УЛС ТӨР

ЧУУЛГАН: Х.Мөнхзул, Б.Энхболд, Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид нарыг ХЭҮК-ын гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.11.06/-ийн хуралдааны эхэнд Монгол Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Ж.Хунан, Г.Нарантуяа, Д.Сүнжид нар нэр дэвшсэн юм.

Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ингэхэд  чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх нэр бүхий хүмүүсийг ХЭҮК-ийн гишүүнээр томилох нь зүйтэй гэж дэмжлээ.

Тиймээс ХЭҮК-ийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцлоо. Ийнхүү ХЭҮК-ийн гишүүнээс Н.Ганбаяр, П.Оюунчимэг нарыг чөлөөллөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль дээдэлж ажиллах ёстойг хатуу санавал зохино. Эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон. Энэ эрүүдэн шүүлт хүний эрхийн тайланд тусгагдсаар байгаа. Өндөр сандалд суулгадаг, хурууг нь бахиар хавчдаг гэх мэт. Шүүх эрх мэдэл ч гэсэн хүний эрхийг зөрчвөл хяналт тавих механизмыг бий болгосон. Хяналтгүй байж хүний эрх зөрчигддөг, УИХ, төрийн эрх барих дээд байгууллагын халдашгүй байдалд халддаг асуудлыг цэгцэлнэ. Хүний эрхийн асуудалтай холбоотой хууль батлагдахаас өмнө та бүхэн саналаа тусгаж байх ёстой” гэв. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Нэр дэвшигч Дугарын Сүнжид 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 1998-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Мөн 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан бол 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд нийтийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн ухааны докторын /Dr.jur/ зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаач, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж иржээ. 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа аж.

Хүрэлбаатарын Мөнхзул 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистраар төгсчээ. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн дарга, 1998-2009 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөх, Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, 2009-2015 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллажээ. 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр ажиллаж байна.

Батзэвэгийн Энхболд 2003-2007 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Цагдаагийн академид хууль зүйн магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаа, 2007-2011 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багш, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаач, 2016-2017 онд Хууль сахиулахын Их сургуульд цагдаагийн судлалын төвийн эрхлэгч, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. 2019 оноос Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Ганбатын Нарантуяа 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999-2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалжээ. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны санд хөтөлбөрийн зохицуулагч, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны дарга, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд докторант судлаачаар, 2016 оноос хараат бус шинжээчээр ажиллаж байна.

Жаргалсайханы Хунан 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны Их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд мөн Их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульч, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-11-06 14:36

ХЯТАД ХҮН ОРООД ИРСЭН ЮМ УУ

Холбоотой мэдээ

Back to top button