НийгмийнЯрилцлага

Б.Гантулга: Хүмүүс багын зургийг минь Н.Ононг гэж андуурахад нь ер тоодоггүй

-Багадаа “Хүүхдийн төлөө фонд”-ын нүүр царай, од явлаа-

Үндэсний бөхийн зодог, шуудаг өмсөн, Цэдэнбал Филатовагийн хажууд тормолзон, хэвлүүхэн сууж буй хүүгийн зургийг та бүхэн өмнө нь харж байсан нь дамжиггүй. Энэ зураг танд шууд хэнийг санагдуулдаг вэ. Ингэж асуухад олонх хүн “Гавьяат жүжигчин Ононг” гэж андуурдаг. Үнэндээ энэ зургийн эзнийг Б.Гантулга гэдэг. Зураач мэргэжилтэй түүнийг таван настай байхад нь, 1982 онд энэ зургийг авчээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны гэргий Цэдэнбал Филатова “Хүүхдийн төлөө фонд”-ыг удирддаг байхад нүүр царай нь болж, багадаа од явсан Б.Гантулгатай ярилцлаа.

ХАНДИВЫН ТОГЛОЛТЫН ҮЕЭР Н.ОНОНТОЙ ТУХТАЙ УУЛЗАХ БОЛОМЖ ГАРААГҮЙ

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Гантулга гэдэг. Улаанбаатар хотод амьдардаг. Таван хүүхэдтэй. Одоохондоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

-Зураач мэргэжилтэй юм билээ. Одоо зураг зурж байгаа юу?

-Уран бүтээл хийхгүй байгаа.

-“Хүүхдийн төлөө фонд”-ын хандивын тоглолтод та оролцсон. Тэр үеэр гавьяат жүжигчин Н.Ононтой тухтай уулзсан уу?

This image has an empty alt attribute; its file name is gantulga-7.jpg

-Намайг оролцох үеэр Н.Онон хөтөлж таарсан. Тоглолтын шууд дамжуулалтын үеэс өөрөөр тусдаа уулзаагүй. Хандивын тоглолтыг шууд дамжуулсан болохоор тухтай уулзах боломж гараагүй.

-Хооронд нь андуурдаг хүнтэйгээ уулзах та хоёрт сонирхолтой байсан нь мэдээж. Гавьяат танд юу гэсэн бэ?

-Н.Онон надад юм хэлээгүй ээ. Хандивын тоглолтоос хойш нэлээд хэд хоногийн дараа надтай утсаар холбогдоод “Зургийг нь фэйсбүүктэй нийтэлж болох уу” гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тэрбээр өөрийг нь гэж андуурдаг зургийн хамт миний тухай фэйсбүүктээ бичсэн байна лээ.

ХҮМҮҮСИЙН БУРУУ ОЙЛГОЛТЫГ ЗАЛРУУЛЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ

-Хүмүүс багын зургийг тань Н.Онон гавьяаттай андуурахад ямар санагддаг вэ?

-(Инээв). Ямар ч мэдрэмж төрдөггүй. Фэйсбүүкт андуураад биччихэж, сайтад ташаа мэдээлчихэж гэж хүмүүс надад хэлдэг л юм. Би фэйсбүүк ашигладаггүй. Манай хүүхдүүд “Аав аа, тийм мэдээлэл гарч, ингэж бичиж” гэж хэлэхэд нь ер тоодоггүй, ач холбогдол өгдөггүй. “За, яах вэ” л гэдэг.

-Хүмүүсийн буруу ойлголтыг залруулъя гэж бодож байсан уу?

-Ёстой тийм бодол төрж байгаагүй. Миний багын зураг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Тийм болохоор ерөөсөө тоодоггүй.

-Багийнхаа зургийг одоо харахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ. “Нээрэн Ононтой адилхан ч юм уу” гэж бодогддог уу?

-Тэгж бодогддоггүй.

-Та хоёрын нүд их адилхан.

-Тийм байх. Бага байхад л төстэй байсан байж магадгүй. Одоо бол тэс өөр л дөө.

ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВА ГУАЙТАЙ ХАМТ ТЭР ЗУРГИЙГ АВАХУУЛАХАД БИ ТАВАН НАСТАЙ БАЙСАН

-Цэдэнбал Филатовагийн хажууд сууж буй зургийг та хэзээ авхуулсан бэ. Тэр үеэ хэр сайн санадаг вэ?

-Тухайн үед таван настай байсан болохоор тийм ч сайн санадаггүй. Энэ зургийг хэрхэн авхуулсан, тухайн үед Цэдэнбал Филатова гуай надад юу гэж хэлснийг санахгүй байна. Орос хэлээр л юм хэлсэн байх. Уг нь энэ зургийн арай өөр хувилбар нь бүр томоороо надад байсан юм. Хоёуланг нь Цэрэнжамц гэдэг хүн дарсан гэнэ лээ.

-Цэдэнбал Филатова гуайтай хэр олон удаа уулзсан бэ?

-Өө, олон удаа уулзсан. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаанд оролцох бүртээ шахам уулзсан байх шүү.

БИ “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-ЫН НҮҮР ЦАРАЙ НЬ ХОЁР ЖИЛ БОЛСОН

-Та ер нь хэдэн жил оролцсон билээ?

-Би хоёр жил орчим тус фондын нүүр царай нь болж явсан. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл бүх үйл ажиллагаанд намайг оролцуулдаг байсан юм. Засгийн газрын Авто баазаас тусгайлан машин гарган, намайг хүргэж өгдөг байсан. Нүүр царай болсон хүүхдээ ихэд хүндэлдэг байсных нь илрэл болов уу. Хүмүүс намайг сонирхон, өхөөрдөөд гудамжаар ер зүгээр явуулдаггүй байсан гэнэ лээ.

-Бусад хүүхдээс таныг онцлон “Хүүхдийн төлөө фонд”-ын нүүр царай болгоход юу нөлөөлсөн бол?

-Үндэсний бөхөд сонирхолтой байсан нь нөлөөлсөн юм шиг байна лээ. Ер нь ямар ч тоглолт, үйл ажиллагаанд өвөрмөц зүйл гаргаж ирэхийг хичээдэг шүү дээ. Тийм зорилгоор л намайг нүүр царайгаа болгосон юм билээ. “Хүүхдийн төлөө фонд”-ын зорилго нь ашгийн төлөө бус. Зөвхөн хүүхдийн төлөө. Заавал хэн нэгнийг онцлоод, ялгаж харьцсандаа тэгсэн юм биш.

Одоо бүх юмыг өнгө, мөнгөөр хэмждэг болчихоод л хүмүүс “Хүүхдийн төлөө фонд”-ыг буруугаар ойлгоод байгаа юм. Нэг хүүхдийг нүүр царайгаа болгоод, шоудсан юм огт биш. Тухайн үед тийм байгаагүй.

-Тэгэхээр та таван настайдаа том хариуцлага үүрч явж.

-Өө, тийм жаахан хүүхэд ямар юмных нь үүрэг, хариуцлага гэж мэдэх вэ. Ингэж хийгээрэй, тэгээрэй гэснийг нь л алдаагүй гүйцэтгэхийг хичээнэ шүү дээ. Гэр бүлийнхэн маань надад үргэлж туслаж, дэмждэг байсан. Ямар нэгэн арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцоход нэг нь надтай хамт үргэлж явдаг байв.

-Одоогийнхоор ёстой од явсан юм байна, тийм үү?

-(Инээв). Тийм ээ, од л байсан юм даа.

БИ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛДЭГ БАЙСАН

-“Хүүхдийн төлөө фонд”-ын нүүр царай нь гэдэг талаасаа арга хэмжээ, телевизийн нэвтрүүлэгт хэр их уригддаг байв?

-Ёстой мэдэхгүй. Тухайн үед одоогийнх шиг олон арга хэмжээ болохгүй. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа, үзүүлэн тоглолтод л үргэлж оролцдог байлаа.

-Та ямар үзүүлбэр үзүүлдэг байв?

-Үндэсний бөхийн үзүүлбэр. Тайзан дээр дэвж, шаваад барилдана, тэгээд л бол оо. Миний үзүүлбэр хүмүүсийн сонирхлыг их татдаг байсан.

-Зодог, шуудаг өмсөн, Х.Баянмөнх аваргатай авхуулсан зургийг тань хүмүүс сайн мэднэ. Та багадаа барилддаг байсан уу?

-Би багадаа үеийнхнээсээ том, биерхүү байсан. Тийм болохоор дандаа насаар ах хүүхдүүдтэй барилдуулна. Тавдугаар ангид байхад наймдугаар ангийн хүүхдүүдтэй барилдуулдаг байв. Тэгээд больчихсон юм. Тэрнээс хойш барилдаагүй.

Х.Баянмөнх аваргатай хамт тэр зургийг авхуулснаа сайн санаж байна. Олон улсын өдөрлөг маягийн арга хэмжээнд хэдэн бөх аваргатай барилдсан. Дараа нь намайг аваргын дэргэд зогсоож байгаад тэр агшныг гэрэл зургийн хальсанд мөнхөлсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-21 00:05

Сайхан тэнэг гар байна дөө

Харангуутаа
Харангуутаа
2021-01-21 01:15

Багын зургийг хараад би ч бас Онон гэж бодсон.

Зочин
Зочин
2021-01-22 06:18

чи тийм ухаантай шаруу үнэн хэлсэн хүнд үхэр гэдэг шиг би ч гэсэн 5 битгий хэл 10 натай үе ээ сайн санадаггүй

Холбоотой мэдээ

Back to top button