Вьетнам сурагчид агаар цэвэршүүлдэг унадаг дугуй бүтээжээ


Вьетнам улсын дунд сургуулийн сурагчид унадаг дугуйнд суурилуулж болдог агаар цэвэршүүлэгч бүтээсэн тухай Viet Nam News агентлаг мэдээлжээ. Тэд сургууль руугаа хүрэх замдаа утаанаас хамгаалах маск үргэлж зүүдэг агаад, үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр дахиж маск зүүх хэрэггүй болно гэж ярьсан аж.
Тан Лон ахлах сургуулийн гурван найз Да Лат хотод уг агаар цэвэршүүлэгчийнхээ сүүлийн загвар дээр зургаан сар ажилласан юм байна. Унадаг дугуйн урд бариул дээр суурилуулах зориулттай уг цэвэршүүлэгч нь дотроо зай хураагуур болон, агаар шүүгчтэй. Энэ нь гурван давхар даавуун шүүгчээс тогтох бөгөөд мөн том ширхэгтэй тоосонцруудыг шүүх идэвхижүүлсэн нүүрсэн давхаргатай юм байна. Харин урд дугуйны ойролцоо бэхлэгдсэн сэнснүүдтэй уг агаар шүүгч нь холбоотой байх аж.
Дугуйг унахад сэнс ажиллан агаарыг хуйлруулж бариул дээр бэхлэгдсэн агаар шүүгч рүү өгөх бөгөөд, улмаар хүүхдийн амьсгалах агаар шүүгдэн цэвэр болох механизмтай.

Уг агаар цэвэршүүлэгчийн туршилтад хамруулж, үр дүнг нь хэмжихэд гайхалтай үзүүлэлт харагдсан байна. Тухайлбал, тоос тоосонцрын 86 хувийг, азотын давхар ислийн 63 хувийг бүрэн шүүж байгааг тогтоосон аж.
Тус сургуулийн физикийн багш Фам Гиа Сам уг агаар цэвэршүүлэгчийг хэд хэдэн хотуудад туршиж үзсэн бөгөөд, итгэл даахуйц найдвартай хэмээн ярьжээ.
Гэвч энэхүү агаар шүүгчтэй унадаг дугуйн санаа цоо шинэ биш юм байна. Урьд өмнө Данийн уран бүтээлч Даан Роозергард “утаагүй унадаг дугуй” нэртэй ийм төсөл дээр хэдэн жилийн турш ажиллаж байсан аж.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.