НИЙГЭМ

Б.Болороо “Үндсэн хууль”-д нэмэлт оруулахыг хүсжээ

Монгол Улсын иргэн Б.Болороо өөрийн цахим хуудастаа “Үндсэн хуулийн 14.2-т ялгаварлан гадуурхалтын талаар заасан байдаг ч “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛЭЭР ЯЛГАВАРЛАН” гэдэг үгийг нэмж оруулж өгнө үү” хэмээн бичжээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 14-р зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байдаг. Тэрбээр энэ заалтад хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гэдэг үгийг тодруулж оруулахыг хүсжээ.

Монгол Улсад 2017 оны судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй 103,630 иргэн байгаагаас төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 44384, олдмол хөгжлийн бэрхшээлтэй 59246 иргэн бий аж. Энэ нь нийт хүн амын 3,3 хувь гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс эхлээд нийгэмд гарч ажиллах боломж хомс учраас ихэвчлэн гэртээ байдаг. Тэдний Хууль, эрх зүй, хамгааллын асуудал ч сайнгүй.

Иргэн Б.Болороо төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон хэдий ч үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн суралцаж, МУИС-ийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн. Одоо “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэх хэмжээнд нөлөөллийн ажлууд хийдэг. Хамгийн сүүлд ялгаварлан гадуурхалтын эсрэг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн хүсэлтээ ярьсан бичлэг нь олон хүнд хүрээд байгаа юм. Тэрбээр “Өмнө нь ийм чангарсан гар, хөлтэй зургаа оруулахаас ичдэг байлаа. Одоо бол ичихгүй шүү. Бие эрхтний бэрхшээл маань хөгжлийн бэрхшээл лав биш” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button