Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хөл хорионы үеэр ажилласан нэртэй орлогогүй болсон "БАРС”-ын наймаачид

Хөзөр тоглож байх зуур лангууг нь эзгүйчлэн тагтаа савтай будаанаас тоншиж байгааг хэн ч анзаарах сөхөөгүй. Харин олны хөлд дарагдаад хөл гишгэх зайгүй байдаг “Барс худалдааны төв”-ийн дотогш ортол “Заа юу авах вэ, асуугаарай” гэж худалдагчид найр тавьж, зарим нь цаас дэлгэн хүнсний дэлгүүр, цайны газруудын захиалгыг хайрцаглаж байв.

Бид хамгийн түрүүнд чихрийн лангууны худалдагчтай уулзлаа.

Хэдий хорио тогтоосноос хойш үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй ч үйлчлүүлэгч багатай байгаа талаараа худалдагч эмэгтэй ярьсан юм.

Тэрбээр “Аравдугаар сараас энд лангуу түрээсэлдэг болсон юм. Гэтэл сарын дараа хөл хорио тогтоож, үйлчлүүлэгчгүй болсон. Хөл хорио суларсан ч хүн багатай л байна. Өдөртөө 100 мянган төгрөгийн орлоготой. Сайн өдөр бол 200 мянган төгрөгийн орлоготой байна. Шинэ жилээр ч иргэд чихэр худалдаж авахаа байсан байна лээ. Ууттай бэлэг л их авдаг болж. Уг нь цагаан сараар хүмүүс чихэр их авдаг. Даанч цагаан сар энэ жил дахиад л болохгүй нь. Хөл хорионы үеэр нөхөр маань ажилгүй байсан болохоор бид хоёр олсон орлогоор зээлээр авсан чихрийнхээ мөнгө, түрээсээ төлөөд үлдсэнийг нь амьдралдаа зарцуулдаг байсан. Одоо чихрийн компаниудад 6 сая төгрөгийн өртэй. Энэ сарын орлогоосоо төлнө дөө” хэмээн учирласан юм. Лангуу нь хаалгатай ойрхон тул их хүйтэн байв. Та өдөржин зогсоод даарч байна уу гэхэд “Гайгүй ээ, монгол гуталдаа эсгий улавч дэвсээд өмсчихсөн” гээд инээх нь тэр. Гэтэл,

“-Энэ чихэр килограмм нь хэд вэ?

-20 мянган төгрөг.

-100 граммыг авъя.

-Заа” хэмээн үйлчлүүлэгчийн заасан чихрийг граммлалаа.

Бид цааш мах, хиамны лангуун дээр очиж, иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар тодрууллаа. Бидний очсон лангууны худалдагчид эхнэр, нөхөр ажээ.

Тэд “Хүн муу байна. Ажиллаж байгаа ч түрээсээ ч хийж чадахгүй байна. Хөл хорио тогтоосон анхны өдөр хүн ихтэй байсан ч тэр хүмүүс чинь бидэн дээр биш гурил будаа, ахуйн хэрэглээн дээр ирсэн. Бид хүний хөлд дарагдаад, орлого ихтэй байсан юм бол байхгүй ээ. Хүнсний дэлгүүрүүд QR код авч чадаагүй гээд ирж бараа авах нь ховор байсан. Хиам, зайдсыг түгээлтийн машинууд жижиг дэлгүүрүүдэд аваачаад өгчихдөг болсон болохоор бүр наашаа зорьж ирэх хүмүүс ч багассан. Бид онгорхой байсан нэртэй л болохоос орлогогүй л байлаа. Хөл хорио тогтоосноос борлуулалт 60-70 хувь буурчхаад байна. Өмнө нь 2-3 сая төгрөгийн орлоготой байдаг байсан бол одоо 200 мянган төгрөгийн орлоготой байна. Хүн сайтай ганц нэг өдөр бол 600 мянган төгрөгийн орлоготой. Хүнд цаг үе гээд Барс зах ч түрээслэгч нарынхаа төлбөрийг хөнгөлсөн юм алга. Манайх сард түрээсэндээ 1.978.000 төгрөг төлдөг. Харин бараа таталтын хувьд долоо хоногт гурван удаа бага, багаар нь татдаг. Хүнсээ зээлээр аваад дараа сард нь тооцоогоо хийдэг гэх үү дээ” гэсэн юм.

Тэдний лангууд хиам, зайдаснаас гадна, шилтэй салат, хоол амтлагчууд байлаа. Хүн багатай байгаа болохоор бага бараа татаж, лангууныхаа талыг хаачихсан байгаа аж. Гэвч тухайн хоосон талбайнхаа түрээсийг өгч байгаа гэнэ.

Харин бидний очсон дараагийн газар бол хүнсний ногооны лангуу. Худалдагчдын ихэнх нь яриа өгөхөөс татгалзаж, байсан ч хүнсний ногооны худалдагч Б бидэнд яриа өгсөн юм.

Тэрбээр мөн “Тэг зогсолт хийнэ гэсэн сургаар сүрхий ирж ногоо авдаг. Тэгээд дараа өдрөөс нь бараг л хүн ирдэггүй юм. Хөл хорио сулруулсан ч хүнгүй л байна. Зарим өдөр 2, заримдаа 3 шуудай ногоо захиалж авдаг ч өдөртөө дуусдаггүй. Хамгийн их гардаг ногоо нь төмс л байна. Сүүлийн үед яахав монгол сонгино хүмүүс их авч байна. Өдөрт дунджаар 100 гаруй мянган төгрөгийн орлоготой. Муу өдрөө бол 50 мянган төгрөгийн орлоготой ч байдаг. Яахав хагас, бүтэн сайнд бусад өдрөө бодвол арай дээр. Гэхдээ орлого багатай ч гэсэн ажиллаж байгаа болохоор учиртай л байна” гэсэн юм.

Мөн махны лангуугаар ороход худалдагчид авчирсан мах нь өдөртөө дуусдаггүй хоёр хонож байж дуусдаг талаар ярьсан юм. Тэд иргэдийн худалдан авах чадвар муу байгааг онцолсон юм. Иргэд бага, багаар нь авах сонирхолтой байдаг аж. Иймд тэд ёстой махыг жижиглэсэн байлаа. Нэг өдрийн хоолны мах авдаг иргэд маш их байдаг гэнэ. Хамгийн багадаа 200 гр, хамгийн ихдээ 7 килограммаар мах авдаг аж. Махны лангууны нэгэн худалдагч бүсгүй “Би өдөрт гурван ширхэг хонины мах, адууны нэг ширхэг гуя авчирдаг юм. Гурван хонины махаа өдөрт нь зарж дуусгадаггүй. Заримдаа бүр хоёр хоноод ч дуусдаггүй. Мөн адууны гуя ч ялгаагүй ээ. Энэ өчигдрийн адууны мах дуусаагүй байна” хэмээн лангуун дээр байгаа мах руу заав.

Тэндээс гараад бид ахуйн барааны лангуу руу алхлаа. Бас л ихэнх худалдагч яриа өгөхөөс татгалзаж байсан ч бид үүдний лангууны худалдагчаас яриа авав.

Тэрбээр “Хөл хорионы үед Барс зах түрээсээ уян хатан болгоогүй ээ. Би хамгийн жижиг талбайг нь түрээсэлдэг. 375 мянган төгрөг төлдөг юм. Ихэнх том компаниас бараагаа зээлээр авчихдаг. Хувь хүнээс бол заавал бэлэн мөнгөөр бараагаа авна. Одоо 4 гаруй сая төгрөгийн зээлтэй байгаа. Орлогоосоо бага багаар нь өгдөг юм. Иргэдийн хувьд нойлын цаас, оо, саван, угаалгын нунтаг л их авч байна. Авахдаа жижиг савлагаатайг нь авч байх жишээний. Том угаалгын нунтаг бол бүр гарахаа ч байсан. Хөл хорио сулруулсан ч хөл хорио тогтоосонтойгоо адилхан хүн муутай л байна. Зарим иргэд бэлэн мөнгөөр тооцоо хийж л байна. Бэлэн мөнгөөр тооцоо хийе гэхэд нь би авахгүй ээ гэх нь хэцүү. Ер нь орлого багатай байхад би бэлэн мөнгө авахгүй ээ гэж хэлээд зогсдог хүн байдаг юм уу. Аманд орсон шар тосыг хэлээр түлхэж байгаагаас ялгаагүй л болчихно шүү дээ” гэв. Мөн тэрбээр бидэнд худалдагчид жижүүрийн хуваарь гарган, өдөрт дөрвөн удаа бусад худалдагчдынхаа халууныг үздэг талаар хэлсэн юм.

Бид Барс захаас гарч, гурил будаа, гоймонгийн лангуун дээр очлоо.

Нэгэн худалдагч “Хөл хорионы үеэр ажилласан ч гэсэн хүнгүй байсан. Одоо л нэг хүн ирж байна гээд нэгэн эмэгтэй рүү заалаа. Тухайн эмэгтэй цайны газар ажиллуулдаг аж. Тэрбээр худалдагчтай мэнд мэдээд, хоёр шуудай 25 килограмм нэгдүгээр гурил, 15 литр тос, нэг цайны идээ, хөөлгөгч, дөрвөн уут давс, таван ширхэг сүү, гурван уут гоймон, таван уут хуурай сүү авна гэж хэлээд, өрийн дэвтэрт нэрээ бичүүллээ.

Ингээд бид хажуугийн лангууны хоёр худалдагчтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

Тэд “ Өнөөдрөөс л жаахан хөдөлгөөн орж байна. Түүнээс биш бид ажиллаж байгаа нэртэй түрээсээ төлөөд сууж байна. Хамаг хүн гэртээ хорогдчихсон болохоор хэн ирэх билээ. Нэг удаа цайны газруудыг нээх шийдвэр гарсныг санаж байгаа байх. Тэгэхэд маш олон цайны газар биднээс зээлээр хүнс авсан. Гэтэл буцаагаад үйл ажиллагааг нь хаачихсан болохоор бидний төлбөрийг одоог хүртэл өгөөгүй л байна. Нэхэхээр жил жигдрэхээр өгье гэх л юм” гэснээ өрийн дэвтэр рүүгээ заалаа. 200.000, 700.000 төгрөг хараад хөөх гэтэл энэ юу ч биш 1.082.000 мянган төгрөгийн өртэй хүн байгаа гээд заах нь тэр. Тэд үргэлжлүүлэн “Хамгийн их гарч байгаа юм нь будаа, гурил л байна. Өө, тийн хөөлгөгч их гардаг болсон.  Бас ч гэж Барс зах арваннэгдүгээр сарын түрээснээс 15 хувь хассан болохоор учиртай байна. Орлого багатай ч яаж ийж байгаад л түрээсээ төлнө дөө” гэв.

ХУДАЛДААЧИД КОРОНАВИРУСЭЭС АЙХГҮЙ БАЙНА

Зарим худалдагч түрээс хөнгөлсөн гэж байсан бол зарим нь хөнгөлөөгүй гэж байлаа. Харин уулзсан бүх худалдагч хөл хорио тогтоосон үед хүн багатай байсан талаар ярьсан юм. Мөн хөл хорио сулруулсан ч өмнөх шиг ээ л хүн багатай байгаа аж. Иргэд хүнс болон ахуйн бараагаа бага багаар нь мөнгөндөө тааруулан авч байгааг тэдний ярианаас анзаарсан биз ээ. Мөн амьдрахын төлөө, түрээсээ төлөхийн төлөө тэмцэж буй худалдаачид коронавирусээс айхгүй байгаа бололтой. Учир нь орлого багатай байгаа тул иргэд бэлэн мөнгөөр тооцоо хийе гэхэд нь авахгүй гээд зогсож чадахгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button