ДЭЛХИЙ

Украйн улсын ерөнхийлөгчийн сонгуульд комедиан эр саналаар тэргүүлж явна

Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж байна. Тус улсын төрийн тэргүүн Петро Порошенко улиран сонгогдохоор өрсөлдөж байгаа ч урьдчилсан байдлаар комедиан Володимир Зеленский санал асуулгыг тэргүүлж байна. Тус хоёр нэр дэвшигчээс гадна ерөнхий сайд асан Юлия Тимошенко нар кампанит ажлынхаа үеэрээ Европийн холбооны бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байсан юм. Оросын талыг дэмжигч нэр дэвшигчдийн аль нь ч хүчтэй өрсөлдөгч болж чадахгүй байна. Аль нэг нэр дэвшигч ням гариг гэхэд 50 хувиас илүү санал авч чадахгүй бол хамгийн их саналтай хоёр нэр дэвшигч 4 дүгээр сарын 21-нд болох хоёр дахь шатны санал хураалтад оролцоно. Нийт 39 нэр дэвшигч байгаа ч эхний гурван санал асуулгыг тэргүүлэгчид сонгогдох магадлал хамгийн өндөртэй байна. Украйны ерөнхийлөгч улсынхаа аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлого зэрэгт маш их эрх мэдэлтэй байдаг учир хагас ерөнхийлөгчийн засаглалтай ч гэж яригддаг байна.

ГЭНЭТИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ КОМЕДИАН ХЭН БЭ?

41 настай Володимир Зеленский нь өөрийн егөөдлийн телевизийн шоугаа бодит болгохыг зорьж байгаа нэгэн. Түүний телевизийн нэвтрүүлэгт энгийн нэг залуу хахуулийн эсрэг тэмцэж ерөнхийлөгч болдог тухай гардаг байна.

BBC-ийн сэтгүүлч Жонах Фишерийн мэдээлж буйгаар тэрээр сонгуулийн кампанит ажлын хэвшмэл байдлыг эвдсэн бөгөөд ямар ч уулзалт цуглаан зохион байгуулаагүйгээс гадна маш цөөн тооны ярилцлага өгсөн. Мөн шинэлэг болон бусдаас өөр байх гэдгээс өөр ямар нэгэн улс төрийн үзэл бодол илэрхийлээгүй гэжээ. Түүний сошиал медиагийн өргөн хэрэглээ нь залуу сонгогчдыг татдаг байна. Мөн хэлний асуудал эмзэг байгаа энэ үед түүний Орос, Украйн хоёулангаар нь ярьдаг байдал нь Оросоор голчлон ярьдаг Украйны зүүн хэсгээс дэмжлэг авахад нь тусласаар байгаа юм. Урьдчилсан байдлын үр дүнг харахад тэрээр нэг дүгээр шатнаас гарах нь тодорхой бөгөөд одоогийн ерөнхийлөгч Порошенко эсвэл экс ерөнхий сайд Тимошенко нарын аль нэгтэй нь хоёр дугаар тойрогт өрсөлдөхөөр байна.

КОМЕДИАНЫ ӨРСӨЛДӨГЧИД

53 настай Порошенко нь“Арми, Хэл, Итгэл найдвар” гэсэн уриатайгаар өрсөлдөж байгаа. Тэрбээр цэргийнхэнд дэмжлэг үзүүлснээр Украйны зүүн хэсгийн салан тусгаарлагчдыг намдааж чадсан гэж ярьдаг байна. Мөн тэр Европийн холбоотой гэрээ байгуулсан бөгөөд үүн дотор Украйнчуудыг визгүй зорчуулах эрх тусгагдаж байсан. Түүнчлэн бүрэн эрхийн хугацааны үеэр Украйны үнэн алдартны сүмүүд ОХУ-ын хяналтаас гарж чадсан. Гэсэн хэдий ч түүний кампанит ажлыг авлигын хэрэгт буруутгаж байгаа.

Гурав дахь хүчтэй өрсөлдөгчөөр экс ерөнхий сайд 58 настай Юлия Тимошенко явж байна. Тэр 2004 оны “Orange Revolution буюу Улбар шар хувьсгал”-д гол үүрэг роль гүйцэтгэж байсан бөгөөд үүний ачаар Европийн холбоотой холбоотон болох анхны том түлхэц болж байсан. Мөн 2010,  2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан.

ОХУ-ыг дэмжигч нэр дэвшигчдийн тэргүүнд яваа Юрий Бойко ОХУ-тай харилцааг эргээд хэвийн болгоно гэж амлаад байгаа ажээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button