МУТАЦЛАГДСАН ВИРУСИЙГ СУДЛАХАД: Шинэ вирус ямар эрсдэлүүдийг дагуулж болох вэ

Өнгөрсөн сараас хойш мутацлагдсан коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдээд байна гэх мэдээлэл түгээд буй билээ. Тэдгээр хувилбаруудын мутац нь вакцинд тэсвэртэй болгодог гэсэн баримт олдоогүй байгаа юм. Харин үүнээс тэс өөр эрсдэл дагуулж магадгүй болоод байна.
Яагаад коронавирус мутацд орж байна вэ? Учир нь тус вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ /вирусийн ДНХ/ байдлаар оршдог. Хүний эсэд коронавирус халдварлаж ороод өөрийн РНХ-ээ олшруулдаг. Уг РНХ-г олшруулах явц дунд алдаа гарснаар вирус мутацд ордог байна.
2020 оны арван хоёрдугаар сард Бразил улсын Манаус хотод бүртгэгдэх “КОВИД-19”-ийн тохиолдол нэмэгдэж эхэлсэн аж. Энэ явдал “Imperial College London”-ы вирус судлаач Нуно Фариаг их гайхшруулжээ, учир нь тэрбээр тохиолдлууд нэмэгдэж эхлэхээс өмнөхөн Манаус хотын оршин суугчдын 75 хувь нь “SARS-CoV-2” вирусээр халдварласан тухай судалгааны ажил “Science” сэтгүүлд нийтлүүлээд байсан юм. Хамгийн гол нь 75 хувь гэдэг бол сүргийн дархлаа тогтоход хангалттай хэмжээ. Манаус хотод цар тахал төгсөх ёстой байсан. Гэсэн хэдий ч тус хотод эмнэлгүүд дүүрч эхэлсэн аж. Гайхсан Фариа “Энэ хоёр зүйлийг холбож ойлгоход хэцүү байна” хэмээсэн юм. Ингээд тэрбээр өөрчлөлтөд орсон вирусийн хувилбар тус хотод дахин нэг давлагаа үүссэний шалтгаан болсон эсэхийг олохоор сорьц цуглуулж эхэлжээ.
Сорьцыг судлаад юу олов?
Фариа хэд хэдэн эрдэмтэдтэй хамтран тус судалгаагаа явуулж эхний дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (2021.01.12) “Virological.org” веб сайтад нийтэлжээ. Тэд Манаус хотоос арван хоёрдугаар сарын дундуур 31 сорьц цуглуулж шинжилснээс 13-т нь P.1 нэртэй коронавирусийн шинэ хувилбар илэрсэн аж. Нэмж судалгааны ажил хийх хэрэгтэй ч эрдэмтдийн дүгнэснээр бол шинээр давлагаа үүссэний боломжит нэг шалтгаан нь зарим хүмүүст P.1 хувилбар халдварлахдаа тэдний дархлааны хариу урвалаас бултсан байж магадгүй гэнэ. Вирусийн шинэ хувилбар ингэж дархлаанаас “бултах” нь илүү их хүн “КОВИД-19”-өөр өвчилж, батлагдсан вакцинуудад хэзээ нэгэн цагт шинэчлэл хийх шаардлагатай болох магадлалтай юм.
ДЭМБ-ын эрдэмтэд өнгөрсөн 12-ны өдөр хуралдаж коронавирусийн мутацлагдсан хувилбаруудын талаар хэлэлцүүлэг хийсэн байна.Мөн ДЭМБ-ын “КОВИД-19”-ийн Онцгой байдлын хороо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2021.01.14) хуралдаж шинэ хувилбаруудын цар тахалд үзүүлэх үр нөлөө гэх мэт зүйлсийн талаар ярилцжээ. Тус хороо дэлхийн улс орнуудад “SARS-CoV-2” вирусийн шинэ хувилбаруудын геномын дарааллын тухай мэдээллээ хуваалцаж тус мутацуудын талаар илүү ойлголттой болоход туслахыг уриалсан байна.
P.1 хувилбар нь B.1.1.7 төрөлтэй адил олон улсаар тархаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2021.01.11) тус хувилбар Япон улсад бүртгэгдсэн. P.1 хувилбар нь Өмнөд Африкт анх бүртгэгдсэн 501.Y.V2 хувилбарт илэрсэнтэй төстэй мутацуд агуулж байгаа. Гэхдээ эрдэмтэд судалгаа явуулж Өмнөд Африкт илэрсэн B.1.1.7 хувилбар вакцинд тэсвэртэй биш гэдгийг нотолсон билээ.
Бусад эрдэмтэд ямар бодолтой байна вэ?
Эдгээр шинэ хувилбарууд цар тахалд хэрхэн нөлөөлж байгаа гэдэг нь тодорхой биш байгаа. Оксфордын их сургуулийн халдварт өвчний тархвар судлаач Оливер Пибус, Манаус хотод дахин үүссэн давлагаанд P.1 хувилбар ямар ч хамаагүй зүгээр л хүмүүсийн дархлаа муудсан байж болно хэмээсэн юм. Хэрвээ тус төрөл шинээр гарсан давлагаанд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзвэл P.1 хувилбар нь заавал дархлааны хариу урвалаас зайлсхийж чаддаг бус B.1.1.7 төрөлтэй ижил илүү халдварлах чадвартай байж магадгүй хэмээн Пибус нэмж хэлжээ.
Мөн “London School of Hygiene & Tropical Medicine” судалгааны газрын хийсэн тооцоогоор бол Өмнөд Африкт илэрсэн 501.Y.V2 хувилбарын халдварлах чадвар 50 хувиар нэмэгдсэн эсвэл халдварласан таван хүн тутмын нэгийнх нь дархлааны хариу урвалаас бултаж байна хэмээн дүгнэжээ.
Өнгөрсөн баасан гарагт (2021.01.1) болсон ДЭМБ-ын хэвлэлийн бага хуралд доктор Майк Райан “Вирусийн шинэ хувилбарыг гол шалтгаан гэж шууд хэлж болохгүй. Бидний зан үйлдэл ч мөн хамаатай” хэмээн хүмүүсийн зан байдлын өөрчлөлт шинэ давлагаа гарахад том нөлөө үзүүлдэг хэмээсэн юм.
Харин “Scripps Research” судалгааны газарт ажилладаг Кристиан Андерсен “Тус хувилбаруудад илэрсэн N501Y мутац өөр мутиациудтай хамтарч халдварлах чадвар ихэсгэдэг байх магадлалтай” хэмээсэн байна. N501Y мутац нь P.1, B.1.1.7, 501.Y.V2 хувилбаруудад илэрсэн бөгөөд вирусийн спайк уурагт гарсан өөрчлөлт юм. Гэхдээ тус мутац халдварлах чадвар нь нэмэгдээгүй хувилбаруудад ч гэсэн илэрсэн учир Андерсен тэгж хэлжээ.
Вакциныг шинэчлэх шаардлагатай юу?

ДЭМБ-ын вакцин судлаач Филип Краузын хэлснээр бол одоогийн байдлаар вакцинд тэсвэртэй шинэ хувилбар бүртгэгдээгүй байгаа аж. Гэхдээ тэрбээр “Муу мэдээ гэвэл вирусийн хурдтай хувьслын үр дүнд вакцинд тэсвэртэй төрөл илүү эрт үүсэж магадгүй” хэмээн нэмж хэлсэн юм. Хэрвээ тэсвэртэй төрөл гарч ирлээ гэхэд вакцинуудыг өөрчлөх хэрэгтэй болно. Хэд хэдэн вакциныг амархан өөрчилж болох ч зөвшөөрөл авахын тулд хэр үр дүнтэй, аюулгүй вэ гэдэг талаарх мэдээллээ эхлээд бүрдүүлж өгөх шаардлага гарч магадгүй.
Тиймээс одооогоор вирусийн мутац нь вакцинд тэсвэртэй болох бус дахин дахин халдварлах чадвартй болж буй нь л дэлхий дахинд илүү аюул учруулж байгаа юм.
Эх сурвалж: Science Mag
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.