Судалгааны үр дүн: Ковидийн халдвараар өвчилсний дараах эрсдэл нь вакцин хийлгэсний дараахаас илүү өндөр байна

Коронавирусийн цар тахал дэлхийд эдийн засаг, нийгэм эрүүл мэндийн томоохон өөрчлөлт үүсгэсэн. Ковидийн вакцин хийлгэсэн хүмүүсийн эрүүл мэнд дордсон гэж яригдаж байгаа. Энэ талаар эрдэмтэд хэд хэдэн судалгаа явуулжээ. Тэдгээр судалгааг харцгаая.
Ковидийн вакцин ба зүрхний эмгэгийн эрсдэл
2022 оны долоодугаар сарын 13-нд “The BMJ” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа мРНХ вакциныг (Pfizer болон Moderna) хийсний дараа миокардит болон перикардитын өвлөлийн түвшин, эрсдэл байгаа эсэх дээр баримт илрүүлэх зорилготой явагджээ.
Судалгааны дүгнэлт дээр “Эдгээр олдворууд нь өсвөр насны болон залуу насны эрэгтэйчүүд мРНХ-ийн вакцин хийлгэсний дараа миокардит үүсэх эрсдэл бусад хүмүүсээс хамгийн өндөр байгааг харуулж байна. Энэ популяцад “Moderna”-гаас илүү “Pfizer”-ийн вакциныг хоёр тунг 30 хоногийн зайтай хийх нь илүү дээр. 5-11 насны хүүхдүүд миокардитаар өвчлөх магадлал бага гэх үр дүн гарсан ч энэ нь итгэлцэл бага. Эмнэлзүйн эрсдэлт хүчин зүйлсийн тухай өгөгдөл хязгаарлагдмал байсан” гэсэн байна. Өөрөөр хэлбэл тэдний судалсан нас болон хүйсний бүлгүүд дундаас өсвөр болон залуу насны эрэгтэйчүүд мРНХ вакцин хийлгэсний дараа миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) үүсэх эрсдэл хамгийн өндөр байсан аж.

Мөн 2022 онд “PubMed”-д нийтлэгдсэн 42.8 сая хүний эрүүл мэндийн мэдээллийг ашиглаж явуулсан судалгаа ковидийн халдварын дараа миокардит үүсэх эрсдэл вакцин хийлгэхээс өмнө 11.14 дахин, вакцин хийлгэсний дараа 5.97 дахин нэмсэн гэх үр дүнд хүржээ.
2024 онд “Elsevier” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа “Moderna”-гийн вакцин нэг тун хийлгэсний дараа миокардитын ажиглагдсан-таамагласан үр дүнгийн харьцаа 3.48 байсан юм. Харин хоёр дахь тунгийн дараа 6.1 байжээ. Ажиглагдсан-таамагласан үр дүнгийн харьцаа (OE ratio) нь ажиглагдсан үр дүнг таамагласан үр дүнтэй харьцуулдаг. Миокардитын OE ratio 3.48 гэдэг нь миокардит таамагласнаас 3.48 дахин бүртггэдсэн гэсэн үг. Энэ харьцаа нэгээс их байвал ажиглагдсан үр дүн таамагласнаас их байсныг буюу илүү эрсдэлтэйг харуулна. Харин нэгээс бага бол ажиглагдсан үр дүн таамагласнаас бага байна гэсэн үг. Харин “Pfizer”-ийн вакцины нэг тун хийлгэсний дараа миокардитын OE ratio 2.78, хоёр тун хийлгэсний дараа 2.86 болжээ. “AstraZeneca”-гийн вакцины нэг тунгийн дараа миокардитын OE ratio 1.36, хоёр тунгийн дараа 1.31 байсан аж.
Тус судалгаа мөн перикардитын OE ratio-г судалсан байна. Тодруулбал “Moderna”-гийн вакцины дараа перикардитын OE ratio 1.74, хоёр тунгийн дараа 1.67 байв. “Pfizer”-ийн нэг тунгийн дараа 1.54, хоёр тунгийн дараа 1.38 гарсан юм. Харин “AstraZeneca”-гийн нэг тунгийн дараа OE ratio 1.29, хоёр тунгийн дараа 1.38 байжээ.
2024 онд “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа Англид амьдардаг 45.7 сая насанд хүрсэн хүнийг судалсан юм. Тус судалгаа зүрхний шигдээс гэх мэт зүрхний эмгэг тусах эрсдэл вакцин хийлгэсний дараа нэмэгдээгүй гэх үр дүн харуулсан байна.
Ковидийн вакцин ба мэдрэлийн эмгэг
2022 онд “BMJ” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд “Одоогийн байдлаар хийгдсэн хоёр том хэмжээний судалгаанаас харвал бид ингэж дүгнэж болно: Нэгдүгээрт, мРНХ дээр суурилсан вакцинууд мэдрэлийн сөрөг үр дагаварт хүргэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбоогүй бололтой. Хоёрдугаарт, Гуллайн Баррын хам шинж (GBS) болон Беллийн саажилтын эрсдэл ChAdOx1 (AstraZeneca) вакцинаар дархлаажуулсны дараа бага зэрэг нэмэгддэг. Гуравдугаарт SARS-CoV-2-ын халдвар нь мэдрэлийн ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргэх хамгийн өндөр эрсдэлтэй” гэжээ.
Дээр дурдсан 2024 онд “Elseiver” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа мөн мэдрэлийн эмгэгийн хамаарлыг авч үзсэн байна. “AstraZeneca”-гийн вакцины анхны тунг хийлгэснээс 42 хоногийн дараа GBS-ийн OE ratio 2.49 байжээ. “Moderna”-гийн вакцины анхны тунг хийлгэснээс 42 хоногийн дараа цочмог тархмал энцефаломиелитийн OE ratio 3.78 байсан аж. Гэхдээ тус судалгаа ковидийн халдвараар өвчилсний дараа мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэл нь өөрөө вакцин хийлгэсний дараахаас 617 дахин өндөр байгааг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл вирусийн халдвар авах нь вакцинаас илүү эрсдэлийг үүсгэдэг гэдгийг харуулж буй.
Эх сурвалж: The BMJ, Science Direct, PubMed, Nature Communications
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pfizer tariulsan bi zugeer l bna oi sanamj ertnii ymaa sanaad bh ym bilee ymar n uhej uregdeed bnaa