НИЙГЭМ

ИРГЭН: Эмнэлэгт хэвтсэн маань азгүй хэрэг байлаа

Энэ сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Тэдгээр иргэдийн нэг нь эмнэлгээс гарч, гэртээ гарсны маргааш өдөр нь тусгаарлагдсан бөгөөд хоёул халдварын голомтод ажиллаж байсан хэмээсэн. Эл өдрийн маргаашаас эхлэн ойрын, дам хавьтлын иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар олноороо нэмэгдсээр байна.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГЭЭС ГОЛОМТТОЙ 90 ИРГЭНД ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН-

Өчигдрийг хүртэл иргэд БЗД-ийн эмнэлгийн голомт аюулгүй, зөвхөн тусгаарлагдсан байсан тохиолдлуудаас халдвар илэрсэн хэмээн тайван байсан ч, УОК-ын ээлжит хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус эмнэлгээс хэдийн халдвартай найман иргэн гэртээ харьчихсан байсан, цаашлаад эмнэлгийн голомт хаанаас эхлэлтэй вэ болохыг судалж байгааг хэлсэн билээ. Тиймээс ч өнөөдөр /2020.12.23/-өөс эхлэн Монгол улсад бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлж, зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагын үйл ажиллагаанаас бусдыг хорьсон юм. Өдгөө /2020.12.22/ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомттой 90 иргэний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээд буй бөгөөд өвчтөнүүдийг тусгаарлаж эмчилж буй юм. Мөн тус дүүргийн харьяалалтай 90.000 орчим иргэдийг шинжилгээнд хамруулах ажил өрнөж байна.

Бид тус эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очсон ч, халдвар гарсан учир эрхгүй "хоригдсон” иргэнтэй утсаар холбогдож зарим мэдээллийг авсан юм. Тухайн иргэн хэдийгээр коронавирусийн халдваргүй хэдий ч, голомтод байгаа учир өөрийн өгсөн мэдээллээс болж бусдад гадуурхагдах, цаашлаад хэл аманд өртөхөөс болгоомжлон нэрээ нууцалсан юм.

ИРГЭН: ӨНГӨРСӨН БЯМБА ГАРИГААС ДАВАА ГАРАГ ХҮРТЭЛ ЯМАР Ч ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГЭЭГҮЙ

-Өрөө тасалгаа, коридорт өвчтөнүүд зай барьж байгаа юу. Цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал хэр байгаа вэ?

-Миний харснаар маш хангалтгүй байна. Цэвэрлэгээ үйлчилгээ өнөөдөр /2020.12.22/-өөс л арай гайгүй болж байна.

-Өмнө нь нөхцөл байдал ямар байсан юм бол?

-Ариутгал, халдваргүйжүүлэлт маш муу байсан. Өнгөрсөн бямба гарагаас даваа гараг /2020.12.19-2020.12.22/ хүртэл ямар ч цэвэрлэгээ хийгээгүй. Өнөөдрөөс л арай гайгүй өрөөнд орж ирээд чийгтэй цэвэрлэгээ хийж, хог аваад гарч байна.

-Хоол хэр байгаа вэ, эргэлт оруулж байгаа юу?

-Өдөр 11.30 цагийн үед каш өгсөн. Тэгээд үдээс хойш 03:00 цагийн үед нэг хоол ирсэн. Порц хэмжээ хангалтгүй байна.

-Гэрээс нэмэлтээр эргэлт оруулж байгаа юу?

-Өнөөдөр /2020.12.22/ л оруулаад, түүнээс хойш дахиад эргэлт оруулахгүй гэж хэлсэн.

Ийнхүү уг өвчтөн эмчилгээ орж ирлээ гэсэн тул бидний яриа дуусав.

ИРГЭН Н: ӨДРИЙН ГУРВАН ХООЛ ГЭХ Ч АМТ МУУ, ХЭМЖЭЭ БАГА ХООЛ ӨГЧ БАЙГАА

Түүнчлэн өөр нэг өвчтөн болох иргэн Н-тэй утсаар холбогдлоо.Тэрбээр энэ сарын 14-ны өдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасагт хэвтсэн бөгөөд эл өдрөөс хойш өрөөндөө тусгаарлагдаж буй аж.

-Та өрөөндөө хэдүүлээ байрлаж байгаа вэ?

-Өрөөндөө гурвуулаа байгаа. Халдвар хамгааллын дэглэм сахиж, хоорондын зайг 2.5 метр байхаар байршуулсан.

-Ямар зовуурын улмаас эмнэлэгт хэвтсэн бэ?

-Эгч нь зүрх судас муутай. Даралт ихсээд байдаг юм. Тэгээд хүүхдүүд зөвлөсний дагуу эмчдээ үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Азгүй ч гэмээр эмнэлэгт хэвтээд хоёр өдрийн дараагаас дотоодод халдвар тархсан байж болзошгүй гээд хамгаалалтын хувцастай иргэд өвчтөний тасалгааг сольж, зай бариулж эхэлсэн. Тэгэхэд бага зэрэг сүрдэж байсан. Сүүлд хэвлэлээс сонсох нь эмнэлгийн хариуцлагагүйгээс халдвартай иргэн гэртээ хариад халдвар тараасан гэж сонссон.

-Хэвтэн эмчлүүлэх хугацаанд хоолны чанар, эмчилгээ, цэвэрлэгээ хэр байна вэ?

-Яах вэ. Хоёр цагийн зайтай агаарын сэлгэлт хийж, гэрлээр ариутгаж байгаа. Өдөртөө ямар ч байсан нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Өдрийн гурван хоолтой. Гэхдээ амт муу, порц хангалтгүй. Өглөө каш, зутан, бантан, сүүтэй шингэн будаа гэх мэт хоол өгнө. Өдөр 14:00-:15:00 цагийн үед махан хоол өгч байна. Орой 17:00 цагийн үед шингэн шөл өгч байна. Бичигдсэн эмчилгээг хийж байна. Өдөрт хамгаалалтын хувцастай иргэн орж ирээд халуун хэмжээд гардаг.

-Эмнэлгээс хэзээ гарах боломжтойг хэлсэн үү?

-Гурван удаа шинжилгээ авна гэсэн. Одоогоор нэг л шинжилгээ өгсөн байна. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй нь.

-ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД, ЭМЧ НАР ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААНЫ ЦАЛИНГАА АВНА-

-Гэрээсээ эргэлт авч байв уу?

-Хоёр удаа авсан. Эргэлтийг хоёр цаг хэртэй үүдэнд байлгасны дараа тасалгаанд хүнээр зөөлгөж байх шиг байсан. Зөвхөн хуурай идэх зүйл болон ариун цэврийн хэрэгсэл, амны хаалт нэмэлтээр оруулсан. Би нарийн зүйлсийг нь сайн мэдэхгүй байна гэсээр утсаа салгалаа.

Дээрх иргэд хоёул нийтлэг эмнэлгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, хоолны чанарт сэтгэл ханамжгүй байсан бөгөөд цаашид халдварын хумихын тулд иргэдийг хэдий хугацаанд хэвтүүлэхийг ч мэдэхгүй байдалтай байгаагаа ийн илэрхийллээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмнэлгийн ажилчид, эмч нарыг шинэ эмнэлэгт тусгаарласан гэх бөгөөд эмнэлэгт хэвтэх хугацааны цалинг хэвийн олгоно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button