Нийгмийн

Гурван сая дахь иргэн Х.МОНГОЛЖИН: Би дуучин болохыг мөрөөддөг

2015 оны нэгдүгээр сарын 24. Өглөөний 08:27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нар анхны үрээ өлгийдөн авсан юм. Харин тэд дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 28-нд гурван сая дахь хүүхдийн аав, ээж болсон гэдгээ мэдсэн байна.Баярт мэдээг  сонссон даруй тэдэнтэй Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж утсаар холбогдож, гурван сая дахь иргэнд Монголжин гэдэг нэр хайрлажээ. Угтаа охины аав Э.Хатанболд Ерөнхийлөгчөөс нэр оноохыг гуйсан гэдэг. Учир нь тэд хүүхдэдээ ямар нэр өгөхөө бодож амжаагүй байжээ. Энэ талаар Х.Монголжин охины ээж Г.Аззаяа бидэнд дурссан юм.

Орчлонгийн уудамд биесээ олж, 2012 онд гар, гараа атгалцсан  Э.Хатанболд, Г.Аззаяа нар 2016 онд хоёр дахь үрээ өлгийдөн авчээ. Тэд хүүдээ Х.Мандахнаран гэсэн нэр хайрласан байна.

Х.Монголжин аав, ээжийн хамт

Өдгөө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдарч буй тэдэнтэй холбогдож, гурван сая дахь иргэн Х.Монголжинтой ярилцлаа. Монголжин охин хэдхэн хоногийн өмнө зургаан нас хүрсэн юм.

ЭНЭ ЖИЛИЙН ТӨРСӨН ӨДРӨӨР ЭЭЖ ЦҮНХ ӨГСӨН

-Сайна уу, Монголжин. Оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе?

-Сайн байна уу. Баярлалаа.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Ээжтэйгээ бас дүүтэйгээ тэмдэглэсэн. Аав ажилдаа явчихсан байсан. Өмнө нь төрсөн өдрөө өвөөгийндөө тэмдэглэдэг байсан. Энэ жил ээж надад гоё цүнх өгсөн. Харин хүмүүс бал, тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн.

-Төрсөн өдрөөрөө авч байсан хамгийн гоё бэлэг ямар бэлэг вэ?

-Нүдний тень. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр цэцэрлэгийн найзууд маань өгсөн.

АНГИЙНХАН НАМАЙГ ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН ГЭДГИЙГ МЭДДЭГ

-Цэцэрлэгийн найзууд нь чамайг хэн гэж дууддаг вэ?

-Ангийнхан намайг гурван сая дахь иргэн гэдгийг мэддэг. Тэгээд Монголжин гэж дууддаг. Аав ээж ч гэсэн Монголжин гэж дууддаг.

-Цэцэрлэгийн найзууд болон багшийгаа санаж байна уу. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Санаж байна. Ангийнхан болон багшдаа хайртай шүү гэж хэлмээр байна.

-Монголжин ямар хичээлд сонирхолтой вэ?

-Зураг зурах, зурсан зургаа будах дуртай. Амралтаараа ангийн багшийн өгсөн даалгаврыг хийж байгаа.

ЭНЖИГИЙН ДУУНУУДЫГ СОНСОХ ДУРТАЙ

-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

-Би дуучин болохыг мөрөөддөг. Энжигийн дуунуудыг сонсох дуртай. Үглээтэй дуунууд нь гоё. Энжитэй уулзахыг хүсдэг.

-Монголжин гэдэг нэрийг хэн өгч байсныг мэддэг үү?

-Мэдэхгүй шдэ.

-Багынхаа зургийг хараад өөрийгөө таньдаг уу?

-Таньсан. Тэр тусмаа бие маань их хөөрхөн байна лээ. Хөөрхөн жижигхэн.

Тэр намайг танихгүй, би ч түүнийг Монгол Улсын гурван сая дахь иргэн гэдгээс өөр тоймтой зүйл мэдэхгүй, уулзаж ч үзээгүй. Гэвч Монгол Улсын гурван сая дахь иргэн түүнтэй цөөн хором ч болов ярилцах боломж олдсон нь зол.

Түүх сөхвөл, Монгол Улс 1962 оны аравдугаар сард 1 сая, 1988 оны долдугаар сард 2 сая, 2015 оны нэгдүгээр сард 3 сая дахь иргэнээ өлгийдөн авчээ.

Харин 2015 онд Монгол Улс гурван сая дахь иргэнээ хэрхэн угтаж авч, хүндэтгэсэн бол? “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөгийн  үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгоно хэмээн заасны дагуу Х.Монголжингийн аав ээжид нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 70 сая төгрөгийн батламж, тэдний зурагтай хивс гардуулж өгсөн байна. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын удирдлагууд гурван өрөө байр, хоёр сая төгрөг өгч, гурван сая дахь иргэнд хүндэтгэл үзүүлжээ. Харин 3 сая дахь иргэний үе чацуутан болж тухайн өдөр мэндэлсэн 200 гаруй хүүхдэд нэг удаа 3 сая төгрөгийн тэтгэмж олгон, дурсгалын тэмдэг гардуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2021-01-30 14:23

Хөөрхөн охин шүү

Кса
Кса
2021-01-30 14:31

Хөөрхөн дүүдээ аз жарг�##� хүсэн ерөөе. Сайхан хувь заяагаа нандигнан хайрлаж яваарай. Зөв хүн болоорой.

Sereeter
Sereeter
2021-02-02 07:24

Sain bas zuv hun bolj eh orondoo ihiig buteegeerei.huurhun ohindoo AZ jargal husiey

Холбоотой мэдээ

Back to top button