Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Анализ + Өөр өнцөг: Оюу толгойн гэрээг сайжруулах уу, цуцлах уу

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудал халуун сэдэв хэвээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинтогийн эсрэн нэхэмжлэл гаргах ёстой хэмээн өлсгөлөн зарлаж, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан Монголын тал яагаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхийг тайлбарлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ эрчимжүүлсэн Оюу толгой төслийг шалгах ажлын хэсэг: Монгол Улс төслөөс 2051 он хүртэл ноогдол ашиг авахгүй. Харин ч 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэх тооцооллыг гаргаж, үүнийгээ урдаа барьж буй.

Харин Э.Баясгалангийн 22 тэрбум ам.долларын өрийг тайлбарлахдаа үзүүлсэн тооцоолол хэт модон, бодит биш хэмээн шүүмжлүүлж байна. Нөгөөтээгүүр “Дубайн гэрээг цуцлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байгаа мөртлөө 2010 оны хувь нийлүүлэгчдийн гэрээнээс үүдэлтэй өрийн асуудлыг урдаа барьж байгаа нь зөрчил дагуулж, анхаарал татдаг.

Тэр “Хөрөнгө оруулагч тал гэрээнд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой хэмээсэн” гээд, Монгол талын буюу “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн төлөх зээлийн хүүг 3 хүртэлх хувь руу бууруулах шийдлийг танилцуулж буй. Одоо 7 хувьтай байгаа юм. Хөрөнгө оруулагч тал зээлийн хүүгээ энэ дүнд хүртэл бууруулах эсэх нь эргэлзээтэй гэдгийг ч Э.Баясгалан онцолж байна.


Цаг үе Засгийн газрын талд давуу буюу “Гэрээ ашиггүй, цуцалъя” гэдэг уур амьсгал руу хэлбийж байгаа тул асуудлыг нөгөө талаас нь харуулахыг зорилоо.

Эдийн засагч Б.Лхагважав “Анализ” талыг төлөөлөх бөгөөд сүүлийн 20 жилийн уул, уурхайн ертөнцөд болж өнгөрсөн хуулийн бөгөөд татварын орчинд дахь нарийн ньюанс, том зураглалаараа бид яах хэрэгтэй тухай ярьсан. Түүний ярианаас онцлох найман санааг түүвэрлэн оруулав.

Харин Эдийн засагч, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу “Өөр өнцөг” талыг төлөөлөх бөгөөд түүнтэй Засгийн газрын тооцоолол, Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн улс төрчдийн байр суурь тойрсон асуудлаар товч ярилцлаа.


Б.Лхагважав: Гол тоглогчид нь цуглаж, алдаа оноогоо дэнслээгүй байж урд нь нэг "шушмаа” тавиад хол гишгэхгүй

Нэг: 1992 оноос хойш төрийн нийтийн өмчийг хамгаалсан ямар ч хууль батлагдаагүй. Төрийн өмчид татварын орлогоор бүрддэг өмчүүдийг, харин төрийн нийтийн өмчид агаар, ус, ургамал, ан амьтан, байгалийн баялаг зэргийг нэрлэдэг. Миний хувьд эдгээрийгээ хуулиар хамгаалж байж уул уурхайн төслүүд цаашаа явах юм байна, үгүй бол тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн тоглоом болоод дуусах нь гэсэн байр суурьтай байсан. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сая нэг “Төрийн нийтийн өмч” гэсэн үг орж ирсэн. Одоо УИХ энэ хуулийг даруй батлах ёстой. Үүгээр төрийн нийтийн өмчийг хэн хадгалах, хамгаалах, захиран зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож өгнө. Иргэний хөдөлгөөнүүд уул, уурхайн тэмцэл хийж олон удаа шүүхэд ханддаг. Тэгэхээр “Уул ус бол төрийн өмч гэж байна. Иргэн төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах боломжгүй” гээд бүгдийг нь унагадаг. Иймд уул уурхайн баялгаа төрийн нийтийн өмч хэлбэрээр бүртгэж, үнэлээд гэрээг дахин зурах ёстой.

Хоёр: Оюу толгойн гэрээний гол алдаа нь газрын доорх нөөцөө огт үнэлээгүйд бий. Гэтэл хөрөнгө оруулагчид оруулж ирж буй цент бүрээ үнэлээд байдаг. Бид сүүлийн 21 жил уул, уурхайн баялгаа огт “өмч” гэдэг талаас нь харж, үнэлээгүй.

Гурав: 2012 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль солигдож, Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гэрээ хийж болдог болсон. Үүгээр мөн Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30-р заалтыг сольсон байдаг. Энэ хуулиар Ч.Сайханбилэг Дубайн нэмэлтийг зурсан. Мөн энэ хуулиар олгогдсон эрхийн дагуу ажилласан М.Энхсайхан өнөөдөр шоронд  орчихлоо. Бид энэ хуулиа огт ярьдаггүй, мартчихсан.

Дөрөв: Бид хямралын үеэр Оюу толгойг хөдөлгөх гэж оролддог, тэр бүр нь Монголын талд ашиггүй тусдаг. Дубайн нэмэлтээр манай банкны систем барьцаалагдчихсан. Дэлхийн 16 банкны барьцаанд орсон. Өмнө нь газрын баялгаа барьцаанд өгсөн бол Дубайгаар банкны системээ барьцаанд өгсөн.

Тав: Уг нь сүүлийн 20 жилийн асуудлыг хууль, татвар, хөрөнгө оруулалт, өмч гээд олон талаас нь харж байж үүн рүү орох ёстой юм. Гэтэл 2009 онд гэрээ зурсан бүх сайд нар шоронд явчихсан, Д.Зоригтоос бусад нь. Сүүлд Дубайн гэрээг хийсэн хүмүүс ч эрсдэлд орж байна. Өөрөөр хэлбэл бидний залгамж халаа алга байна, ийшээ орох хоншоортой аавын хүүхэд байхгүй. Үнэхээр авлига авсан бол маргаангүй шоронд нь хатаах хэрэгтэй. Гэтэл түүнийгээ илрүүлээгүй байж хамаг гол тоглогчдоо барьж, хорьчхоод буй.

Зургаа: Өнөөдөр манай тал улам сулраад, хөрөнгө оруулагч тал бэхжээд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Оюу толгойд ажиллаж байна шүү дээ. Энэ бол гол аюул. Үнэн хэрэгтээ хэн хожих вэ гэдэг тоглоомын дүрмээр бид тоглож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга гэрээ зурж байх үед Засгийн газрын гишүүн байсан, оролцох ёстой. Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байсан, оролцох ёстой. Цуглаж, алдаа оноогоо дэнсэлж байж ийш орохгүй бүгдийг нь шоронд хийчхээд, урд нь нэг шушмаа тавиад хол явахгүй. Энэ халуурлаар хэн алдах вэ, монголчууд алдана.

Долоо: Оюу толгойн гэрээг зурж байхад яамдуудад ажиллаж байсан эрдэмтэд одоо ихэнх нь Оюу толгойд ажилладаг болчихсон байгаа шүү. Жишээ нь 10 жил ярьж байж 2009 онд усны тухай хуулийг баталсан. Гэтэл одоо тэр хуульд лобби хийсэн Монголд толгой цохих усны, гайгүй гэх эрдэмтэд бүгдээрээ Оюу толгойд ажиллаж байна. Үүнийг ярих ёстой, шалгах ёстой. Ирээдүйн ажлын байраараа хэлцэл хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр энэ хээл хахуулийн нэг хэлбэр ч болж болно.

Найм: Бид сайн талыг нь ч ярьж болно. Газрын гүнд хийж байгаа манай технологи дэлхийн хаана ч байхгүй. 2 км-ийн доор тунель барьж байгаа. Геологи, эрдэс баялгийн салбарынхных хувьд орж үзэх насных нь мөрөөдөл. Бид ийм гайхамшгийг хийж байгаа.


Ч.Отгочулуу: Хамгийн прагматик нь 34 хувиа роялтигаар солих. Гэвч улс төрөө даах уу, үгүй юу.

-С.Ганбаатар гишүүн өлсгөлөн зарласаар Рио Тинтотой хэлэлцээр хийх ажлын хэсэгт орж чадлаа. Тэр Оюу толгойн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай байсан. Түүнийхээр гэрээг цуцалчихлаа гэж бодъё, бид юуг алдах вэ?

-С.Ганбаатарын хувьд яг аль гэрээг цуцлахаа хэлэхгүй байгаа. Оюу толгой дээр гурван гэрээ бий. Нэгт, хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ бол татварын орчныг тогтворжуулсан, байдаг л нэг энгийн гэрээ. Удаах нь хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энд хүмүүсийн уур бухимдлыг төрүүлдэг 34 хувийн асуудал яригддаг сул тал бий. Гурав дахь нь Дубайн нэмэлт төлөвлөгөө. Харин энэ бол нөгөө хоёроосоо ялгаатай, зөвхөн хөрөнгө оруулагч компаниуд хоорондоо зурсан онцлогтой. Ерөнхийдөө - хоёр жил хэрэлдлээ, асуудлуудаа шийдвэрлэлээ, одоо цаашаа явъя гэсэн утгатай гэрээ.

Дубайг цуцаллаа гэж бодъё. Гол санхүүжилтийг хийсэн олон улсын банкуудад л хүнд байдал үүснэ. Тэдэнд төлөвлөгөө байж гэмээ нь л санхүүжүүлсэн байгаа. Бидний хувьд гуравдагч орох болох томоохон улсуудын банкнууд үүнд яригдах бөгөөд ер манай эдийн засгийн баталгаа болох юм. Дубайг цуцалчихвал үүн дээр л харамсана. Энэ гэрээнд, бүтээгдэхүүнийг хамгийн өндөр ханшаар авна, менежмэнтийн төлбөрүүдийг бууруулна гэхчлэн манай талд ашигтай олон заалт бий.

За, хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэвэл сайн ойлгохгүй байгаа юм. Үүн дээр татварын орчныг тогтворжуулна гэсэн л агуулга байгаа. Үлдсэн хувь нийлүүлэгчдийн гэрээг цуцалж болно, тэгвэл эхлээд шийдлээ олох ёстой. Өөрөөр хэлбэл Оюу толгой ХХК-иас эзэмшдэг 34 хувиа буцааж өгөх юм уу. Нэг ёсондоо 34 хувийг эзэмшсэнээрээ бид өрийн хавханд орчхоод буй.  Үүнийг 50 болгож нэмэгдүүлнэ гэвэл худлаа, “Эрдэнэс Оюу толгой” ХХК хувийн хэвшлийн компани учир ашигт малтмалын тухай хууль зөрчинө. Тэгэхээр 34 хувиасаа татгалзаад оронд нь тусгай роялти, ашигт малтмал ашигласны төлбөр авъя гэвэл болж байгаа юм. Анхны ТЭЗҮ нь 9 орчим тэрбум ам.долларын ноогдол ашиг авна гэж байсан. Үүнийгээ тусгай роялтигаар сольчхож болно. Энэ бол хэлэлцээрийн ширээний ард суух хүмүүсийн асуудал. Гол нь асуудлыг маш мэргэжлийн түвшинд ярих ёстой. Гэтэл гудамжинд гарч улс төр хийгээд, популизмаар турхираад байгаа нь буруу.

-Оюу толгой тойрсон асуудалд прагматик хандлага харагдахгүй байгаа нь үнэн. Яг хэлэлцээрийн ширээний ард суух, гэрээг мэргэжлийн түвшинд зурах боловсон хүчин бий юу?

-Мэдэхгүй. Хэлэлцээр хийх ажлын хэсэгт нь хэн, хэн орох нь тодорхойгүй байна шүү дээ. Сая С.Ганбаатар орохоор болсон сураг байна. Өнөөдөр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн өр 2051 онд 22 тэрбум ам.доллар болох тухай ярьж байна. Би яаж тооцоод байгааг нь гайхаад, арай ч 22 болмооргүй санагдаад байх юм.

-2051 он хүртэл Монголын тал ноогдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэх тооцооллыг талууд урдаа барьж байгаа. Үүнд эргэлзэж байна гэсэн үг үү?

-Нэгдүгээрт эргэлзэж байна, хоёрдугаарт энэ бол үнэндээ “Эрдэнэс оюу толгой” гэдэг компани дээр л ноогдох өр. Ноогдол ашиг авах хугацаа хойшиллоо гээд макро эдийн засгийн түвшинд харвал нэг их нөлөө үзүүлэхгүй.

-Монголын талд ноогдох өр гэж тайлбарлаж байгаа шүү дээ.  

-Яах вэ, Рио Тинто компани Туркоиз Хилл Ресурс дээр хувьцаагаа өсгөх гэж байгаа. Туркоизыг унагаж байгаад авбал ашигтай. Хоёрт, Дубайн гэрээн дээр эцсийн хариуцлагыг Рио Тинто хүлээнэ гэсэн заалт байдаг. “Эрдэнэс оюу толгой”-той хамаагүй. Э.Баясгалан уг нь 2010 оны хувь  нийлүүлэгчдийн гэрээний асуудлыг ярьж байгаа. Тэгсэн мөртлөө Дубайн гэрээ гэж халхавчлаад. Тэгэхээр 2010 оны алдаагаа Дубай руу “чихээд”, Ерөнхийлөгчийн сонгуулиар цэвэрхэн харагдах гэсэн улс төр юм уу гэж харж болохоор байна. Уг нь Ч.Сайханбилэгийг харлуулахдаа асуудлын гол биш. Үүнийг хэрэгтээ У.Хүрэлсүх, У.Эрдэнэбат нар ч дэмжиж байж хийлгэсэн байдаг.

-Та өөрөө Оюу толгойн ТУЗ-д байсан. Шинэ томилогдсон З.Ган-Очир, Э.Баясгалан нарыг хэр хэмжээнд Монгол талаа төлөөлж ажиллана гэж бодож байна вэ?

-Би тэднийг хувьчлан танихгүй юм. Э.Баясгалангийн хувьд Нью-Йоркт амьдардаг гэсэн, холоос асуудалд хандахад хэр бодитой байх юм, мэдэхгүй байна.

-ТУЗ нэг хэлээр шууд ярьж ойлголцоод ажил урагштай байна гэж байсан. Таны үед хоёр хэлээр, орчуулагчтай суудаг байсан юм уу?

-Яагаад гэвэл англиар ярих нь буруу л даа. Санаагаа буруу ойлгуулчхаж болно. Эцсийн дүндээ протоколд үлдэх тул монголоор ярьж, монголоороо тэмдэглүүлсэн нь дээр байдаг. Би зардал хэтэрчихсэн, санхүүжилт гацчихсан хүнд үед Оюу толгойн ТУЗ-д ирсэн учраас асуудлыг ийм өнцгөөс харж байна. Бүх бурууг Дубайн гэрээнд нялзаах л так тик явж байх шиг.

-Оюу толгойн гэрээг ашигтай болгоно гэж ярьсаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд боллоо. УИХ-ын чуулганы хуралдаан дээр 8 тэрбумыг 8 сая гэж удаа дараа хэлсээр дууссан нь олон хүний итгэлийг унтраасан. Хэлэлцээр хэр амжилттай болно гэж бодож байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гавьтай юм хийхгүй болов уу. Хамгийн прагматик хувилбар нь 34 хувиа роялтигаар солих. Тэгэхээр популистууд нь баялгаа алдчихлаа гээд босоод ирнэ, энэ улс төрөө даах уу, үгүй юу. Нөгөө талдаа хэт популист зүйл тулгачихвал Рио Тинто төслөө зогсоочихно, тэгэхээр эдийн засаг унана. Энэ уналтаа бас даах уу. Гаднын байгууллагуудтай ажиллаж байхад танайд Оюу толгой байгаа болохоор л итгэж байгаа шүү гэдэг.

-Олон нийт Оюу толгой дээр гурван тусдаа гэрээ яригддаг, аль нь ямар заалттайг төдийлөн мэдэхгүй. Харин улс төрчид үеийн үед Оюу толгойн гэрээ ашиггүй гэсэн ойлголт өгдөг. Ямар дутагдал дээр нь дөрөөлдөг юм?

-Баялгаа алдчихлаа л гээд байдаг юм. Хот байгуулахгүй байна... гэх мэт.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт нэмэгдсэн. Нэмэгдэл санхүүжилтээ хэрхэн босгохоо Туркоиз Хилл Ресурс, Рио Тинто хоёр Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон. Ер нь алт стрийминг хийх байх гэж яригдаж буй. Монголын талд эрсдэлтэй юу?

-Алтаа урьдчилж зарах бол төвөгтэй л хувилбар даа. Ер нь Туркоиз Хилл Ресурс, Рио Тинто хоёр үргэлжид л хоорондоо байлдаад байдаг. Үүний оронд зүгээр ганц Рио Тинтотойгоо явбал зүгээр биш үү гэсэн бодол бий. Дунд нь нэг байгууллага гарч ирээд, нэмэгдэл зардал бий болгоод яваад байгаа юм.

-Оюу толгой ХХК дээр дахиад татварын акт тавьсан. Үүгээр нийгэмд татвар төлдөггүй компани гэсэн мессеж оччихлоо. Талуудад ойлголтын зөрүү байна уу?

-Уг нь роялтигаа төлөөд, орон нутгийн болон улсын төсөвт мөнгөө өгөөд л байгаа юм билээ. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр татвар тогтворжуулсан. Өөрөөр хэлбэл гэрээ үзэглэгдсэнээс хойш хууль шинэчлэгдэж, татварын хэмжээ өөрчлөгдсөн ч анхны дүнгээрээ татвар төлнө гэж тохирсон. Харин манайх дараа нь ААНОАТ-ын хуульдаа өөрчлөлт оруулсан. Тэгэхээр “Оюу толгой” ХХК 2009 оны гэрээгээр хүлээсэнчлэн, тогтворжуулсан тэр хүрээндээ татвараа төлж байгаа. Манай татварын байцаагч нар болохоор шинэчилсэн хуулиар татвар авна гээд байгаа. Ийм ойлголтын зөрүү байгаа учраас Арбитрын шүүх дээр очсон. Засгийн газар ялбал Оюу толгой татвар төлөөгүй нь тодорхой болно. Оюу толгой ялбал татвар төлсөн нь тодорхой болно.

-Үнэ шилжилт хийж, ААНОАТ-аас зугтсан гэж тайлбарласан байгаа?

-Үнэ шилжилт хийх боломж байхгүй дээ. Охин компаниудаараа үнэтэй бараа шахаж, толгой компани дээрээ өндөр зардал үүсгээд ААНОАТ-аас хөнгөлүүлдэг хэлбэрийг ярьж буй. Энэ бол олон улсад хориотой, ийм юм хийвэл Рио Тинто “алуулна”. Тийм зүйл хийхгүй байх.

-Оюу толгойн анхны гэрээг зурж байхад та хаана байсан бэ?

-Монголд байсан, гэхдээ Оюу толгойн гэрээнээс хол байсан. Эдийн засагчийн хувьд зээлийн хүүгийн, үнийн, ханшийн – гурван эрсдэл байна гэж харж байв. Эдгээрийгээ даахгүй тул 34 хувь авч яах юм гэдэг байр суурьтай байсан. Мөн Засгийн газрын оронд Дэлхийн банкыг оруулчихсан бол бидний өмнөөс илүү тууштай, урт хугацааны стратеги барина гэж бодож байлаа.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Коронавирусийн цар тахлаас үүдэн хямарсан хүнд эдийн засагтай үед Оюу толгойн асуудлыг дахин сөхөхдөө маш мэргэжлийн хандах шаардлагатай байна. Ингэхдээ хэт модон тооцоолол барьж, яг аль гэрээг сайжруулах, алийг нь цуцлах хэрэгтэй буйгаа тодорхой бус танилцуулах биш гарц шийдлээ ярьж, өмнөх хэлэлцээрт оролцсон эрхмүүдийг цуглуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь зөв. Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулбал Монголын Засгийн газар “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувиа больж, оронд нь роялти төлбөр авахаар тусгавал өрөнд орохгүй, 34 хувийг эзэмшсэнээс дутахгүй ашигтай ажиллах хувилбар хамгийн боломжийнд тооцогдож байна. Үүн дээр эдийн засагч Б.Энхбаяр, Г.Ганхуяг нар ч санал нэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-01 09:24

belgium ulsad jiriin oyutan zaluusig zodoj onts hertsegi tamlaj deredmeg baisan humuus mongolchuda enereh setgelgui hogiin arhichin shdee. oshoogo abah odor irnee.

Зочин
Зочин
2021-02-01 09:25

een kirkig tuba zolbin mongolchuudig ingej onts hund hertsgii tamlaj zoodj gemtesen mon shuu amai burnee anhaa. ene heden zaluus amid yabahdaa odoro tooloo. bas batsuh gedge boosni zolbing haijinaa. berlin hotod egchid min hutga zooson hogiin tuba baiganma. medeelel abana.

Зочин
Зочин
2021-02-01 09:27

belgium ulsad bod dooe megtei huni hazar deer tamhai untarasan zolbin tuba hen bee haijinaa. duudaj garagj ireed house uuden deer hazar der tamhi untaradag hen bee chin lagaan.

Зочин
Зочин
2021-02-01 09:27

34 huviig royaltaar solino gedeg n zov do. busad tatvaruuda buren avah heregtei

Зочин
Зочин
2021-02-01 09:28

oyuntsetseg medeelel ugnu meduleeg ugii anhaa moojig lutaa esreg medeelel ugnu.

Зочин
Зочин
2021-02-01 09:29

yaj dabarad deeremdej baisnig odoo hurtel belgium mine setegeld todhon uldsen.buyana gedeg holsnii tamluurchin.

Зочин
Зочин
2021-02-01 09:31

dabarsan kirkig tuba amai shuud adilhan banzand hadah heregtei.

Зочин
Зочин
2021-02-01 09:32

baatarhuu gedge baatarsuh gedeg zolbin belgium olon aild agi tarisan daa nobichok hereglesen mongolchuda oyutan zlausd.

Зочин
Зочин
2021-02-01 15:41

Busad orond bol ezen oron n 51%, hariutsaj baigaa uls n 49% iig n gargah erhtei baidag manaih harin 3n say hunee tejeej chadahgui baij yun Rio Tinto we?

Зочин
Зочин
2021-02-01 23:01

Энэ Отгочулуу яг Элбэгээ гэж гадны нөхөр шиг ярих юм. Одоо болих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2021-02-02 07:44

Энэ Отгочулуу гэгч юу хийдэг хүн бэ. Энэ хүний ярьж байгаа нь РиоТинтогийн төлөөлөл маягтай юм.Монголд хэдий хэмжээний татвар төлдөг юм.Монгол хэдий хэмжээнтй өр төлдөг юм.Ийм угаадас долоосон нохойнууд хөнөөлтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button