НийгмийнНИЙГЭМ

“Ганцхан өдөрт 27 тохиолдол илэрсэн “Алтай” буудлаас халдвар авахгүй гэх баталгаа надад алга”

-Ганцхан өдөрт 27 тохиолдол илэрсэн “Алтай” буудлаас халдвар авахгүй гэх баталгаа надад алга-

Халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримталж, хаана хаанаа өчүүхэн сэрэмж алдах учиргүйг “Энх саран” сувиллаас халдварын голомт илэрч, бусдад халдааснаар монголчууд бидэнд хатуугаас хатуу сануулсан. Засгийн газар, УОК “Удирдлагад нь хариуцлага тооцно” гэснээс өөр дорьвитой арга хэмжэ аваагүй, толгойг нь илээд, арьсаа хамгаалаад л өнгөрсөн.

 “Энх саран” сувиллын алдааг “Алтай” зочид буудал давтах эрсдэл маш ойрхон байгааг мэргэжлийн байгууллагуудад сануулъя. Улаанбаатар хотын төвд шахам, Хорооллын эцэст байрладаг тус зочид буудалд тусгаарлагдсан 29 иргэнээс халдвар илрээд байгаа юм. Хамгийн ноцтой нь ганцхан өдрийн дотор буюу энэ сарын 7-нд 27 тохиолдол зөвхөн энэ буудлаас илэрсэн нь аюулын харанга дэлдэж байна. Эндээс “Алтай” зочид буудалд коронавирус тархсан, халдварын голомт ч байж мэдэх эргэлзээ үүсгээд байгаа юм.

Тэнд нөхцөл байдал ямар байгаа талаар “Алтай” зочид буудалд тусгаарлагдаад 16 хонож буй иргэн Х.Шүрэнчимэгтэй ярилцлаа. Баянгол дүүргийн гуравдугаар хорооны “Ангирмаа” өрхийн эмнэлгийн их эмч тэрбээр зургаан сартай жирэмсэн. Таван ч удаа шинжилгээ өгөн, хариу сөрөг нь гарчихаад байгаад тусгаарлалтаас гаргахгүй байгааг, эрүүл ирчихээд “Алтай” зочид буудлаас халдвар авахгүй гэх баталгаагүй нөхцөлд байгааг тэрбээр сэтгэл зовнин учирлав.

“ЭНХ САРАН” СУВИЛЛЫНХ ШИГ ГОЛОМТ “АЛТАЙ” БУУДАЛД ҮҮССЭН БАЙЖ МАГАДГҮЙ

-Та “Алтай” зочид буудалд тусгаарлагдаад 16 хонож байгаа юм билээ. Ер нь анх яагаад тусгаарлагдав?

-Би Баянгол дүүргийн гуравдугаар хорооны “Ангирмаа” өрхийн эмнэлэгт их эмчээр ажилладаг. Арваннэгдүгээр сарын 23-нд урьдчилан сэргийлэх зорилгоор манай ажлынхнаас бүгдээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан юм. Нийт 15-уулаа шинжилгээ өгөхөд манай үйлчлэгчийн хариу нь эерэг гарсан. Үйлчлэгчийг ХӨСҮТ рүү авч явж, биднээс PCR шинжилгээ авангуутаа Хорооллын эцэст байрлах “Алтай” зочид буудалд тусгаарласан юм. Үйлчлэгчийн ойрын хавьтал гээд 14-үүлээ ажил дээрээсээ энд шууд тусгаарлагдсан. Одоо нэг өрөөнд хоёулаа байна.

-Одоогоор хэдэн удаа шинжилгээ өгөөд байгаа вэ?

-Арваннэгдүгээр сарын 23-нд түргэвчилсэн шинжилгээ өгсөнтэйгөө нийлээд нийт таван удаа. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Надаас төдийгүй энд тусгаарлагдсан манай ажлынхнаас арваннэгдүгээр сарын 23 (түргэвчилсэн оношлуур, PCR), 28, арванхоёрдугаар сарын 4-нд шинжилгээ авсан. Гэтэл 4-ний шинжилгээний хариуг хэлэхгүй байж байгаад 6-нд дахиад шинжилгээ өг гэсэн. Учрыг нь лавлахаар “Хариу нь гараагүй байгаа. Баталгаажуулах шинжилгээ авах ёстой” гэв. Тэгэхээр нь өглөө. Гэтэл арванхоёрдугаар сарын 6-ны шинжилгээгээр хариу нь эерэг гарсан хүмүүс хүү 7-нд ХӨСҮТ-өөс утсаар холбогдоод “ХӨСҮТ-өөс удахгүй очиж авна. Юмаа бэлдээрэй” гэж хэлсэн гэнэ лээ. Хариу нь сөрөг гарсан хүмүүс рүү яриагүй.

Манай өрөө хойшоо харсан цонхтой. Урагшаа харсан цонхтой өрөөнд байгаа хүмүүс “Буудлын гадна найман машин ирсэн. Нийт 27 хүн аваад явчихлаа” гэсэн. Тэгэхээр энэ сарын 7-нд, ганцхан өдрийн дотор “Алтай” зочид буудалд тусгаарлагдаж байсан 27 иргэнээс халдвар илэрсэн гэсэн үг. Эдгээр 27 иргэний долоо нь манай ажлын хүмүүс.

ДАВАА ГАРИГТ ЭНД ТУСГААРЛАГДСАН МАНАЙ АЖЛЫН ДОЛООН ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРСЭН

-Өчигдөр (уржигдар) Улаанбаатар хотод шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр эдгээрийн 27 нь “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан иргэдээс илэрсэн гэсэн үг үү?

-Тийм болж таарч байгаа юм. Арваннэгдүгээр сарын 28-нд “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан хоёр иргэнээс халдвар илэрсэн гэж дуулсан.

Манай ажлын долоон хүний тав дахь шинжилгээнээс халдвар илэрлээ. Үнэхээр өмнө нь халдвар авчихсан байж байгаад одоо илэрсэн үү. Эрүүл ирээд “Алтай” зочид буудлаас халдвар авсан уу гэдэг эргэлзээтэй. Ер нь “Алтай” зочид буудалд халдвар “Энх саран” сувиллынх шиг тархсан байх гэх хардлага, эргэлзээ бидэнд бий.

Коронавирус тусаад өчигдөр (уржигдар) ХӨСҮТ-д очсон манай ажлын долоон хүнийг тав, таваар нь нэг өрөөнд оруулсан гэсэн. Хоёр нь өөр гурван хүнтэй нэг өрөөнд байгаа юм билээ. Одоогоор эмчилгээг нь эхлүүлээгүй, өнөө өглөө (өчигдөр) баахан шинжилгээ авсан гэсэн. Тиймэрхүү байдалтай байгаа юм билээ.

ЗУРГААН УДАА ХАРИУ МИНЬ СӨРӨГ ГАРСАН НАМАЙГ ТУСГААРЛАЛТААС ГАРГАХГҮЙ БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА

-Ганцхан өдөрт 27, нийт 29 тохиолдол “Алтай” зочид буудлаас илэрчхээд байхад таван шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан таныг яагаад тусгаарлалтаас гаргахгүй эсвэл өөр байранд тусгаарлахгүй байгаа юм бол?

-Үүнийг үнэхээр гайхаад барахгүй байна. Ганцхан өдрийн дотор 27 тохиолдол тусгаарлах ганцхан байрнаас илэрнэ гэдэг том асуудал шүү дээ. Эрүүл иргэд эндээс халдвар авахгүй гэсэн баталгаа алга. Надад ч тийм баталгаа алга. Ганц хоёр тохиолдол илэрвэл ойрын хавьтал юм байна гээд ойлгох сон. Нэг дор 27 халдвар илэрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бүгд өмнө нь олон удаа шинжилгээ өгөөд, хариу нь сөрөг гарсан хүмүүс. Гэнэт халдвар илэрчихэж байгаа байхгүй юу. ЭМЯ-наас “Иргэдийг 14 хоног тусгаарлана. PCR шинжилгээний хариу нь гурван удаа сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана” гэж байгаа шүү дээ.

Өнөөдөр би энд 16 хонож байна. Тавын таван шинжилгээний хариу маань сөрөг гарсан. Энэ хангалттай биш үү. Намайг яагаад тусгаарлалтаас гаргаж эсвэл өөр байранд тусгаарлахгүй байгаа юм бэ. “Алтай” зочид буудлаас халдвар авч, шинжилгээний минь хариу эерэг гарахыг хүлээгээд байгаа юм уу. Яг яах гээд байгаа юм бэ. Эерэг гарсных нь дараа л бидний асуудлыг шийдвэрлэж өгөх гээд байгаа юм уу.

“Алтай” зочид буудалд тусгаарлагдсан иргэдийг хариуцаад нэг эмч, онцгой, цагдаагийн алба хаагч байдаг. Юм асуухаар “Мэдэхгүй” гэдэг үгнээс өөр хариултгүй. Ямар нэгэн эргэлзээтэй асуудал гараад асуухаар мэдээлэл өгөх, мэдэх хүн байдаггүй.

-УОК-оос иргэдийг 21 хоног тусгаарлана гэж онцолсоор байгаа. Та бүхэнд “14 хоног тусгаарлаад гаргана” гэж хэлсэн юм уу?

-“Ямар ч байсан 14 хоног тусгаарлана” гэсэн ерөнхий, бөөрөнхий хариулт хэлсэн.

ГЭРЭЭСЭЭ ЭРГЭЛТЭЭР АВСАН ЮМНУУД ДУУССАН. НОЙЛЫН ЦААС АВАХЫГ ӨЧИГДӨР ХҮССЭН Ч ОДОО ХҮРТЭЛ ТАГ ЧИГ

-Та зургаан сартай жирэмсэн юм билээ. “Алтай” буудлын орчин нөхцөл, хоол унд нь хэр байна вэ?

-Энэ талаар ярихад үнэхээр хүнд. Тусгаарлалтын өрөөнүүдийг огт цэвэрлэж, халдваргүйжүүлдэггүй. Бид өөрсдөө өдөрт цэвэрлэж, чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Душ, халуун ус нь ажилладаггүй. Маш бохир гэдэг үг гоёдоно. Тусгаарлагдсан иргэд өөрсдөө л цэвэрлэдэг.

Би төдийгүй манай ажлынхан ажлаасаа шууд тусгаарлагдаад, энд ирсэн. Ажлаасаа шууд ирсэн учраас бидэнд ядаж л нүүр гарны арчуур, оо, сойз байгаагүй. Эхлээд ганцхан удаа эргэлт оруулсан. Тэгэхэд нь гэрээсээ хэрэгтэй юмнуудаа авчруулсан юм. Би жирэмсэн учраас витамин, кальци, төмрийн бэлдмэл уух шаардлагатай. Ядахдаа тийм чухал юмнуудаа авмаар байна гэхэд эхэндээ зөвшөөрөөгүй. Бөөн юм болж байж авсан. Түүнээс хойш ганц ч удаа эргэлт зөвшөөрөөгүй. Гэрээсээ авчруулсан юмнууд маань хоёр долоо хоноод дуусчихсан. Өчигдөр л гэхэд нойлын цаас дууссан, эргэлтээр авах боломжгүй.  Буудлаас нойлын цаас зэрэг ойрын хэрэглээний зүйлээр хангах үүрэгтэй. “Нойлын цаас дуусчихлаа” гэж өчигдөр хэлсэн. “Өнөөдөр өгнө” гэж хэлсэн ч одоо болтол таг чиг. Одоо 17.00 цаг болж байна.

ҮРГЭЛЖ ХҮЙТЭН ЦАЙ, ЦАРЦУУ, АМТГҮЙ ХООЛ ӨГДӨГ

-Одоо тэгээд гэнэт бие засах шаардлага гарвал балрах нь ээ.

-Харин тийм ээ. Ёстой ийм муухай сэтгэлгүй юм аа. Одоо нойлын цаас өгөхийг хүлээгээд л сууж байна.

За, тэгээд хоол нь ёстой авах юмгүй. Жирэмсэн байтугай жирийн хүн идэхэд дархлаа нь унаад, сульдана. Цай, хоолоо дандаа хүйтэн өгдөг. Ядахдаа халуун цай уувал ондоо шүү дээ. Хөрчихсөн шөл, хүйтэн цай л өгдөг. Жишээ нь, оройн хоол гээд хоёр ширхэг царцуу бууз өгдөг. Тийм хоолонд хүн цадах уу. Өнөөдөр 15.00 өнгөрчихөөд байхад хоол өгдөггүй ээ. Тэгэхээр нь нэхэл болж байж авсан чинь бакеттай, царцуу хоол өгсөн. Гаднаас эргэлт оруулахгүй болохоор их хэцүү юм.

-Тусгаарлагдсан иргэдэд ихэвчлэн ямар хоол өгдөг вэ?

-Өглөө 09.00 цаг өнгөрөөгөөд цай, талх, нэг ширхэг өндөг өгдөг. 13.00-14.00 цагийн хооронд махгүй шахам усан шөл, хоёр бууз юм уу хуушуур өгдөг. Орой нь будаатай хуурга юм уу хоёр, гурван бууз өгдөг. Тэгээд л  өөр юу ч өгдөггүй.

ЖИРЭМСЭН НАДАД УС БУЦАЛГАЖ УУХААС ӨӨР СОНГОЛТ АЛГА

-Бохир орчинд, хоол унд муутай 16 хоноод хэр их ядарч, сульдаж байна вэ?

-Их ядарч байна. Өдөр 13.00 цагт хоол идчихээд оройны хоолны цаг болтол гүрийдэг.  Өрөөндөө ганц ус буцалгагчтай. Ус буцалгаж уугаад л сууж байна. Би жирэмсэн хүн. Заримдаа амттай юм идмээр санагдана. Ус буцалгаж уухаас өөр сонголт надад алга. Хоолны чанар нь үнэхээр нойлын нойл. Энд тусгаарлагдаж байгаа хүмүүсээс асуугаарай. Бүгд ингэж л хэлнэ. Би цамаан зан гаргаад, голж, шилсэндээ ингэж хэлж байгаа юм биш шүү. Үнэндээ цадаж, хоолшихын аргагүй юм л бидэнд өгдөг.

ӨРӨӨНҮҮДИЙГ ГАНЦ Ч УДАА ЦЭВЭРЛЭЖ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙДЭГГҮЙ

-Эмнэлгийн салбарт ажилладаг, их эмч та мэргэжлийн хүний нүдээр дүгнэхэд “Алтай” зочид буудалд “Энх саран” сувиллынх шиг голомт үүссэн байх үндэслэл бий юү?

-Энд байгаа хүн бүхэн халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримталж байж коронавирус тусахгүй байх боломж бүрдэнэ. Тэгж байж урьдчилан сэргийлж чадна. Гэтэл тусгаарлалтын өрөөнд ганц ч удаа халдваргүйжүүлэлт хийж, цэвэрлэдэггүй. Гал тогоонд хэдэн хүн ажилладаг, яг тогтсон стандарт, нормативын дагуу тусгаарлагдсан иргэдэд хоолыг нь өгдөг эсэхээс их зүйл шалтгаална.

Бид өрөөндөө хамт тусгаарлагдсан хүнээс өөр хэнтэй ч уулзаж, харилцдаггүй. Гал тогооныхон, хоол зөөж буй эмч халдвар, хамгааллын дэглэм өчүүхэн алдахад бүх хүнийг эрсдэлд оруулна. Бид энд хэчнээн тусгаарлагдаж байгаад нэмэргүй. Хоолоор халдвар тархана шүү дээ. Тэгэхээр одоогоор “Алтай” зочид буудлаас илрээд буй 29 тохиолдол яг яагаад халдвар авсныг тодорхой болгох хэрэгтэй. “Алтай” зочид буудалд халдвар тарсан, голомт үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Мэдээж тийм биш байгаасай гэж хүсэлгүй яах вэ. Коронавирусийн нууц үе гэж байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг дор, нэг өдөр ганцхан зочид буудалд тусгаарлагдсан иргэдээс 27 тохиолдол илэрсэн нь өөрөө эргэлзээтэй. Ийм олон хүний нууц үе ганцхан өдөр илрэх боломжтой юу.

-Тэгэхээр “Алтай” зочид буудалд халдварын голомт байгаа гэх магадлалыг улам нэмж байна, тийм үү?

-Тийм ээ. Арваннэгдүгээр сарын 23-нд тусгаарлагдсан манай ажлынхны хариу сөрөг гарч явсаар байгаад өчигдөр гэнэт долоогоос нь илэрсэн нь ч эргэлзээтэй. Ганц нэгээрээ ч юм уу өмнө нь яагаад илрээгүй юм бэ. Маргааш би халдвар авахгүй гэх баталгаа алга.

-Коронавирусийн халдвар авахгүй, тусахгүй гэх баталгаагүй нөхцөлд байхын хэрээр сэтгэл зүйн хувьд хүнд байна уу?

-Өрөөний хаалгыг онгойлгож, хоол аягалангуутаа шууд хаачихдаг. Ямар ч амьд харилцаагүй, энд жирэмсэн хүн байна гэж ер тоодоггүй. Бүх хариу сөрөг гарсан мөртлөө 20-иод хонож буй хүн “Алтай” зочид буудалд олон бий. Зарим хүн “Би эндээс гармаар байна. Гаргаач” гэж орилоод, үнэхээр стресс ихтэй.

Хоол өгдөг эмч нь “Би мэдэхгүй”, “За” гэхээс өөр ямар ч хариулт хэлдэггүй. Энд үнэхээр аймар стресстэй, айдастай байна. Буудлаа, тусгаарлагдах байраа сольё гэхээр огт хариу өгдөггүй. Эрүүл ирчихээд эндээс халдвар авчихвал үнэхээр гомдоод гомдоод баршгүй зүйл болно. Тийм зүйл л битгий тохиолдоосой.

ХАЛДВАР АВЧИХАЛГҮЙ, ХҮҮХДЭЭ ЭСЭНД МЭНД БАЙЛГАХ ЧУХАЛ БАЙНА

-УОК, ЭМЯ, харьяа байгууллагуудад албан ёсоор хүсэлт гаргасан уу?

-119.mn сайт руу захидал бичээд, утсаар залгахаас өөр чадах юм надад алга. 119.mn сайтын дугаар руу залгаар утсаа огт авдаггүй. Баянгол дүүргийн Шуурхай штабтай утсаар холбогдохоор “Бид ёстой мэдэхгүй. Хаана тэгж 27 тохиолдол илэрсэн юм бэ. Юу яриад байгаа юм бэ” гэсэн. “Бид ийм юм болсныг нь мэдэж байна” гэхээр “Бидэнд тийм мэдээлэл ирээгүй. ОБЕГ-аас асуу” гэдэг. Өөр байгууллагууд руу залгаад, тодруулъя гэхээр утсаа огт авдаггүй. Өрөөнд тусгаарлагдан, гаднаасаа түгжигдээд, бухимдсан хүмүүс л “Алтай” зочид буудалд байна.

Одоо халдвар авчихалгүй, хүүхдээ л эсэн мэнд байлгаж байгаад тусгаарлалтаас гарах юу юунаас илүү чухал байна.

-Ярилцлагаараа дамжуулан Засгийн газар, УОК, ХӨСҮТ зэрэг шат шатны байгууллагуудад юуг онцолж хэлэхийг хүсэж байна вэ?

-Иргэдэд мэдээллээ тодорхой өгдөг баймаар байна. Тусгаарлагдаж байгаа иргэнд “Яг тэдэн хоног тусгаарлана. Тэдэн удаа шинжилгээ авна” гээд. Би энд тусгаарлагдахаар ирэхдээ ямар ч мэдээлэлгүй ирсэн. Одоо ч хэвээрээ.

Үйлчлэгчээс халдвар илэрсний дараа бид ажил дээрээ байж байхад ХӨСҮТ-ийнхэн шууд орж ирэнгүүтээ машинд суулгасан. “Бид нарыг хааш нь авч яваа юм бэ” гэж асуухад хэн нь ч хариулаагүй. Хорооллын эцэст авч ирэнгүүтээ “Ийшээ ор” гэсэн нь “Алтай” зочид буудал байсан. Өрөөнд оруулангуутаа гаднаас нь түгжчихсэн. Өөр юу ч хэлээгүй. Ямар ч харилцааны соёлгүй, амьд харилцаагүй. Хүний ёсоор хандаад “Та нарыг “Алтай” буудалд тусгаарлах боллоо. Тэнд тэдэн хоног тусгаарлана. Бидэнтэй хамт явна уу” энэ тэр гэвэл өөр шүү дээ. Бид эмнэлгийн байгууллагын ажилчид. Би эмч хүн. Тогоонд нь байгаа хүмүүс учраас тайлбарлаад хэлбэл ойлгоно шүү дээ.

Одоо л гэхэд таван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарчихаад, 16 хоночихоод байхад биднийг тусгаарлалтаас яагаад гаргахгүй байгаа нь тодорхойгүй. “Ийм учраас тусгаарлалтын хугацааг нь сунгалаа. Дахиж шинжилгээ авна” гээд тодорхой хариу хэлчихвэл арай бага бухимдана шүү дээ. Нэг өрөөнд цоожлогдчихоод чаддагаараа аав, ээж, ах, дүүс рүүгээ ярьж, сэтгэлээ тайтгаруулж сууна. “Өлсөж байна гэхэд хоол дөхүүлээд өгөх боломжгүй. Даарч байна гэхэд хувцас өмсгөх боломжгүй” байгаа болохоор гэр бүлийнхэнд маань ч мөн хүнд, хэцүү байгаа. Хаана хаанаа л яах учраа олохгүй, санаа зовж сууна. Ямар ч эрүүл, чийрэг биетэй хүн 16 хоног ийм орчинд, ийм хоол идэхэд дархлаа нь унана, ядарна.

Одоо ерөөсөө би тусгаарлалтаас л гармаар байна. Энэ асуудлаар УОК, ЭМЯ, ХӨСҮТ бидэнд тодорхой хариу өгөх хэрэгтэй. “Алтай” зочид буудалд МХЕГ шалгалт хийж, шинжилгээ авах зайлшгүй шаардлагатай. Тэгж байж олон эргэлзээг тайлна. Зөвхөн энд тусгаарлагдсан надтай бус монгол түмний амь настай холбоотой асуудал юм шүү.

ЭМЯ өглөөний хурлаар “Тусгаарлах байранд 14, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаад гаргана” гэсэн ерөнхий мэдээлэл л өгдөг. Бид “Алтай” зочид буудалд тусгаарлагдхад ирэхдээ “Энд яг хэд хонох вэ” гэж асуухад хариулах хүн байгаагүй. Бүгд л өнөөх “Мэдэхгүй” гэдэг хариултаа тоть шиг давтсан. Ресидэнт эмч, тогооч, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдад халдвар, хамгааллын анхан шатны мэдлэг өгдөг юм уу, үгүй юм уу. Тогооч нар үнэхээр бээлий, малгайгаа өмсөөд хоол хийдэг үү. Хоол хийхдээ ханиаж, найтаагаад, амны хаалтгүй сууж байдаг ч юм бил үү. Иргэд бид мэдэхгүй. Энэ зэргийн хяналтыг яаж тавьдаг вэ.

Намайг лав “Алтай” зочид буудалд тусгаарлагдах 16 хоногийн хугацаанд ганц ч удаа цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгээгүй. Уг нь хийх ёстой шүү дээ. Тийм үүрэгтэй. Гэтэл үүнийг хэн хянах вэ. Тусгаарлах өрөөг ганц ч удаа цэвэрлэхгүй, халдваргүйтгэл хийхгүй байгаа нь ямар хариуцлагагүй, назгай, сэтгэлгүй байгаагийнх нь илрэл шүү дээ.

Жирэмсэн, архаг хууч өвчинтэй, өндөр настай хүмүүстэй утсаар ч болтугай холбогдоод, эргэх холбоотой ажилламаар байна. Ядахдаа жирэмсэн хүний витаминыг эргэлтээр өгүүлчих сэтгэлтэй байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button