НИЙГЭМ

Сонгуулийн компанит ажлын санхүүжилт хяналтын механизм үр дүнгүй байна

Монгол Улсын авлигын орчинд судалгаа хийж, тайлан зөвлөмж гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

Авлигын эсрэг сүлжээ нь 2003 оноос эхлэн бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, тайлан зөвлөмж гаргах, зөвлөмжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж байна.

Гишүүн орнуудын авлигын эсрэг шинэтгэлийн арга хэмжээнд харилцан үнэлгээ хийх замаар дэмжлэг үзүүлж Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон бусад олон улсын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, оролцогч улсуудын холбогдох зөвлөмжийн хэрэгжилтэд мониторинг хийдэг билээ.

Монгол Улсын хувьд 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд элсэн орсноос хойш уг хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлсэн.

Энэ удаагийнх дөрөв дэх шатны хяналт бөгөөд тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүүтэй анхаарлаа хандуулжээ.

19 ЗӨВЛӨМЖ ӨГСНӨӨС ТАВ НЬ ХЭРЭГЖЭЭГҮЙ, ЗӨВХӨН НЭГ ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Ажлын албаны зөвлөх Андрей Кухарук “Бид өмнөх 2015 оны хяналт, шинжилгээгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Хэрэгжилт тун тааруу үнэлэгдсэн. 19 зөвлөмж өгснөөс тав нь хэрэгжээгүй, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн, нэг нь одоо үргэлжилж байгаа бол зөвхөн нэг зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэй байна.

Энэ удаагийн хяналтаар нийт 29 зөвлөмж өглөө. Үүнээс 27 нь шинэ, хоёр нь өмнөх хяналт шинжилгээний зөвлөмж юм. Энэ чиглэлээр олигтой ажил хийгдээгүй учраас дахин зөвлөмжөө өгч байна. Жижиг хэмжээний авлига Монголд аажмаар буурч байгаа боловч ерөнхийдөө авлига түгээмэл байна. Авлигын эсрэг хуулиуд болон үйл ажиллагааны төлөвлөгөө муу хэрэгжиж байна” хэмээн хэлэв.

Зөвлөмжид дурьдсанаар:

Төрийн албанд ажиллагсдын цалин урамшууллын тогтолцоог ил тод болгоход анхаарах

Монгол Улсын хувьд авлига газар авсан шинжтэй байгаа тул улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёс зүйн асуудалд олигтой ажиллаагүй хэмээн үзэж байна. Уг асуудал дээр нэн яаралтай шинэчлэлт хийх

Мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх

Бизнесийн салбарт Засгийн газрын авч хэрэгжүүлж буй санал, санаачилга хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг зөвлөв.

ШҮҮХИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРГЭХИЙГ МОНГОЛ УЛСАД ЗӨВЛӨЖ БАЙНА

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний шинчээж Виталий Каско “Шүүгчид болон шүүх засаглалд хамаарах байгууллагын албан тушаалтнуудын томилгоо гэх мэт шүүхтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад улс төрийн нам, улс төрчид хутгалдан оролцож, уг асуудалд нөлөө бүхий байр суурь эзэлж байна.

Энэхүү тайлангаар,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг томилохоос бусад тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад улс төрийн институтуудыг оролцуулахгүй байх, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоог бэлгэдлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй,

Хэдийгээр хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь шүүхийн даргын үүрэг ролийг хязгаарласан хэдий ч хэргийг хуваарилахтай холбоотой тэдний эрх мэдэл хэвээр байна. Түүнчлэн, шүүхийн танхимын шүүгчид нь тухайн танхимын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдэлтэй байдаг. Тиймээс захиргааны албан тушаалд томилогдсон шүүгчдийн давуу эрх мэдлийг халах,

Мөн шүүх засаглалын санхүүжилт ихээхэн багассан ба үүний улмаас шүүгчдийн орон тооны 30 орчим хувийг нөхөн бүрдүүлэхгүй, албаар хоосон байлгаж байна. Шүүхийн санхүүжилтийг зохистой хэмжээнд хүргэхийг Монгол Улсад зөвлөж байна.

Үүгээр зогсохгүй шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд алдаа дутагдалтай тал байгааг тайланд онцлон тэмдэглэж, шүүгчдийг томилохдоо тэдний туршлага, чадварт үндэслэж байх баталгаатай нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна. Шүүгчдэд ёс суртахуун, авлигатай тэмцэх болон шударга ёсны талаарх сургалтыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн прокурорын байгууллагын гадаад хараат бус байдал болон байгууллага доторхи прокуроруудын бие даасан байдлыг хангах нь Монгол Улсын прокурорын байгууллагын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал юм.

Прокурорын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудал дахь улс төрийн байгууллагуудын оролцоо, тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлахтай холбоотой Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь прокурорын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөллийн ноцтой эрсдэл учруулж байна.

Холбогдох хууль тогтоомжид оруулсан 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үр дүнд прокурорын байгууллага дахь шатлан захирах тогтолцоо өргөжиж, төвлөрөл нэмэгдсэн явдлыг онцлон шүүмжилж байна.

Дээд шатны прокурорын доод шатны прокурорт хяналт тавьж, зааварчлага өгөх эрхийг ул үндэстэйгээр хязгаарлах, хууль бус үүрэг даалгавар, заавраас хамгаалуулах механизмыг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.

Тус тайланд сахилгын тусдаа байгууллага байгуулах, прокурорын удирдлагын бие даасан тогтолцоог бий болгох асуудлыг анхааран авч үзэхийг зөвлөж байна. Монгол Улсад прокуроруудыг ажилд авах, дэвшүүлэхдээ мерит зарчим мөрдөхгүй байгаад анхаарч, мэргэжлийн өндөр ур чадвар, шударга байдал нь прокурорыг томилох, дэвшүүлэхэд баримтлах гол зарчим болгож мөрдүүлэх шаардлагатай.

Авлигын хэрэгт холбогдсон хэрэгт тохирохгүй ял шийтгэл оногдуулж байна. Ингэж торгуулийн хэлбэрийг ашиглаад өнгөрч байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, авлигатай холбоотойгоор их хэмжээний хөрөнгө илрүүлсэн буюу авлига өгсөн авсан хэргийг илрүүлсэн тохиолдолд өгөх ял шийтгэл нь нөлөөлөхүйц, үр дүнтэй байх ёстой.Авлигын хөрөнгийг хураагаад зогсохгүй гэмт этгээдүүдийн өөрийн хөрөнгийг давхар хураах ёстой.

Ингэж тухайн этгээдийн хөрөнгийнх нь эсрэг арга хэмжээ хамт авагдаж байх ёстой. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг дахин хэвийн үйлдэгдэхгүй байхөд нөлөө үзүүлнэ” гэлээ.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ ЗОХИЦУУЛАЛТ МУУТАЙ, ИЛ ТОД БУС, АУДИТАД ХАМРАГДДАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Улс төрийн намын санхүүжилтийн тухайд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний шинчээж Виталий Каско “Улс төрийн авлига бол Монгол Улс дахь авлигын гол асуудлуудын нэг юм. Дээд түвшний хэд хэдэн улс төрч авлигатай холбоотой томоохон хэмжээний асуудалд хутгалдаж, тэр ч байтугай гадаад улсын хуулиар шийтгүүлжээ. Улс төрийн намууд авлигад хамгийн их автсан институцийн нэг гэж тооцогддог.

Авлигын эсрэг стратегид улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин, практикийг сайжруулах хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн хэдий ч холбогдох төрийн байгууллагуудад энэхүү асуудлыг шийдвэрлэж, шинэчлэлт хийх талаар одоог хүртэл санаачлага гаргаагүй байна. Тухайлбал дараах асуудлуудыг онцлон хэлмээр байна.

Үүнд:

Улс төрийн намын санхүүжилтийн асуудлуудад анхаарч шийдвэрлэх чиглэлээр төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа нэлээд сул байгаа бөгөөд энэ хүрээнд дорвитой зүйл хийх шаардлагатай.

Улс төрийн намуудын санхүүжилт зохицуулалт муутай, ил тод бус, аудитад хамрагддаггүй хэвээр байна. Компаниудаас далдуур өгсөн хандив нь улс төрийн намуудыг хувийн санхүүжүүлэгчдээс хараат байдалд оруулж, улмаар тэдний ашиг сонирхолд нийцүүлэн хөдлөхөд хүргэдэг.

Парламентад суудалтай улс төрийн намуудад улсаас өгч байгаа санхүүжилт нь намын санхүүжилтэд идэвхтэй аудит хийх болон санхүүжилтийн ил тод байдлыг бий болгож чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилт илүү зохицуулагдсан аудит хангалттай хийгддэггүй бөгөөд хэвлэгдсэн санхүүгийн тайлан нь шаардлагатай мэдээллийг агуулаагүй байна.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг зохицуулах журмыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаар хуулинд заасан байдаг ч бодит байдалд хэзээ ч хэрэглэгдээгүй байна. Иймээс сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн хяналтын механизм үр дүнгүй, үр ашиггүй байна” гэлээ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button