Нийгмийн

УНШИГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Орчин цагийн үлгэр “УСГАЛ”-аас сэвэлзэх “ШИНЭ” салхи

Дашийн Оюунчимэг бол “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” туужууд “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар”, “Норгой” зэрэг романуудаараа уншигчдын хэдийнээ танил болсон зохиолч, яруу найрагч юм. Тэрбээр “Усгал” нэрт романаа сарын өмнө хэвлүүлж, уншигчдын хүртээл болгоод буй. Цуврал болон үргэлжлэх эл романыг зарим хүн хараахан уншиж амжаагүй яваа байх. Харин бид уран сэтгэмжит уг романыг онцолж, уншигчдын сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ.

Г.ИКУ

Сүүлийн үед нэг л зүйлийг их бодлоо. Миний хүүхэд ирээдүйд юу уншиж өсөх бол, ямар ном түүнийг минь чиглүүлж, зааж зааварлаж, бас түүний минь амьдралыг сонирхолтой, адал явдалтай болгох бол гээд л. Магадгүй “Хорвоотой танилцсан түүх”, “Монгол ардын үлгэрүүд”, “Гэсэр”, “Жангар”-тай хамт байж болох л юм. Гэвч тэдгээр бүтээлүүдэд ид шидийн тухай бодлуудаар хөвүүлж, төсөөллийг нь хаана ч байгаагүй гайхамшигт ертөнцөд аваачиж чадах болов уу. Харин “Усгал”-ыг уншаад миний, таны хүүхэд монгол ид шидтэй болж байгаа юм байна гэдгийг мэдэх болно. Энэ удаад үйл явдлыг бус уншаад төрсөн бодлоо бичье гэж шийдлээ.

“Хүмүүс ухаан бодол нь гүйцэхгүй зүйлийг зүгээр л ид шид гэж нэрлэдэг. Хүнд байдаг ердийн оюун ухаан туйлын хязгаарлагдмал…”

Бөөн ид шид, далд ертөнц, савдаг сахиуснууд, хэцийн эзэн, Хонхдой баатар, 2 хэрээ, хоригдсон сүнс, Бороо хэмээх төсөөллийн найз гэх мэт итгэмээргүй үйл явдлуудтай хэр нь эхний хуудсанд байсан “Бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэдэг үг намайг номын сүүлийн хуудсыг хаатал гижигдсээр л байв. Зүгээр л яаж гэсэн бодол тасралтгүй хөвөрч, үнэхээр ийм зүйл байдаг гэж үү, тэгээд бүр болоогүй бидэнтэй зэрэгцэн оршсоор байгаа гэж үү гэж бодохоос л төсөөлшгүй сонин.

Хэрвээ эхний хуудсан дээрх тэр нэгхэн өгүүлбэрийг уншаагүй бол энэ ном бол Фантаз зохиол юмаа гээд өргөмжилчихмөөр. Гэвч тэр нэг өгүүлбэр энэ ангиллаас бага зэрэг хөндийрүүлээд ч байх шиг.

Уул усны эзэд, савдаг гэгч зүйлүүдийг хаа сайгүй, өвөө эмээгийнхээ амнаас байнга л сонссоор ирсэн боловч тэдний тухай үнэмшсэн удаа үгүй. Энэ удаад харин үнэмшихээс өөр аргагүй байдалд хүрлээ. Байгаль дэлхий хүн төрөлхтнийг бүтээж, тэжээж, тэтгэсээр олон зууныг үзсэн авч бидний эргээд байгал дэлхийдээ хандаж байгаа хандлага туйлын арчаагүй, бусармаг, өрөвдөлтэй. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж хэчнээн горхи булаг рашаан ширгэн үгүй болж хэчнээн амьд амьтны амь тасарсан бол гэж бодохоос гол зурам. Хүмүүс бид өөрсдийгөө оюун ухаант гэх хүндэт нэрээр цоллодог байж, адгууснаас дор аашилдаг. Энэ бүх зүйлийг Усгал номд тусгаж өгсөн нь авууштай санагдсан.

Хүүхдүүд ч гэлтгүй томчуудад ч сургамж болохуйц олон зүйлийг энэ номоос уншиж болно.

Монгол хүүхдүүд маань орчуулгын зохиолоор бөмбөгдүүлэх биш өөрсдийн ид шидтэй унших номтой болж байна гэдэг хамгийн сайхан мэдээ билээ. Хэзээ ч нэгддэггүй ус гал хэмээх хоёр элемент нэгдсэнээр юу болохыг өөрсдөө уншиж мэдээрэй. Би лав дараагийн цувралыг нь тэсэн ядан хүлээж байна.

Т. БАТЦЭЦЭГ

Ээ хөх тэнгэр минь. Хэцийн эзэн, Хонхдой баатар, төөрсөн сүнсүүд, уул усны эзэд чинь бидэнтэй зэрэгцэн оршдог гэв үү. Хээр хөдөө хонь малд явж, эмээ өвөөгийнхөө дэргэд өссөн би чинь уул усандаа залбирч, тэнгэртээ цацал өргөн мөргөж өссөн болохоор сүсэглэн байдаг тэр бүх гайхамшиг дэргэд минь оршин суудаг гэдгийг дуулахад итгэмээргүй санагдав.

Хүмүүс өөрийн оюун ухаанаас хэтийдсэн зүйлсийг ид шид хэмээн үздэг аж. Тийм ээ энэхүү зохиол миний хувьд ид шид байсан. Шид гэж итгэсээр ирсэн. Цаашдаа... “Усгал”-ыг уншсанаас хойш бол тийм биш. Зохиолын эхэн дэх бодит явдлаас сэдэвлэн бүтээв гэдэг өгүүлбэр намайг ном доторх дүрүүдэд итгүүлж, шидийн гэмээр үйл явдлуудад автахад хүргэв. Хорин жилийн турш таван мэдрэхүйгээрээ мэдэрч ирсэн зүйлсээс минь өөр бодит юм гэж юу байхав.

Гэтэл зохиолч энэхүү бүтээлээрээ дамжуулан өөр нэгэн бодит ертөнцийг өмнө минь дэлгэв. Шөнө орой гэрээс гарахад араас юм дагаад ч байгаа юм шиг тийм нэг мэдрэмж төрдөг дөө. Тэр дагагч магадгүй төөрсөн сүнс ч юм шиг. Гэтэл Хонхдой баатар намайг хамгаалаад ч байгаа юм шиг. Үлгэр гэж итгэж ирсэн тэр зүйлсдээ таван настай жаахан охин шиг итгэж, уусан шингэх шиг болов.

Би Ломбын Нямаа гуайн нэг ярилцлагыг олж уншиж байсан юм. Тэрбээр Баасангийн Номинчимэд, Дашийн Оюунчимэг нарийн хүүхдийн зохиолын Эрдэнийн сан 108 боть Лютер Кингийн тухай номыг уншаад уйлж байсан тухайгаа ярьсан байв. Хүүхдийн зохиол шүү дээ. Та нар хүүхдийн зохиол уншаад уйлж байв уу. Би лав үгүй. Тэгээд л энэхүү зохиолчдын номыг олж уншихаар шийдээд “Усгал”-ыг уншив. Маш энгийн хэрнээ гайхамшгийг агуулсан энэ номоос харцаа салгаж чадалгүй уншиж дуусгалаа. Тэнгэр минь би энэ зохиолчийн номуудыг олж уншилгүй өдий хүртэл хаагуур явсан юм бэ...

Үнэхээрийн хөнгөн хөг аясаар Монгол ахуйг, хүн байгалийн хүйн холбоог, оюун ухаанаа тэмтчин хайх цаг хэдийн болсныг хэнбугай ч ойлгохоор, хэний ч нүдэнд зураглагдахаар бичжээ. Дашийн Оюунчимэг гуайн бичиглэлээс Монгол ахуй сэн хийх шиг болов. Тэртээ 1983 онд Л.Түдэв гуай ташуураар хамгаалах эх орноо тархиараа хамгаалах цаг ирлээ хэмээн сануулж байсан бол өдгөө Дашийн Оюунчимэг гуай тоо бодлого, бичиг үсгийг зэвсэг болгон оюун ухаанаараа тулалдаж байгаа зохиолын гол баатраар дамжуулан оюун ухаанаа тэмтчин хайх болсныг сануулаад байх шиг. Заа үлдсэн хэсгийг та нартаа үлдээе. Монгол ид шидийн ертөнцөд тавтай морил.

М.ТЭНГИС

Миний өмнө Дашийн Оюунчимэгийн шинэ ном байна. “Усгал” нэртэй, гүн хөх хавтастай энэ номын гадарт дүрслэгдсэн ууль шувуу уншигчид руу ширтэнэ. Уулийг бүртэлзэж үзэгдэх нэг хүн хөлөглөж, элин хальж явна.

Д.Оюунчимэг Монголын утга зохиолын ертөнцөд өөрийнхөө гэрийг барьчихсан хүн. Түүний “Тэнгэрийн цаг болоогүй”, “Оройн ганц мод” зэрэг уран бүтээлүүдийг биширдэг /дэгсдүүлээгүй/ уншигч цөөнгүй таарна. “Зохиол бичнэ гэдэг дээрээс буух асар их эрчим хүчийг тогтоон барих асуудал” гэж нэгэнтээ хэлсэн Д.Оюунчимэг массын зохиолч биш, түүнийг шинэ номоо гаргавал чих нь сортолзох хүмүүсийг “мэргэжлийнхэн” дундаас олж болно.

Үүгээр “Усгал” хүлээлт үүсгэсэн гэдгийг хэлэх гэсэн юм. Зохиолч гэнэтхэн л хэвлэлтээс шинэ номоо сугавчлаад гарсан. Харин “Усгал” гаднаасаа л үлгэр домгийн. “Намайг хэн хайна вэ?”. Хавтсыг сөхөж үзвэл “Бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэж бичсэн байх. Д.Оюунчимэгийг зохиолч гэхээс үлгэрч гэмээр санагддаг тул түүний үг, үсэгт захирагдаж төсөөллийн ертөнцөөр 300 хуудас аялах нь урьдчилан тодорхой болсон асуудал. Харин тэр өнгөрснөө давтах уу /хувийн амьдралын өнгөрснөө ч зохиолдоо шигтгэн давтдаг байх магадлалтай гэж үздэг, гэхдээ тун ховорхон дүр эсхүл үйл явдлууд дээр/, харин өөрийгөө давж, дахин шинэ шатанд гишгэсэн үү гэдэг л асуулт байлаа.

НЭГ.

Дэлхийн орчин үеийн утга зохиол, тэр дундаа реалист утга зохиолд дурлагчид “Усгал”-ыг эхлүүлээд сэтгэл дундуур хоцрох нь тун магадтай гэсэн өгүүлбэрээр бичвэрээ үргэлжлүүлье. Миний бие ч эхний бүлэгт гарах үйл явдлуудыг хараад өөрөөсөө “Уншиж дуусгах уу?” гэж асуусан гэдгээ нуухгүй. Хийгүй реализмд нэг талаар баригдсан ч гэж хэлж болох уншигчид тэгэхээр эсрэгээрээ “Усгал”-ыг унших ёстой юм байна. Энэ бол номын тэхий дунд, үлгэрт өөрийн мэдэлгүй бүүвэйлэгдэж явсан хүний үг.

Эхлүүлээд сэтгэл дундуур хоцорно хэмээгээд буйн учрыг энэ хэсэгт тайлбарлаж болно. Нэг хүү математикийн хичээлдээ сууж байтал гэв гэнэт араас нь харанхуй сүүдэр шиг аймшигт амьтан гэтэн гарч ирээд, хажуу салааны хүүг ороолдон зовоох аж. Түүнийг би өгүүлэгч л харж буй. Бас л гэнэтхэн Хонхдой баатар гэгч хүүгийн нөгөө талаас гарч ирээд мөнөөх амьтнаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар заавардаж эхэлнэ. Ингээд квадрат тэгшитгэл бодож, шийдийг олох бүрд нь тоо, тэмдэгт зэвсэг болон амилж, харын амьтан руу довтолно. Нэг хэсэг ийм, тийм “тулаан” өрнөнө. Маш гэнэн томоогүй, үйл явдлын дараалал хэт огцом, бодит байдалтай нийцүүлэн бодож боловсруулаагүй гэмээр энэ дүрслэлээр зохиол эхэлж байна.

Ингэхээр “Stranger Things” хэмээх олон ангит сериал эсхүл Ж.Роулинг хатагтайн цуут “Харри Поттер” санаанд ороод ер болохгүй. Үнэхээр өсвөр насны хүүхдийг гол дүрээ болгож, сургуулийн орчин тойронд жигтэй хачин үйл явдлууд өрнүүлж, өөр ертөнцийн амьтан дүрсэлж, тэднийг харж, харьцах ер бишийн чадварын тухай өгүүлэх нь өнөөдөр улиг болчихсон. Хэд хэдэн хүн яг ийм өгүүлэмжээр тултал нь биччихсэн, кино ший тавьчихсан юм. Нэг ёсондоо уншигчид “Өө, байдаг л өгүүлэмж. Тэр ч кино, энэ ч зохиол дээр байж л байдаг” гээд хэдэн нэр хэлэхийг байг гэх газаргүй.

ХОЁР.

Үүгээр зохиолын үйл явдал өрнөх ерөнхий өнгөн дэвсгэр /агуулга руу хараахан ороогүй байна/ бол шинэ байж чадсангүй гэдгийг хэлэхээс өөр аргагүй. Байдаг л. Жишээ нь модны хаант улсад хөл тавьдаг хэсэг дэх моддын эзэн савдгууд, мэдээлэл хадгалдаг номын санч моддын тухай өгүүлэмж шууд л “Бөгжний эзэн”-нийг санагдуулна. Ж.Р.Толкейны энэ туульсыг Д.Оюунчимэг нар хүүхдийн уран зохиолын шилмэл сан цувралаараа эрхлэн гаргасан.

Гэхдээ ингээд л “Усгал”-ыг аваад шидчихвэл дэндүү хайран болно. Учир нь эндээс монгол чанар ханхалж, төөнөж, амьсгалж байгаа нь хамгийн онцлог. Чухам энд л хамаг амин сүнс нь оршиж буй. Одоо энэ тухай ярья.

Зохиолын үйл явдлыг нэгд нэгэнгүй өгүүлчихвэл бүдүүлэг хэрэг болно. Тун товчоор хэлэхэд, “сонгогдсон” нэгэн хүү зэрэгцээ тивүүдийн хүмүүстэй /эрлэг, лус, савдаг…/ харилцаж, хүн төрөлхтний өмнө болоод хараахан тодорхой болоогүй чухал үүрэг даалгаврыг тэндний өмнө хүлээж буй тухай. Хүү багаасаа өөр нэгэн байсан гэдгээ мэдэрнэ. Урд насны амьдралаа санана, өөрийг нь төрөхөөс өмнө тоонот дотор нь өрнөж байсан явдлуудыг гурав, дөрөвхөн настай байхдаа ярьж орхино…

Харин урд, хойд насны тухай өгүүлэмж ороод ирэнгүүт “Байдаг л” гэсэн мэдрэмж салхинд хийснэ дээ. Буддизмыг судалж, даяанчлангаа зохиол туурвиж амьдраагүй л бол Европын ямар ч модернист, өнөө цагт бичиж буй хэн гэгч ч зохиолоос урд, хойд насны тухай өгүүлэмжийг хайгаад олохгүй. Үргэлжлүүлээд монгол гэрт, хамаатан саднуудын хооронд өрнөж буй үг яриа, уур амьсгал цаанаа нэг танил дотно болоод ирнэ. Өөрөөр хэлбэл хэдий дэвсгэр урьд дэлхийн энд тэнд хийгдчихсэн ч түүнийх нь монголжсон, монгол хөрсөн дээр буулгасан ур хийц нь “Усгал”-ыг гоё болгож байгаа юм.

Тухайлбал моддын хаант улсын эзэн савдгууд, эрлэгийн ханхүүг дагалдах хачин сонин дүрүүдийн өгүүлдэг үг яриа, үлгэр домог уншигчдад /монгол уншигчдад/ сонин байх болно. Лусын ертөнцөд очиж буй тухай өгүүлэмж л гэхэд “Алтан өргөө” киног л санагдуулна уу гэхээс өөр хаа нэгтээх гаднын уран бүтээлийг дагуулахгүй, тийм бие даасан амин чанартай байна. Дүрүүдийн нэр /Бороо, Хонхдой баатар, Хэцийн эзэн гэх мэт/ өөрөө яг монгол сүнстэй байгаа нь ч зохиолын монгол уншигчид руугаа нэвтрэх нэг шидлэг чанар нь болж өгч байна.

ГУРАВ.

Зохиол цаг хугацааны хувьд ялгаатай хоёр үйл явдлыг зэрэгцээ өгүүлсэн хэв маягтайг энд онцлууштай. Яг одоо цагт өрнөж буй өгүүлэмжийн дараа түүнээс өмнөх, хүүгийн үйл хэргийг анхнаас нь ул суурьтай хүүрнэх бас нэгэн өгүүлэмж давхар явдаг гэсэн үг. Одоо, өнгөрсөн хоёр үйл явдлын хүүрнэмж ээлжилдэг. Энэ бол Д.Оюунчимэгийн “тэнгэрээс буух асар их хүчийг” тогтоон барьсных нь нэг илрэл л болов уу.

Зохиолын амин чанар нь хувьд шидлэг ч гэмээр байдлаар монголжсон явдал гэж дээрх өгүүлэмжийн эцэст ийн тэмдэглэе. Харин агуулгын хувьд эх байгалийн, экологийн тэнцвэрт байдлын тухай байна. Хүний буруутай үйлээс болж үгүйрч буй модот хангай, ус гол мөрөн… Дахиад “Байдаг л” гэх сэтгэгдэл бууж мэднэ ээ. Гэхдээ дахиад агуулгын гүн рүү шагайгаад үзвэл хүн байгалийн, эсвэл хүн ертөнцийн харилцан холбоо хамаарлын тухай, илүү хийсвэр, далд мэдрэмжлэг, сүнслэг орчилд тулж очно. Өөрөөр хэлбэл энэ зохиолд буддын шашны судар номд дурдагдсан байдаг зургаан тив зургуулаа гарч байх жишээтэй. Тэдний нэг тив нь л хүн төрөлхтөн биднийх гэгддэг. Ингэхээр үйлийн үр, уялдаа холбоо, хорвоо ертөнцийг эргэлдэх жам ёсны асуудал руу шашинлаг хэлбэрээр, утга зохиолын аргаар нэвтэрсэн агуулга харагдаж байгаа юм. Амазоны ширэнгэн ойн дунд нэгхэн бяцхан эрвээхэй далавчаа дэвэхэд дэлхий тэр чигтээ мэдэрдэг гэж хаа нэгтээ сонссон тэр үгийг энд бичмээр байна.

ДӨРӨВ.

Одоо Д.Оюунчимэгийн бичиглэлийн хэлбэр, хувь зохиолчийн ур чадварын асуудлаар хэдэн өгүүлбэр бичье. Үүн дээр ерөөс хоёр зүйл хэлмээр байна. Нэгт, Д.Оюунчимэг яах аргагүй өндөр эрчмээр хуйларч бичдэг зохиолч. Хоёрт, дүүгсэн, халуун монгол өгүүлбэрүүдтэй. Яруу тансаг эсвэл төгс энгийн гэхгүй ч монгол хүн монгол хүндээ утга зохиол бичиж буйн цогтой, эрэмгий, өсгөлүүн дуу хоолой сонсогддог.

Хуйларч бичдэг гэдгийн хувьд, сайн бас муугаар илэрч байна гэж дүгнэмээр. Түүнийг “Усгал”-ыг бичих гэж олон сар жил суугаагүй болов уу гэж бодож байна. Мэдээж зохиолын санаа гэдэг зохиолчийн ухаан орсон цагаас бүрэлдэн тогтсоор байдаг тул бичиж эхлэхээс дуусах хүртэлх процессын асуудал л анхаарал татдаг юм. Д.Оюунчимэг нэг их эрчмээр хуйларч, онгоддоо хөгдөгдөж бичдэг гэдэг нь “Усгал”-аас тод харагдаж байна. Энэ нь уншигчдад оволзон татагдам мэдрэмж өгчилгөж буй хэдий ч нэг талаар үйл явдлууд цагийн дарааллын хувьд нэг нэгэн рүүгээ хэт түргэн үсчсэн, төлөвлөгөө зураглалгүй, эрчим нь нэг хэсэгтээ хэт төвлөрч нөгөө хэсэгтээ дутаж /жигд хуваарилагдаагүй/, хэт гэнэхэн хонгор өгүүлэмж, илэрхийлэмжүүдийг ашигласан гэхчлэн гоочлолуудыг араасаа дагуулна.

ТАВ.

Эцэст нь “Усгал” гэж ямар зохиол байв аа гэдэг рүүгээ эргэж очъё. Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэвэл, энэ Монголын утга зохиолд шинэ үзэгдэл болох гэсэн амбицлаг оролдлого биш, хувь нэгний зохиол бичиж гуниг гутралаа тайлдаг хуурамч туурвил ч биш эсхүл арилжааны зорилгоор монгол, түүхэн агуулгыг дэвсгэр болгон уран үгээр гоёчлон чимж галзуу борлуулалт хийдэг жишиг ч биш. Харин Монголын хүүхэд залуусын оюун сэтгэлгээнд өв үлдээх гэсэн оролдлого ажээ.

Америк хүүхдүүд Харри Поттероо уншаад үлгэр домгийн ертөнцөөр хүмүүжчихнэ. Харин монгол хүүхдүүд Цуутын цагаагч гүү, Болдоггүй бор өвгөнөө уншиж, ардын үлгэрийн ертөнцөөр оюун сэтгэлгээгээ ундаалж байна уу гэвэл үгүй. Өдөр ирэх бүр хүүхэд залуусын тархиныхаа хаалгыг нээн шидлэх мэдээллүүдийн агуулга монгол бус харийн чанартай болоод буй нь илэрхий. Яах ч аргагүй бидэнд тулгараад буй асуудал мөн. Иймд унших ганц ч гэсэн монгол Харри Поттер /ийн бүдүүлгээр цоллосондоо зохиолч Д.Оюунчимэгээс хүлцэл өчье/ хэвлэгдсэнд талархах хэрэгтэй юм.

“Хандгай” комикын уран бүтээлчид “Өвгөн хуурч” төслийнхөө талаар танилцуулахдаа, “Өвгөн хуурч орчин үед яаж үлгэр, туулиа хайлах вэ гэдэг бидний концепц. Тэр реппер болох болно. Бид өнөөдөр контентын эрэн зуунд амьдарч байна. Харин монголчууд ч гэсэн контент бүтээж чаддаг юм гэдгийг харуулах, итгэл өгөхийг зорьсон” гэж тайлбарласан юм. Үүнийг санамсаргүй энд бичсэнгүй.

Эргээд зохиолч дээрээ очих буюу хамгийн эхэнд тавьсан “Д.Оюунчимэг өөрийгөө давсан уу?” гэсэн асуултдаа хариулъя. Тэр өөрийгөө давах гэж оролдоогүй ажээ. Өөрөөр хэлбэл тэр өмнөхөөсөө сайн зохиол бичих гэж хичээсэнгүй. Харин ухамсарт хариуцлагаар бас үргэлж хүүхэд, залуусын сэтгэлгээнд санаа чилээсээр ирсэн дүүгсэн халуун сэтгэлээр “Усгал”-ыг бичсэн байна. Тэр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хорин хэдтэй шүлэг бичиж байхдаа хүрэх ёстой өндөрлөгтөө хүрчихсэн” гэж хэлсэн нь одоо энд сүлэлдэн, утгын жижиг хэсгүүд эвлэрч байна.

“Усгал” цуврал роман юм. Хүүхэд, залуусын монгол дархлаатай оюун сэтгэлгээнд анхаардаг хэн бүхэн “Усгал”-ыг номын цуглуулгадаа нэмэх хэрэгтэй гэж хэлээд бичвэрээ төгсгөе. Эндээс “Байдаг л нэг” биш, “Байх ёстой, байлгая” гэсэн монгол морин хуур, уртын дуу, үлгэр тууль эгшиглэж байна…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөх Толбо
Хөх Толбо
2020-12-02 11:02

З�##�уус өөр өөрийн өнцгөөс харж сан�##� бодлоо бичсэн нь сайхан байна. Ялангуяа сүүлд бичсэн М.Тэнгис зохиолын мөн чанарт нэвтэрч, шинжлэл хийсэн нь тун сонирхолтой байна.

Холбоотой мэдээ

Back to top button