Ярилцлага

Б.Цэрэндаш: Сумын сурагчид гэртээ зурагт, утасгүй тул гэрээр нь очиж хичээлээ зааж байна

Үзэг барьсан турьхан гарт минь        
Үг холбох аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа 
Балчирхан би чинь бичиж сурлаа
Ухаан сорьсон бодлын санд минь
Тоо бодох аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа 
Балчирхан би чинь бодож сурлаа
Үсэг таньсан саруул ойд минь 
Зөв унших аргыг заасан
Бага ангийн багшаа баярлалаа 
Балчирхан би чинь уншиж сурлаа

гэх дууг багшийн эрдмийг сонсож, сургуулийн хонхоор хичээллэсэн хүн бүхэн мэднэ. Тиймдээ ч эл дууг сонсох төдийд л хүн бүрийн бага насны нандин сайхан дурсамж сэргэж, багшийн дулаахан төрхийг санагалзаж, танил дуу нь чихэнд эрхгүй сонстох шиг болдог.

Бидний монголчууд бүр эртнээс л багш хүнийг эцгийн оронд эцэг, эхийн оронд эх болдог хэмээн эрхэмлэж, эрдэм номын бэлгэдэл болсон шар хадгийг барьж золгон мэндчилсээр иржээ. Учир нь багш хүн сурагчид анхны төлөвшил, суурь мэдлэгийг олгохоос гадна шинэ хүнийг үг, үйлдлээрээ бүтээж байдаг. Тиймээс ч бид энэ удаа эгэл нэгэн ардын багш, Б.Цэрэндаштай ярилцсан юм. Тэрбээр цар тахалтай энэ хүнд цаг үед хэсэг нөхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сум, багийнхаа малчдын гэрээр явж, сурагчдынхаа хичээлийг давтуулж буй нь олон хүний сэтгэлийг дулаацуулсан юм.

-СУРАГЧДЫНХАА ГЭРЭЭР АЙЛЧИЛЖ ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАХ ЗУУРТАА ДАВТЛАГА ӨГӨХӨӨР БОЛСОН-

-Бидний саналыг хүлээн авч ярилцаж буйд тань талархъя?

-За даа ах нь ч нэг их сайндаа ганцаараа айлаар яваад балчируудад хичээл заагаад байгаа юм биш. Энэ нь сумаас хийгдэж буй ажил юм аа. Манай сумын сургуулиуд Засаг Дарга болон Засаг Даргын орлогчтойгоо хамтраад, сурагчдынхаа гэрээр айлчилж гэрийн даалгавар шалгах зууртаа давтлага өгөхөөр болсон юм. Ингээд уг саналаа надад тавьсныг би нааштай хүлээж авсан. Тиймээс ч өөрийн болод бусад багш нарынхаа шавь нарын гэрээр орж, даалгаврыг нь шалган хичээлийг нь бататгаж байна.

-Сумын удирдага болон сургуулиуд сурагчдадаа их анхаарч байгаа юм аа даа?

-Тийм ээ. Манай Увс аймгийн Өмнөговь сум нь аймгийнхаа хамгийн том, нэр хүндтэй сургууль, олон сайхан багш нартай гээд хэзээнээс л алдартай байсан. Манай сумаас олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг. Төдий хэрээр багш нар нь шавь нартай анхаарч, давтлага хичээлийг тогтмол явуулдаг л даа.

-ЗАРИМ ХҮҮХДЭД ХОЁРДУГААР АНГИД НЬ ЦЭЦЭРЛЭГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ЗААЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ-

-Коронавирусийн хөл хорио, теле хичээлд шилжсэнээр ямар хүндрэлүүд гарч байна вэ?

- Өнгөрсөн жил нэг л улирал хичээллэсэн. Ноднин сургуульд орсон хүүхэд нэг улирал хичээллээд л анги дэвшлээ шүү дээ. Түүнийг дагаад багш, эцэг эхчүүд, хүүхдүүдийн хувьд маш их сорилттой, хүнд жилүүдийн нэг байлаа. Зарим хүүхдэд хоёрдугаар ангид нь цэцэрлэгийн суурь мэдлэгийг зааж байх жишээтэй. Шинэ хичээл гэхээс илүү өмнөх хичээлээ мартуулахгүй байхад анхаарч, бататгах хичээлүүдийг л орсон. Хот, эсвэл аймгийн төвд хүүхэд хичээллэхэд харьцангуй боломж ихтэй. Харин сумын сургуулийн хувьд Ддэш антеннгүй, ухаалаг утас, интернэт ашиглаж мэдэхгүй айлын хүүхдүүд цахим хичээл үзэх боломжгүй байна. Энэ бол наад захын жишээ. Багш нар фэйсбүүкээр групп чат үүсгээд сурагчидтайгаа харилцаж байгаа ч, сурагчдын талаас илүү хувь нь уг хичээлд оролцож чадахгүй, нөөц боломж хомс байна.

Дээрээс ирж буй шийдвэр, төрийн тогтоол өөрчлөгдөх тоолонд хүүхдүүд хохирсоор байдаг. Сурах бичиг, хичээлийн хөтөлбөр өөрчлөгдөх нь хөдөөгийн сумын багш нарт хүнд тусдаг. Дөнгөж л хүүхдүүдээ бүрэн сурах бичигжүүлээд байтал, дахиад л өөрчлөгдөх гэх мэт. Эдгээр нь хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлсөөр байдаг.

-Зөв бичих дүрэм ч мөн өөрчдөгдөөд байгаа шүү дээ?

-Багш нь болсон бид ч заримдаа зөв бичгийн дүрэмд толгой эргэж байна. Тийм байхад мэдээж балчир хүүхдүүдэд бүр л хүнд байгаа.

-ГЭРТЭЭ ТЕЛЕВИЗ, ИНТЕРНЭТГҮЙ ХҮҮХДҮҮД РҮҮГЭЭ ЯВАХААР ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЭД БАЙНА-

-Гэрээр сургалт орж, даалгавар шалгаж байгааг эцэг эхчүүд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нэг их баярлаад сүйд болохгүй ч, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд их анхаарч байгаа нь ажиглагдсан. Зарим нь ч бол хүүхдүүдээ хонинд явуулаад юун хичээл манатай л байх шиг. Эцэг эхчүүдийн ихэнх нь л “танхимын сургалтаа эхлүүлээч ээ” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсаар байгаа. Багш нар боломжтой хүүхдүүдтэйгээ видео калл хийх, интернэтээр даалгавраа шалгадаг. Харин телевиз, интернэтгүй хүүхдүүд рүүгээ явахаар өөр аргагүй нөхцөл үүсээд байна. Мэдээж айлыг хүндрүүлж удаан суухгүй л дээ. Айлаараа гялс гялс ороод л даалгаврыг нь шалгаад, мэдэхгүй зүйлийг нь тайлбарлаад хэлээд өгдөг. Хичээлээ огт үзээгүй, ойлгоогүй хүүхэд андашгүй. Хичээлтэй холбоотой асуулт асуухад л бүдэрдэг юм. Мөн өөрөө сурсан зүйлээ бататгаж, хичээлээ асууж байгаа хүүхэд ч байна.

-ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХИЧЭЭЛ ХИЙХ, ХӨДӨӨ ГЭРИЙНХЭЭ АЯГАНЫ НАМХАН ШИРЭЭНД ХИЧЭЭЛЭЭ ДАВТАХ ХОЁР ТЭС ӨӨР-

-Эцэг эхчүүдээс ихэвчлэн ямар хүсэлтүүд ирж байна вэ?

 -Ер нь л хичээл орж болдог бол оруулмаар байна гэсэн эцэг эхчүүд олон байна. Даанч өвчин зовлонтой байгаа учраас бас эрсдлээ бодоод яаж ч чадахгүй байгаа. Хичээл хэзээ орох вэ, ирэх хоёрдугаар сарын 1-нээс хичээл цуглах уу гэдэг асуултыг л багш нараас их асууж байна даа. Мөн гэрээр, сургууль дээр багш нараар давтлага авахуулья гэх санал их ирсэн. Гэхдээ манай сумын сургуулийн багш нар бас харьцангуй гайгүй. Эцэг эхчүүдтэй нь холбогдоод ямар нэгэн байдлаар л хүүхэдтэйгээ харилцах, хичээлийг нь бататгаж давтуулахад чадахаараа анхаарч байна. Хүүхдүүд сургууль дээрээ хичээл хийх, хөдөө гэрийнхээ аяганы намхан ширээнд хичээлээ давтах хоёр тэс өөр л дөө. Дээр нь малчдын ихэнх нь л гурав, дөрөвдүгээр ангийн боловсролтой байдаг. Тиймээс хөл хорио гайгүй болвол ирэх гуравдугаар сарын 1-нээс хичээлээ оруулах нь зөв л гэж бодоод байгаа.

-Зайнаас хичээллэж байх хугацааны багш нарын цалин, урамшуулал хэрхэн бодогдож байна вэ?

-Хуульд заасны дагуу л нэмэгдэл авна. Түүнээс ур чадварын болон давтлагын нэмэгдэл цалин байхгүй. Онцгой цаг үеийн гурван сайдын тушаалын дагуу цалинжна. Сургууль дээрээ цугларахгүй, гэр гэрээсээ л хүүхдүүдтэй боломжоороо харилцаж байна даа.

-ХИЧЭЭЛДЭЭ ЖИГД САЙН, СЭРГЭГ ТОЛГОЙТОЙ ХҮҮХЭД ӨРСӨЛДӨӨН ДУНДААС Л ТӨРДӨГ-

-Сониноос таныг олон шавь нараа олимпиадад бэлдүүлж, тэр бүү хэл харанхуйд ч лаа тусгаад давтлага ордог байсан гэх юм билээ?

-Аа яах вэ. Чи миний шавь нараас сонссон бололтой. Хуучин цагт сургууль өрсөлдөөнтэй, хүүхдүүдийг багаас нь сонирхсон хичээлээр нь хөгжүүлдэг гээд сайхан байлаа шүү дээ. Яах вэ ер нь ангийн гавал гэж ярьдаг шүү дээ. Бүх хичээлдээ жигд сайн, сэргэг толгойтой хүүхэд төрүүлэхийн тулд уралдаан тэмцээн л хэрэгтэй байдаг. Тийм хүүхэд өрсөлдөөн дундаас л төрдөг. Ямартай ч эхний гурван байранд л хүүхдүүдээ өрсөлдүүлдэг байлаа. Одоо харин тийм байхаа больсон. Хожим хүүхдүүдийн эцэг эхчүүд багш нар хүүхдээ ялгаварлалаа, сурагчдыг өөр хооронд нь өрсөлдүүллээ гэж хэл ам хийсэн. Тиймээс багш нар эцэг эхийн дэмжлэггүй сургалт, олимпиадын бэлтгэл хангуулах боломжгүй болсон л доо.

-Та багшаар хэдэн жил ажиллаж байна вэ?

-Багш болоод 26 дахь жилдаа ажиллаж байна. Энэ сумандаа л ажилласан даа. 10 дахь ангиа төгсгөсөн. Одоогийн ангийн хувьд 27 сурагчтай. Тэдний 10 нь сумын төвд үлдсэн нь зах газар амьдарч байгаа.

-“ЯАЖ ЭНЭ АНГИЙГ ТӨГСГӨНӨ ДӨӨ” ГЭЖ ХАЛШИРЧ БАЙСАН ҮЕҮД НАДАД БИЙ-

-Яагаад багшийн мэргэжлийг сонгов?

-Тухайн үед аравдугаар ангидаа төгсөөд, нэг жил мал дээр өнжсөн. Дараа жил нь конкурс өгөөд багшийн сургуульд орж байлаа. Бага ангийн хүүхдүүдтэй ажиллах, харьцах их гоё шүү дээ. Нэг уурлана, инээнэ, ядарна, баярлана гээд л. Хүүхэд өөрөө цагаахан, цайлган учир ажил мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Заримдаа ч “яаж энэ ангийг төгсгөнө дөө” гэж халширч байсан үеүд бий. Гэвч шавь нараараа бахархах, хайрлах үеүд нь олон юм. Хүүхэд эцэг эхчүүдэд үнэлэгддэг багш болох л сайхан. Түүнээс ажилдаа сэтгэлээ зориулдаггүй багш байвал бас хэцүү. Сүүлийн үед багшийн сургуулийн шалгуур намдаад, чанар нь муудаад байх шиг санагдсан. Бидний үед хүссэн хүн багш болдоггүй байлаа шүү дээ.

-Таны хүүхдүүдээс ажил мэргэжлийг тань өвлөхийг хүсдэг үү?

-Хүүхдүүд маань одоогоор их сургуульд элсэх насанд хүрээгүй байгаа. Гэхдээ багш болохгүй л гэдэг. Багшийн мэргэжил хэцүү гэдгийг мэдэрсэн учир тийм байх. Гэр бүлийн хүн маань ч гэсэн багш юм. Багшийн мэргэжил цаг наргүй, нэр хүндгүй, цалин багатайд ордог. Тиймээс хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэлнэ гэж боддог доо.  

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн ч
иргэн ч
2021-01-26 10:04

мундаг багш байна шүү

Сум, хотын багшийн хооронд ажлын ялгаа их бий
Сум, хотын багшийн хооронд ажлын ялгаа их бий
2021-01-29 16:13

Сумын багш их ажилтай. Миний эгч сумын багш байсан. Нэгдүгээр ангийн зарим хүүхдийн нүүр гарыг угаана, хувцасыг угааж өгдөг. Тулж ажлахгүй бол харандаагаа ч барьж үзээгүй хүүхдүүд олон байдаг гэж билээ. Загнав�##� уйлчихдаг. Тулж ажлахгүй бол болохгүй. Хотын хүүхдүүд сургуульд орохдоо ихэнх нь уншиж, бичээд сурсан байдаг даа. Гэхдээ гавъяат багш нарыг сонгохдоо хотоос л сонгодог юм.

Zochin
Zochin
2021-01-31 21:59

Mongol huuhduud oyunii chadamj saitai. Gol chuhal zuilsiig ni nurshilgui oilgomjtoi zaaj uguh ni chuhal. Khuuhdiin husel ermelzeliig mohooj zalhaahgui bh chuhal shuu etseg ehchuud ah egch bolon bagsh naraa.

Холбоотой мэдээ

Back to top button