НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Худалдааны бодлогогүй Монгол” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар “Худалдааны бодлогогүй Монгол” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан, Монголбанкны дэргэдэх “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн захирал С.Дэмбэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нарын салбарын экспертүүд болон сэтгүүлч, бизнес эрхлэгчид оролцсон юм.

Хэлэлцүүлгийг iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа удирдан зохион байгууллаа.  

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл худалдаа, бизнесийн салбараас парламентад хөл тавьсны хувьд энэ сегмэнтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллах зорилготой буйгаа илэрхийлдэг. Энэ ч хүрээнд зөвхөн гадаад, дотоод гэлтгүй, Монгол Улсын хэмжээн дэх ерөнхий худалдааны процесс өөрөө нэгдмэл биш, зардал өндөртэй, чирэгдэл ихтэй байгаа асуудлыг тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хөндсөн юм. Мөн оролцогчид өөрсдийн санал, дүгнэлтүүдийг хэллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл Монгол Улс энэ чиглэлд, бүр тодруулбал гадаад худалдааг дэмжиж, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлоход маш олон бодлого баталж байсан ч өнөөдрийг хүртэл тэднээс дорвитой хэрэгжсэн нь үгүй гэдгийг онцолж байв.

Тэрбээр “Энэ хэлэлцүүлгийн нэр Худалдааны бодлогогүй Монгол гэж байгаа ч миний хувьд худалдааны бодлогын илүүдэлтэй Монгол гэж хэлмээр байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд хангалттай их бичиг цаас баталсан. Жишээ татахад, 2018 онд баталсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд анализ хийж үзэхэд маш муу байсан.

Экспорт, импортын 90:10 гэдэг харьцааг хэзээ 80:20, хэзээ 70:30 болгох юм бэ гэдгээ бид зорилтот байдлаар тодорхойлж, үүнийхээ араас үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Бид дэлхийн эдийн засгийн хөгжлийн замаас гажиж болохгүй, гэтэл хэт эх оронч маягийн үзэл баримтлалууд манай бодлогын бичиг баримтад суудаг болсон. Гол үр дүндээ хэзээ хүрэх вэ гэдгээ яг таг тодорхойлж, үүнийхээ төлөө системтэй, бүлэглэсэн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх нь зөв” гэлээ.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ер манай улсад худалдааны асуудлыг хариуцдаг, төвлөрсөн нэг институц байдаггүй, уг салбар орхигдсон, хаягдсан дүр зурагтай явсаар ирсэн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

О.Амартүвшин “Нэг хэсэг худалдааны бие даасан яам байх нь зүйтэй гэж асуудлыг нэлээд хөндөж ярьсан. Өнөөдөр худалдааны салбар хөгжихгүй байгаа нь бодлогын хувьд эмх цэгцгүй явсаар буйгаас үүдэлтэй. Гадаад, дотоод худалдаа гэж ялгах биш нэгдсэн худалдааны ойлголтоо ярихгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ковидын нөхцөл байдал бүтэн жил үргэлжлэхэд худалдаа, үйлчилгээний салбар эзэнгүй байгааг бид харлаа шүү дээ. Тэгэхээр нэгдсэн нэг бодлоготой, хариуцсан салбар нэгжтэй байх шаардлагатай байна” хэмээж байв.

Мөн энэ үеэр саяхан Үндэсний хөгжлийн газрын Дэд даргын албан тушаалд томилогдоод буй эдийн засагч Б.Дөлгөөн асуудлыг хоёр суурь хэсэгт ялгаж авч үзэв.

Түүнийхээр худалдааны салбарт тулгамдаад буй нэг дэх асуудал бол дэд бүтэц аж. “Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргая гэхэд дулааны, цахилгааны, тээврийн гэхчлэн дэд бүтцийн асуудлууд тулгамдаж ирдэг. Экспортын хувьд ч бид тээврийн өндөр зардалтай улс. Эдгээр сул тал нь эргээд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод өрсөлдөх чадварыг бууруулдаг” гэж байв.

Харин хоёрдугаарт, дотоодын компаниуд гаднын орнуудын Нөү-Хауг оруулж ирж, нутагшуулах нь чухал асуудал болоод буй гэнэ. Түүний дурдсанаар Эдийн засгийн цогц байдлын индекст гадаадын зах зээлд хөрөнгө санхүү гаргахаас илүү бараа бүтээгдэхүүн гаргаж буй чадвараар нь өрсөлдүүлдэг гэдгийг Б.Дөлгөөн онцлов.

Мөн Монгол Улсын Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг “Бид худалдаан бодлогын дутагдалд орчхоод байна. Сүүлдээ хонины нэхий хүртэл үнэгүйдэж, ноолуураа ч бүрэн ашиглаж чадахгүй байдалд хүрчихлээ.

Хамгийн  гол нь бодлогууд маань орон зай, бүсчлэлийн стратеги барьж чаддаггүй. Энэ чиглэлд маш их зохицуулалттай, харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй. Жишээ  татахад Увс аймгийг зүгээр нэг аймаг гэж биш баруун бүсийн хөдөлмөрийн хуваарь гэж, түүнээс ч том зургаар нь харах хэрэгтэй. Дээрээс нь аймгууд дээр ажиллах хүч дутдаг. Энэ асуудлыг ч бодлогоор зохицуулах хэрэгтэй” гэдэг санааг дэвшүүлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон бусад бизнес эрхлэгчдийн тухайд ложистик тээвэрлэлтийн болон НӨАТ-ын тухай асуудлыг хөндөж байв. Ложистик манай улсад төвөгтэй, зардал өндөртэй хийгддэг. Гадагш нь бараа бүтээгдэхүүн экспортлох гэхээс илүү дотоодын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн урсгалаа ч чирэгдэлгүй, цаг хугацааны алдагдалгүй явуулж чаддаггүйг онцолж байлаа. Нөгөө талд НӨАТ улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг тул Сангийн яам өөрчлөлт хийх дургүй байдаг ч нэр томъёоны болон дагалдах зарим асуудлуудад шинэ салхи оруулж ирэх цаг болсон гэдэг дээр оролцогчид санал нэгдэв.

Ингээд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, цаашид ч мөн уг салбарт тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо чөлөөтэй солилцож, илэрхийлж байхыг олон нийтэд хандан уриалсан юм.

Тэрбээр “Дүгнэж харахад  бид асуудлыг олон талаас нь авч үзэж байгаа ч үндсэн нэг байр суурьтай байгаа нь харагдаж байна.

Бид ОХУ-руу бараа, бүтээгдэхүүн гарахад 40, 50 хувийн татвар төлдөг. БНХАУ руу гэхэд боловсруулсан барааг дээд тал нь 37-40 өөд хувийн татвар төлж гаргана. Гэтэл эргээд манай улс 15-18 хувийн л татвар авдаг. Эдгээрийн цаана том асуултын тэмдэг харагдаж байна. АНУ, БНХАУ хоёр улс 10 хувийн татвараа 25 болгож нэмэхэд “Худалдааны дайн” гэж ярьж байна. Гэтэл бид 40 хувийн татвар төлж байгаа хэр нь ээ найрсаг харилцаатай улс гэж ярьдаг. Энэ бүхэн уг салбарт нэгдмэл бодлого дутагдаж байгааг харуулж байна. Японы зөвхөн худалдаа биш эдийн засгийн төлөвлөгөө хийдэг газар нь “Худалдаа” гэдэг нэртэй байдаг. Ерөөс бараг худалдаа гэдэг бол эдийн засаг юм байна.

Хэлэлцүүлэгт оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.

Ташрамд дурдахад, энэ баасан гаргийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Цогтгэрэл гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button