ДЭЛХИЙ

СОНГУУЛИЙН ЯВЦ: 2000 оны дүн нь удаж зарлагдсан сонгууль дахин давтагдана

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгууль ид оргил үедээ явагдаж байна. Үүний өмнө хүргэсэн явцын тойм мэдээллээс хойш найман цагийн дотор өрнөсөн үйл явдлуудыг хураангуйлъя.

АНУ-ын зарим хэсгээр сонгогч нарт "Өөнөөдөр сонгуулиа битгий өгөөрэй” гэсэн автомат дуудлага ирсэн асуудлыг Холбооны Мөрдөх Товчоо шалгаж байна. Албаныхан сонгогчдод уг дуудлагыг үл тоож, сонгуулиа өгцгөөхийг уриаджээ.

Хойд Каролина мужийн сонгуулийн дүн гарах хугацаа 45 минутаар хойшлох болсон байна. Учир нь тус мужийн санал авах дөрвөн хэсэгт техникийн саатал гарч, санал хурааж эхлэх хугацаа нь хойшилсон аж.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жөү Байдэн сошиал санал асуулгаар тэргүүлж буй. Гэвч өрсөлдөөнт мужуудын санал асуулгад хоёр нэр дэвшигч ойр саналаар урагшилжбайна. Өсөлдөөнт мужуудад ялалт байгуулах нь сонгуулийн дүн маш чухал нөлөөтэй.

Өмнө мэдээлсэнчлэн энэ жилийн сонгуулийн өрсөлдөөнт мужуудад: Висконсин, Техас, Мичиган, Жоржиа, Аризона, Хойд Каролина, Нэбраска, Флорида, Охайо, Пеннсилвани нар орж буй.

Хоёр нэр дэвшигч яг одоо ч мужуудаар ухуулга сурталчилгаагаа хийн явж байна. Трамп Виржиниагийн Арлингтон хошуунд байрладаг Бүгд Найрамдах Намын Үндэсний Хороонд очжээ. Харин Байдэн өөрийн төрөлх газар болох Пеннсилвани мужийн Скрантон хотод очсон байна.

Байдэний сонгуулийн баг Пеннсилвани, Флорида мужуудад ялалт байгуулахгүй байсан ч Дональд Трампыг ялж чадна гэж үзэж байна. 2016 оны сонгуулиар Флорида, Пеннсилвани хоёр муж мөн өрсөлдөөний муж болж байсан бөгөөд Трамп хоёуланд нь ялалт байгуулсан юм.

Сонгуулийн дүн өмнөх жилүүдэд санал хураасан өдрийн шөнө зарлагддаг байсан. Харин энэ жилийн хувьд өөр, албаныхан энэ сонгуулийн дүнг удаж байж гарна гэх мэдэгдлийг хийгээд буй. Өмнө нь 2000 оны сонгуулиар л ингэж тухайн өдөртөө санал хураалтын дүн зарлагдаж байгаагүй явдал тохиож байжээ.

100 сая гаруй иргэн урьдчилан саналын хуудсаа өгсөн ч сонгууль өгөх газруудад урт дараалал үүсэж байна.

Тайлбар өгөхөд, АНУ-д санал хураалт эхлэхээс өмнө иргэд саналын хуудсыг урьдчилан захиалж бөглөөд хүргүүлж болдог. Одоогоор 100 орчим хүн ийм байдлаар саналаа өгөөд буй гэсэн үг. Гэхдээ ийм саналын хуудсууд бусад саналын хуудсуудын хамт нэг мөсөн тоологддог.

100 сая урьдчилсан санал гэдэг нь 2016 оны сонгуулийн жинхэнэ ирцийн 72,3 хувьтай тэнцэж байна. 2016 онд 138 сая гаруй хүн саналаа өгсөн юм. Үүнээс 50 сая гаруй нь урьдчилсан санал байсан аж. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд америкчууд хэр идэвхтэй оролцож буй нь харагдаж байна.  


Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button