Т.Доржханд: Сумдын иргэдийн ганцхан санхүүждэг газар нь төсөв болчихсон
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Чухал заалтууд байхгүй байна шүү дээ. Сумдад улс төржилт, талцалд байхгүй болгоно гэсэн байхгүй байна. Өмнөх чуулганаар би тодорхой ярьсан.
Хамгийн чухал нь сумдыг нэгтгэмээр байна. Эдийн засгийн агуулгаар нь ,бүсээр нь ,коридороор нь, хот байгуулалтаар нь нэгтгэж болж байна.
1990-2000 онд Улаанбаатар хотоос асар их хүмүүс орон нутаг руу гарч явсан. Одоо эсрэгээрээ бүгд Улаанбаатарт шавчихсан.
330 сумын нь 50 хувь нь 2000 хүрэх хүн амтай. Ямар ч бизнес, зах зээлийн орчин байгүй. Ганцхан санхүүждэг газар нь төсөв болчихсон. Амьдрах боломж байхгүй. Нэгтгэх асуудал хаана байна. Үүнийгээ ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй юм уу.
Үндсэн хуулийн дараагийн хэмжээний хууль юм. Маш том хууль. Тийм юм бол яагаад асуухгүй байгаа юм бэ. Хүний эрхийн асуудал яах юм бэ. Сүхбаатар, Дорноговийн олон сумдад усны асуудалтай байна. Гэтэл заавал тэндээ амьдар гээд байх юм. Яагаад гэвэл нүүдлийн соёлтой гээд байх юм. Шинэчлэлээ зоригтой хийхгүй юм уу. Хөгжих ямар ч боломжгүй байна шүү дээ. Битүү улс төржилт. Өөрсдөө л дарга болох гээд байгаа болохоос тэр хүмүүсийн амьдралын чанарын асуудлыг яах юм бэ?
Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Таны яриад байгааг УИХ дахь олонхийн бүлэг хийж байгаа. Эхний алхам бол суманд намын бүлэг байгуулахгүй гэсэн. Энэ хуулийн шинээр хийж байгаа цоо шинэ концепц бол боломж олгох. Анх удаа энэ процедур суусан шүү. Одоо нэгтгэх ажлын Засгийн газар хийнэ. УИХ шийдвэрлэнэ. Саад болж болох зүйлийг хуулиас авч хаясан. Өмнө нь иргэдэд үйлчилж байсан үйлчилгээг дордуулахгүй байх зарчим баримталсан. Энэ хууль батлагдсанаар боломж нь нээгдэнэ. Энэ хуулиар аймаг, сум нэгтгэх асуудал шийдэгдэхгүй. Та Засгийн газарт саналаа тавьж болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.