Сурвалжилга, НийтлэлУРЛАГ

ГОВЬ БА КОНТЕМПОРАРИ: Онцлох инстолляцууд, тэдгээрийн анализ

Өмнө нь уншигчдад контемпорари барималч А.Очирболдын ярилцлагыг хүргэхдээ оршил хэсэгт нь сэтгэлд жигтэй мэдрэмж төрүүлэх, говьд хэсэг бусгаар байршсан “Ухамсар”-уудын тухай дурдаад өнгөрсөн. Энэ бол өнгөрсөн зун Дундговь аймгийн Өлзийт сумд хийгдсэн “Spirit of Gobi” фестивалийн зөвхөн нэг үзүүлбэр байсан юм.

17 уран бүтээлч өөрсдийн инстолляцуудыг говьд байршуулж, тэд нь электро хөгжмийн орчилд асаж, анивчсаар фестивалийн нэгдүгээр хэсэг дууссан бол, MN17 Art Gallery-д тэдгээр бүтээлүүд үзэгчдэд нээлттэй тавигдсанаар хоёрдугаар хэсэг нь эхэлсэн гэж болно. “Spirit of Gobi” нэртэй тус үзэсгэлэнгийн ерөнхий куротароор С.Батсайхан, Б.Батжил, урлаг судлаач Б.Учрал нар ажиллажээ.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 7 хтүртэл нээлттэй. Хаахаас нь өмнө амжиж, шинэ уран бүтээлчдийн зоримог уран бүтээлүүдийг говийн мөн чанартай сүлэлдүүлэн мэдрэх гэж яарлаа. Говь гэдэг Монгол нутгийн гарцаагүй нэгэн гоо сайхан бас байгалийн тухай ихийг өгүүлж чадах баялаг нэг ертөнц. Байгаль байхгүй бол соёл, бүр хүн төрөлхтөн ч байхгүй гэдэг натуралист үзэл санаа тус үзэсгэлэнгийн гол мөн чанар юм.


-“ОРУУЛАХГҮЙ, САЙТАР БОД”-

MN17 Art Gallery руу ороход хамгийн эхэнд автомашины дугааруудыг эвлүүлж босгосон хана угтах болно. “Оруулахгүй” гэх шиг. Д.Бат-Эрдэнийн “Бид ирээдүйн олдвор”. Тоо, бас үсгүүд. Код бас нууц үгийн задаргаа мэт. Уран бүтээлч “Математик бол орчлон ертөнцийг ойлгохыг оролдох хүн төрөлхтний түүх юм” хэмээжээ. Машины дугаарууд дээрх дөрвөн оронтой тоонууд тус бүрдээ нэг, нэг амьдралын түүхийг кодлон үлдээсэн мэт. Зун, миний санахаар осолд орсон автомашинуудын дугаарыг энд цуглуулсан гэх яриа хөвөрсөн. Хэрэв тийм бол эд сануулга, бас хүний амьдралын эргэх орчил, өөрөөр хэлбэл эхлэл, өрнөл, төгсгөлийг харуулжээ. Ингээд түүний хажуугаар зайчлан эргээд төв танхим руу орох болно.

-ТҮР Ч ГЭСЭН АМАА БҮҮ НЭЭ, ХООСОН ҮГ БИТГИЙ ЧАЛЧ-

Ийн бид хуйг олж үзнэ. Хамгийн их орон зайг эзлэн байршсан инстолляц. Хуй эсвэл эргүүлэг гэж нэрлэвэл зохилтой. Хуй босоо тэнхлэгт эргэдэг бол энэ хэвтээ. Ороомог нь наад талаасаа цааш жижгэрч, нягтарсаар цонхонд тулах аж. Яг л цонхноос орон зайн хүчтэй эргүүлэг пүрш шиг тэлж үсрээд, цаг хугацаа тэндээ зогсчихсон мэт мэдрэмж бууна. Эргэлдэх, хуйлрах, эрчлэх учиртай зүйл агаарт хөшин тогтжээ. Ойртвол цаасан хайрцгаар хийсэн нь мэдэгдэнэ. Маш минимал, гар доорх материал. Гэхдээ нүсэр өгчилгөөтэй. Б.Бат-Эрдэнийн “Хоосон үгс”.

Хий хоосон, ач холбогдолгүй үгсийг яг ингэж эрчлэн хуйларч байна гээд төсөөлбөл их сонирхолтой. Эргүүлэг рүүгээ юухан хээхнийг татан оруулах хүч түүнд бий нь мэдээж. Тэгснээ эргэлдээд л, эргэлдээд л. Дэмтэйгээсээ дэмий юм их чалчдаг өнөөгийн хүмүүсийн харилцаа, атмосфер ч ийм хурдтай, салхитай, чимээтэй, төвөгтэй.

Ороомгуудын гадна өнгийг ойртож үзвэл маш жижигхэн хайчилбар бүхий хайрсаар бүрхэгдсэн байна. Нэг товойж, нэг хотойсон нарийн ажилбар аж. Харин эргүүлгүүдийн дотор үйрч унасан цаасан хайрцагны үртэснүүд хэсэг бусгаараа овоорно. Хэрэв “Хоосон үгс” эргэлдэж эхэллээ гэвэл өөрөөсөө ийм жижиг хэсгүүдийг түмэн зүгт цацлах аж. Гэхдээ уран бүтээлч эргэлддэгээр биш, энхжин тогтсон, царцсан хувилбарыг сонгосон нь учиртай байж таарна. Чимээ имээгүй үүнийг хар, битгий чимээ гарга, амаа битгий нээ, хоосон үгс бүү чалч гэх шиг. Үүнээс ургуулбал нэг талаар, хуй гэнэт эргэлдэхээ больж анир чимээгүйг авчрахтай яг адилаар түр ч гэсэн хоосон үгсээ хойш нь тат гэсэн байж болох юм.

-АМЬДРАХ, ОРШИН ТОГТНОХ ДОТООД ХҮЧ-

“Хоосон үгс”-ээс цаашилбал хонгилын үзүүрээс галт лав улайсан төөнөх болно. Тэнд яг л халуун лав амьсгалах шиг, эсвэл эрдэнийн чулуу булталзах гэрэлтэх шиг. Нэг үгээр үзэгчийг шууд өөр лүүгээ татна. Нарийн хонгилын мухарт байрлуулсан нь яг оножээ. Ингээд зүглэн алхах тусам улаан өнгө нь тодорч, асаж, цогшиж, төөнөсөөр тулаад ирэхэд нэг их амьд организм, эсвэл хөдөлгөөнт биетийн өмнө ирчих шиг сэтгэгдэл төрнө. Б.Нэргүйн “Улаан нүдэн гараг”. Марс буюу Ангарагийн нэг хэсгийг жаазлажээ. Бусад инстолляцуудтай харьцуулахад уламжлалт жаазтай уран зургийн хэлбэртэй юм. Гэхдээ жааз нь жааз биш, орон зай хоорондын хаалга шиг л харагдах аж. Ангарагийн улаан гадарга руу шууд хөл тавьчихаж болмоор.

Ангараг зурхайн ухаанд эр энерги, хүч чадлыг бэлгэднэ. Харин Герекийн домогт бол хүмүүс тариа, будаагаа хурааж дуусаад Марс бурханд бухаар тахил өргөдөг. Тэгэхээр ер хүн төрөлхтний амьдрахын төлөөх эрчимлэг тэмцэл, дотоод шаталтыг дүрсэлсэн мэт. Яг ийм айвуу цогшсон улаан зүрх бидний дотор цохилдог учраас амьдрах, оршин тогтнох илч, хүч төрсөөр байдаг.

-ХҮНИЙ МӨН ЧАНАР, ЗҮРХЭН ТУШАА-

Буцаад төв танхим руу орж “Сэрүүцвэл” өвсөн хүн дүүжлээстэй байна. Х.Энх-Номингийн “Өөр өдөр”. Ногоон, дулаан /саях улаанаас арай өөр дулаан/ таатай төөнөж байна. Маш энгийн, стандарт үлгэр хүний дүрс байна. Түүнийг хиймэл зүлгээр хучжээ. Харин доод талыг нь тугалган цаасаар хулдсан байна. Сонирхол татах хэсэг өвсөн хүний зүрхэн тушаанд ургах Үүлэн цэцэг. Амьд аж. Зүрхэн хэсэгт нь хөрс суурилуулж, түүнд нь амьд цэцэг тарьжээ. Өдөр бүр усалдаг байх. Фотосинтез бага явуулж буй нь ойлгомжтой тул навчис нь үл ялиг шарлаж, гандаж. Үзэсгэлэнгийн эхэн үед бол нов ногоон байсан байж таарна.

Өвсөн хүний бие хиймэл зүлгээр бүрхэгдсэн ч зүрх нь л амьд аж. Сэтгэл зүрх л амьд хэвээр бол, хайр энэрлээр дундраагүй байвал хүн үнэнээрээ оршин тогтноно гэдгийг хэлэх гэсэн болов уу. Хүний мөн чанарыг сэтгэл зүрх рүү чиглүүлжээ.

-ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТАВТАЙ МОРИЛ-

Ингээд нэг ёхигор эр “Тавтай морил” гэсээр угтана. Н.Сүхбүрэнгийн “Тавтай морил”. Н.Сүхбүрэн өөрийгөө дүрсэлсэн гэсэн. Энэ баримал гойд таалагдав. Хүний нь царай аниргүйг анирдаж зогсох шиг, сэрэл мэдрэмжээ бясалгалын түвшинд хөвчилж бэлдсэн, амирлангуй төрхтэй. Хальт харахад дуртай хөгжмөө нүд анин сонсож байгаа юм шиг. Түүний цээжин хэсэг онгорхой бөгөөд зүггүйтэн толгойгоо шургуулж үзтэл өөрийгөө олж хардаг юм байна. Тэнд толь байршуулжээ.

“Өөрөө өөртэйгөө танилцахад тавтай морил”. Өрөөлөөс ч бид өөрийгөө олж харах боломжтой. Өөр, ондоо гэж нэг нэгнээсээ ялгарч, ангид холд одоод гишгэх газар бага. Таны дотор би, миний дотор та бий. Таныг өөрөө өөртэй чинь тольдуулна.

-ГОВИЙН ЭГДҮҮТЭЙ СҮНСҮҮД-

Одоо хамгийн тод, хүчтэй инстолляцууд. Өхөөрдөм чихмэл динозавруудтай мэндлээрэй. Б.Баатарзориг, Б.Номин нарын “LUU”. Тэд угтаа луу юм. Биологчид хүн төрөлхтөн үүсэхээс өмнө энэ дэлхийг үлэг гүрвэлүүд эзэрхэн ноёрхож байсан гэж үздэг. Домог, үлгэрт тэднийг “Луу” хэмээн бичиглэж дүрслэн үлдсэн гэж соёл судлаачид таамаглаад буй. Энэ агуулгыг тайлбар хэсэгт ч бичжээ. Манай говиос үлэг гүрвэлийн яс их олддог. Говийн нууцлаг сүнсүүд бол тэд, луунууд юм.

Хийц нь их уртай. Тод өнгө, хээ хуар. Эрх чөлөө, шийдмэг байдал шингэжээ. Яг элчилгүй говьд тэднийг байршуулаад харвал нэн сонирхолтой аж. Ханан дээрх том луун дээр шавсан эрвээхийнүүд их үзэсгэлэнтэй. Нэг бүрийнх нь хээг ширжээ. Өд, сөд зоосон нь онгод тэнгэр, монгол мөн чанарыг оруулж. Мөртлөө флоресцент өнгийн араа шүдтэй. Эд бол эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээнээс төрсөн говийн “эгдүүнүүд” аж.

-ГҮЗЭЭТЭЙ ШАР ТОС-

Ингээд хажуу танхим руу орвол хуучны танилтайгаа учирна. Гүзээтэй шар тос. Мэдээж А.Очирболд. Тус инстолляцынх нь нэр “Говь”.  Шар тос нь асгараад шалаар нэг тарчихсан гэлтэй харагдах аж. Уг нь гүзээ бөмбөгөр гэр шиг хэвээрээ байна. Тэр гүзээ бол говь байх. Говь бол байгаль. Шар тосны шимт амин чанар, хамгийн гол нь монгол хүнийг бусдаас ялгах том соёл А.Очирболдын сэтгэлийг татдаг юм. Шар тос гаргаж аваад хэрэглэдэг, түүнийгээ малын гүзээнд хийж хадгалдаг ард түмэн дэлхийн хаана ч байгаагүй, байхгүй юм гэнэ лээ.

Ер нь бол энэ гүзээтэй шар тосноос амьд илч төөнөж, гүзээ өөрөө амьсгалж, оволзож, товолзож байна. Харин асгарсан шар тос жаахан сэвтэй мэдрэмж төрүүлж байх чинь. Ингэж хамаагүй шалаар нэг тардаг эд ч биш дээ. А.Очирболд бодооч, сөхөөрөөч, хамаг юмаа асгаад, урсгаад дуусах гэж буйгаа нэг хараач гэж хэлсэн байх.

-НЭГ ТӨРЛИЙН ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ-

Гүзээтэй шар тосны хойно нэг их нүсэр эсгий дүүжлээстэй байх юм. Дээхэн хэсэгтээ дугариг нүхтэй аж. Түүгээр нь гэрэл нэвт тусаж байна. Бушуухан ард нь гарж сүүдрийг нь харахын хүслэн. Гэхдээ түүнээс урьтаж эсгийн доод гадаргуугаас уншиж санжсан утаснууд, дээд гадаргууг өвч бүрхсэн өргөс, өргөс бас дахин өргөс хамаг ухаан аваад явчихлаа. Ерөнхий объёмоор нь харахад энэ нэг төрлийн зассан зам шиг. Энэ их өргөстэй, бартаатай /тамлал юм шиг/ туулсаар дээш мацаж, тэр нүхээр, хаалгаар гарах ёстой юм шиг харагдаад болдоггүй.

Гэлээ гэхдээ энэ их халтар саарал, харанхуй түнэр, хөө тортогтой орчлонг ээ. Тэр нүх буюу хаалганы цаана нөгөө ертөнц байх болов уу. Шашны агуулга яавч шингэж таарах гээд байв. Ингээд цаад талд нь гарвал онхи татаж орхисон тэр нүхээр гэрэл тусаж, дув дугариг тойрог үүсжээ. Ингэнгүүт нар санаанд орж байх юм. Өргөстэй эсгийг туулж, дугариг хаалганд хүрэх гэж чармайлаа ч ихэнх нь эргээд доошоо унах нигууртай. Энэ бол Д.Дорждэрэмийн “Нэр үгүй”.

Эсгийн дээр өрнөж буй үйл явдлыг “дээрээс” хэн нэгэн ажиглаж байхуйцаар гэрэл нэвт тусна. Ад, харанхуйдаа баригдаж, түүнээсээ гарахаар түмэн бартааг туулж, эргээд доош өнхрөх, зарим нэг нь онгорхойд мацаж хүрээд цааш дээшээ нисэх, тийм нэг сорилт, шалгуурын гэмээр чөтгөрийн тойрог.

-АМЬСГАЛАХАД ХЭЦҮҮ...-

Энэ хоёр айхавтар бүтээлээс холдоод дараагийн танхим руу зүглэвэл, таазнаас дүүжлэгдсэн урт хамхуулын цуваатай тааралдана. Нэг цочоод харвал тэд усан дуслуудын хамт хөлдөж, царцжээ. Ороонг, орооцолдоонтой, хос тэр хамхуул руу өлийгөөд харахад хөлдсөн усан дуслууд, тэдгээрийн цаана эцэс төгсгөлгүй орон зай даллаж байх шиг. Э.Халиунаагийн “Эргэлт” гэх бүтээл. Тайлбарыг нь уншиж байгаад эдгээр хамхуулууд бол хүний уушгины дотоод бүтэц гэдгийг шууд ойлгов. Уушгины махан хэсгийг салгаж аваад харвал модны  мөчир мэт салбарласан гуурсан хоолойнуудын, яг хамхуул лугаа адил бүтэц үлддэг. Тэдгээр гуурсан хоолойн салаа мөчрүүдийн хамгийн нарийн төгсгөл үзүүрт цулцан буюу алвеол гэх бүтэц бий. Тэр өчүүхэн бүтэц дотор хүчил төрөгч, нүүрс хүчлийн хийн солилцоо явагдаж, хүн амьд явдаг.

Харин эдгээр уушигнууд хөлдөөд, царцчихсан байна. Шууд л цээж рүү хутга дүрээд авах шиг амьсгалж боломгүй хүйтэн, зовуурьтай мэдрэмж. Уран бүтээлч амьсгалж ч болохгүй тийм нэг хэцүү зүйлийн тухай өгүүлэх гэсэн бололтой. Харин түүнийг хамхуултай нь холбож бодвол усгүйжилт, цөлжилт болов уу. Хаа сайгүй хуурай хамхуул нисэлдсэн усгүй цөл, цөл, цөл, амьсгалахад хэцүү...

-ОНЦЛОХ БҮТЭЭЛ: ЭЛС БА ШААЗАН, ШААЗАН БА ЭЛС-

Сүүлд нь У.Одмаагийн “Эсрэг тэнцвэр” инстолляцыг танилцуулъя.

Уран бүтээл танин мэдэхүйн, шинжлэх ухаанч суурьтай байх тусмаа илүү хүч чадлыг олдог. Энд ч тэгжээ. Элсийг хайлуулж, хэд хэдэн дамжлага боловсруулалтад оруулснаар шил, шаазанг гаргаж авдаг. Тэгвэл энд шаазан ба элсний хослол байна. Үүгээрээ эсрэг тэнцвэр аж.

Ялангуяа ханан дахь шаазангаас боргил бүдүүн элсэн багана ургаад цаад хананыхаа шаазанд тулсан дүрслэл гайхалтай. Түүний наана өлгөсөн, элстэй шаазан аяга ч их сонирхол татна. Түүний сүүдэр сэтгэл татам. Гол нь тэнцвэрийг илэрхийлж байгаа юм, энэ аяга. Тэнцвэр бол бүх зүйл. Тэнцвэрийн нэг талд элс, эх байгаль буй бол нөгөө талд шаазан, хүн төрөлхтний бүтээсэн бүтээмэл амьдрал буй.

Зүгээр л хараад, ажаад суухад их үзэсгэлэнтэй. Нэг зүйлийн хоёр өөр хувилбар хоорондоо хэчнээн эв зохицолтой, эстетиктэй оршино вэ. Аливаа зүйлийг эсрэг тэсрэгийн мөн чанар, мөртлөө нэг нь нөгөөгөөсөө хамааралтай байдаг харьцангуйн хууль, чингээд тэнцвэрийн асуудлыг хөндсөн философилог агуулгатай тул үүнийг онцолж байна.


20 орчим инстолляцаас 10-ыг нь ийн тоймлолоо. Цаана нь сонирхолтой уран бүтээлүүд үлдсэн гэдгийг цохмоор байна. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 7-нд хаахаас өмнө амжиж танилцаарай.

Бүхэл концепцынхоо хувьд говь, говь буюу байгаль, говь буюу монгол мөн чанар гэсэн агуулгын хүрээнд бүх инстолляцууд эргэлдэж байна. Говийн хуй, шар тостой гүзээ, галзуу үлэг гүрвэлүүд. Хүний мөн чанар луу довтолж, асуултад унагасан бүтээлүүд ч байна. Сэрэл мэдрэмжийн тоглолт хийж, мэдрэхүйн таашаал өгөх бүтээлүүд ч бас байна. Бүхэлд нь авч үзвэл өөр лүүгээ нэг өнгийх, “Би монгол хүн гэхээрээ яг ямар хүн юм бэ?” гэж асуух, цаашлаад байгаль дэлхийгээ, орчлонгийн дийлдэшгүй зүй тогтол, дээд хүч чадал хүртэлх бүх түвшний агуулга шингэжээ.

Дийлэнх ихэнхийг цэл залуу уран бүтээлчид хийсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Тэд энэ зун говьд эдгээрийгээ байршуулж, давхар электро хөгжмийн фестиваль зохион байгуулсан талаар дээр дурдсан. Дүрслэх урлагийн хөгжилд чин халуун, зоримог шинэчлэл авчирч буй авьяаслаг уран бүтээлчдэд баяр хүргэе. Үзэсгэлэн, уран бүтээлчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол MN17 Art Gallery гэсэн Фэйсбүүк хуудсаар зочилж болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button