Резидент эмч хос: Ханьтайгаа хамт тусгаарлагдаж ажилласан учир түшигтэй байсан

Резидент эмч нарыг ирэх оноос тогтмол цалинтай болгох юм. Бид тусгаарлах байранд ажилласан резидент эмч хосын яриаг хүргэж байна.
ТУСГААРЛАХ БАЙРАНД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ИЛРЭХЭД САНАА ЗОВЖ, ХҮҮХДЭЭ ИХ САНАСАН
-Ирэх жилээс резидент эмч нар тогтмол цалин авахаар боллоо. Та хоёр сэтгэгдлээ хуваалцаач?
-Өмнө нь гэрээтэй сурч байгаа резидент эмч нар 270 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Харин хуваариа сурч байгаа эмч нар цалингүй ажилладаг байсан. Ирэх оноос бүгд цалин авахаар боллоо. Баяртай байна.
-Та хоёрын нийт хэчнээн удаа тусгаарлалтад ажилласан бэ?
-Би Улсын Гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт резидент эмчээр суралцаж байгаа. Харин гэргий маань дотрын анагаах ухаанаар суралцаж буй. Бид тавдугаар сард болон арваннэгдүгээр сард хоёр удаа тусгаарлалтад хамтдаа ажилласан. Тусгаарлагдаж буй иргэдтэй утсаар ярьж, сэтгэл санаа, биеийн байдлыг нь асууж, зөвлөгөө өгдөг. Мөн тусгаарлах байрны дотоод журмыг тэдэнд хэлж өгдөг байсан.
-Тусгаарлалтад ажиллаж байх хугацаанд хүндрэлтэй зүйл юу байв?
-Хүүхдээ л их саналаа. Дээрээс нь тусгаарлах байранд халдварын тохиолдол илрэхэд их санаа зовсон. Бусад хүмүүс халдвар авчих вий, бид халдвар авчихсан байх вий гэж айдаг юм билээ. Гэхдээ ханьтайгаа ажиллаж байсан болохоор их түшигтэй байсан.
-Хүүхдийг нь хэн харж байгаа вэ?
-Бид 2019 оноос хойш гуравдугаар эмнэлэгт суралцаж буй. Энэ хугацаанд хүүг маань аав, ээж хоёр маань харж өгч байгаа. Тиймдээ ч ажлаа санаа амар хийдэг.
-Тусгаарлалтад ажллаж байгаа тул хичээлээсээ хоцорно. Хичээлийн хоцрогдлоо хэрхэн арилгаж байна вэ?
-21 хоног тусгаарлагдаж, 14 хоног гэрийн ажиглалтад байх тул бидэнд хичээлийн хоцрогдол гардаг тул ажил дээрээ очоод нөхнө дөө. Гэхдээ танхимын сургалт гэхээс илүү дадлагажих сургалтад хамрагддаг болохоор тохиолдол болгон дээр л суралцаад явахыг хичээдэг.
-Нэг тусгаарлалтын байранд хэчнээн эмч резидент эмч ажилласан бэ?
-Анх тавдугаар сард ажиллахад гуравдугаар эмнэлгийн нэг эмч, нэг резидент эмч бид хоёртой ажилласан. Сая арваннэгдүгээр сард бид хоёр хоёулаа л ажилласан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.