ЦАГ ҮЕ: Хиймэл оюун ухаанаас хэн АШИГ хүртэж, хэн ХАРИУЦЛАГА хүлээх ёстой вэ

Хиймэл оюун ухаан сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин уран зураг болон хөгжмийн ая бүтээж, машин жолоодон сурч, хүний хийдэг зарим зүйлсийг илүү хурдтай, чадварлаг гүйцэтгэдэг болсон билээ.
Үүний нэг жишээ бол Го нэртэй хөлөгт тоглоомын дэлхийн аваргыг “AlphaGo” хэмээх хиймэл оюун ухаан ялсан явдал юм. Энэхүү хиймэл оюун ухааныг бүтээсэн хүмүүсийн нэг тус хөлөгт тоглоомыг “Го бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн нарийн төвөгтэй тоглоом байх. Тус тоглоомын хөлгийг өрж болох 10170 ширхэг боломж байгаа бөгөөд энэ нь ертөнц дэх бүх атомын тооноос ч их хэмжээ юм” хэмээсэн байдаг.
Гэхдээ хамгийн гол нь эдгээр үйлдлийг хийж буй хиймэл оюун ухаан зөвхөн нэг тодорхой даалгаврыг л гүйцэтгэх зорилгоор бүтээгдсэн программ юм. Дуу зохиодог болон машин барьдаг хиймэл оюун ухааны алгоритм ижил биш байдаг аж.
Тэгвэл хиймэл оюун ухаан бидний амьдралд оролцох тохиолдол ихсэж байгаа энэ үед тэдний хийсэн зүйлд хэн хариуцлага үүрч эсвэл ашиг хонжоо хүртэх ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хиймэл оюун ухааны бүтээсэн уран зураг, дуу хөгжмөөс олсон ашгийг хэн авах эрхтэй вэ? Хэрвээ хиймэл оюун ухаан хүний аминд хүрвэл хариуцлага хэн дээр унах нь зүй ёсны хэрэг вэ гэсэн асуултууд бидний өмнө тулгараад байна.
Хиймэл оюун ухааны бүтээсэн зүйлээс хэн ашиг хүртэх эрхтэй вэ
2018 оны аравдугаар сард хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн “Edmond de Belamy” нэртэй зургийг Нью-Йорк хотын “Christie’s” дуудлага худалдааны газарт 432 мянган ам.доллараар зарагдсан аж. Тус зургийн баруун доод талд (min G max D x [log (D(x))] + z [log (1 – D (G(z)))]) гэж бичсэн нь зургийг бүтээхэд ашигласан алгоримтийн кодын хэсэг ажээ.

“Edmond de Belamy” зургийг “Obvious” нэртэй байгууллага бүтээсэн бөгөөд тэд дуудлага худалдаанаас олдсон ашгийг хүлээн авсан юм. “Obvious” байгууллагын гишүүд 15 мянга гаруй хүний зурсан зураг ашиглаж нэгэн алгоримтийг уран зураг бүтээдэг болгосон аж. Дараагаар нь тэд нэг зураг сонгож аваад хэвлэн гаргаад нэр өгсөн нь “Edmond de Belamy” байжээ. Гэхдээ тус хиймэл оюун ухааныг бүтээж алгоритмуудыг бичсэн программистуудыг мэдээллийн хэрэгслүүд дурдаагүй бөгөөд тэдэнд дуудлага худалдаанаас ашиг ч ирээгүй юм.
Тэгвэл Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд, Хүн ба машин механизмын төв болон Макс Планкийн Хүний хөгжлийн хүрээлэнгийн судлаачидтай хамтарч, олон нийт тус дуудлага худалдаанаас хэн ашиг хүртэх ёстой байсан талаар судалгаа явуулжээ.
Тус судалгаанд оролцсон Массачусетсийн технологийн дээд сургуулийн докторын зэрэгтэй оюутан Зив Эпштейн “Уран бүтээлчид, программистууд гэх мэт маш олон хүн хиймэл оюун ухааны бүтээсэн уран зурагт оролцдог.Гэхдээ хиймэл оюун ухааныг хүн шиг онцлог шинж чанартай мэт дүрслэх нь олонтаа. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ингэх хандлагатай байдаг билээ. Таны уншиж буй мэдээ дээр бүтээлч хиймэл оюун ухаан гайхалтай урлагийн бүтээл хийлээ гэсэн байдаг. Хиймэл оюун ухааны бүтээсэн зүйлээс хэн ашиг хүртэх вэ гэдэг асуулттай хиймэл оюун ухааныг хүн мэт дүрсэлж үзэх холбоотой эсэхийг хүссэн” хэмээжээ.
Үүнийг мэдэхийн тулд эрдэмтэд 600 гаруй хүнийг судалгаанд хамруулсан юм. Эрдэмтэд тус хиймэл оюун ухааныг хэрхэн бүтээсэн талаар мэдээлэл оролцогчдод өгсөн байна. Мөн тэд оролцогчид хиймэл оюун ухааныг хэр хүн мэт үзэж байгаа талаар мэдээлэл цуглуулсан аж.
Дараагаар эрдэмтэд хүмүүсээс хэн ашиг хүртэх ёстой талаар асуухад хиймэл оюун ухааныг илүү хүн мэт үздэг хүмүүс хиймэл оюун ухаан хамгийн их ашиг хүртэх ёстой хэмээн үзэж байжээ.
Мөн тэдгээр хүмүүс уран бүтээлчдээс илүү программистууд болон хиймэл оюун ухааныг сургахад тусалсан интернет дэх бүлэг хүмүүс ашиг хүртэх ёстой хэмээсэн юм. Тэднээс уран зураг зохиогчийн эрх зөрчсөн байвал хэн хариуцлага үүрэх вэ гэсэн асуултад ХОУ-ыг илүү хүн шиг үзсэн хүмүүс хиймэл оюун ухаан хариуцлага үүрэх ёстой гэж хариулж байсан аж.
Тэгвэл уншигч та юу гэж бодож байна. Хиймэл оюун ухааны программист, уран бүтээлчдийн гэх мэт хүмүүсийн аль нь ашиг хүртэх ёстой вэ?
Одоо хиймэл оюун ухааны хийсэн зүйлд хэн хариуцлага үүрэх талаар илүү дэлгэрэнгүй үзэцгээе
Хиймэл оюун ухаан хүний аминд хүрвэл хэнд хариуцлага тооцох вэ? Хиймэл оюун ухаанд ял шийтгэл оноох уу.
Гэмт хэрэгтэнд ял онооход ихэнхдээ үйлдсэн хэрэг болон зорилгыг нь авч үздэг. Ийм учир хиймэл оюун ухаан гэмт хэрэг үйлдсэн үед гурван тохиолдол гарч ирэх боломжтой.
НЭГТ: Өөр хүний заавраар үйлдэх

Гэмт хэргийг сэтгэцийн дутагдалтай хүн эсвэл амьтан хэрэг хийвэл үйлдэгчийг гэм буруугүйд тооцдог. Гэхдээ сэтгэцийн дутагдалтай хүн эсвэл амьтныг зааварласан этгээдэд хариуцлага тооцдог. Тухайлбал нохойгоо хэн нэгэнрүү дайрахыг зааварчилсан этгээд.
Ийм нөхцөл байдалд тус үйлдлийг хийхээр программчилсан зохион бүтээгч ял сонсох бөгөөд хиймэл оюун ухаан гэм буруугүй үлдэх болно.
ХОЁРТ: Хиймэл оюун ухааны энгийн үйлдлээс болж алдаа гарах

Ийм үед хиймэл оюун ухааны энгийн үйлдлийн улмаас хэн нэгэн бэртэх юм. Япон улсад байрладаг мотоциклын үйлдвэрт үүнтэй ижил явдал болж байжээ. Үйлдвэрийн робот нэгэн ажилчныг аюул учруулж болзошгүй хэмээн буруугаар тооцоолсон аж. Робот аюулыг устгах хамгийн үр дүнтэй аргийг тооцоолж ажилтныг үйлдвэрийн багаж руу түлхэж амийг нь хороосон байна.
Уг асуудлаар хэн нэгэнд ял тооцохын тулд роботыг зохион бүтээсэн хүн ийм зүйл болох магадлалтай эсэхийг мэдэх чухал юм.
ГУРАВТ: Өөрийн зорилгоор үйлдэх

Энэ тохиолдолд хиймэл оюун ухаан өөрийн зорилго өвөртлөн гүйцэлдүүлэх юм. Хиймэл оюун ухаан гэмт хэрэг үйлдэх, үйлдэл нь бүтэлгүйтсэнийг батлах амархан. Харин зорилгыг нь батлах хамаагүй хэцүү байна.
Хэрвээ өөрийгөө жолооддог машин хурд хэтрүүлэн явж байвал энэ нь хиймэл оюун ухааны хариуцлагын асуудал. Энэ тохиолдол хиймэл оюун ухаанд гэмт хэргийн хариуцлага тооцох болно.
Хиймэл оюун ухаан хүний нийгэмд оролцох нь ихэссэн тул иймэрхүү толгой гашилгасан хэцүү асуултуудтай бид орооцолдож эхлэхээс өөр аргагүй болж байна.
Эх сурвалж: Scitechdaily, Medium.com
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.