НийгмийнУРЛАГ

Д.Ганбат: “Gangbay” хамтлаг тарсан нь үнэн. Тэглээ гээд бидний нөхөрлөл зогсохгүй

“Ганган цагаан”, “Мamacita”, “Далдад”, “Seen”, “Могжоохон хүү” зэрэг олон уран бүтээлээр нь монголчууд тэр тусмаа залуус сайн мэдэх “Gangbay” хамтлаг таржээ. Энэ талаар тус хамтлагийн гишүүн Д.Ганбатаас тодрууллаа.

ЭНЭ ШИЙДВЭРИЙГ БИ ГАРГАСАН

Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд  хүмүүст хүрлээ

-Та “Gangbay” хамтлаг тарсан” гэж цахим хуудсандаа нийтэлсэн байна лээ. Наргиа байсан уу, эсвэл үнэхээр ийм зүйл болсон юм уу?

-Манай хамтлаг тарсан нь үнэн. Одоо бид хоёр тус тусдаа уран бүтээл хийж байгаа.

-Одоогоос яг жилийн өмнө та хоёр хамтлагаа байгуулсан. Яагаад ийм шийдвэр гаргав?

-Тийм ээ, өнөөдөр яг нэг жил болж байна. Үнэнийг хэлэхэд энэ шийдвэрийг би гаргасан. Тэгээд бусад нь хувийн асуудал болчихож байгаа юм даа.

-Хэзээ ийм шийдвэр гаргасан бэ?

-Ерөөсөө удаагүй байна.

БИД ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ ЦААШИД Ч ҮРГЭЛЖИЛНЭ

-Ийм шийдвэр гаргах танд амаргүй байсан нь мэдээж. Хамтрагч (С.Баянмөнх) нь таны шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Фэйсбүүк, инстаграмаар аймар олон хүн чат бичээд, нервитүүлээд байгаа болохоор энэ талаар яримааргүй байна. Гэхдээ С.Баянмөнх аймар хүчтэй хүлээж аваагүй. 7-8 жил найзласан найзууд болохоор цаашид ч нөхөрлөнө. Ингэлээ гээд бидний нөхөрлөл зогсохгүй.

-С.Баянмөнх цахим хуудсандаа “Сүртэй юм биш шүү дээ, залуусаа. Тус тусдаа хийх юмаа хийгээд л явна” гэж нийтлэсэн байна лээ. Үүнээс харахад таны шийдвэрийг хүндэлж байгаа бололтой.

-Тийм ээ. Бид хоёр СУИС-ийг төгссөн. СУИС, найз нөхдийн хүрээлэл хоёр хуваагдаж буй нь хэцүү санагдаж байна. Зарим нэг нь бид хоёрыг хоорондоо үл ойлголцож гэж шууд дүгнэж байгаа нь анзаарагдсан.

БИД ХОЁРЫН ДУНД ЯМАР Ч ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БОЛООГҮЙ

-Та хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол гарсан уу?

-Огт тийм юм болоогүй. Манай хамтлагийн уран бүтээлийг оюутнууд, сурагчид, залуус голдуу сонсдог. Олон, олон залуус бидний цахим хаяг руу чат бичиж, гоморхож байна.

-Цаашид та хувийн уран бүтээлдээ анхаарах уу. Эсвэл өөр зүйл хийх үү?

-Мэдээж цаашид хувийн уран бүтээлээ хийгээд явна. Гэхдээ миний цаашдын гол зорилго хувийн уран бүтээлдээ анхаарахаас өөр.

ЗОРИЛГОДОО ХҮРСНИЙХЭЭ ДАРАА ЭНЭ ТАЛААР ЯРЬСАН НЬ ДЭЭР

-Нууц биш бол энэ талаараа сонирхуулж болох уу?

-Одоо тэгнэ, ингэнэ гээд яах вэ. Биелүүлснийхээ, зорилгодоо хүрснийхээ дараа ярьсан нь дээр.

-Урлагтай холбоотой юу. Эсвэл өөр чиглэлийнх үү?

-Мэдээж урлагтай холбоотой. Би цаг, мөч бүхнээ урлагт зориулж байгаа.

-Би “Ганган цагаан”-д дуртай. Энэ дууг та хоёр дахиад хамтдаа дуулахгүй гэж бодохоор харамсалтай санагдаж байна. “Хоёулаа хамт дуулахыг нь сонсох юм сан” гэж бодож байгаа хүн олон байгаа нь анзаарагдлаа.

-Одоо тэгээд “Юм сан даа” болоод л дуусаж байх шиг байна.

ХИЙСЭН ЮМТАЙ ХАМТЛАГУУДЫН ДЭРГЭД БИД ХОЁРЫНХ ЮУ Ч БИШ

-Танай хамтлаг “Ганган цагаан”, “Могжоохон хүү”, “Mamacita” зэрэг хит болсон олон уран бүтээлтэй. Нэг жилийн хугацаанд хийж, бүтээснээ хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай хамтлаг өнгөрсөн хугацаанд дөрвөн CD гаргасан. Нэг CD нь дунджаар 10-12 дуутай. Тэгэхээр нийт 50-иад уран бүтээлтэй гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд жилийн өмнө ярьж, зорьсондоо хүрээгүй. Олон жил оршин тогтнож, дөмөгхөн юм хийсэн хамтлагуудын дэргэд бид хоёрынх юу ч биш. Ер нь одоохондоо эхлүүлж ч амжаагүй яваа гэж дүгнэж болно. Хийсэн, бүтээснээ их юманд огт бодохгүй байна. Эр хүний замын хүзүү урт. Цаашид юу ч тохиолдож, ямар ч замналаар явж магадгүй. Үүнийг урьдчилан таах, төлөвлөх аргагүй. Одоо миний ярьж байгааг ярилцлага хэлбэрээр гаргах уу?

-Тэгнэ.

-Би энэ талаар албан ёсоор мэдэгдэл гаргая, хүмүүст зөв ойлголт өгье гэж бодож байсан юм. Амжихгүй яваад байлаа. Тэр бүхнээ энэ ярилцлагаар дамжуулаад хэлчихлээ. Би энэ талаар дахиж ярихгүй. Та хүмүүст эвтэйхэн ойлгогдохоор нийтлэчихээрэй.

-Тэгье ээ. Бололгүй яах вэ.

-Баярлалаа.

-Танай хамтлагийг, та хоёрыг дэмждэг, сонсох дуртай фэнүүддээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Ямар ч байсан уран бүтээлийн чанарт нэг их ялгаа гарахгүй байх. Фэнүүдээ гомдоохгүй, чанартай, гоё уран бүтээлүүд хийхийн төлөө хичээнэ ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-20 18:15

ззззззззззззззззззззззззззззззззззззззззззззззззззз

Холбоотой мэдээ

Back to top button