ДЭЛХИЙ

Машинд дайруулсан ч ГЭМТДЭГГҮЙ танк хочит хуягт цох

Зарим амьд организмуудын биеийн хачирхалтай бүтцүүд нь тэдэнд хүнд орчин нөхцөлөөс амьд гарахад нь тусалдаг. Тухайлбал тардигрейд гэх бичил амьтан -273°-аас 150° цельс температур, хортой цацраг туяанд өртсөн ч амьд үлдэж чаддаг. Эрдэмтэд уг чадварыг нь “Dsup”-тэй (Damage suppression protein/Гэмтэл багасгах уураг) холбон тайлбарладаг юм.

Тэгвэл одоо хүнд орчин нөхцөлөөс амьд гарч чаддаг өөр нэгэн организмын талаар сонирхоцгооё. Phoeodes diabolicu буюу Төмөр хуягт диаболик  гэдэг нэртэй цох яг л жижиг хэмжээний танк шиг. Дээгүүр нь машин гарсан ч амьд үлддэг, ихэнх махан идэшт амьтдын эрүүний ясыг хуга авах бат бөх хуягтай аж. Төмөр хуягт цох нь Хойд Америкийн цөлөрхөг нутгаар амьдардаг. Бусад цохтой харьцуулахад харьцангуй хавтгай биеийн хэлбэртэй юм.

Диаболик цохны уг гайхалтай чадварын нууцыг тайлахаар эрдэмтэд хуягийн бичил зураг, 3D модель, компьютерын загвар ашиглажээ. Судлаачид хуягийн жижиг хэсгүүдийг холбодог даралт шингээх чадвартай бүтэц илрүүлжээ. Чухам энэ холбоосны ачаар тэр их даралтыг тэсвэрлэж чаддаг ажээ.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Давид Кисайлус хэд хэдэн судлаачидтай хамтран диаболик цохны даралт тэсвэрлэх чадварыг тодорхойлох туршилт хийсэн байна. Туршилтын үр дүнд Диаболик цох өөрийн биеийн жинг 39 мянга үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний даралтыг тэсвэрлэх чадвартай гэдгийг илрүүлжээ.

Диаболик цохны хуяг дээд, доод гэсэн хоёр хэсгээс бүрддэг аж. Тус хоёр хэсэг нь захаараа солбицон холбогдсон байдаг юм байна. Цохын биеийн өөр өөр хэсэгт энэ холбоосны хэлбэр ялгаатай байдаг гэнэ. Амин чухал эрхтнүүд байрладаг биеийн урд хэсэгт нь уг холбоос хувцасны цахилгааны шүд шиг хэлбэртэй бүтэц үүсгэдэг байна.

Харин биеийн ар хэсэг нягт бус холбоостой учир хуягийн дээд,доод хэсгүүд бага зэрэг хөдөлдөг юм. Мөн диаболик цохны үе мөчүүдийн заадас ар нуруу хүртэл явдаг бөгөөд тэнд хүрээд хоорондоо уургаар холбогддог ажээ.

Ийм учир диаболик цохыг гүрвэл гэх мэт амьтан зажилж чадахгүй зөвхөн залгих л сонголттой үлддэг байна.Энэ хатуу бие нь шавж судлаач нарт мөн хүндрэл учруулдаг байна. Учир нь судлаачдын ашигладаг зүүг диаболик цохны хуяг мурийлган хаядаг гэнэ.

Төмөр хуягт диаболик цохны бүтцийг судлан, санаа авснаар илүү бат бөх нисэх онгоц, машин эсвэл гүүр бүтээж болох юм.

Үнэндээ бол хүн төрөлхтөн бид үргэлж байгаль, ан амьтныг ажиглаж, тэднээс суралцсаар ирсэн билээ. Леонардо-ДаВинчи, хэдийгээр тэр “нисдэг машин” зохиож чадаагүй ч шувуудын анатомийг анхлан судалж, хэрхэн нисэж буйг нь ажигладаг байв.  Хожим нь түүний дэвтрийг үзэхэд шувуудаас ажигласан зүйлсээ тэмдэглэн зурсан зургууд нь янз бүрийн “нисдэг машин”-ны загварууд болж зурагдан үлджээ. Тэгвэл 21-р зуунд Леонардо-ДаВинчигийн адилаар байгалиас санаа авч, дизайны шийдэл гаргадаг салбарыг “Биомимэтикс” гэж нэрийдэх болсон аж.

Тэгвэл одоо “Биомимэтикс”-ын хэд хэдэн гайхалтай жишээг авч үзэцгээе.

Бөгтөр халимны сэлүүрээс санаа авсан нь

36 тонн жинтэй амьтан сэлж чадах бүү хэл далайн гүнээс харайн гарч ирдэг гэвэл та итгэх үү. Тэгвэл Бөгтөр халим үүнийг өдөр тутам хийдэг, харин нууц нь сэлүүрт нь бий. Бөгтөр халимын сэлүүр товгор хэсгүүдтэй байдаг.

Үүнээс сэдэл авч “WhalePower tubercle technology” компани товгор хээ бүхий салхинаас эрчим хүч нөөцөлдөг сэнс хийсэн бөгөөд жирийн сэнснээс их энерги нөөцөлдөг, илүү чимээ багатай шийдэл болж чаджээ.

Японы хурдан галт тэрэг ба чадварлаг загасчлагч

Япон улс дэлхийд хурдан галт тэргээрээ алдартай. Харин галт тэрэгний дизайнд нэг асуудал бий нь урт туннелиэс гарч ирэх болгондоо маш чанга дуу гаргадаг явдал юм. Галт тэрэгний толгой туннелиэр урагшлах явцдаа урд хэсэгтээ өндөр даралт бүхий агаар хуримтлуулдаг. Ийн тунелиэс галт тэрэгний толгой цухуйх мөч мөчид мөнөөх агаар хүчтэй ялгарч, ийн чанга дуу гаргадаг аж.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр инженерүүд Нохой шогшир шувууны хошуунаас санаа авчээ. Нохой шогшир шувуу нь агаараас ус хуу шумбахдаа харьцангуй бага хэмжээний ус цацруулдаг байна. Ийн түүний хошууны хэлбэрийг хуулбарлан галт тэрэгнийхаа толгойн дизайныг өөрчлөхөд урьдынхаасаа 15% бага цахилгаан зарцуулдаг, 10% хурдан шийдэл бий болсон юм.

Шумуулын хошуунаас санаа аван зүү хийв

Шумуулын хатгалтыг бид төдийлэн мэдрээд байдаггүй билээ. Энэ нь чухамдаа шумуулын хошууны бүтэцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хошуу долоон ширхэг хөдөлдөг хэсгээс бүрддэг, өвөрмөц бүтэцтэй. Долоон хэсгийн хоёрыг нь шумуул хошуугаа арьсанд бэхлэхэд ашигладаг ба өөр хоёр хэсэг нь арьс руу удаанаар шигдэн орж “сорох хэсэг” орох нүх үүсгэдэг аж. Тэгвэл 2011 онд эрдэмтэд үүнээс санаа аван гурван хөдөлдөг хэсэгтэй зүү бүтээсэн ба хатгах үед мэдрэгдэх өвдөлт нь ердийн зүүнээс хавьгүй бага гэнэ.

Аварга загасны хайрснаас санаа авав

Халимны арьсан дээр том том мөөгөнцөр ургадаг бол аварга загасны арьс огт тэгдэггүй аж. Үүний учир нь аварга загасны арьсан дахь бичил бүтэц юмсанж. Аварга загасны арьсыг электрон микроскопоор харвал сонирхолтой хээ үзэгддэг ба уг хээг дуурайлган хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг зүйлс дээр сийлэхэд зарим бактерийн тоог 94 хувиар бууруулсан байна.

Усан дотор наалддаг цавуу

Их сонин сонсогдож байгаа болов уу. Хясаанууд далайд амьдардаг хэр нь ээ чулууд болон усан онгоцны ёроолд наалддаг. Энэ нь тэдний ялгаруулдаг тусгай уурагтай холбоотой болохыг судлаачид илрүүлжээ. Хамгийн гайхалтай нь хясааны ялгаруулдаг цавуу нь наалдаж байгаа зүйлээсээ тасарсан ч буцаад наалддаг чанартай юм байна. Энэ чанар нь цавууны найрлаган дахь нэгэн амин хүчлийн үйлчлэл юм. Уг амин хүчил нь төмөртэй маш хүчтэй холбогддог бөгөөд, холбоо тасарсан ч буцаад холбогддог аж.  Тэгвэл Дани улсын эрдэмтэд энэ бүтцийг хуулбарлахаар судалгааны ажил хийж байгаа юм.

Энэ мэт маш олон "Биомиметиксийн" жишээ дурдаж болно. Инженерүүд санаа авч болох түм буман амьтад байгаль дэлхийд оршин буй учраас ирээдүйд ямар гайхалтай дизайны шийдэл олдохыг таашгүй билээ.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button