгүүлж, уншигчдыг залхаах сэдэл санаа агуулаагүйтэй холбоотой буй за. Тийм ч учраас Х.Х. гэж солин нэрлэжээ. (Аюурзанын бүтээлүүдэд дэх эх хэлний үг сонголт, найруулгын өвөрмөц онцлог зэргийг  үнэлж, профессор Б.Пүрэв-Очир  “хэл шинжээч-зохиолч” хэмээх судалбартаа ч дурдсан байдаг билээ.)

Х.Х. хар багаасаа л зожиг, ганцаардмал нэгэн байлаа. Ангийнхан нь “Хандаа  бид хоёр суу билгийн тухай ингэж ярилцлаа” хэмээх тэмдэглэлийг нь олж, чанга дуугаар нэгэндээ уншин “суутан” хэмээх хоч өгсөнд үнэн сэтгэлээсээ гуньж, гутран хуучны “солиот” хэмээх хоч нь хамаагүй дээр байсан мэт санагдах нь зохиолд бүхэлдээ өгүүлэгдэх пессимист үзэлтний эхлэл юм. Эцэг эх нь тусдаа амьдарна. Салсан шалтгаан нь ээж нь эр хүнийг биш эмэгтэй хүнийг хайрладагт оршино. Эцгийнхээ хажууд Х.Х., эх дээрээ Намуу. Эцэг нь Х.Х.-ийг асруулах гэж найман үйлчлэгч хөлслөх ба Х.Х. 8x7=56 хэмээн эцгийнхээ залийг томьёолж хэвтдэг. Намуугийн уулзсан залуу өмнөх охидуудаа Намууд хэлэх бөгөөд бэр эгч Цолмонгийн хүйснийх нь дэргэдэх жижигхэн хар мэнгийг тов тодорхой өгүүлдэг. Энэ мэтчилэн дүрүүд нь бүгд л далд сэжмээр холбогдох ба өнөөх олон үйлчлэгчийн (Х.Х. эцэгтээ хэлж тавыг нь халуулдаг.) нэгнээс болж, Цолмон сар гаруйтай Х.Х-ийг эргэдэггүй бөгөөд нэг удаа ирж, жирэмсэн болсноо хэлэхэд Бааран дахь Цолмонгийн согтуу дүр төрх, барзгар хамарттай нийлж суугаа зургуудыг Х.Х. үзүүлэн амжилт хүсье! хэмээн хорон үгээр үдсэнээр  амьдралын мөн чанар, орооцолдсон олон сүлжээст хэрэг явдлуудаас залхаж, хэвтэж ханалаа, хэвтэж ханалаа хэмээн “Амьдрал, Баяртай” гэж амьдралаас нэгмөсөн буцдаг. Өндөр байшингийн дээвэр дээрээс үсрэх явцад “Түрүүхэн дэмий санагдаж байсан хорвоо дээр түрүүхэн аймшигтай санагдаж байсан ирээдүйн өдрүүдээс, ер юунаас ч айлгүй явж болох байж шүү дээ” гэсэн зурвасхан бодол орж ирдэг ба ахин амьдрахыг хүсэж, модны мөчир тааралдаасай хэмээн хий л агаар тэмтэчдэг.

Ерөөс хүмүүс хэзээ ч бие биенээ ойлгодоггүй юм байна аа гэдгийг л хэвтрийн хүн болоод гэр бүл, эхнэрийнх нь харилцаагаар дамжуулж илэрхийлэх нь соёлоос иргэншил рүү, зүрх сэтгэлээс оюун ухаан руу тэмүүлж буй энэ эрин зуунд хүнийссэн нийгэмд бид амьдарч байна гэдгийг л харуулах мэт. Уран зохиолын сурах бичгүүдэд өгүүлдэг зохиолын агуулга, хэлбэр, сэдэв, гол санаа бүр цаашилбал өгүүлэгдэхүүний бүтэц (эхлэл, зангилаа, өрнөл туйл, тайлал, төгсгөл) хэмээх хэвшмэл ойлголтуудаар тайлбарлах ямар ч боломжгүй, “үзэл санаа” ч нэхэхийн аргагүй ийм бүтээл нь хоёр мянган оны эхэн үед, тэр дундаа монголын нэн шинэ үеийн уран зохиолын роман бичлэгт урьд өмнө үзэгдээгүй  “содон юм” байх нь дамжиггүй. Эмили Дикинсоны захидлаас эшлэх, оп-арт уран бүтээлчдийг шигтгэж өгсөн зэрэг нь бүтээлийг улам л уран болгоно. Буриадуудын хэлдгээр “зохидхон” гэж... 

С.ДҮҮРИЙМАА

Эрх чөлөөнөөс алдуурахуй хийгээд эрх чөлөөтэй золгохуй

Хэвтрийн хүн зохиолыг унших бүрт өөр, өөр мэдрэмж төрдөг юм. Анх арван дөрвөн настай байхдаа энэ зохиолыг уншчихаад өрөөний хүүхдүүд харчих вий гэхээс ихэд эмээсэн. Тэгэхэд шөнө дөлөөр лаа болон гар чийдэнгийн гэрэл ёлтолзуулан сууж ном уншдаг хэнхэг хүүхэд байж билээ. Хөдөө газрын эгэл жирийн ахуйгаас өөр амьдрал мэдэхгүй надад энэ зохиол их л гайхмаар, магадгүй жигшмээр санагдаж байсан. Тэр өдөр хичээл дээр номын тэмдэглэл бичиж хураалгах ёстой байтал хэвтрийн хүн, цасны романыг уншчихаад ичингүйрэн улаа бутран суусаар байснаа тод санаж байна. Ийн халгаж явсаар саяхан ахин “Хэвтрийн хүн”-ээ уншив. Уншсан нь бас л учиртай “Хэвтрийн хүн” кино зохиол болсон гэж сонсуутаа л номыг нь шүүрч авсан хэрэг.

Ядарч, гундсан үедээ Х. Х шиг ингээд л хэвтээд өгөх юм сан гэж боддог.

Зохиолд түүний гадаад дүрийг дүрслээгүй. Гэвч бодол дотор минь онигордуу нүд, хар хүрээтэй дугуй шилтэй, туранхай залуу л буугаад байдаг юм.

Ихэнх уншигчид хэвтрийн хүнийг өнөөгийн нийгмийн дүр зураг, нөхцөл байдалтай тэрсэлсэн хүн гэж тайлдаг. Үүнтэй санал нэгдэх ч зарим нэг талаараа хэвтрийн хүн өөр. Өөр байдгийн шалтгаан нь тэр зөвхөн хэвтэж байдаг ч хүн биш. Орчлон, ертөнц хийгээд хүний амьдрал, юмс үзэгдлийн талаар өөртөө байнга асуулт тавина. Бүх асуултынх нь хариулт төстэй. Байхгүйн тухай. Байхгүй гэж байхгүй ч юм билүү? Цонхыг тэр цаана нь байгаа бүх юм харагддаг хэмээн хариулахад нь би цонхны цаана байгаа түүнийг олж харсан юм. Гэвч хэвтрийн хүн үү? би юу? гэдгийг бодоод бодоод ер олоогүй. Өдгөө би хорин хоёртой. Яг л Цолмонгийн Х. Х-тай учирдаг нас. Сэтгэл дотор нь өвдгөө тэвэрсэн бяцхан охин сууж байдаг тухай Цолмонгийн төсөөллүүд эмэгтэй хүн бүрийн бодол дотор байдаг байх. Тийм ч учраас зохиолын хамгийн дотно атлаа хөндий дүр Цолмон. Хэрэв Цолмон байгаагүй бол Х. Х-гийн хувь тавилан хаашаа эргэх бол гэх бодол яг л Х. Х байшингийн дээврээс үсрэх үед амьдрах тухай боддог бодлуудтай давхцах шиг санагддаг. Амьдрал утгагүй санагдвал, бүх зүйлээс залхаж, байхгүйн мөн чанарыг оновол бид цагийг зогсоохыг хүсэх болов уу? Х. Х-гийн сонирхдог оп-арт чиглэлийн зураг сонирхол татам, 1960-аад оны үед үүссэн урлагийн энэ л хөдөлгөөн нь хэмжээст ертөнцийг харуулан, харааны тоглолт хийдэг. Х. Х орчин үеийн урлагийн чиглэлийг ойлгож, түүгээрээ өөрийгөө илэрхийлэхийг зорьдог нь магад нийгэм цаг үетэйгээ тэрсэлсэн.

Дөрвөн хананы дундах хотожсон соёл иргэншил дунд хүн өөрийгөө таньж нээн, илэрхийлж аж төрнө гэдэг хэцүү. Тиймээс л тэр хэвтрийн хүн болсон. Дараа нь дээврээс үсэрсэн.

Амиа хорлох тэр л агшинд ямар бодол зурсхийн орж ирдэгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс төгсгөлийн энэ хэсэг таамаглалын шинжтэй. Хүн амьд байхдаа бие биенийгээ хайрладаггүй, үхсэний дараа ч ойлгохгүй. Иймээс л би үхсэн хүний тухай ярьж байгаа хүмүүсийг худалчууд гэж боддог. “Адгийн шаар” гэх үгс Цолмонгийн амнаас унахад тэр эцсээ хүртэл яагаад  Х. Х-г хардсаныг гайхсан. Зохиолч үүнийг Цолмон Х. Х-д хайртай байсан гэх үгээр тайлсан. Гэвч надад энэ бол хайр биш, бие биенийгээ өмчлөх гэдэг адгуу хүсэл шиг л санагдсан. Х. Х ч Цолмонг өмчилж байсан, Цолмон ч бас түүнийг өмчилж байна. Өмчирхөл гэдэг хотын соёл иргэншлийн сэтгэлгээний нэг илрэл. Нүүдэлчин ахуйд бид хүнийг хайрлахдаа ч үр минь гэж энхрийлж, алс хол магадгүй өөрийг нь хаяад одсон ч “Хүү минь чи жаргаарай”  гэж ерөөдөг. Хайрлах шийтгэл, туурвин бүтээх эрх чөлөөнөөс ангижрал болж буйг хэвтрийн хүнээс харж болно. Х. Х өөрийн үхлээрээ эрх чөлөөтэй золгосон уу? гэдгийг хэн ч эс мэднэ. Гэвч тэр яригдсаар л байна, магадгүй хамгийн эрхэм дээд нэгэн байснаас адгийн шаар байх нь илүү амар. Бүтээгдээд 18 жил, надтай учраад 8 жил болсон зохиолынхоо киног олж үзнэ гэдэг сонин. Иймд би С. Бямбаагийн найруулсан “Хэвтрийн хүн” киног догдлол, хүлээлт дүүрэн үзнэ.

Г.БАРСБОЛД

Дотор муухайраад байна! Бриджет Райли, Виктор Васарели нарыг мэддэггүй бага балчир байхдаа ханын хивсний хээ зураасаараа нийлж хөдлөх хүртэл ширтдэг асан. Мартагддаггүй гэхдээ төсөөлөхөд бага зэрэг дотор эвгүйрхдэг энэ үйлдэл Оп-арт урлагийг танисан эхлэл гэдэгт бол итгэдэг. Г. Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолын эхлэл миний хивсний хээ ширтээд хэвтэхэд тохиолддог шиг л Х. Х-д бүх зүйл хөдөлгөөнгүй болох нь орондоо буцаад хэвтэх шалтгаан болдогт нь баяр төрдөг дөө.

Баяр төрдөг гэдэг нь би амьдралд жаахан туйлдахаараа архетиктурын ангийн оюутны шөнөжин дурлаж эсвэл дотор нь муухайрч зурсан хар цагаан хээн дотор хэвтчихмээр санагддаг юм.

Бүр болохгүй бол бүх дүрслэл нь зүгээр л зураас төдий, афоризмууд нь хоосон зай шиг санагдах зохиол уншмаар санагддаг.

“Хүү ойччихгүйн тулд шатны гишгүүр бүрийг ширтэн уруудахдаа…” гэх нь шатласан хар зураас шиг санагдвал “...Нөгөө эмэгтэй араас нь чимээ гаргахгүйг хичээх мэт өлмийдөн алхахыг мэдэрдэг байж билээ…” алхаа нь хүртэл ийм хүлцэнгүй байхаар өнөөх шаталсан зураасны дээр зэнгийн бийрээр таталсан ганц хар бөөрөнхий надад харагдана. Ийн дүрслэл, афоризмуудыг муухан дүрсүүдээр хувааж зурсаар үйл явдлууд наана бүдэг ногоон (бага зэрэг эротик хэсгүүд улаан туяатай зураас)зураасаар шигүү далдалсан зураг бүтээж болох юм. Нэмээд дуу хоолой сонсогдоод байвал зургийн өнгө, зураасны байрлалыг сольсоор нүдэнд нааш цааш хөдлөөд буй харагдуулна. Бүлэг бүр дээр нэг нэг зураг гаргаж байсан ч бүрэн санах зүйл алга. Гэхдээ 9. Цолмон бүлгийн тухайд бол: “Хардаж үхэх гэж буй хүн урлагийн эрх ашигт хэзээ ч үнэнч хандахгүй” гэгч үгтэй нь санаа нийлчихсэн болохоор ч тэр үү Х.Х-ийн Цолмонгийн дүр бүхий зохиомжийн цагаан хэсгүүд нь юм шиг л санагддаг. Харин мөчир нь цонхоор харагддаг улиасны урт сандалд суугаад уйлж буй Цолмонг бүтэн зураглаад хар цагаанаар эрээлжлүүлж, хажууд нь өөрийнх шиг хөөрхөн өгзөгөө хальтхан харуулчихдаг үйлчлэгчийг хажууд нь улаан эсвэл ногоон зураасаар зурж суулгана. Харин ямар ч бүлэгт Х.Х өөрийг нь дүрсэлж чаддаггүйдээ л гайхдаг даа. Гэхдээ ийм явцгүй байдлаар уншаад бүхэл романы санааг дүгнэх дүрийн сэтгэлзүйг ойлгоно гэдэг бол утгагүй. Оп роман гэдгийнх нь тухайд л Оп арт -хар цагаан үйл явдалгүй зураасууд нийлэн хөдөлж буйг хараад дотор муухайраад, гутраад байдагтаа өөрөө дуртай байдгаа л илэрхийлэх гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button