Хулгайн замаар орон нутаг руу зорчвол автомашиныг нь хураах хүртэл арга хэмжээ авна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг хугацаанд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хориотой байгаа. Гэвч шалган нэвтрүүлэх товчооноос тойрч, иргэдийн ярьж заншсанаар хулгайн замаар орон нутгийг зорьсон зөрчил цөөнгүй илэрч байна.
Ийм ч учраас Тээврийн цагдаагийн байгууллага “Хулгайн зам” шалгалтын үйл ажиллагааг эхлүүлжээ. Үүний хүрээнд Өмнөговь аймаг руу хүн тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон зорчигч болох 41 хүнд зөрчлийн хэрэг нээн шалгаж буй гэх мэдээлэл байна. Мөн Дархан-Уул аймаг руу зорчсон 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч, зорчигч болох 29 иргэнд мөн зөрчлийн хэрэг нээсэн гэх.
Үүнтэй холбогдуулж хөл хорионы дэглэмийн зөрчсөн гэдэг агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д заасны дагуу тээврийн хэрэгслийг нь хураан авах хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.