ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Энэ жил тохиох одон орны ТОМООХОН үзэгдлүүд

Өнгөрсөн жилд хүн төрөлхтөн бид үзэсгэлэнтэй “Neowise” сүүлт од, бүтэн нар хиртэлт болон амьдралд нэг тохиолдох Бархасбадь, Санчир хоёрыг давхцлыг харсан билээ. Энэ жил ч гэсэн хэд хэдэн гайхалтай одон орны үзэгдэл болох аж.

Хоёрдугаар сарын 11: Сугар, Бархасбадь хоёрын давхцал

Өнгөрсөн жил Бархасбадь болон Санчир гарагуудын 1623 оноос хойш хамгийн ойртож харагдсан давхцал болсон билээ. Тэгвэл ирэх сард Сугар, Бархасбадь гарагууд нар мандахаас 20-30 минутын өмнө ойртож харагдах юм байна. Гарагууд тэнгэрийн хаяаны зүүн өмнөд хэсэгт давхцах юм. Үнэндээ тэр үед Сугар гараг дэлхийгээс 117 сая км зайд, харин бархасбадь гараг 898 сая км хол байх аж. Энэ үзэгдэл нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасаас илүү сайн харагддаг юм байна.

Дөрөвдүгээр сарын 16-аас 25: “Lyrid” солирын бороо

Энэ солирын бороо дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас илүү сайн харагдана. Та 16-аас 25-ны хооронд цагт 10-аас 15 солир харах боломжтой байх юм. Тус солирын бороог харахад хамгийн тохиромжтой цаг нь сар шингэх мөчөөс үүр цайх хооронд юм. “Lyrid” солирын бороо заримдаа цагт 100 хүртэл солир үзэгддэг гэнэ. Гэхдээ хэзээ цагт харагдах солирын тоо ихсэхийг тооцоолох тийм ч амаргүй байдаг аж. “C/1861 G1 Thatcher” сүүлт одноос эвдэрч унасан хэсгүүд үүсгэдэг гэнэ. “Lyrid” солирын бороо нь хүн төрөлхтний хамгийн эрт бүртгэсэн бороонуудын нэг юм. Хятадын одон орон судлаачид МЭӨ 687 онд анх “Lyrid” солирын бороог бүртгэсэн байдаг.

Тавдугаар сарын 26: Сарны бүтэн хиртэлт

Өмнө нь 2019 оны нэгдүгээр сард сар бүрэн хиртэж байсан. Харин ирэх тавдугаар сард Австрали, АНУ, Зүүн Өмнөд Ази, болон Өмнөд Америкийн баруун хэсэгт сар бүтэн хиртэж харагдах юм. Бүтэн хиртэлтийн үед сар улбар шар болон улаан туяатай харагддаг учраас “Цуст сар” гэж нэрийддэг болсон байна. “Time and date” сайтад мэдээлсний дагуу Улаанбаатар хотод 20:38 минутад сарны тал хиртэлт харагдах аж.

Уг үзэгдлийг тэнгэрийн хаяаны зүүн өмнөд хэсэгт бага зэрэг өндөрлөг газраас харахад тохиромжтой гэнэ. Та тавдугаар сарын 26-нд болон сарны бүтэн хиртэлтийн шууд дамжуулалтыг энд дарж үзэж болно.

Зургаадугаар сарын 10: Бөгж хэлбэрийн нар хиртэлт

“Цуст сар” үзэгдсэнээс хоёр долоо хоногийн дараа бөгж хэлбэрийн нар хиртэлт болох товтой байна. Уг үзэгдлийг ОХУ, Гренланд, Канадын хойд хэсэгт байгаа хүмүүс бүтнээр нь харах юм. Харин Хойд Ази, Европ, АНУ-д амьдардаг хүмүүс тал хиртэлт л харах ажээ. “Time and date” сайтад мэдээлснээр бол Улаанбаатар хотод 19:20 минутад сарны тал хиртэлт эхэлж 20:14:52 гэхэд сар нарыг хамгийн их хэмжээгээр хаах болно.

Хиртэлтийг тэнгэрийн хаяаны баруун хойд хэсгээс харахад тохиромжтой юм. Гэхдээ тал хиртэлтийг харахдаа хамгаалалтын хэрэгсэл ашиглах хэрэгтэй гэдгийг Америкийн Оптиметрийн Холбоо анхааруулжээ. Та зургаадугаар сарын 10-ны өдөр бөгж хэлбэрийн нар хиртэлтийн шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Наймдугаар сарын 2: Санчир гараг дэлхий, нар хоёртой нэг шугамд жагсана

Ирэх наймдугаар сард нар, дэлхий, санчир гараг нэг шугамд жагсах юм. Энэ үзэгдлийг одон орон судлаачид эсрэгцэл хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий нар, санчир гараг хоёрын дунд орох юм байна.“Royal Observatory”-д мэдээлснээр нарны аймгийн гарагууд эсрэгцэлд орох үед хамгийн тод харагддаг ажээ. Тус өдөр санчир гарагийн бөгж, сарууд хүртэл харагдах юм байна.

Наймдугаар сарын 11-ээс 12: “Perseid” аймгийн солирын бороо

Энэ солирын бороо нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээс сайн харагдах юм.Ирэх наймдугаар сарын 11-ээс 12-ны хооронд гарах хавирган сар эрт шингэх тул тус солирын бороог харахад тохиромжтой тэнгэртэй шөнө тохиох аж. “Perseid” солирын бороо нь шөнө дунд ойртох тусам илүү сайн харагдаж эхэлдэг юм. Дэлхий “109P/Swift-Tuttle” сүүлт одноос салсан жижиг хэсгүүд дунд ороход “Perseid” солирын бороо үзэгддэг гэнэ. “Griffith Observatory”-оос мэдээлснээр бол тус шөнө цагт 83 хүртэл солир харах боломжтой ажээ.

Арван нэгдүгээр сарын 19: Сарны тал хиртэлт

Энэ жил хоёр удаа сар хиртэх юм байна. Арван нэгдүгээр сарын хиртэлт нь Хойд болон Өмнөд Америк, Австрали, Европ болон Ази тивийн ихэнх хэсгээр үзэгдэх аж. “Time and date” сайтад мэдээлснээр бол Улаанбаатар хотод 17:11 минутад сар хиртэж харагдах юм байна. Тавдугаар сарын хиртэлттэй харьцуулбал 2021.11.19-ний хиртэлт нь сарны ихэнх хэсгийг хамрах ажээ.

Тус хиртэлтийг өндөрлөг газраас тэнгэрийн зүүн хойд хаяанаас харахад тохиромжтой гэнэ. Энэ жилийн хоёр дахь сарны хиртэлтийн шууд дамжуулалтыг эндээс үзэж болно.

Арван хоёрдугаар сарын 13-аас 14: Ихрийн ордны солирын бороо

Ихрийн ордны болон “Perseid” аймгийн солирын бороо жил болгон тохиолддог гэдгээрээ онцлог. Ихэнх солирын бороо нь дэлхий сүүлт одноос үлдсэн огторгуй дахь олон хэлтэрхий дунд “орох” үед болдог. Гэхдээ Ихэрийн ордны солирын бороо үүнээс өөр, 5 км урттай “3200 Phaethon” гэх энгийн нэг солироос үүсдэг гэнэ.

Уг солирын бороог дэлхийн аль ч хэсгээс харж болох боловч бөмбөрцгийн хойд хагаст илүү сайн үзэгдэх ажээ. “Griffith Observatory”-д мэдээлснээр бол тус шөнө цагт 150 хүртэл солир үзэгдэх юм гэнэ. Энэ жил Ихрийн ордны солирын бороог харах хамгийн тохиромжтой үе нь 14-ны өглөө сар шингэсний дараа юм байна.

Эх сурвалж: Smithsonian magazine, timeanddate.com, earthsky.org

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button