"Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах “Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс буюу эхлэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байсан. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулан 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр батлуулсан.
Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө хамгаалуулах, бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо өссөөр байгаа бөгөөд “Оюуны өмчийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцаа зохицуулагдах юм.
“Оюуны өмчийн тухай хууль”-ийг дараах линкээр хандан үзнэ үү. https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.