НИЙГЭМ

Шинэ жилээр ажлын байрны бэлгийн дарамт эрс ихэсдэг

Сүүлийн жилүүдэд ажил олгогчид, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр ажилтнуудын Шинэ жилийн баярыг угтан хамт олныхоо ололт амжилтыг тэмдэглэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулах болсон. Тийнхүү тэмдэглэхдээ их хэмжээний архи, согтууруулах ундаагаар дайлах соёл нэмэгдэж үр дүнд нь ажилтнуудын дунд биеэ боловсон бус авч явах, улмаар бусдад дарамт үзүүлэхэд хүргэж байна. Тодруулбал, ажилтнуудын дунд албан тушаал ахиу нэгнээс бэлгийн дарамт мэдрэх, элдвээр өдөж хоргоох нөхцөлд орох асуудал ил, далд яригдах болсон.

Ажлын байрны бэлгийн дарамт (АББД) баяр ёслолын үеэр үлэмж хэмжээгээр нэмэгддэг нь ганц Монголд ч биш, гаднын улс орнуудад ажиглагддаг аж. Өмнөд Солонгос улсад нийт АББД-н 46% нь ажлын хамт олноороо ажлын бус цагаар наргиж цэнгэх үед “Хүйшиг жари” (회식 자리) үйлдэгддэг гэх судалгааг тус улсын Гэр бүл хөгжлийн яамнаас танилцуулжээ. Манайд ч ялгаагүй, гэхдээ байгууллагын шинэ жил бол бэлгийн дур хүслээ илэрхийлэх оргил үе нь яах аргагүй мөн. Энэ талаар өгүүлэх жишээ ч олон бий.

АББД-ын хохирогч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд хаана хандаж, хэрхэн гомдол гаргахаа мэддэггүйгээс таслан зогсоох дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Үүнээс гадна АББД-ын тодорхойлолтыг ч хүртэл сайн мэддэггүй, зөвхөн бэлгийн хүчирхийллийг үүнд хамаатуулж ойлгодог. Гэтэл “Бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.7-д заажээ.

Шинэ жилээр ийнхүү дарамтад өртсөн цөөн эх сурвалжийн жишээг хүргэж байна.

-“Шинэ жилээр дунд шатны менежертэйгээ нэг баг болж тэмцээнд ороод ялтал намайг нүүр нүд, энгэр цээжгүй үнссэн. Бүр тайзан дээр шүү. Бэлгийн дарамт үйлдэгчдийг биш, хохирогчдыг буруутгах хандлагатай манайх шиг нийгэмд бол би л дээд албан тушаалтнаа “өдөж хоргоосон”, “өөрөө дуртай байсан”, “аальгүй эмэгтэй” гэж харагдсан. Эсрэгээрээ хэрэв алгадаад авсан бол “сүртэй юм, унтаж хэвтье гэсэн биш, баярын өдөр эр хүнийг элдэвлээд” гэх байсан биз.”

-“Тээр жил баярлаж дуусаад гэртээ иртэл дарга залгаж “Захирлууд ууцгааж байна, ир” гэж үүрэгдсэн. Эелдгээр татгалзтал “Хар багаасаа сэхсэн амьтан бэ чи” гээд тасалсан.”

-“Манай сонинд дэргэдүүр нь өнгөрөх бүрийд л гоё сайхан харагдаж байна гээд, Оросоор магтаад, эвгүй санагдтал ширтээд байдаг хижээл насны ах байсан юм. Шинэ жилээр хажуудаа суухыг урьж “Алив дүү, нэг тулгая” гэснээ хөгжим чанга байсныг хэлэх үү толгойг минь налуулж ирээд ингэж хэлсэн, “Чам шиг сайхан эмэгтэй ийм хүнд ажил хийх ёсгүй, гэхдээ чи маш сайн ажиллаж байгаа. Тийм болохоор ажлыг нь хөнгөлөх талаас нь ах нь бодолцоно оо. Орой тараад цаашаа явна биз дээ, бүгд явна. Санаа зоволтгүй ах нь гэрт нь бүрэн бүтнээр нь хүргээд өгнө өө”. Айсан хэрнээ худлаа инээгээд, толгой дохичхоод босоод явсан. Тэгээд дараа нь бараг булан тойрч зугтаад харьсан. Тэр цагаас хойш нийтэч биш, хамт олны ажлаас хойш суудаг, зожиг гэж шоглодог болсон.”

Байдал бүр дордчихоогүй бол ажлын байрны бэлгийн дарамтын хохирогч болсон тухайгаа бид дуугардаггүй. Ихэвчлэн шахагдаж, хавчигдсаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх замыг сонгодог. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаагаа ч мэдэхгүй эмэгтэйчүүд байсаар байгаа нь бузар булайг таслан зогсоох ажлыг хойш татаж буй. Байгууллагын соёл өндөр хөгжсөн орнуудад хөдөлмөрийн гэрээнд бүр хавсралт нэмж зөвхөн ажлын байрны бэлгийн дарамтын талаар зааж өгдөг. Хохирогч болсон тохиолдолд хэнд хандах, ямар арга хэмжээ авах тухай нарийн мэдээлэл, зааварчилга үүнд бий. Ойрын хөрш Өмнөд Солонгосоос жишээ татахад, жилд дор хаяж хоёр удаа сэргийлэх, мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг нь 90 хувийн үр нөлөөтэй байдаг аж.

Нийт хохирогчдын 97.5 хувь нь эмэгтэйчүүд, дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэй, 87.4 нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтай байдаг тул бүсгүйчүүдээ төлөөлөн бичлээ. Энэ бол зөвхөн бидэнд мэдэгдэх тоо. Гомдол зарга үүсэж, цаасан дээр бүртгэгдсэн тохиолдлын тоо. Үүний цаана нүдээ аниад, тэвчээд өнгөрсөн хэдэн тохиолдол байгаа вэ, бид мэдэхгүй.

Зохих хэмжээнд эл асуудал шийдвэрлэгдэхгүй болохоор сав л хийвэл л өдөж хоргоох хүсэлтэй, давруу хүмүүс олширчээ. Хохирогчийн нэр төр, хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалах хүний нөөцийн бодлогоос эхлээд хууль журмаар баталсан нарийн журам, хэрэгжүүлэлт бидэнд дутагдсаны илрэл болов уу. Бусдыг хүсээгүй байхад үйлдэгддэг сэтгэл санаа, бие, цаашлаад гэр бүлийн харилцаа, ажиллах таатай орчинд сөргөөр нөлөөлдөг уг үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага бий болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-25 18:24

Энгэр заам, с�##�таа саамаа л нуучих. Тэгээд асууд�##�гүй.

Иргэн
Иргэн
2020-12-26 22:30
Reply to  Зочин

Садар самуунд дуртай дарга нар нь хэдэн хүүхнээ хөөгөөд гүйчихдэг юм байх даа. Ийм ч дарга удирдлага байх гэж дээ

иргэн
иргэн
2020-12-26 20:39

Хатуу шийтгэл хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button