ДЭЛХИЙ

Фэйсбүүк террорист агуулгатай контентуудад хориг тавилаа

Шинэ Зеландад террорист халдлага гарснаас хоёр долоо хоногийн дараа Фэйсбүүк компани арьс өнгөний үзэл гаргасан, терроризмыг сурталчилсан агуулгатай контентуудад хориг тавих шийдвэрийг гаргалаа. Фэйсбүүк болон инстаграмын орчинд үндсэрхэг үзэл, нацизм, арьс өнгөний ялгаварлал, салан тусгаарлах үзлийг сурталчилсан, илэрхийлсэн контент бүрийг устгах бөгөөд үүнийг дараа долоо хоногоос эхлэн бүрэн мөрдлөг болгох аж.

Сошиал ертөнцийн томоохон төлөөлөгч болох тус компани цаашид терроризмын эсрэг зогсох хүч чадлаа нэмэгдүүлнэ гэх амлалт өгсөн байна.

Шинэ Зеландад нэгэн эр хоёр лалын шашинтны халдлагад өртөж буй лайв бичлэг фэйсбүүк орчинд цацагдсаны дараа хэрэглэгчид сэтгэлзүйн хувьд дарамтанд орсон гэж тус компанийн зүгээс тайлбар өгөв.

Урьд нь арьс өнгөний ялгаварлал гаргасан утга агуулгатай контентуудад тодорхой хэмжээний зохицуулалт хийдэг байсан ч, бүрэн хорьж, устгагдаггүй байжээ. Харин дээрх явдал тохиолдсоны дараа зөвхөн арьс өнгөний ялгаварлал биш, терроризмыг өөхшүүлэн турхирсан, үндсэрхэг үзэл гаргасан гээд хориг тавих контентуудын төрөлд нэмэлт өөрчлөлт оруулан баталснаа ийнхүү зарлалаа.

Шинэ Зеландын халдлага сошиал ертөнцөөр дамжуулан хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа учир, цаашид терроризмын агуулгатай контентуудыг ил цагаан байршуулах тал дээр илүү хариуцлагатай байхад анхаарахыг нэр бүхий улс орнуудын удирдагчид хэлээд байсан юм. Тус улсын ерөнхий сайд Жакинда Ардерн сошиал ертөнцийн төлөөлөгдчдөд хандаж, “та нар хэвлэн нийтлэгчид болохоос зүгээр нэг шуудан зөөгч биш ” гэж хэллээ.

Фэйсбүүк компанийн мэдээлснээр, 24 цагийн дотор Шинэ Зеландын халдлагатай холбоотой 1.2 сая контентэд хориг тавьж амжсан бөгөөд, 300 мянга гаруй бичлэгийг устгасан байна.

Олон нийтэд хариуцлагатай, чиг баримжаатай мэдээлэл хүргэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, контентуудыг агуулгаар нь ангилж, байршуулах зөвшөөрөл олгодог болсон компанийн тоо ийнхүү нэмэгдэж эхэллээ. Фэйсбүүкээр түүчээлэн Реддит, Стим тэргүүтэй сүлжээнүүд дээрхийн адил арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button