ДЭЛХИЙ

Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч 38 жилийн ял сонсчээ

Ираны нэр хүндтэй хүний эрхийн хуульч Насрин Содуте 38 жилийн хорих ял авч, 148 янзын  шийтгэл хүлээхээр болсон тухай гэр бүл нь мэдээлжээ.

Содуте хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч төдийгүй “тэрс үзэлтэн” гэдгээрээ алдартай. Тэрбээр эмэгтэйчүүдийн заавал толгойдоо алчуур зүүдэг ёсыг удаа дараа ил тодоор эсэргүүцэж байв.

Ираны үндэсний мэдээний агентлаг түүнийг “эх орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг сэдсэн, үгсэн хуйвалдсан” болон “дээд захирагчийн нэр хүндийг гутаан доромжилсон” шалтгаанаар буруутгажээ. Тус агентлаг нь Ираны засгийн газрын бүрэн хяналтад байдаг аж.

Мөн Насрин Содутегийн нөхөр Реза Хандан эхнэртээ оноосон  ял шийтгэлийн талаар  фэйсбүүктээ нийтэлсэн байна. Тэрбээр, шүүх хуульч Содутед 33 жилийн хорих ял оноосон, дараа нь шийтгэл хэмээн таван жилийг дахин нэмсэн. 2016 онд түүнийг ажлаа тасалсан хэмээн таван жилийн хорих ял сонсгож байсан тухай бичжээ.

Гэвч энэ хэргийг хариуцаж буй прокурор Мохаммед Могисе үндэсний мэдээний агентлагаар дамжуулан Насрин Содутед 38 биш долоон жилийн ял оноосон гэж мэдэгдсэн. Эх сурвалжуудын ийнхүү зөрүүтэй өгч байгаа мэдээллийн үнэн мөн хараахан ил болоогүй байна.

“Насрин Содуте өөрийн амьдралыг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон цаазын ялыг үгүй болгохын төлөө тэмцэхэд зориулсан нэгэн. Ийм үйл хэргийнх нь хариуд шийтгэж байгаа Ираны эрх мэдэлтнүүд дэндүү харгис, бүдүүлэг байна” гэж судлаач, өмгөөлөгч Филип Лютер хэлжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Насрин Сордуте Техран дахь гэртээ баривчлагдаж, хотоос гадна байдаг зартай шорон руу шилжүүлсэн.

Содуте Европын холбооны парламентаас олгодог Сахаровын шагналыг “Эрх чөлөөний үзэл санаатан” тодотголтойгоор хүртэж байсан. Түүний хувьд ийнхүү хоёр дахь удаагаа шүүхээс шийтгэгдэж байгаа тохиолдол боллоо. Өмнө нь 2010 онд Ираны эрх мэдэлтнүүдийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан хэргээр мөн 11 жилийн ял сонсч, шоронд сууж байсан. Гэвч 2013 оны эхээр цагаатгагдан суллагдсан юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button