УЛС ТӨР

АН Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ.

Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна. Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа.

Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг Ардчилсан нам удаа дараа анхааруулж ирсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй.

Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо.

Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд Ардчилсан нам харамсаж байна.

Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,

2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,

3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ex member
ex member
12 сар 9, 2020 18:40

UOK-t ardchilsan Nam sohor zoosnii handiv uguugui baij duugui baival taarna.

Холбоотой мэдээ

Back to top button