НИЙГЭМЯрилцлага

Л.Сугармаа: Үндэсний уламжлалаа хүүдээ өвлүүлэхээр байраа монгол гэр шиг тохижуулсан

Цар тахалтай хүнд цаг үетэй учран золгоод буй хэдий ч, өнгөрсөн хугацаанд бид чадах бүхнээрээ тэмцэж, сар шинийн баяртай учран золгох өдрүүд ойртсоор... УОК-оос хэдийгээр баяр наадмыг  өргөн дэлгэр тэмдэглэж, айл хэсэхийг хориглосон ч, монгол уламжлалынхаа дагуу айл бүр орон гэрээ тордож, цэвэр цэмцгэр орчинд тавгийн идээгээ засаад гэр, гэртээ шинэлцгээх болов уу. Тиймээс бид та бүхэндээ санаа өгөх үүднээс орон сууцны хоёр өрөөг монгол уламжлалаар засаж тохижуулсан, нэгэн сайхан гэрийн эзэгтэйг онцолж байна.

Түүнийг Л.Сугармаа гэдэг. Ховд аймгийн харъяат тэрбээр, сургуулиа төгссөний дараа нөхрийн хамт хотод суурьшиж, дөрвөн ханатай гэрээс одоогийн амьдралаа босгожээ. Тэрбээр өдгөө “Тэс Петролиум” ХХК-д Салбар хариуцсан Эрхлэгч хийдэг бөгөөд нөхөр Б.Шинэбаяр, 10 настай хүү Ш.Мандахбаяр нарын хамт амьдардаг байна.

-ТОХИЖУУЛСАН ГЭРИЙНХЭЭ ЗУРГИЙГ ОРУУЛСАН НЬ ТИЙМ ОЛОН ХҮНД ХҮРЧ, АНХААРАЛД ОРНО ГЭЖ БОДООГҮЙ-

-Юуны өмнө бидний ярилцлагын саналыг хүлээж авсан танд баярлалаа. Цахим ертөнцөд оруулсан таны зочны өрөөний зураг олны анхаарлыг их татлаа?

-Тийм ээ. Би бусад гэрийн эзэгтэй нарын л адил, тохижуулсан гэрийнхээ зургийг оруулсан юм. Эхэндээ тийм олон хүнд хүрч, анхааралд орно гэж бодоогүй л дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

-Хань бид хоёр Ховд аймгийн харъат юм. Арван жилийн сургуулиа Ховд аймагт төгсөцгөөж, хотод анх хөл тавьж байлаа. Би ХААИС-д элсэн орж, Байгалийн ухааны сургуулийн Аялал жуулчлалын менежирээр сурч төгсөөд, хүүгээ төрүүлснээс дөрвөн жилийн дараа “Тэс Петролиум” ХХК-д ажилд орж, өдгөө Салбар хариуцсан Эрхлэгчийн албыг хашиж байна. Харин нөхөр маань хүүхэд байхын гарын дүйтэй, мужааны сонирхолтой байсан учраас өөрийн зорилго, мөрөөдлийн дагуу мужааны туслахаар орж, өдгөө Нарантуул захад монгол гэрийн шал модоор хийж, борлуулдаг. Нарантуул захынхан “шалны Шинээ” гэхээр анддаггүй юм.

-Тэгэхээр та хоёр хүүхэд байхаасаа нөхөрлөж яваад гэр бүл болцгоожээ. Хоёул тэс өөр ажил хийдэг юм байна шүү дээ?

-Бид ахлах сургуулиа төгсөөд хоорондоо ярилцсан л даа. Хань минь намайг “Чи минь сургуулиа төгсөөд хүссэн байгууллагадаа ор” гэсэн юм. Мөн бид хоёр “Нэг нь хэн нэгний удирдлагад хувийн компанид, нөгөө нь өөрийн хөдөлмөрөөр бизнес хийцгээе” гэж ярилцацгаасан юм. Хань минь миний ажлыг дэмжиж, гэрийнхээ бүхий л ажилд тусалж, хүүгийн хичээл сурлагад анхаардаг.

Хүүгээ ажлынхаа орчим сургуульд өгч, гэрийн даалгаврыг нь сайн хийлгэдэг. Тиймээс ч хүү маань ангийнхаа толгой цохидог сурагчдийн нэг. Одоо хөл хориотой үед ч гэрийн даалгавраа өөрөө бие даан хийгээд, багш нар руугаа явуулах, тв хичээл ухрааж үзэх зэргээр давтаж байна. Шинэ зүйл сурахаас илүү сурсан зүйлийг нь мартуулахгүй, бататгах маягаар л суралцлаа.

-Таны хань их хөдөлмөрч, хичээнгүй хүн юм аа.

-Тийм шүү. Их даруу, дуугүй, цайлган. Гэрийн ихэнх зүйлсэд нөхөр маань анхаарч байна. Ялангуяа цар тахлаас болоод хэсэг хугацаанд “Нарантуул зах” хаагдахад гэртээ байрлаж, хүүгээ харсан. Миний хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиад ажлаа хийж байна даа. Ханийн маань ажил их хүнд л дээ. Сүүлийн 15 жил орчим гэрийн шал хийж, борлуулж байна. Би амралтын өдрүүдэд л зав зайгаараа ханьдаа тусална.

-ХАМГИЙН АНХ СИЙЛБЭРТЭЙ ХОЁР АВДАР АВСАН. ЕР НЬ Л БҮХ САНАА АВДРААС ЭХЭЛСЭН ГЭХЭД БОЛНО-

-Хөл хорионы үеэр Нарантуул зах хаагдаж, бизнес эрхлэгчдэд их хүнд туссан. Та хоёрын хувьд хэрхэн өнгөрсөн бэ?

-50/50 хувьтай л байсан. Ер нь монгол гэрийн шал, хэрэгслийг намар, зуны дэлгэр  цагт хүмүүс илүү худалдаж авдаг. Өвлийн саруудад бол их цөөн. Өнгөрдөг хөл хориогоор ч орлого олж чадаагүй. Би ажлаа хийж байсан учир тухайн саруудад хэрэгцээний мөнгөө олж байлаа. Эсрэгээрээ урин дулаан цагт худалдаа сайжирч, өвлийн шархаа нөхдөг гэхэд болно.

-Хоёулаа гол ярианы сэдэв рүүгээ орцгооё. Монгол гэр, байшин биш орон сууцыг гэр уламжлалаар тохижуулах санааг хэрхэн олсон бэ?

-Шууд л нэг дор бөөнөөр нь авсан гэж бол худал хэлэхгүй ээ. Тухайн үед мэдээж дөнгөж байрандаа ороод удаагүй байсан учир тавилгаа ганц нэгээр нь гэхдээ сэтгэлд хүрэх талаас нь анхаарч хийлгэж байлаа. Хамгийн анх сийлбэртэй хоёр авдар авсан. Учир нь хань, хүү бид гурав их дээл өмсөнө. Тиймээс авдартаа эвхээд хийчихдэг юм. Ингээд авдраа хийлгэхдээ нэгэн л хэвийн шар бус, хар өнгөөр яагаад хийлгэж болохгүй гэж бодоод хийлгэсэн.

Ер нь л бүх санаа авдраас эхэлсэн гэхэд болно. Үүний дараа авдартайгаа нийцүүлээд ширээ, гэрлийн бүрхүүл зэргийг мужаанаар хийлгэсэн. Хань маань өөрийн хийж чадах зүйлээ хийгээд, уран нарийн гар хийц шаардсан зүйлсээ мужаанаар хийлгэж байсан. Гэрлийн бүрхүүлээ хийлгэсний дараа таазныхаа хэсгийг тэнгэрийн өнгөтэй болгосон. Хань бид хоёр хөдөө өссөн болохоор одоо ч нутаг руугаа тэмүүлээд байдаг. Түүнийг дагаад хүү маань ч гэсэн хөдөө нутагтаа очих дуртай.

-Нууц биш бол гэрээ тохижуулах, мужаанаар хийлгэсэн тавилгууд нь ямар үнэтэй болов?

-Бид гурав байрандаа ороод гурван жил өнгөрсөн байна. Тухайн үед авч байсан болохоор одоогийн ханшийг сайн хэлж мэдэхгүй юм. Хоёр авдраа тус бүр 600 мянган төгрөгөөр хийлгэж байсан. Ханаа хань маань өөрөө хийж, гэрлийн бүрхийлийг хүнээр хийлгэсэн. Нөхөр Нарантуул захад гэрийн шал хийгээд удсан учраас мужаан болон гэр урлаачдыг сайн мэднэ.

Тиймээс заримыг нь гэрийн шалаар солих зэргээр хийлгэж байсан. Харин гал тогооны тавилга болон хүүхдийн хичээлийн ширээг үндэсний тавилгын үйлдвэрээр захиалж хийлгэсэн. Ер нь л аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авахыг эрмэлздэг дээ. Хэрвээ хүсвэл би юуг хаанаас авсан хүнтэйгээ холбоод өгч болно оо.

-ИМПОРТЫН БАРААГ БОДВОЛ ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ БАГА УЧИР НЭГЖИЙН ҮНЭ ХАРЬЦАНГУЙ ӨНДӨР БАЙДАГ ГЭЖ БОДДОГ-

-Манайхан нийтлэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэвч, өндөр үнэтэй гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Импортын барааг бодвол үндэсний бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ бага учир нэгжийн үнэ харьцангуй өндөр байдаг гэж боддог. Эрэлт хэрэгцээ ихсээд, худалдан авалт сайжирбал түүнийгээ дагаад үнэ нь буурна гэж боддог доо. Миний хувьд барааны үнэ чухал ч, гэрт болон сэтгэлд хэр нийцэх, эдэлгээ даах чанарт илүү анхаардаг. Үнэхээр их таалагдсан, эдэлгээтэй зүйлд зарцуулсан мөнгөндөө бол харамсахгүй. Мөн гэртээ тавилга худалдаж авахаас илүү тааруулаад хийлгэх нь зөв юм шиг санагдсан.

-Та нөгөө өрөөгөө ч мөн монгол хэв маягаар тохижуулсан уу?

-Яг ч тийм биш. Жижиг өрөөнд ажлын болон хүүхдийн хичээлийн ширээ, ор гээд хэрэгтэй зүйлсээ хийлгэсэн. Би бас хэт туйлшрахгүй гэж бодсон л доо. Өрөө бүр өөрсдийн онцлог хэв маягийг шингээсэн байгаасай гэж хүссэн.

-Хүү нь гэрийнхээ тохижилтод хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Ер нь л дуртай байдаг шүү. Хүүгийн эцэг эх, найзууд нь манайд зочлох их дуртай. Гэхдээ цар тахал, хөл хорионоос улбаалаад зочин авахгүй байгаа. Энгийн үед гэрт зочин ирсэн үед зэс домбоноос мөнгөн аяганд цай аягалж өгөх зэргээр жижиг детальд ч мөн анхаардаг. Энэ нь эрүүл мэндэд мөн ирсэн зочдод маань тааламжтай, хүндэтгэлтэй байдаг юм. Мөн хүү маань хань бид хоёрыг дуурайгаад дээл өмсөх их дуртай. Хүүд маань бэлгэнд эсгий монгол гутал ирж байсан юм. Сургуулийн хүүхдүүд нь багштайгаа төрийн ордон орох үеэр хүү маань эсгий гутлаа өмсөнө гэсээр өмсөж байсан. Ангийхан нь гайхаж асуугаад, хараад байсан гэсэн.

-ГАДНААС ГЭРТЭЭ ОРООД ИРЭХЭД ДУЛААХАН, ТАВ ТУХТАЙ, “МИНИЙ ГЭР” ГЭСЭН МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ ЧУХАЛ ЮМ ШИГ-

-Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс гэрээ хэрхэн тохижуулсан, хэр их хугацаа шаардсаныг мэдэхийг хүсэж байгаа болов уу?

-Нэг их бол удаагүй ээ. Гэрлийн бүрхүүл, хана, авдар, ширээг мужаанаар харин гал тогоо, хичээлийн ширээгээ захиалж хийлгэснээ товч дурдаад өнгөрсөн. Ер нь бол миний бодлоор гаднаас гэртээ ороод ирэхэд дулаахан, тав тухтай, “миний гэр” гэсэн мэдрэмж төрөх нь чухал юм шиг. Мөн хэрвээ өөрсдөө хийж чаддаг бол загвараа гаргаад зүсүүлж, угсраас өөрсдөө тавилгаа хийлгэх нь бас зүгээр санагдсан. Бид хоёр тавилгын компаниар гал тогоо, хичээлийн ширээний загвал, дизайн гаргуулаад хийлгэж байсан. Сэтгэлд хүрсэн, сайхан тавилгууд хийж өгсөн юм.

-Зургаа оруулсны дараа олон хүнээс магтаал, бас бус шүүмжлэл ирсэн харагдсан?

-Тийм шүү. Гэхдээ яг л миний бодож байсан, хийе гээд төлөвлөж байсан зүйлсийг бичсэн байсан. Хүмүүс ямар гярхай, сүрхий юм бэ л гэж бодож байлаа. Түүнээс нэг их эмзэглэсэн зүйл байхгүй ээ.

-Гэртээ цаашид хийхээр төлөвлөж буй зүйлээсээ хуваалцвал?

-Хамгийн эхлээд дэвсгэрээ өөрчлөе гэж бодоод байгаа. Мөн буйдангаа дугуй хэлбэртэйгээр солъё гэж бодсон Өөр бодсон зүйлүүд байгаа. Бага багаар сэтгэлдээ хүртэл тохижуулна л гэж боддог доо.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-06 19:51

Ovormots sanaa bnaa bayr hurgei

Зочин
Зочин
2021-02-08 00:53

Зураг нь тод ойроос биш тул холоос харахад солонгос тавилга шиг харагдаж байна. Солонгос тавилга ийм хар бараан өнгө дээр цайвар д�##�айн юмаар эрээн чимэглэдэг.

Зочин
Зочин
2021-02-08 14:56

bo

Khosbayar
Khosbayar
2021-02-09 12:21

Minii dvv nar mundag shvv amjilt hvsej ilvv ihiig bvteehiig haven erooe

Холбоотой мэдээ

Back to top button