НИЙГЭМЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

А.Золжаргал: Дааврын агууламжтай харшлын эсрэг эм, тариа үргүйдэлд хүргэх өндөр эрсдэлтэй

Бид энэ удаа арьс, харшил, эмчилгээний гоо заслын “Аллерги Мед” эмнэлгийн эмч А.Золжаргалтай харшлын талаар ярилцлаа.

-ХАРШЛЫН ХАНИАЛГА, ВИРУСЭЭР ҮҮСГЭГДЭЖ БУЙ ХАНИАЛГА ХОЁР НЬ ШИНЖ ТЭМДГЭЭРЭЭ ЯЛГАГДААД БАЙХ ЗҮЙЛГҮЙ-

-Юуны өмнө хоёулаа сэдвийн гүн рүү орохын өмнө харшил гэж юу болох тухай ойлголтыг энгийн байдлаар уншигчдадаа хүргэх хэрэгтэй болов уу?

-Гадны харшил үүсгэгч бие хүний биед орсноор дархлааны хэт идэвхижлийн хариу явагдахыг харшил гэж ойлгож болно. Харшил нь олон төрөл бий. Хүйтний, ургамлын тоосонцрын, химийн бодисын, эмийн гээд олон төрөл байдаг. Ерөнхийдөө харшил гэдэг ойлголтыг хүмүүс зөвхөн арьсан дээр тууралт гарахыг хэлдэг гэж ойлгоод байдаг. Гэвч илэрч буй байдлаасаа шалтгаалж, харшил нь олон төрөл байдаг. Жишээ нь ургамлын тоосонцрын харшил гэхэд арьс салстыг гэмтээдэг.  Энэ нь хамар битүүрэх, нүд улайх, хоолой чих загатнах зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Хүнсний харшил гэхэд арьсан дээгүүр тууралт гарах маягаар илэрнэ. Мөн ялгаагүй эмийн харшил ч гэсэн ерөнхийдөө ихэвчлэн тууралт маягаар илэрдэг.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд дээр дурдсан харшлын төрлүүдээс аль нь илүү түгээмэл тохиолддог вэ?

-Харшил улирлын чанартай байдаг. Арьсны өвчин аль эсвэл харшил гэх мэт идэж байгаа хүнсээр үүсгэгдэж байгаа харшил байж болно. Аль эсвэл тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалах арьсны өвчнүүд байж болдог. Энэ тохиолдолд улирал харгалзахгүйгээр үүсэж болно. Гэвч оношлуулж, эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь арьсны өвчлөлөөр бидэнд ханддаг. Хоёрдугаарт хавраас намрын улиралд  ургамлын тоосонцрын харшил дийлэнх хувийг эзэлнэ. Учир нь харшлын энэ төрөл улирлын чанартай байдаг.

-Яг өдийд буюу дулаанаас хүйтэн рүү шилжих намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчин зонхилдог. Энэ үед иргэд харшлын эмийг дур мэдэн хэрэглэж байгаа харагддаг?

Харшлын ханиалга, вирусээр үүсгэгдэж буй ханиалга хоёр нь шинж тэмдгээрээ ялгагдаад байх зүйлгүй. Харшлын үед тэгэж ханиалгана, ханиад бол ийм байна гэсэн зүйл байдаггүй. Ялгаа нь нэг нь вирусээр, нөгөө нь тоосонцроос л үүссэн байдаг. Үүнийг хэзээ ялгаж, эмчилгээ хийх вэ гэхээр мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс биеэр нь тууралт гарах, нулимс гоожиж аргах зэрэг шинж тэмдэг илэрсэн үед ихэвчлэн өрхийн эмчид ханддаг. Өрхийн эмч нар ерөнхий үзлэг хийж, шаардлагатай үед шинжилгээ авах, цаашлаад нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулдаг. Гэтэл дийлэнх хүмүүс өөрт илэрч буй шинж тэмдэг, зовуурийг үл тоож ханиадны эм уух, гайгүй болохгүй бол харшлын эм уух зэргээр дур зоргоор өөрийгөө оношилж, эмчлэх хандлагатай байдаг. Харшлын шинжтэй байгаад удаан хугацаанд шинж тэмдэг илэрвэл харшил хэмээн өөртөө оношлоод, дааврын агууламжтай тариаг дур мэдэн хийлгэх нь бий. Энэ мэтчилэн биедээ маш хайнга ханддаг. Эмийн зохисгүй хэрэглээнээс болж, тухайн хүний бие организм эмэнд дасал болох гэх мэтчилэн олон хүндрэлүүд үүснэ. Жишээлбэл гормон, дааврын өндөр агууламжтай тариаг хийлгэснээр тухайн хүний биед олон гаж нөлөө үүсдэг. Тиймээс өөрөө өөртөө онош өгөөд байлгүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлж байгаарай гэж зөвлөх байна. Түүнээс харшлын ханиалга ийм байдаг, ханиалга нь тийм байдаг гэж хэлэх боломжгүй. Шаардлагатай бол сорил тавьж үзсэний дараа шалтгааныг нь мэдэж болно.

- ДАРХЛАА ДЭМЖИХ НЭРИЙДЛЭЭР ОЛОН ТӨРЛИЙН ЭМ, ВИТАМИН УУСНААР ХАРШИЛ ҮҮСГЭДЭГ-

-Сүүлийн үед харшлын нас залуужаад, бага нярай хүүхдэд ч харшлын хүндрэлүүд үүсэж байгаа ажиглагдлаа. Шалтгаан нь сонирхол татаж байна?

-Тэгэлгүй яах вэ. Ургамлын тоосонцрын гэх мэт харшлууд нь сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь нэгдүгээрт хүрээлэн буй орчин, хоёрдугаарт идэж байгаа хүнс, гуравдугаарт нийгмийн стресс маш их нөлөөлж байгаа. Мөн бага насны хүүхдүүдийн зохисгүй хооллолт орно. Хүүхдээ эрхлүүлж байна гээд насанд нь тохироогүй чихэр, жимс идүүлэх , цаашлаад дархлааг нь дэмжих нэрийдлээр витамин, амин дэмийг замбараагүй өгч эхэлдэг. Ялангуяа намрын улиралд хүмүүс өөрийгөө болон хүүхдүүдээ витаминаар бөмбөгдөж эхэлнэ. Үүнийгээ сайн гэж бодоод байдаг. Гэтэл үгүй юм. Дархлаа дэмжих нэрийдлээр олон төрлийн витамин хэрэглэх нь харшил үүсгэдэг. Хэдийгээр хүүхдээ эрүүл энх байлгахыг хүсэж, сайн гэсэн витамин бүрийг хэрэглүүлдэг ч хэмжээг нь тохируулахыг зөвлөмөөр байна. Учир нь ингэснээр хүүхдийн дархлааг хэт идэвхжүүлэх сөрөг талтай. Ялангуяа бага насны хүүхэд диатиз буюу хүнсний бүтээгдэхүүнээр үүссэн харшлаар өвчлөх хандлагатай. Энэ нь олон шалтгаантай байж болно.

Зүгээр байж байснаа гэнэт гарч илэрдэг гэвэл бас үгүй юм. Ихэнхдээ урт удаан хугацаанд үргэлжилсэн, удамшлын шалтгаантай байх нь бий.

-Харшил удамшдаг уу?

-Харшил удамшлын бас олдмол гэж хоёр янз байна. Ерөнхийдөө хүмүүсийн дунд нэг ийм нийтлэг буруу ойлголт байдаг л даа. Аав, ээж нь ургамлын харшилтай бол тэдний дундаас гарах хүүхэд ч мөн ургамлын харшилтай байдаг гэж. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Энэ маань нэг л дархлааны идэвхижлээр явагдаж байдаг учраас аав нь хэдийгээр ургамлын тоосонцрын харшилтай байсан ч, хүүхэд нь арьсны харшилтай болж болно гэсэн үг. Тиймээс харшил нь олдмол буюу эмийн бодис, ургамал, хүрээлэн буй орчноос шалтгаалж болох юм.

-Та өмнөх хариултдаа дааврын агууламжтай харшлын тариа хийлгэх нь олон таагүй сөрөг нөлөөтэй гэсэн шүү дээ. Энэ тухай дэлгэрүүлээч?

Тухайн хүн өөрийгөө ямар архаг хууч өвчинтэйгөө мэдэхгүй хэр нь нөгөө айхтар дааврын тариаг дураараа хийлгэдэг. Тухайн зааварт олон эсрэг заалтыг тусгасан байдаг л даа. Жишээ нь сахарын өвчинтэй хүн дааврын тариа хийлгэх хатуу заалттай. Эмэгтэйчүүдийн хувьд анхааруулах ёстой эсрэг заалт нь дааврын тариа нь таргалалт, илүүдэл жин үүсгэдэг. Мөн тус тариаг зохисгүй, хэт их тариулж хэрэглэх нь үргүйдэлд хүргэх сөрөг үр дагавартай. Дааврын тариаг маш хатуу эмийн жор, заавраар үйлчлүүлэгчид зөвлөдөг. Гэтэл хүмүүс хаанаас авсан нь мэдэгдэхгүй аваад л, дураараа хэрэглээд байдаг. Тэгэхээр иргэд ам дамжсан ярианд итгэх, хүн бүрийн зөвлөсөн эм тариаг хэрэглэх гэж яаралгүй мэргэжлийн эмчид нь хандаарай л гэж зөвлөх байна. Гэвч энэхүү дааврын тариа нь бүх хүнд таардаггүй, сөрөг үр дагаварт хүргэдэг гэвэл бас үгүй. Үнэхээр хүнд харшилтай хүнд уг тариаг эмчийн заавраар хийвэл шинж тэмдэг буурч, зовуур багасдаг.

-Анзаараад байхад сүүлийн үед хүмүүс хлорфенамин, Rizine зэрэг эмүүдийг ханиалга дарах зорилгоор жоргүй уух, хүүхдэдээ өгч байгаа нь ажиглагддаг. Энэ нь сөрөг үр дагавартай юу?

-Эцэг эхчүүд хүүхдийн нас, шинж тэмдэгт тохирсон эмийг мэргэжлийн эмчид үзүүлсний дараа хүүхдэдээ авч өгөх, уулгах нь зөв. Дээр дурдсанчлан биед хэрэгцээгүй илүүдэл витамин уухад ч тухай хүний биед сөрөг үр дагавар гарч л байдаг. Жишээ нь зургаан наснаас дээш хүүхэд уух ёстой эмийг нярай хүүхдэд уулгавал элгэнд нь муугаар нөлөөлдөг. Тухайн эмийг нярай хүүхдийн элэг шүүж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж тохирох эмийг зөв тунгаар хэрэглэх, нөгөөтэйгүүр эмийн жорыг сайн уншиж байхыг зөвлөх байна. Эс бөгөөс иргэдийн ихэнх нь уух эмийн заавраа хардаггүй. Тэгэхээр дээрх эмүүдийг дураараа уувал биед сөрөг үр дагавар гарч болно.

-Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эмчилгээ үр дүнтэй тухай мэдээлэл өгөөч?

-Зохистой хооллох, ариун цэвэр сахих, гэрийнхээ тоос тоосонцрыг цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр арга хэмжээ авч болно. Хамгийн гол нь харшил өдөөгчөөсөө холдох нь чухал. Харин эмчилгээний хувьд ардын уламжлалт эмчилгээтэй хавсрах, шавар болон рашаан эмчилгээ нь үр дүнтэй байдаг. Иймд эмчтэйгээ харилцан ярилцаад өөрт тохирсон эмчилгээг хийлгэх нь чухал.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.САНЧИР

ВИДЕОГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-02 10:11

хөөрхөн сайн эмч шүү

Irgen
Irgen
2020-11-02 10:14

Allergymed sain emneleg shu, Zoljargal emchiin hyanaltand bga, tanid amjilt husey

Холбоотой мэдээ

Back to top button