ДЭЛХИЙ

ECONOMIST: Монгол улсын ардчилал “дутагдалтай”, дэлхийн ардчиллын индекс буурсан

“Economist” долоо хоног тутмын сэтгүүлийн охин компани “The Economist Intelligence Unit” нь жил болгон улс орнууд, дэлхийн ардчиллын индексийг судалж тэгээс арвын хооронд үнэлдэг юм. Тус судалгаа нь таван шалгуураар 167 улсын ардчиллыг үнэлдэг аж. Тэдгээр таван шалгуурт сонгуулийн явц болон олон ургалч үзэл, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, ардчилсан улс төрийн соёл, нийгмийн эрх чөлөө ордог байна.

Харамсалтайгаар дэлхийн ардчиллын индекс өмнөх жилүүдтэй адил 2020 онд буурсан байна. 2020 оны ардчиллын индексээр дэлхийн хүн амын 8.4 хувь нь бүрэн ардчиллыг эдэлдэг бол гуравны нэг гаруй хэсэг нь захиргаадлын удирдлага дор амьдардаг хэмээн гарчээ. Дэлхийн ардчиллын индекс дунджаар 5.37 болсон нь 2006 оноос хойших хамгийн бага үзүүлэлт байв.

Ардчиллын индексээс хамаарч улс орныг дөрвөн төрөлд хуваадаг аж. Тус дөрвөн төрөл нь захиргаадлын дэглэмтэй, холимог дэглэмтэй, дутагдалтай ардчилал, бүрэн ардчилал юм. Тэгвэл Монгол улс 6.48 оноогоор “дутагдалтай ардчилал” гэсэн төрөлд орж 167 улсаас 61 байранд жагсаж байна.

Дэлхийн улсуудаас Тайвань ардчиллын хувьд томоохон дэвшилт хийж жагсаалтын 31-ээс 11-т орж “бүрэн ардчилал” төрөлд багтжээ. Харин Норвеги улс 9.81 оноотойгоор нэгт жагссан аж. Бүрэн ардчилал төрөлд ихэнхдээ Барууны орнууд багтсан байна.

Өнгөрсөн жил Засгийн газруудаас тавьсан хөл хорио болон цар тахлыг тогтоон барих гэсэн оролдлогууд нийгмийн эрх чөлөөг их хэмжээгээр бууруулсан билээ.

Харин 2021 он АНУ-ын Конгрессын Ордонд бослого болж, Мьянмар улсад цэргийн эргэлт өрнөн ардчилалд халтай эхэлж байна.

Эх сурвалж: Economist

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button