Баянзүрх дүүрэг дөрөв дэх халдварын голомтын хөл хориог сулруулав

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 33г байр болон 16 дугаар хороо 41 дүгээр байрны тусгай хамгаалалтыг буулгаж, оршин суугчдыг гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүлжээ.
Тус хоёр байрны иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг 3 удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй аж.
Тиймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн, гэрийн ажиглалтад шилжүүлжээ.
Мөн эдгээр байруудад батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Ийнхүү Баянзүрх дүүрэг дөрөв дэх халдварын голомтынхоо хөл хорионы дэглэмийг сулрууллаа. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр анхны голомтуудын нэг болох 4 дүгээр хороо 3-р байр, 43-р байр, 10 дугаар хорооны 75/5-р байрны тусгай хамгаалалтыг буулгаж, гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүлээд байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.