ДЭЛХИЙ

ТЕХНОЛОГИ: Устгасан файлууд үнэхээр алга болдог уу, үгүй бол тэд ХААЧДАГ вэ

Бид хувийн компьютер дээрээ гэрэл зураг, бичлэг, бичиг баримт гэх мэт маш олон зүйл хадгалдаг. Заримдаа тус файлуудыг устгах шаардлага гардаг. Компьютер дээрээ шинэ програм эсвэл тоглоом татах гэтэл хатуу дискний багтаамж хүрэхгүй байвал бид хадгалсан зарим файлуудаа устгахаас өөр аргагүй болдог билээ. Эсвэл дахиж харахыг хүсэхгүй байгаа, хадгалбал найзууд нэг өдөр хуулж аваад төрсөн өдрөөр сошиал хаяг дээр тань тавих магадлалтай зургуудыг устгаж хаядаг.

Тэгвэл тэдгээр устгасан файлууд хаачдаг хэрэг вэ. Мэдээж компьютерын “Хогийн сав” нэртэй хавтас дотор ордог, тийм биз. Ер нь бол таны устгасан файлууд эхлээд “Хогийн сав” нэртэй хавтас руу очдог нь үнэн. Учир нь гэвэл санамсаргүй тохиолдлоор гоё гарсан зураг, бичлэг, ажлынхаа чухал хэрэгтэй баримт гэх мэт чухал файлуудаа устгасан тохиолдолд тус хавтаснаас эргэн сэргээх боломжтой болж байх юм.

Бидний мэддэгчлэн “Хогийн сав” хавтас доторх бүх зүйлсийг “Хогийн савыг хоослох” товч дээр дараад устгаж болно. Тус товчийг дарахад компьютерын дэлгэцэн дээр эдгээр файлуудыг бүр мөсөн устгах болно гэсэн анхааруулга гарч ирдэг. Ингээд л тэдгээр файлууд бүр мөсөн устчихлаа гэж бид боддог. Устгасан файлууд ор сураггүй алга болоод компьютерын чинь хатуу дискэнд хоосон багтаамж үүсэж, одоо шинэ зүйл татаж болохоор болсон хэрэг үү. Үгүй ээ таны устгасан файлуудыг олоход л хэцүү болсон болохоос бүр мөсөн устаж, хатуу дискэнд хоосон зай үүсгэдэггүй юм байна.

Таны компьютер соронзон диск юм уу хатуу төлөвт диск ашиглаж файл хадгалдаг. Тэдгээр дискнүүд дээр зураг, бичлэг гэх мэт файлын бит (0, 1) мэдээллүүд хадгалагдахдаа нэг газарт бөөнөөрөө бус хэд хэдэн өөр байршилд салж хадгалагдсан байдаг юм. Тэдгээр салж байршсан бит мэдээллүүдийг олохдоо компьютерын үйлдлийн системүүд “Master File Table” гэх зүйлийг ашигладаг аж. “Master File Table” нь тэдгээр бит мэдээллүүд хаана байршсаныг хадгалдаг хүснэгт юм. Та ямар нэгэн файлыг устгахдаа зөвхөн “Master File Table” дээрх бит мэдээллүүдийн байршлыг устгаж байна гэсэн үг.

Өөрөөр тайлбарлавал, та номын нэг бүлгийг хасах гэж байгаа гэж бодъё. Тус номын бүлгүүдийн гарчгийг агуулсан хуудас дээрээс хасах гэсэн бүлгийнхээ нэрийг цаасаар дарж хаялаа. Гарчгаас харахад тэр бүлэг байхгүй ч номын хуудсаа эргүүлбэл гараад л ирнэ.

Файл устгахад үүнтэй ижил зүйл болдог юм. Тэгвэл хатуу дискэнд хоосон зай үүсдэггүй юм бол яаж багтаамж нь багасдаг юм бэ? Устгасан файлын бит мэдээллүүд нь үлдсэн. Тэдгээр бит мэдээллүүдийг шинэчлэн бичиж өөр файлын мэдээлэл болгон ашиглаж болдог юм байна.

Ингэж шинэчилж бичигдэхээс өмнө та файлаа эргэн сэргээж болдог. Гэхдээ цаг ирэх тусам танд компьютерын үйлдлийн систем тус бит мэдээллүүдийг шинэчилж бичдэг тул файлаа бүтнээр нь сэргээж авахыг хүсвэл аль болох хурдан ажиллах хэрэгтэй. Зарим тохиолдолд хатуу дискэн дэх мэдээллээ бүр мөсөн устгах хэрэг гарч болно. Иймэрхүү үед файлуудаа танигдахгүй хэмжээнд болгож устгах хэд хэдэн арга байдаг аж. Нэг нь хатуу дискэн дэх бүх зүйлсээ устгаад шинэ файл хадгалах. Энэ ажилбарыг олон удаа давтах тусам сайн. Эсвэл хатуу дискээ зүгээр л хэдэн хэсэг болгон хуваах, шатаах гэх мэт сонголт байгаа. Мөн соронзон диск дээрх бүх бит мэдээллийн нэгийн цифрийг тэг болгож өөрчилж болно.

За тэгэхээр, одоо ингээд файлаа бүр мөсөн устгачихсан хэрэг үү? Тийм гэж хэлэхэд хүндрэлтэй. Дээрх дурдсан мэдээллүүдээ бүр мөсөн устгах аргуудын шатаах хувилбар нь л төгс үйлчилгээтэй харин бусдад нь бага хэрэг асуудал бий.

Та хатуу дискэн дэх бүх файлаа устгаад өөр зүйл хадгалсан гэж бодъё. Ингэсэн ч гэсэн таны устгасан мэдээллүүдээс зарим зүйлсийг нь эргэн сэргээж болдог аж. 2011 онд Мелани Виллхайд нэртэй гэрэл зурагчин өөрийн компьютероо алдсан юм. Тус компьютерын хатуу дискэн дээр тэрбээр авсан зургуудаа хадгалж байсан аж. Цагдаа нар хулгай хийсэн этгээдийг барьж Виллхайдад компьютерыг нь буцааж өгсөн ч хатуу дискэн дээрх файлуудыг устгаад өөр зүйл хадгалсан байжээ. Тэрбээр файл сэргээдэг програм ашиглан бит мэдээллүүд нь шинэчлэгдсэн зургууд олсон юм. Виллхайд өөрчлөгдсөн зургуудаа өмнөхөөс нь дээрдсэн хэмээн үзэж тус зургуудаар компьютерыг нь хулгайлсан хүний нэртэй үзэсгэлэн гаргасан байна.

Тэгвэл диск дотроо хадгалсан мэдээллээ устгаад шинэ зүйл хадгалах ажилбарыг хэд хэдэн удаа хийсэн гэж бодъё. Ингэсэн ч таны хувийн файлуудаас бага сага зүйл олох боломжтой гэнэ. Учир нь гэвэл хатуу дискнүүдэд “Bad Sectors” гэх бүтцүүд байдаг аж. “Bad Sectors” нь механик гэмтэл, ажиллахаа больсон транзистор гэх мэт зүйлсээс болж компьютерын үйлдлийн систем тус хэсгийг ашиглаж чадахгүй болсон бүтэц юм. Тус хэсгүүд гэмтэхээс өмнө хадгалагдсан мэдээллийг эргэн сэргээж болно.

Үнэндээ хатуу дискийг хигэгч дотор хийж хэдэн хэсэг болгосон ч “Bad Sectors” хэсгүүд нь зүгээр үлдэж мэдээллийг сэргээх боломжтой байх тохиолдол гардаг аж.

АНУ, Европын Холбоо, болон Япон электрон хаягдлаа Гана улсын нийслэл дэх Агбогблоши хогийн цэг рүү аваачдаг. Тэнд хаягдсан хатуу дискнээс АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын удирдлага, Дотоодын аюулгүй байдлын газар гэх мэт олон Засгийн Газрын байгууллагын сая сая долларын үнэтэй гэрээ олдсон тохиолдол бий.

Өөрийн компьютероос мэдээллийг бүр мөсөн устгах ийм ярвагтай асуудал гэж хэн таамаглах билээ. Эцсийн эцэст бидний бушуухан устгаж хаясан тэр нэг аймшигтай зураг одоо хүртэл хатуу дискэнд маань байж магадгүй ажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-23 11:15

Сайхан× ач холбогдол ой мэдээ байна

Амартөгс
Амартөгс
2022-02-13 21:22

Thank you this news saved my entire life !

Холбоотой мэдээ

Back to top button