Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Цагаан сарыг бусад орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн баярын мэндийг уншигч та бүхэндээ хүргэе.

Билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сарын баярыг монголчууд бид өргөн хэмжээнд тэмдэглэдэг билээ. Билгийн тоолол нь сар дэлхийг тойрох үечлэлийн тусламжтай он сарыг тоолдог гэдгийг бид мэднэ. Гэхдээ дэлхийн ихэнх улсууд Грегорын тооллыг ашигладаг. Тус тооллоор шинэ жил үргэлж нэгдүгээр сарын 1-нд тохиодог. Харин Билгийн тооллын шинэ жил нь сарны үечлэлээс хамаардаг учир Грегорын тооллоор нэгдүгээр сарын 21-ээс хоёрдугаар сарын 20-ны хооронд болдог юм.

Билгийн тооллын шинэ жилийг Азийн улс орнууд өөрөөр нэрлэдэг. Тухайлбал БНХАУ-д Чунь Жиеэ, Өмнөд Солонгост Соллаль, Вьенамд Тет гэх мэтээр нэрлэдэг аж.

Тэгвэл одоо дээр дурдсан гурван улсад Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг талаар мэдэцгээе.

СОЛЛАЛЬ

Солонгосчууд Соллаль баяраас нэг долоо хоногийн өмнө гэр бүл найз нөхдөдөө зориулж бэлэг худалдаж авдаг аж. Тэд ихэнхдээ бэлгийн багц, бэлэн мөнгө, мах, засаг, жимс, хүн орхоодой, зөгийн бал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх мэт зүйлсээс сонгож бэлэглэдэг гэнэ.

Баярын өмнөх өдөр хүний ертөнцөд сүнснүүд өөртөө таарсан гутал хулгайлахаар ирдэг хэмээн Солонгосчууд итгэдэг байна. Хэрвээ сүнс таарсан гутлаа олж хулгайлбал тэр гутлын эзэнд тус жилийн турш азгүй явдал тохионо гэж үздэг гэнэ. Тийм учир Соллал баярын өмнөх өдөр Солонгосчууд гутлаа нуудаг заншилтай ажээ. Баярын өдрийн өглөө бокжори нэртэй хулсаар сүлжсэн шүүлтүүр авч ханандаа өлгөдөг аж. Ингэснээр аз жаргал дууддаг хэмээн Солонгосчууд итгэдэг юм.

Мөн тус баярын үеэр гэрэлт ирээдүйг бэлгэшээн үндэсний хувцас болох Ханбугээр гоёдог байна. Соллал баяраар үйлддэг дахин нэг чухал уламжлал бол өвөг дээдсүүддээ зориулж тахилын зоог бэлтгэдэг чаре юм. Чаре бэлтгэх ширээн дээр зоог өрөх дүрэм хүртэл байдаг ажээ.

Хамгийн чухал тахилын зоог бол доггүг (будааны зутан шөл) бөгөөд үүн дээр нэмээд калбижим (үхрийн шарсан мах), жабчэ (чихэрлэг төмстэй гоймонтой шөл), ханьгуа (Солонгос үндэсний жигнэмэг) гэх мэт олон тооны зоог бэлтгэдэг юм. Доггүг идсэн хүн нэг жилээр нас нэмдэг гэж үздэг тул Соллал баяраар Солонгосчууд өөрсдөөсөө хэдэн аяга доггүг идсэн талаар асуудаг ажээ. Мөн гэр бүлийн гишүүд хоорондоо Солонгос үндэсний тоглоом наадгай тоглодог юм байна.

ЧУНЬ ЖИЕЭ

Хятадын Цагаан сар буюу Чунь Жиеэ баяр 16 өдрийн үргэлжилдэг аж. Баярын өмнөх өдөр улаан өнгийн чимэглэлүүдээр гэрээ чимэглэдэг аж. Гэр орноо чимэглэх нь муу ёрын хүчийг зайлуулдаг хэмээн үздэг бөгөөд урт нас, энх тайван амьдралын бэлгэдэлтэй гэнэ.

Баярын өдрийн өмнө гэр бүлээрээ цугларч зоог барьдаг бөгөөд энэ нь заавал хийх ёстой уламжлал ажээ. Гэр бүлийн зоогонд загас, банш, нианго аз бэлгэдсэн хоол иддэг юм. Тус зоогийн дараа хүүхдүүдэд улаан дугтуйтай мөнгө өгч ирж буй жилд нь эрүүл мэнд, хөгжил дэвшил, сайн дүн авахыг ерөөдөг аж. Хятад хүмүүс улаан өнгийг аз авчирдаг гэж үздэг тул дугтуйтай мөнгийг азын мөнгө хэмээн нэрлэдэг гэнэ.

Чунь Жиеэ баярын өмнөх өдөр хүмүүс шөнө орой унтдаг уламжлалтай. Өмнө нь хүмүүс унталгүй шөнөжин сэрүүн өнгөрөөдөг байсан ч одоо үед шөнө дунд хүртэл хүлээж байгаад унтдаг болсон байна.

Үүний дараа Билгийн тооллын шинэ жил болсныг илтгэх хонх дуугардаг аж. Хятад хүмүүс том хэмжээтэй хонх дуугаргах нь аз хийморь авчирдаг хэмээн үздэг.

Баярын өдөр болоход Хятад түмэн шинэ хувцас өмсөж гонгши буюу сайн сайхныг хүсье гэж хэлдэг юм . Тус өдөр галт наадам Хятад даяар болдог бөгөөд салют чанга байх тусмаа сайн гэж үздэг аж. Чунь Жиеэ баярын хоёр дахь өдөр гэрлэсэн эмэгтэйчүүд эцэг эхдээ золгож гэр бүлийнхэндээ бэлэг сэлт өгдөг гэнэ. Тус өдөр хүмүүс хөгжил хөрөнгө мөнгөний бурханд өргөл өргөдөг юм.

Чинь Жиеэ баярын шинийн гурваас долоо дахь өдөрт хүмүүс хамаатан садан болон найз нөхөд дээрээ очдог байна. Харин найм дахь өдөр ихэнх хүн ажилдаа эргэн ордог юм.

Харин шинийн 15-нд Дэнлүүний баярыг тэмдэглэдэг. Зарим хүн тэнгэрт асаасан дэнлүү хөөргөдөг бол бусад нь гол эсвэл нууранд урсгадаг байна.

ТЕТ

Вьетнам улс даяар тэмдэглэдэг томоохон баяруудын нэг бол Тет юм. Тет баярыг Билгийн тооллын шинэ жилийн эхний өдрөөс эхлэн дор хаяж гурван өдөр тэмдэглэдэг аж.

Баярын үеэр Вьетнамчууд гэр орноо чимэглэхээр тоорын цэцгийн болон жүржийн мод худалдаж авдаг гэнэ. Тэд худалдан авсан модоо вааран дотор суулгаад гэрийнхээ урд тавьдаг аж. Вьетнамчууд улаан, шар өнгийг аз хийморь авчирдаг хэмээн үздэг тул гэр орны чимэглэлийн өнгийг улаан, шараар сонгодог байна.  

Вьетнам гэр бүлүүд ихэнхдээ өвөг дээдсэдээ зориулсан тахилын ширээтэй байдаг бөгөөд Тет баярын үеэр ширээг цэвэрлэн шинэхэн өргөл тавьдаг юм.

Хүмүүс баярын өдөр гэр бүлээрээ цугларч шинэ хувцас өмсөн ахмадуудтай золгодог уламжлалтай аж. Билгийн тооллын шинэ жилийн эхний өдөр ирсэн зочин тэр жилийн аз хийморийг төлөөлдөг хэмээн Вьетнамчууд итгэдэг гэнэ. Тийм учир Вьетнамчууд зөв төлөвшилтэй, шударга үнэнч хүнийг хамгийн эхэнд урьдаг байна. Үлдсэн өдрүүдэд хүмүүс хамаатнууд болон найз нөхөд дээрээ очдог аж.

Эх сурвалж: Korean Culture Blog, China Highlights, La Fairy, Britannica

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button