НИЙГЭМУРЛАГЭнтертайнментЯрилцлага

Э.Пүрэвжаргал: Үзэгчид сексийн хэсгийг БОДИТ гэж харж байгаа нь тухайн кино САЙН болсны илрэл

Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал. Оролцсон нэвтрүүлэг, тоглосон уран бүтээл бүрдээ өөрийгөө шингээж, сорьж явдаг түүнтэй шинэхэн уран бүтээлээр нь эргэн уулзлаа. Та бүхэн санаж байгаа бол өнгөрөгч гуравдугаар сард бид түүнтэй “Бүтэн амьдрал” олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүр, цаашлаад тэр бүр хэвлэлд ам нээж байгаагүй сонин хачин сэдвээр ярилцаж байсан. Харин энэ удаа “30 өдөр 30 секс” хэмээх эротик уран бүтээлтэй хэрхэн холбогдсон түүх, бас бус сонирхолтой сэдвээр цахимаар холбогдож ярилцлаа.

Тэрбээр “37-р точка”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хилгүй жим” зэрэг 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан билээ.

-ЖҮЖИГЧИН ХҮН ЕР НЬ АЙМШИГ, ЭРОТИК, АДАЛ ЯВДАЛ, ТҮҮХЭН ГЭЭД БҮХИЙ Л ДҮР ДЭЭР АЖИЛЛАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ-

-“30 өдөр 30 секс” киноны эхний ангийг үзлээ. Уран бүтээлчээс маш их зориг шаардсан сценүүд олон харагдсан. Хамгийн эхний асуултаа тухайн уран бүтээлтэй холбогдох болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо?

-Тус уран бүтээл дээр ажилласан Т.Алтантуяа найруулагч маань анх надтай “10 ангитай эротик драм хийх гэж байна. Гол дүрийн бүсгүйн олон жилийн амьдралын түүхийг харуулдаг. Тиймээс тухайн уран бүтээлчээс олон хувиралт, чадварыг шаардах юм. Чи л яг тохирно” гээд холбогдсон. Миний хувьд киноны зохиолыг уншсаны дараа хариугаа хэлсэн. Зохиолоо уншихад “Нэг гоё хүүхэн л энд тэнд нүцгэлж, шалдлаад яваад байх биш, анги бүр нь үзэгчдэд өгөх мессежтэй, адал явдалтай” байсан.

Зохиол нь таалагдсан учир саналыг нааштай хүлээж авсан. Нэгт жүжигчний хувьд ажиллахад маш гоё дүр юм байна, хоёрт эротик дүрд хүчээ сорьё гэдэг утгаар ажилласан. Жүжигчин хүн ер нь аймшиг, эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог. Миний хувьд ч нэг их эротик дүрд ажиллахгүй гэж боддоггүй.

-Эхний ангийг үзэхэд зураг авалтаа зун хийсэн байх шиг харагдсан. Хэр удаан үргэлжилсэн бэ, байрлаж ажиллав уу?

-Кино зураг авалт долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр эхэлсэн байх шүү. Есөн сар гаргаад дууссан гэхээр нэг сар 15 хоног үргэлжилсэн юм байна. Нэг их байрлаж ажиллаагүй. “Миний гэр”, “Найз залуугийн гэр” гээд нэг обьект, тэгээд л аялал зугаалга, болзож яваа дүрсүүд гээд ихэнх нь гадаа обьектууд байгаа. Тиймээс шөнө тарсан ч гэр рүүгээ хариад, өглөө цуглах маягаар ажилласан.

-Мэдээж их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл төрсөн болов уу?

-Маш олон хүний бүрэлдэхүүн ажилласан шүү. Найруулагч, зураглаач, туслахын баг бүрэлдэхүүн гээд. Дээр нь мэйк ап артист, хувцасны зураач нэмэгдэнэ.

-Хувцас загвар дээр Э.Пүрэвжаргал өөрөө ажилласан байхдаа гэж харж байлаа?

-Найруулагч маань асар мэдрэмжтэй хүн байсан. Ямар ч хамаагүй хувцас авчраад “За энийг өмс” гэвэл мэдээж тухгүй. Тиймээс найруулагч хувцас сонгохдоо үргэлж миний саналыг сонсож, ярилцаж байгаад сонгож байсан. Тэр нь ч надад их тухтай байсан. “Зохих, зохихгүй хувцас өмсүүлж байснаас өөрт нь тухтай таалагдсан хувцсыг сонгосон нь илүү дээр” гэж бодсоных тэр байх. Түүнчлэн Удвал ядуу айлд төрж, өссөн. Анхны хайр нь Удвалыг ядуу хэмээх шалтгаанаар орхисон учир, өөрийн зүтгэлээр тушаал дэвшсээр салбарын захирал болсон, байр сууриа олсон эмэгтэйгээр дүрслэгддэг. Тиймээс жижиг гэлтгүй ээмэг, зүүлтийг ч брэндийн үнэтэй, чанартай байхаар сонгосон. Миний ганц нэг өөрийн хувцас ч гэсэн орсон.

Хамгийн ойр дотно ажилласан хүн гэвэл киноны хувцасны зураач Балжка гээд залуу бий. Бүхий л нарийн нандин деталиуд дээр хамтарч ажилласан. Солих хувцсаас эхлүүлээд бороотой өдрийн зураг авалтад үсийг маань норгох зэргээр тусалсан. Зураг авалтын сүүлийн хоёр өдөр Балжкад хувийн ажил гараад зураачгүй явсан. Тэгэхэд л хувцасны зураач хүний, Балжкагийн дүүргэж байсан орон зай эрхгүй мэдрэгдсэн.

-УРАН БҮТЭЭЛИЙН НЭР НЬ ӨӨРӨӨ ҮЗЭГЧИЙГ ТАТАХ МАРКЕТИНГ-

-Киноны нэгдүгээр ангийг үзэхэд анх төсөөлснөөс богино болсон байлаа?

-Бүрэн хэмжээний 10 ангит кино биш, богино хэмжээний цуврал контент юм. Зохиолынхоо матрежаар кино нийт таван цаг үргэлжлэхээр байсан л даа. Тэгээд ангийнхаа тоонд хуваагаад үзэхэд нэг анги 35-40 минут үргэлжилнэ. Надад ч гэсэн киногоо үзэхэд богино болсон мэт санагдсан.

-Дараагийн анги нь хэзээ тавигдах бол гээд бас хүлээлт үүсгэж байна лээ шүү.

-Би ч гэсэн киноныхоо эхний ангийг үзээд долоо хоногт хоёр анги нийтлэгдэх юм болов уу гэсэн үгүй байсан. Долоо хоног бүрийн баасан гарагт нэг шинэ анги нэмэгдээд явах юм билээ.

-Киноны нэр бас их сонин байна л даа. Ер нь эмэгтэй хүн 30 өдөр секс хийх боломжтой юу?

-“Нэр нь өөрөө үзэгчийг татах маркетинг” гэж харж байгаа. “Ухаантай бүсгүй”, “Хоёрдмол хайр” гэх мэт задлаад ойлгочих нэр өгсөн бол нэг их хүмүүсийн анхаарлыг татахгүй байсан. “30 өдөр 30 секс” гэвэл хүмүүс “Паа энэ одоо ингэх боломжтой юу” зэргээр шар мэдээ шиг ухаж үзэх талдаа илүү байна байх.

Яг 30 өдөр 30 секс хийх бол хэцүү байх шүү /инээв/. Сарын тэмдгээс эхлээд эмэгтэй хүн чинь туйлбаргүй ааштай шүү дээ. Байнга секс бодоод суудаг хүн байхгүй байх. Э.Пүрэвжаргалын хувьд бол тийм. Удвалын хувьд кинон дээрээ сексээс татгалзахгүй зөвшөөрөөд л явдаг.

-ХАЙР ЮУ БОЛОХЫГ ХАНЬ МИНЬ Л НАДАД ОЙЛГУУЛСАН-

-Зарим үзэгчид сарын тэмдэг ирсэн үед ч хосууд секс хийж болно гэсэн байсан. Та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол хариулахад ёстой хэцүү асуулт байна. Эмэгтэй хүн өөрөө хүссэн үед л боломжтой болов уу. Мэдээж эмэгтэй хүн хүсвэл болгож чадах байх аа. Бүхнийг болгож чаддаг хүмүүс шүү дээ. Эрэгтэй хүнд бол ямар асуудал байх вэ дээ. Хүн бүрийн онцлогоос шалтгаална. Зарим эмэгтэй сарын тэмдэг ирсэн үед маш эмзэг болсон байдаг. Тиймээс өөрийнхөөрөө байж чадахгүй. Тиймээс энэ асуулт өөрөө маш барьцгүй.

-Хосуудын хувьд секс чухал уу. Ямар байх ёстой гэж боддог вэ?

-Би энэ асуултад хариулж чадахгүй нь. Өөрөө ч учрыг нь олоогүй явна /инээв/. Буруу зөрүү хариулаад баларна.

-Хосуудын харилцаа секс дээр аль эсвэл халамж дээр тогтдог гэдэг.”30 өдөр 30 секс” киноны Удвал Дөлөө, аль эсвэл Оргилын юунд нь татагддаг юм бэ?

-Дөлөөгийн хувьд Удвалын цэвэр анхны хайр нь байсан. Тиймээс анхны нандин мэдрэмждээ хүлэгддэг. Харин нас биед хүрсний дараа сонгосон сонголт нь Оргил байсан. Тэр бол ямар нэг сексэд тулгуурласан харилцаа бол биш ээ.

-Э.Пүрэвжаргал анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг үү?

-Үгүй.

-Хэдэн насандаа анхны хайртайгаа учирч байв аа?

-18 уу 19 уу? Хэд билээ?

-Хэнээс асуугаад байна аа?

-Нөхрөөсөө асууж байна /инээв/.

-Тэгэхээр таны анхны хайр хань нь гэж ойлгож болох нь ээ?

-Ер нь бол тийм шүү. Хайр юу болохыг хань минь л надад ойлгуулсан даа. Тиймээс тэгж хэлж болно. Яах вэ оюутан байхад олон залуус намайг шохоорхож, араас гүйж байсан ч, хэн нь ч надад таалагдаж байгаагүй.

-Кинонд дүр бүтээж байгаа жүжигчид хоорондоо нийцэх нь чухал санагддаг. Таны хувьд харилцан тоглосон жүжигчинтэйгээ хэр гар нийлж ажиллав?

-Тухайн уран бүтээлийн хувьд дүрийн гол зангилаа нь эмэгтэй дүр нь. Харин эрэгтэй дүрийн хувьд охидын хүсэмжит, сайхан залууг харуулдаг. Кинон дээр хоёр өөр эрэгтэйн дүр гардаг. Удвалын анхны хайр Дөлөө, анхны харцаар дурладаг Оргил гээд. Дөлөөгийн хувьд эхнэртэй, хэл ам нь дийлдэхгүй, олон юм ярьсан дүр. Эмэгтэйчүүд тийм залуусыг сонирхож болздог ч, амьдралынхаа ханиар Оргил шиг  олон таван үггүй, шударга залууг сонгодог. Оргилын дүрд Б.Баярмандах тохирсон. Түүнчлэн зохиол дээрх дүрийн шалгуурт тэнцсэн гэх үү дээ.

-Хамтран тоглох жүжигчний хувьд эрэгтэй дүрийн сонгон шалгаруултад таны байр суурийг сонссон уу?

-Найруулагч анх киноны санал тавихдаа л эрэгтэй жүжигчний тухай надад хэлсэн. Надаас асуусан л даа. Миний хувьд татгалзах шалтгаан байгаагүй. Тиймээс хамтран тоглосон. Түүнчлэн миний хувьд хамтран тоглох жүжигчинтэйгээ баримталдаг нэг зарчим бий. Тиймээс Б.Баярмандахд “За хоёулаа кино зурагнаас аль эсвэл хэн нэгнийхээ хувийн зохион байгуулалтаас болоод муудалцахгүй шүү” гэж тохиролцсон. Яг тохирсны дагуу кино зураг авалт эхлэхээс дуусах хүртэл бид хоёр эвтэй, гар нийлж ажилласан. Б.Баярмандахын хувьд мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн дүрдээ хичээж ажилласан.

-КИНОНЫ ЗАРИМ ХЭСГИЙН ЭРОТИК ДУУ ОРУУЛГАД МАНАЙ НАЙРУУЛАГЧ Т.АЛТАНТУЯА ДУУ ОРУУЛСАН-

-Эротик уран бүтээл дээр хамтран тоглосон гэдэг утгаараа уран бүтээлээс гадуур харилцаанд хүндрэл гарав уу?

-Үгүй. Зураг авалтаас бусад хугацаанд бид хоёр эрэгтэй найзууд шиг байдаг. Зурганд явж байхдаа сайхан буу хална. Ингээд зураг авалт эхлээд мотор дугарахад л “Бид хоёр бие биедээ хайртай, нэгнээ хүсэж байгаа” хүмүүс шиг байдаг. Бусад үед жирийн л найзууд шиг харилцдаг.

-Сексийн зураг авалтыг хэрхэн авсан, бодит хэсэг байсан эсэхийг үзэгчид сонирхож байгаа нь лавтай?

-Мэдээж сексийн сценыг аль болох бодит, үнэмшилтэй харагдуулах талаас нь л ажиллана. “Үл таних эмэгтэй” ч тэр зураг авалтыг жинхэнэ юм уу гэх зэргээр хүмүүс сонирхож байсан шүү дээ. Ямар ч уран бүтээлд жүжигчид жинхэнээсээ секс хийгээд зураг авна гэж байдаггүй. Харин уран сайхны аргаар л бодит мэт харагдуулдаг. Тэр хэмжээгээр хүмүүст сэтгэгдэл төрүүлнэ гэдэг нь уран бүтээл илүү бодит, сайн болсны илрэл гэж харж байгаа.

-Зураглаач, гэрэлтүүлэгч найруулагч гээд бүх л бүтэн зураг авалтын өмнө нүцгэн, дээр нь секс хийж байгаа зургийг авхуулах хэцүү байсан байхдаа?

-Тэгэхгүй яах вэ. Үйлдэл бүрийг нэг бүрчлэн заана. Жүжигчдийн царайны хувирлыг хүртэл заана шүү дээ. “Пүүжээ яагаад уурлаад байгаа юм бэ, хөмсгөө тэнийлгээч дээ”, “Хүзүүг чинь авч байна, хойшоогоо гэдийгээд өгөөрэй, нурууг нь илээрэй” гэдэг ч юм уу, деталь бүрээр зааварчилж байгаа. Нэг нууц задлахад, киноны зарим хэсгийн эротик дуу оруулгад манай найруулагч Т.Алтантуяа дуу оруулсан байдаг юм.

-Нөгөө нарийн нандин дугаралтын тухай яриад байна аа даа?

-Тийм. Тэр дуун дээр чинь би таг болчхож байгаа юм чинь /инээв/.

-ЭНЭ КИНОНД ХАРУУЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ БИЕИЙН ХЭСГЭЭС ЭХЛЭЭД БҮХИЙ Л ТАЛААСАА ЗУРАГ АВАЛТАД ОРСОН-

-Э.Пүрэвжаргалын оролцсон нэвтрүүлэг, ярилцлагыг хараад байхад их түс тас хийсэн, шударга, эршүүд талдаа санагдсан. Харин Удвалын дүр дайчин, их эмэгтэйлэг. Хувь хүний зан ааштай, дүрийн характер хэр зөрчилдсөн бэ?

-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэйлэг байх, тийм дүр дээр ажиллах чинь бас их хэцүү юм билээ. Одоо жишээ нь Удвал, Дөлөөд уурлаж гомдсон ч олон жил дотроо хадгалаад тэвчээд, найз охин руугаа залгаад уйлдаг. Гэтэл бодит амьдрал дээрх би хэзээ ч тэгэхгүй. Нэг юм цохиод, сайхан хашгарах байсан байх. Киноны хамгийн сүүлийн зураг авалтын сторигоо харахад “Эмэгтэйлэг байгаач гэж загнуулах сүүлийн өдөр минь” гэсэн байна билээ. Найруулагч маань маш эмэгтэйлэг хүн байсан учир миний болон найруулагчийн төсөөллийн дүрийг дунд нь бүтээгээд, нэг аятайхан хүүхэн гаргаад ирэв үү дээ л гэж бодсон доо.

-Та “Эгэлийн гайхамшиг” киноны Гэгээнээгийн дүрийг бүтээж байсан. Тухайн үед ярилцлагадаа тус дүр хувь хүнтэй маань хамгийн ойр дүр байсан гэж байсан. Эршүүд байдлыг эс тооцвол Удвалын дүр тантай зарим талаараа төстэй байж болох уу?

-“Эгэлийн гайхамшиг” киноны Гэгээнээгийн дүрд би 2014 онд ажиллаж байлаа. Миний хамгийн анхны ажилласан дүр байсан. Ер нь тийм шүү. Гэгээнээгийн дүр тухайн үеийн миний зан араншинтай хамгийн их дөхөж очих байсан. Харин Удвалын хувьд маш ажилсаг, шударга, зүтгэлтэй эмэгтэйн дүр. Тиймээс яг одоогийн Э.Пүрэвжаргалтай хамгийн ойр байж магадгүй. Хэцүү гэвэл эротик хэсгүүдэд ажиллахад хүндрэлтэй байсан. Харин драмлаг зүйлүүд дээр хүндрэл гараагүй. Үнсүүлж, тэврүүлэх хэсгүүд л төвөгтэй байлаа.

-Дүрээсээ суралцсан, өөрийгөө шинээр нээсэн зүйл нь юу байв?

-Миний хувьд өмнөх уран бүтээлүүдэд ажиллахдаа аль болох эгц урдаасаа, хажуу талаасаа зураг авахуулахаас аль болох зайлсхийдэг байсан. Энэ кинонд харуулахыг хүсдэггүй биеийн хэсгээс эхлээд бүхий л талаасаа зураг авалтад орсон. Тиймээс надаас маш их зориг шаардсан. Зориглоод ажилласны дараа “Амьдралд энэ байтугай биеийн хэсэг, өөртөө сэтгэл ханамжгүй” хүмүүс байдаг. Яг бие биедээ хайртай хүмүүсийн хувьд өө сэв юу ч биш гэдэг утгаар ажилласан.

-Эротик кинонд бүрэн нүцгэлсэн гэдэг утгаараа эцэг эх маань юу гэх бол гэх айдас танд байв уу?

-Олон нийтийн телевизээр цацагдах уран бүтээл байсан бол тийм айдастай байх байсан. Аппликейшнээр цацагдсан учир эцэг эх маань орж үзэхгүй гэдэг утгаар нэг их юм бодоогүй. Дээр нь уран бүтээл дээр ажиллаж эхлэхээс өмнө нүцгэн, эротик хэсгүүдийг арт талаас, цэвэрхнээр үзүүлнэ гэсэн учир айдас байгаагүй ээ.

-НУУЦ АМРАГ ЭСВЭЛ, НҮЦГЭН ХЭСЭГТ Л ТОГЛУУЛЬЯ ГЭДЭГ НАЙРУУЛАГЧ БОЛ ЖИНХЭНЭ НАЙРУУЛАГЧ БИШ-

-Киногоо үзэгчдэд нээхээс өмнө үзсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Хамгийн гоё нь жүжигчид нь уран бүтээлээ үзээгүй байдаг юм. Эхний анги тавигдахад л нөхөртэйгөө, найзтайгаа хамт үзлээ.

-Тэгэхээр үзэгчийн нүдээр анх үзсэн юм байна шүү дээ?

-Тийм. Яг л үзэгчийн нүдээр үзсэн.

-Оргил, Удвал хоёр нар жаргах үеэр гол руу ордог хэсэг гардаг. Үзэж байхдаа зураг авалт хийхдээ их даарсан байхдаа гэж бодсон шүү.

-Тэр зураг авалтыг хийхэд гадаа маш хүйтэн байсан. Нуурын ус ч гэсэн маш хүйтэн байсан. Би ослоосоо хойш хүйтэн усанд ороогүй нэлээн удсан юм билээ. Тэгээд тухайн сцений зураг авалтад орохдоо гол руу орсон. Орохоос ч өөр арга байгаагүй. 10 гаруй минут хүйтэн усанд зогсоход л хамгийн хэцүү байсан юм байна. Уснаас гарч ирээд л нуруу татаад, хамаг бие янгинаад халуун цай ууж, сайн дулаалаад дараагийн зураг авалт руугаа орж байлаа.

-Та өнгөрөгч гуравдугаар сард манай сайтад өгсөн ярилцлагадаа ослын бэртэл бүрэн эдгээгүй тул, одоо ч суухад хүндрэлтэй байна гэж байсан. Кино зураг авалтад ороход бэртэл нь нөлөөлөв үү?

-Киноны эротик хэсэгт эмэгтэй хүний нуруу хотойж байж гоё харагддаг юм билээ л дээ. Тэр хэсгүүдийн зургийг авахад миний нуруу хотойж болохгүй байсан. Яаж ч хичээгээд хотойж болохгүй байсан. Бас мэс заслаас шалтгаалаад нуруу сорвижсон учир зарим хэсэгт орлон тоглогч авахаас өөр аргагүй болсон. Өвтгөөд байсан төмрүүдээ авахуулаад, зовуур бол харьцангуй багасаад эдгэсэн шүү.

 -Таны хувьд найруулагчаас ирэх дүрийн саналт хэр шалгууртай ханддаг вэ?

-Би дүрийг голно гэвэл утгагүй. Дүр л намайг голно. Тиймээс би аль болох бүхий л дүрд ажиллаж, өөрийгөө сорьж үзэхийг хичээдэг. Түүнээс ийм дүрд л тоглоно, тоглохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ ажилласан дүрээсээ шалтгаалаад тухайн цаг хугацаанд ахин тийм дүр дээр ажиллахгүй гэдэг байдлаар ханддаг. Дүрүүдийн цаг хугацаа тодорхой завсартай байвал асуудалгүй. Жишээ нь “37-р точка” уран бүтээлийн зураг авалтыг хоёр жилийн өмнө авсан ч, “Бүтэн амьдрал” кинотой цуг цацагдсан. Түүнээс шалтгаалаад хүмүүс “Э.Пүрэвжаргал дандаа нууц амрагийн дүр дээр ажилладаг” гэхчлэн яриа гарсан байсан л даа. Тиймээс эротик кинонд тоглоод удаагүй учир нэг хэсэг тийм төрлийн дүр дээр ажиллахаас татгалзах зарчмаар явдаг.

-Таны урьд урьдын бүтээсэн дүрүүдээс шалтгаалан, Э.Пүрэвжаргалыг нууц амрагт эсвэл нүцгэлдэг хэсэгт л тоглуулья гэх санал найруулагчдаас ирдэг үү?

-Нууц амраг эсвэл, нүцгэн хэсэгт л тоглуулья гэдэг найруулагч бол жинхэнэ найруулагч биш. Тэдгээр хүмүүс жинхэнэ уран бүтээл хийхээс илүү жүжигчнийг зөвхөн дүр гэж хараад байдаг. Цаашлаад намайг сайн мэдэхгүй найруулагч л тэгэх байх.

-Би ер нь боддог юм. Царайнаасаа, өөрөөсөө өөр дүр дээр ажиллах нь илүү амар байдаг гэж. Өөртэйгээ адилхан, эсвэл тэс өөр дүр дээр ажиллах нь илүү хялбар. Миний хувьд дүрийн судалгааг маш сайн хийдэг гэж боддог. Өдөр тутамдаа ч хүмүүсийн байр байдал, дүрийг сайн хардаг. Энэ нь ямарваа дүр дээр ажиллахад илүү дөхөм болгодог гэж боддог.

-ХӨЛ ХОРИО ДУУСАХААР УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ АЖИЛД ОРНО-

“30 өдөр 30 секс” кино хосуудын сексийн амьдралыг харуулахаас илүү зүйлийг хүмүүст ойлгуулахыг хүссэн болов уу гэж бодлоо. Киноны үзэгчдэд өгөх гол мессеж нь юу вэ?

-Киноныхоо зохиолыг уншаад бодогдсон зүйлээ хэлье л дээ. Амьдрал эхлээд дуусах хүртэл хугацаанд залуучууд юу хүсдэг, юун дээр алддаг, алдаж буй тухай өгүүлэхийг зорьсон. Тиймээс хосуудын нэгнээсээ хүсдэг зүйл, ойлгохгүй байгаа зүйлийг нь ойлгуулах, алдсаныхаа дараа харамсахгүй байгаасай гэдэг үүднээс Удвалын дүр дээр ажилласан.

-Киноны постер зураг цацагдсаны дараа үзэгчид Польшийн олон ангит эротик драм “365 өдөр” кинотой адилтгаж байсан л даа. Таны хувьд дээрх уран бүтээлийг үзсэн үү?

-Үгүй. Би өөрөө эротик драм сонирхдоггүй ч, “30 өдөр 30 секс” кино маш шинэлэг санагдсан учир Удвалын дүр дээр ажилласан.

-Тэгэхээр уран бүтээлийн ярианаас хөндийрье. Э.Пүрэвжаргал хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ? Ажиллахаар төлөвлөсөн уран бүтээл байгаа юу?

-Одоогоор бол хөл хорио гэдэг кинонд л тоглож байна даа /инээв/. Яахав ганц хоёр уран бүтээлийн санал ирээд хүлээж авсан. Хөл хорио дуусахаар уран бүтээлийнхээ ажилд орно. Одоо бол халуун ам бүлээрээ сайхан амарч байна. Биеэ бүрэн тэнхрээд эдгэрэхээр эргээд дасгал сургуулилтаа хийнэ гэж бодож байгаа.

-Хөл хорионд жингээ хэрхэн барьж байна даа?

-Юун жин /инээв/. Хөл хорио дуусахаар хаалгаар өнхөрөөд гарах вий дээ л гэж бодож сууна. Би хоол хийх дуртай. Хоолны дуршил сайн болохоор өглөө хоол хийж идээд л, залгуулаад оройны хоолоо бодож байх жишээтэй. Жингээ бол барихгүй байгаа.

-Хөл хорионы дараа хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Шууд нутагтаа очино доо. Сайхан хөдөө гармаар байна.

-Ярилцлагын төгсгөлд энэ киног заавал үзэх ёстой шалтгааныг хэлж өгөөч?

-Миний анх зохиол уншаад ойлгосон ойлголт л доо. Амьдралд зүгээр л биенээ хараад “Хөөрхөн юм, сайхан юм” гэж гэр бүл болохоос илүү олон сорилтыг хамтдаа даван туулах жинхэнэ хайраа олох хэрэгтэй, тийм хүний сонгох ёстой гэдэг санааг гаргасан кино. Тиймээс үүнийг л үзэгчид тухайн уран бүтээлийг үзээд, үүнийг ойлгоосой гэж хүсэх байна.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button