Нийгмийн

“KFC”-гийн иргэдийг хохироосон асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

KFC рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон нь нийгмийг цочоосон. Учир нь KFC бол Улаанбаатар хотод 12 салбартай, залуучууд, хүүхдүүд, залуу гэр бүлийн очих дуртай томоохон газар билээ.

Хордлогын улмаас ХӨСҮТ-д 150 гаруй иргэн хандсанаас 42 хүн хэвтэн эмчлүүлж, хөнгөвтөр шинж тэмдэгтэй иргэд гэрээрээ эмчилгээ авсан. Холбогдох байгууллагууд тухайн салбарт хяналт шалгалт хийж, мэдээлэл өгсөн. Бид энэ удаад KFC-гийн асуудал хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.   

-KFC ЗАЙСАН САЛБАРЫН АСУУДАЛ ДҮҮРГИЙН МХГ ШАЛГАГДАЖ БАЙНА-

Бид эхлээд ШӨХТГ, МХЕГ, Хан-Уул дүүргийн МХГ-т тус тус хандаж холбогдох албан тушаалтнуудаас тодруулга мэдээлэл авахыг зорьсон юм.

ШӨХТГ: Манайд дээр гурван иргэн хохирол барагдуулах гомдол ирүүлсэн. Ингээд Нийслэлийн прокурорын газарт бүртгүүлээд хэрэг үүсгээд явья гэтэл прокурорын газраас харьяалалын дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэх чиглэл өгсөн. Тэгэхээр одоо KFC-гийн асуудал дүүргийн мэргэжлийн хяналтын газар шалгагдаж байгаа. 

МХЕГ: “KFC Зайсан салбар болон бусад салбаруудад хийсэн хийсэн хяналт шалгалтын ажлын явц дууссан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Иргэд хордсон нөхцөл байдлын шалгалтын дүн ХӨСҮТ-тэй хамтран гарна. Энэ долоо хоногт багтаад эцэслэгдээд гарна” гэлээ.   

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МХГ: “Одоогийн байдлаар хохирогчийн тоо, хохирлын хэмжээг тогтоож улмаар зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.Манай зүгээс бүх зүйлийг тодорхой болгохоор хуулийн дагуу ажил явагдаж байна. Хан-Уул дүүрэгт KFC-гийн гурван салбар байдаг. Зайсан салбарыг хаасан, бусад салбар дээр ямар нэгэн зөрчил тогтоогдоогүй учраас хэвийн ажиллаж байгаа” гэлээ. 

-ТА ЦААШИД KFC-ГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ҮҮ-

ИРГЭН О.А /30 настай, эмэгтэй/: Өмнө нь бол KFC-д байнга ордог байсан. Одоо ч гэсэн үйлчлүүлэхээс татгалзсан юм алга. Энэ бол зөвхөн Зайсан салбарын нэг ажилтан цусан суулга өвчний нян тээж халдварлуулсан тохиолдол гэж харж байгаа. Тэр ажилчныхаа эрүүл мэндийн асуудлыг шийдээд, ариутгал энэ тэрээ сайн хийчихвэл асуудалгүй гэж бодож байна.

ИРГЭН Б.Д /38 настай, эмэгтэй/: Хүүхдийнхээ төрсөн өдрөөр ихэвчлэн KFC-д ордог байсан. Одоо бол орж чадахгүй ээ. Бага насны хүүхдүүдтэй  гэр бүлд хордлогын асуудал хүндээр туссан. Хамгийн түрүүн өмнө нь ямар азаар гэр бүлээрээ хордлого авчихгүй үйлчлүүлээд байсан юм, одоо ороод ингэж хордвол яана гэж бодогдсон. Хүүхдүүд тэдний тахианы амталгаанд нь илүү их татагддаг. Хүүхдүүддээ бас өөрсдийнх нь ойлгох түвшинд тайлбарлаж өгсөн.

ИРГЭН Ж.Б /41 настай, эрэгтэй/: KFC –гийн сурталчилгаа хүүхдүүдийг маш ихээр татдаг. Тийм ч учраас аав, ээжээсээ KFC орьё гэж гуйдаг. Гадуур ангийнхантайгаа явахаараа KFC-д ордог. Одоо ийм нөхцөлд манай гэр бүл хэсэгтээ татгалзана гэж бодож байна. Гаргасан алдаагаа засаад, үйл ажиллагаагаа стандартын дагуу явагдаж байгаагаа олон нийтэд нээлттэй байлгаж чадвал хүүхдүүдээ дагаад л дахиад очно доо. /инээв/  

ИРГЭН Ц.С: /23 настай, эмэгтэй/: KFC-гийн 25 эмийн сангийн салбараар уржигдар үйлчлүүлж найзуудтайгаа Тендер багц идсэн. Бид нар хоорондоо “цусан суулга тусвал яана аа” гээд тоглоом шоглоом хийгээд л хооллосон. Гайгүй л байна. /инээв/ Хамгийн гол нь бид нар цаг их оройтсон учраас 24 цагийн салбарт очсон юм. Ер нь бол үйлчлүүлэгчид болон ажилчид нь ч цөөрсөн байна лээ. Нэг л эл хуль байх шиг санагдсан. 

Бид дээрх мэдээллийн дараа “Таван богд” групп руу холбогдож хариуцсан албан тушаалтнуудаас тодруулга авахыг хүссэн юм. Эхний харилцаа хийгдэж нөхцөл байдалтай уялдсан таван асуултад хариулт авахаар тохиролцсон. Гэвч KFC хариуцсан маркетингийн мэргэжилтэн “Хариуцсан хүмүүстэй холбогдоод хариу өгье” гэсэн ч бид хариултаа  авч чадсангүй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button